Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

Е.Х-, Х.Б-, М.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Е.Х-, Х.Б-, М.А- нарт холбогдох эрүүгийн 2313003530025 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Е.Х-, Х.Б-, М.А- нар, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогч А.С-, орчуулагч Т.Хуаныш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.       

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл ** хүнтэй, **** хамт амьдардаг, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б ургийн овогтой Е-ийн Х-;

 

2. Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ны өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, ам бүл ** хүнтэй, **** хамт амьдардаг, **** боловсролтой, мэргэжилгүй, малчин, **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С ургийн овогтой Х-ны Б-, регистрийн дугаар**********;

 

3. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** төрсөн, **настай, эрэгтэй, ам бүл ** хүнтэй, **** хамт амьдардаг, **** боловсролтой, ** дугаар сургуулийн ** дүгээр ангид сурдаг сурагч, ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  Ж ургийн овогтой Мны А-, регистрийн дугаар **********

 

2.Холбогдсон хэргийн  талаар:

            Шүүгдэгч Х.Б-, Е.Х-, өсвөр насны шүүгдэгч М.А- нар  бүлэглэж, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч А.С-, А.К-, А.Б- нарын өмчлөлийн хар хүрэн зүсмийн азаргатай 19 тооны адууг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь тээврийн хэрэгсэл ашиглан тууж хулгайлж, хохирогч А.С-д 12500000 төгрөгийн, хохирогч А.Б-д 5700000 төгрөгийн, хохирогч А.К-т 6650000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

3. Прокурорын 2024 оны 5 дугаар сарын 09-ний  өдрийн 117 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгчдийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн  2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор: 

            4.1.  Шүүгдэгч С ургийн овогт Х-ны Б-, Б ургийн овогт Е-ийн Х-, өсвөр насны шүүгдэгч Ж ургийн овогт М-ны А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А-ийг 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар, шүүгдэгч Е.Х-ийг 3 (гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Б-ийг 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 10 (арав)  сарын хугацаагаар тогтоож,

            4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-т оногдуулсан 3 жилийн, Х.Б-т оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч М.А-д оногдуулсан 1 жил 10 сарын хорих  ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

            4.5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ээс 2088944 төгрөгийг гаргуулан хохирогч А.С-д, 2839396 төгрөгийг гаргуулан хохирогч А.Б-д, хохирогч А.К-ээс 222000 төгрөгийг гаргуулж хохирогч А.С-д, 222000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д тус тус олгож,

            4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А-ий эзэмшлийн 500000 төгрөгийн үнэтэй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг өсвөр насны шүүгдэгч М.А-ээс, 2000000 төгрөгийн үнэтэй, 3 тооны үхрийг шүүгдэгч Х.Б-ээс тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлж,

            4.7. Шүүгдэгч Е.Х- нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.А-, шүүгдэгч Х.Б- нарын цагдан хоригдсон 33 хоногийг тэдний эдлэх ялаас нь хасаж тооцож,

            4.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон шүүгдэгч Х.Б-, өсвөр насны шүүгдэгч М.А- нарт авсан Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат, Буянт сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

            4.9. Шүүгдэгч Е.Х-, өсвөр насны шүүгдэгч М.А-ий хууль ёсны төлөөлөгч Д.М нар нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг бие байдлаар болон мөнгөн хэлбэрээр хохирогч А.С-, А.Б-, А.К- нарт төлж барагдуулсан, тэднээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Х.Б- гэмт хэргийн хохирол, хор уршигт 3200000 төгрөгийг хохирогч А.С-д, иргэний нэхэмжлэгч Х.Х-т 450000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Х.Б-, Е.Х-, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М /иргэний хариуцагч/ нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

            4.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар алаг зүсмийн адууны арьс 1 ширхэг, саарал зүсмийн адууны толгой 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, өсвөр насны шүүгдэгч М.А-ий эзэмшлийн “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаартай,  шүүгдэгч Х.Б-ийн эзэмшлийн “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолуудыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх, хохирол төлөгдөх хүртэл тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Өсвөр насны шүүгдэгч М.А-ий өмгөөлөгч А.Серикжаны гомдол: “Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 11/-т хүүхдийн ашиг  сонирхлыг төр хамгаалахаар хуульчилсан. Хүүхдийн эрхийн тусгай конвенцын 1 дүгээр зүйлд зааснаар  18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж, мөн конвенцын 2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийг, ...шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна” гэж, мөн конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд  юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж тус тус заасан байна.

