| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0802/З |
| Дугаар | 128/ШШ2025/0921 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т******* /РД:*******/
Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т*******, түүний өмгөөлөгч Э.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өндөр насны тэтгэврийн нэмэгдэл 20 хувийг нэмэгдүүлж олгох тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг олгуулахыг даалгах... гэжээ.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Нэхэмжлэгч Д.Т*******аас ...өндөр насны тэтгэвэр авч байсан нөхөр Л.Г******* нас барсан... үндэслэлээр тэтгэврийн нэмэгдэл авах хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргахад, тус хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ...тэтгэвэр авагчид хоёул тэтгэвэрт гарсан байх... шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүсэлтийг нь буцаасан.
2.2. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Т*******чаас Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргахад, тус газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний авч байсан сарын тэтгэврийн 20 хувиар тооцсон дүнгээр нөхөр эсхүл эхнэрийн сарын өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Уг хуульд заасны дагуу тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх нөхцөлүүдийг хангасан байх. Гэр бүлийн гишүүний аль нэг нь нас барах үед эхнэр, нөхөр хоёулаа өндөр насны тэтгэвэр авагч байх шаардлагатай тул 20 хувийн нэмэгдэл олгох боломжгүй... гэсэн хариуг өгснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
3. Нэхэмжлэгч Д.Т******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар миний нөхөр Л.Г******* нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нас барсан тул миний бие хуульд заасны дагуу нөхрийн тэтгэврийн 20 хувийн нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу олгож өгнө үү. Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан шийдвэр нь Монгол улсын хуулийг илт гажуудуулан буруу шийдвэр гаргасан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний нөхөр Л.Г******* нь Улаанбаатар төмөр замд 34 жил 4 сар ажиллаж байгаад 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гавьяаны амралтаа авч тэтгэвэр авч байсан.
3.2. Миний нөхөр хүнд хүчир ажил олон жил хийж байсан учир зүрхний өвчнөөр 3 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр настны тэтгэвэр авах насны болзол хангагдсан байсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр авч эхэлсэн. Хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын газарт 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тэтгэврийн нэмэгдэл авах хүсэлтээ өгсөн. Иймд миний бие 32 жил Л.Г*******тэй эхнэр, нөхөр болон амьдарч байсан тул нөхрийн тэтгэврийн 20 хувийг авах эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.
3.3. Нөхөр нас барснаас хойш 04 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу 24 хоногийн дараа тэтгэврээ тогтоолгосон. Би байгууллагадаа тэтгэвэр тогтоолгомоор байна гэж мэдэгдсэн. Тэгээд тэтгэвэрээ тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг олгож өгнө үү гэдэг хүсэлт өгсөн. Над руу 05 дугаар сарын 20-ны өдөр байх утасдаж ....Танд олгох боломжгүй байна... гэх шийдвэрийг амаар хэлсэн. Би тэр байцаагч дээр удаа дараа очиж байсан. Шүүхэд хандах хүртлээ би тэр байцаагч дээр очиж энэ асуудал юу болж байгаа талаар мөн энэ асуудал шийдэгдэх талаар удаа дараа очиж асууж байсан. Тэгэхэд надад Боломжгүй гэх хариу хэлдэг байсан. Би шүүхэд 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж хандсан. Хуульд заасны дагуу манай нөхрийн тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг олгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж, 93.2 дахь эсэгт "Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны Байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу Д.Т******* нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан гаргасан гомдлын хариуг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын ******* дугаартай албан бичгээр хүлээн авсан байдаг.
4.2. Тус газраас иргэн Д. Т*******т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний авч байсан сарын тэтгэврийн 20 хувиар тооцсон дүнгээр эхнэр эсхүл нөхрийн сарын өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тухайн гэр бүлийн гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай талаар хариу өгсөн болно. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдээ захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно" гэж заажээ.
4.3. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай "Өргөдлийн хариу"-г хүлээн аваад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс хойш буюу эрхээ хамгаалуулахаар гаргасан өргөдлийг нь захиргааны байгууллага нь биелүүлэхгүй нь тодорхой болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул ЗХШХТХ-ийн 54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иймд Д.Т*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.4. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаартай албан бичиг ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан ирүүлсэн зөвлөмж байдаг. Энэ зөвлөмжийн 2.6 дахь заалтанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний авч байсан тэтгэврийн хэмжээг тэтгэврийн 20 хувиар тооцох бөгөөд нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан байдаг.