Монгол улсын олон улсын гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд шүүхээс насанд хүрээгүй хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулж, аль болох шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах буюу хүүхдийг шийтгэхээс хамгаалах бүхий л зохистой арга хэмжээг авахаар байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5.2 Шүүгдэгч Е.Х-ийн гомдолд: “Миний бие гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд шүүгдэгч М.А-, Х.Б- нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гурван жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хохирогч А.С-, А.К-, А.Б нарын мэдүүлэг, гэрч Х.Х, Х.А, Ар, О нарын болон шүүгдэгч М.А- нарын мэдүүлгээр Е.Х- би мал хулгайлах гэмт хэрэгт урьдчилан тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдэх үед тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл холбогдол тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.А- нь надаас 4-5 насаар дүү өсвөр насны хүүхэд бөгөөд Х- би түүний эгчтэй үерхэж, гэр бүл болох талаар тохирсон байсан учраас танил болж, дотно харьцаатай болсон юм. 2023 оны 8 дугаар сард дүү М.А- нь манайх аймгийн төвд нүүж ирэх гэж байна, адуу малыг зарж борлуулах гэсэн чинь түр хариулж өгөх хүн олж өгөөч, ойрхон газар авч ирээд борлуулж, зарах гэсэн гэхээр би 2023 оны 8 дугаар сарын дундуур хүргэн ах Б-т хэлж А-д уулзуулсан юм. Шүүгдэгч М.А- нь хүргэн ах Б-т машины кабинд хамт сууж байгаад ярилцсан ба би хажууд  байхад манай өөрийн адуунууд байгаа, баруун аймгуудаас явсан ч адуу бий, бид бүх адууг зарж борлуулаад машин тэрэг авах юм. Та борлуулж дуустал хөлсөөр маллаж өгнө үү гэж хэлж байсан. Хүргэн ах Б- нь түүнд манайх Бугын голд байгаа, өөрөө хүргэж ирвэл түр хугацаанд буюу зарж борлуулах хүртэл маллаад өгье гэж хэлж тэд тохирсон юм. Түүнээс биш бидний дунд мал хулгайлах талаар яриа хэлцэл урьдчилан тохирсон бүлэглэсэн үйлдэл огт болоогүй билээ. Шүүгдэгч М.А- нь анхнаасаа хулгайн адуу гэж хэлж байгаагүй ба зарж борлуулах явцад худалдан авагч нарт ч гэсэн өөрийн адуу гэж итгүүлэн үнэмшүүлж байсан учир Е.Х- би хулгайн адуу болохыг гэмт хэрэг илрэх хүртэл огт мэдээгүй юм. Намайг хулгайн хэрэг үйлдсэн болохыг хэн ч нотлоогүй бөгөөд шүүгдэгч М.А- ч гэсэн хулгайн хэргийн талаар хэлээгүй тэр мэдээгүй гэж хэлсэн байдаг. Би уг хулгайн адуунаас нэг ч адуу болон мөнгө төгрөг ашиглаагүй, миний бие тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэрэгт хилс хэргээр ял шийтгүүлж байна. Шүүгдэгч М.А- нь ганцаараа адуу тууж явах боломжгүй байсан тул тусалсан, газар мэдэхгүй учир хүргэн ах Х.Б-ийн гэрийг газарчилж, зам зааж очсон болохоор гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэс байхгүй юм.

Иймд, шийтгэх тогтоолын Е.Х- надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.  

5.3. Шүүгдэгч Х.Б-ийн гомдолд: “Би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүдэгч М.А- нь 2023 оны 8 дугаар сард хадам дүү Е.Х-ээр дамжуулж болон өөрийн биеэр надад уулзаж түр хугацаанд нэг азарга ижил адууг хариулан өгч зарж борлуулах хүртэл хөлөөр маллаж өгөхийг хүссэн юм. Би хөлсөөр түр хугацаанд маллаж өгөхийг зөвшөөрсөн ба 2023 оны 9 дүгээр сарын 06-ы өдөр үдээс хойш М.А- надад утасдаж адууг танд хүргэж өгөхөөр тууж ирж байна, та замаас тосож авах, газарчилж танайд хүргэж өгөх хүн олж өгнө үү гэсэн. Тэгээд би Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг хадам дүү Е.Х-ийг явуулсан юм. Х- манайх хүртэл хамт тууж хүргэсэн юм. Харин М.А- нь анхнаасаа хулгайн мал гэж огт хэлж байгаагүй Е.Х- бид хоёрт болон адуу малыг худалдан авсан Х.Х, Х.А, Ар, О нарт өөрийн амины адуу мал гэж итгүүлэн үнэмшүүлсэн бөгөөд бид хулгайн мал болохыг мэдээгүй юм. Хохирогч А.С-, А.Б нар нь 2023 оны 10 дугаар сард алдагдсан адуугаа хайж ирээд манай гэрийн гадаа байсан хэдэн тооны адууг таньж, хулгайд алдсан адуу гэж хэлсэн тэр мөчид би А- нь тухайн адууг хулгайлсан байна гэж мэдсэнээс биш урьд өмнө хулгайн мал гэдгийг мэдээгүй. Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн нутагт бэлчээрт байсан хохирогч Ө.С-, А.Б, А.К- нарын 19 тооны адууг хулгайлан авч Өлгий сумын нутаг дэвсгэрт хүртэл ганцаараа тууж ирсэн болох нь шүүгдэгч А-ий хэргийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг  газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч М.А- нь сэжигтнээр болон яллагдагч шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт Б- зохион байгуулсан хулгайн мал гэдгийг  мэдэж байсан, бүлэглэж үйлдсэн гэх боловч түүний мэдүүлэг  бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч  уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, мөн зүйлийн 3 дах хэсэгт мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол  тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж тус тус заасан учир зөвхөн шүүгдэгч М.А-ий мэдүүлгийг үндэслэж Х.Б- намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж байна. Би маллаж өгсөн хөлсөнд нэг адуу авсан ба нэг гүүг А-ээс зээлээр худалдан авсан. Гэтэл анхан шатны шүүх хохирлыг буруу тооцож нийт хохирлыг тэнцүү хувааж төлүүлэх шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Б- надад гэм буруу байхгүй, хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдэл нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дах хэсэгт заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон зэргийг харгалзан үзэхийг хүсье” гэв.

 

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Шүүгдэгч Е.Х-ийн хувьд миний энэ хэрэгт ямар ч оролцоо байхгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байна. Е.Х-ийн үйлдлийн хувьд энэ гэмт хэрэг эхлэлээс төгсөх хүртэл оролцсон байгаа. Тухайн гэмт хэрэг гарахаасаа өмнө М.А-, Х.Б- нарыг Е.Х- танилцуулж учруулж байсан. Ингэхдээ гэмт хэрэг гарахаасаа өмнө хаана ямар гэмт хэрэг, хэний малыг хэрхэн, яаж хулгайлах вэ гэсэн байдлаар шүүгдэгч нар машин дотор үгсэн тохиролцож энэ талаар ярилцсаныг бол өсвөр насны шүүгдэгч М.А- мэдүүлсэн байдаг. Энэ нь оролцооных нь эхлэл байгаа. Оролцооных нь дунд хэсэг нь тухайн 19 тооны адууг тууж ирж байхад урдаас тосож дэмжлэг үзүүлж, голоор гаргаж, улмаар Х.Б-ийн хашаанд авчирсан үйлдэл байдаг. Дараагийн үйлдэл нь тухайн адуунуудыг тодорхой ченж нарт худалдан борлуулахад мөн адил цуг явсан, тухайн мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг өөрөө авч захиран зарцуулсан үйлдэл байгаа. Хэдийгээр Х.Б- өгч байгаа гэсэн боловч за өөрийнхөө гэрт нэг тонны адууг хэрэглэсэн байдаг.