4.5. Энэ тохиолдолд дараах шаардлага хангасан байна. Нэхэмжлэгчийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлж, гэр бүл болоод 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан, Гэр бүлийн тухай хуульд зааснаар батлуулсан байх ёстой гэсэн шаардлагуудыг хангаж байгаа. Гол шаардлага хангахгүй байгаа зүйл буюу тус байгууллагаас буцааж байгаа асуудал нь юу вэ гэхээр тухайн иргэн нас барах үед эхнэр эсвэл нөхрийнх нь тэтгэврийг нэмэгдүүлэхээр заасан гэдэг үгсийг хууль дээр байхгүй байна. Талийгаач өндөр насны тэтгэвэр авч байх үедээ нас барсан, Нас барах хугацаанд эхнэр нь мөн адил өндөр насны тэтгэвэр авч байх ёстой гэсэн шаардлагыг хангаж байх ёстой. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас өндөр насны тэтгэврийн 20 хувийг олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.Т*******аас ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өндөр насны тэтгэврийн 20 хувийг нэмэгдэл олгох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс тооцон олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргаж, ...нөхөр Л.Г*******тэй 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 31 жил хамт амьдарсан. Нөхөр Л.Г******* нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Хуулийн шаардлагыг хангасан гэж үзээд 20 хувийн тэтгэврийн нэмэгдэл авахаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүсэлт гаргахад, шаардлага хангахгүй хэмээн холбогдох баримтын хамт буцаасан... гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Д.Т******* нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тэтгэврийн нэмэгдэл авах хүсэлтээ гаргахад манай хэлтсийн тэтгэврийн байцаагч материалыг буцааж татгалзсан, тус хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ...мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тэтгэврийн нэмэгдлийг авах шаардлага болох тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд эхнэр, эсхүл нөхөр нь тэтгэвэрт гарсан байх шаардлагыг хангахгүй тул тэтгэврийн нэмэгдэл авах эрхгүй... гэсэн үндэслэлээр хариу тайлбараа гаргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Т******* нь нөхөр Л.Г*******тэй 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлсэн, түүний нөхөр Д.Г******* 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаад 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон.
5. Нэхэмжлэгч Д.Т*******аас 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлээр нөхөр Л.Г*******ийн авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэрт нэмэгдүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан боловч хүсэлтийг буцаасан үйл баримтын тухайд маргаангүй.
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:, 9.1.1-д Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн, 9.1.2-т 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэж заасан бөгөөд уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний нөхөр, эсхүл эхнэр нь шаардлага хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй байхаар зохицуулжээ.
7. Нэхэмжлэгч Д.Т*******ийн хувьд, хуулийн эдгээр урьдчилсан нөхцөлийг бүрэн хангасан, тодруулбал нөхөр Д.Г*******тэй гэрлэлтээ бүртгүүлж, 31 жил хамт амьдарсан, түүний нөхөр 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барж, нэхэмжлэгчээс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн тэтгэврийг тогтоолгосны дараа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргажээ.
8. Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас ...гэр бүлийн хоёр гишүүний аль нэг нь нас барах үед эхнэр, нөхөр хоёул тэтгэвэрт гарсан байх... нөхцөлийг хангаагүй хэмээн Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тавигдаагүй шаардлагыг зааж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг буцаасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, Д.Т*******ийн тэтгэврээ нэмэгдүүлэн авах эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.
9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2025/0079 дугаар тогтоолд ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгагдсан байх бөгөөд ингэхдээ хууль тогтоогч насны шалгуурыг нь хасаж, харин гэр бүлээ бүртгүүлсэн байх, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх гэсэн хоёр шаардлагыг л (9.1.1-9.1.2-т) заасан бөгөөд үүнийг хангасан нас барагчийн нөхөр, эсхүл эхнэр нь тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй байхаар тодорхой зохицуулжээ. Гэтэл хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ерөнхий нөхцөлийг өндөр насны тэтгэвэр авагч нас барах үед буюу нас барахаас өмнө нь түүний эхнэр, эсхүл нөхөр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх гэсэн тусгай шаардлага мэтээр тайлбарлан хэрэглэх нь хуулийн зорилгод нийцэхгүй, хуулиар ийм шаардлага тавигдсан гэж үзэхгүй...[1] хэмээн тайлбарласан.
10. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасан тул нэхэмжлэгч Д.Т******* нь нөхөр Л.Г*******ийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл тэтгэвэр авах эрхтэй.
11. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно. гэж зааснаар Л.Г******* 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан байх тул нэхэмжлэгч Д.Т*******т 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлэн тооцох нь зүйтэй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: гэж заасан. Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Т*******ийн тэтгэврийн нэмэгдлийг олгоогүй хууль бус үйлдэхүй гаргасан, олгохоос татгалзсан ямар нэг хариуг түүнд өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй, захиргааны байгууллага татгалзсан шийдвэр гаргаж, мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй учраас хариуцагчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай тайлбар үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20 хувийг Д.Т*******т олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нас барсан тэтгэвэр авагч Л.Г*******ийн авч байсан тэтгэврийн 20 хувийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож, Д.Т*******т олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