6.2. Ийм учраас шүүгдэгч Е.Х- гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдэхгүй байх боломж огт байхгүй. Түүнийг гэмт хэрэгт эхлэхээс төгсөх хүртэл оролцоод явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Ийм учраас түүнийг цагаатгах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Б-ийн хувьд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах асуудлыг тавьсан. Энэ хэрэгт хийлгэвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдэж ирсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нар гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Өсвөр насны шүүгдэгч М.А-ий хувьд эрүүгийн хариуцлагын талаар түүний өмгөөлөгч болон шүүгдэгч өөрөө гомдол гаргасан байна.

6.3.  Улсын яллагчийн хувьд байр суурьтайгаар анхан шатын шүүх хуралдаанд оролцохдоо түүнд үйлдсэн гэмт хэргийнх нь оролцоо, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч гэдэг утгаар нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тухайн эрүүгийн хариуцлагыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг шүүхэд гаргаж байсан. Одоо ч гэсэн энэ байр суурьтайгаа байгаа. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч нар тодорхой хугацаанд цагдан хоригдсон байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байх гэж миний хувьд үзэж байна. Иймд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг нь өөрчлөх боломжтой гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Е.Х-, Х.Б-, өсвөр насны шүүгдэгч М.А-ий өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ. 

 

9. Шүүгдэгч Х.Б-, Е.Х-, өсвөр насны шүүгдэгч М.А- нар  бүлэглэж, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч А.С-, А.К-, А.Б- нарын өмчлөлийн хар хүрэн зүсмийн азаргатай 19 тооны адууг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь тээврийн хэрэгсэл ашиглан тууж хулгайлж, хохирогч А.С-д 12.500.000 төгрөгийн, хохирогч А.Б-д 5.700.000 төгрөгийн, хохирогч А.К-т 6.650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар, үүнд:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь тус аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” гэх нэртэй малын бэлчээрийн газар байв. Уг газарт хохирогч нарын 19 тооны адуу бэлчдэг байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал),
  • Хохирогч А.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие тус аймгийн Буянт сумын 3 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны мал маллаж амьдардаг малчин хүн юмаа. Миний ах А.Б-, дүү А.К- бид нарын нийлүүлж тавьсан 19 тооны нэг азаргатай адууны сүрэг байдаг бөгөөд уг адууны сүрэг нь Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Өмнө гол" гэх газарт бэлчдэг байсан. Уг адуун сүргийг байнга хариулж явдаг ба хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Өмнө гол" гэх газарт бэлчээрээс харж бүрэн бүтэн байхаар нь тоолж явсан. Тэгээд маргааш нь адууны сүрэг байгаа газарт очиж үзэхэд тухайн адууны сүрэг байхгүй байсан ба түүнээс хойш сураглаж олоогүй байсан. Тэгээд сураглаж хайж байхад Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Хайрханы Б-ийн гэрт миний хулгайд алдагдсан азарга байна гэж сонсоод шууд гэрт нь очиход миний хулгайд алдагдсан 19 тооны адуун сүргийн нэг болох хар хүрэн зүсмийн азарга байсан. Тэгээд уг азаргыг хараад адууны сүрэг хулгайд алдагдсаныг мэдэж цагдаагийн байгууллагыг дуудсан. ...Түүний дотор 9 тооны адуу миний өөрийн адуу, 5 тооны адуу ах А.Б-гийн адуу, 5 тооны адуу дүү А.К-ийн адуу байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-11, 247, 2 дахь хавтаст хэргийн 189-190 дэх тал),
  • Хохирогч А.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний ах А.С-ы адууны сүрэг дотор миний 5 тооны адуу байдаг баг уг адууны сүрэг Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчдэг байсан. Уг адууны сүрэг дотор ах А.Б-гийн  4 тооны адуу, миний 5 тооны адуу, ах А.С-ы 10 тооны, нийт 19 тооны адуу байсан.  Уг адуун сүргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчдэг байсан хулгайд алдагдсан. Уг адууны сүрэг дотор ах А.Б-гийн 4 тооны адуу, миний 5 тооны адуу, ах А.С-ы 10 тооны нийт 19 тооны адуу байсан. Тэгээд адуун сүргийг хайж олоогүй ба 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр адуун сүргийн сураг гарч ах А.С-ы азаргыг олж авсан. Тэгээд манай адуун сүргийг хулгайлсан хүмүүсийг олж авсан ба миний 5 тооны адуу байхгүй байсан. Уг хулгайч нараас 5 тооны адуугаа асуухад нядалсан гэж байсан. Миний нийт 5 тооны адуу хулгайд алдагдсан бөгөөд уг адууны зүс, им тамгыг танд тодорхой хэлж өгөх болно. Үүнд: 1. Том биетэй хар хээр зүсмийн зөв талын гуянд  гурвалжин тамгатай, имгүй, 10 насны гүү, 2.Дэлийг нь зассан хар хээр зүсмийн, зөв талын гуянд  гурвалжин тамгатай, имгүй 9 насны гүү, 3. Улаан хээр зүсмийн, зөв талын гуянд  гурвалжин тамгатай, имгүй 7 настай гүү, 4. Хар хээр зүсмийн, баруун талын чихний араас нь ухам имтэй, дэл сүүлийг нь зассан, зөв талын гуянд  гурвалжин тамгатай 8 насны нас гүйцсэн гүү, 5. Шаргал зүсмийн буруу талын чихний араас ухам имтэй, дэл сүүлийг зассан, зөв талын гуянд  гурвалжин тамгатай, 2 насны  эр адуу зэрэг нийт 5 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24, 250, 2 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал),  
  • Хохирогч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...аав А гэх хүнээс А.Б-, А.С-, А.К- гэх 3 хүүхэд байдаг ба бид нарын нийлүүлж тавьсан 19 тооны азарга сүрэг байдаг ба уг адууны сүрэг нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр харахад бүрэн байсан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байхгүй байсан ба бид хэд тал талаас хайж эхэлсэн. Бид нарын 19 тооны адууны 10 нь С-х 5 нь дүү К-ийх, 5 нь минийх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал),
  • Хулгайд алдагдсан гэх 19 тооны адуунаас олдсон 3 тооны адууг буюу азарга-1, шаргал зүсмийн охин даага-1, бор шаргал зүсмийн эр даага – 1 зэргийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал), 
  • Хохирогч А.С-, А.К-, А.Б- нарын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого (1 дэх хавтаст хэргийн 16-19, 29-33, 40-44 дэх тал),
  • Х.Б-ээс хар алаг зүсмийн гүүний арьс 1 ширхэг, саарал зүсмийн дааганы толгой 1 ширхэг зэргийг тус тус хураан авсан тэмдэглэл, ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал), 
  • Эд зүйл буюу 3 тооны адуу хураан авсан тэмдэглэл, хураан авсан адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1 дэх хавтаст хэргийн 58-69 дэх тал), 
  • Х.Б-ээс 3 тооны үхрийг хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 70-79 дэх тал), 
  • Хураан авсан 3 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал), 
  • Е.Х-ээс 1 тооны азаргыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 81-88 дахь тал),
  • Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дүү Х.Б-ийн гэрт очиход намаржаа хотонд гэрийн ойролцоо нийт 17 тооны хар хүрэн азаргатай адууны сүрэг байсан. Тэгээд уг адууны сүрэг хаанаас ирсэн тухай дүү Х.Б-ээс асуухад “Буянт сумын 3 дугаар багийн иргэн М-ны А- гэх хүн авч ирсэн. Уг адуу сүргийг миний бие эзэн болж хариулахаар болсон” гэж хэлсэн. Тэгээд уг адуун сүргийг очиж үзээд сонирхсон ба азаргаас бусад нь зөв талын гуянд  гурвалжин тамгатай болохоор нэг хүний адуу байна гэж бодоод яваад өгсөн. Тэгээд маргааш нь дахиж дүүгийн гэрт ирэхэд М-ы А- гэх залуу сууж байсан ба 17 тооны адууны эзэн гэхээр нь “та адууны сүрэг дотроос шаргал зүсмийн охин даагыг зарах уу” гэж асуусан. Тэгээд 450,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тухайн 17 тооны адууны сүрэг дотроос шаргал зүсмийн зөв талын гуяанд  гурвалжин, зөв талын хаанд гурвалжин тамгатай охин даагыг барьж авч өөрийн адууны сүрэг дотор нийлүүлсэн. Тэгээд 450000 төгрөгийг дүү болох Х.Б-ийн гарт өгсөн. Миний мэдэхээр дүү Х.Б-ийн гэрийн хажууд эхлээд 17 тооны адуу ирсэн ба түүнээс нэг тооны шаргал зүсмийн охин даагыг миний бие худалдаж авсан. Нэг тооны халтар бор шаргал зүсмийн эр даагыг дүү болох Х.А худалдаж авсан. Тэгээд 17 тооны адуун сүргийн азарга болох хар хүрэн зүсмийн азаргыг дүү Х.Б-ийн гэрийн хажууд ирснээс хойш аргамжтай байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын эхэнд дүү Х.Б- дуудахаар нь гэрт нь очсон. Дүү Х.Б- “17 тооны адуун сүргээс хар алаг зүсмийн сохор нас гүйцсэн гүүг нядлах гэж байна та туслах уу” гэхээр нь тухайн хар алаг нас гүйцсэн гүүг Х.Б- бид хоёр нядалсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143, 2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),  
  • Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дүү Х.Б-ийн гэрт 15-20 гаруй тооны хар хүрэн азаргатай адуун сүргийг манай худ Е.Х-, танил хүн М.А- нар Хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучивтар хөх өнгийн мотоциклоор тууж ирээд дүүгийн хотоны хашаанд оруулсан. Тэгээд уг адуун сүргийг очиж үзээд сонирхсон ба азаргаас бусад нь зөв талын гуянд  гурвалжин тамгатай болохоор нэг хүний адууны сүрэг байна гэж ярилцаж байхад манай 2 хүү ирж тухайн адууны сүрэг дотроос 2 даагыг үзүүлж худалдаж авъя гэхээр нь М.А-ээс “худалдах адуу байгаа юу” гэхээр “бүх адууг хямд үнээр худалдах болно” гэж хэлэхээр нь дотроос нь хүүгийн зааж харуулсан саарал зүсмийн эр даага болон бор шаргал зүсмийн эр даага, нийт 2 тооны даагыг адууны сүрэг дотроос нь барьж авсан. Уг 2 тооны даагыг тус бүр 500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2 тооны даагыг хашаанаас гаргаж уясан. Тэгээд хашаан дотор байсан адуун сүргийг хашаанаас гаргах үед хашааны хаалганд уяатай байсан саарал зүсмийн эр даагыг хар хээр зүсмийн том биетэй гүү ирж мөргөхөд тухайн даага уяанд ороогдож унах үед нугас нь тасарч үхэх гэж байхад М.А- ирж нядалсан. Тэгээд үлдсэн бор шаргал зүсмийн зөв талын гуянд  гурвалжин тамгатай эр даагыг гэр лүгээ авч явж өөрийн адууны сүрэг дотор нийлүүлсэн. Тэгээд тухайн дааганы мөнгийг одоо хүртэл аваагүй бөгөөд тухайн даагыг цагдаагийн байгууллагаас хураан авч явсан. М.А-, Е.Х- нарын авч ирсэн адууг дүү М.Б-ийн Портер машинаар ачиж аймаг руу явж байсан ба ямар хүмүүст худалдсаныг сайн мэдэхгүй. Миний бие тухайн даагыг худалдаж авах үед М.А-ээс “энэ адууны сүрэг хаанаас ирсэн адуу вэ” гэж асуухад “миний өөрийн адууны сүрэг” гэж хэлэхээр нь итгэж худалдаж авсан. Тухайн адууны сүрэг нь хулгайн адуу гэдгийг цагдаа нар ирж даагыг хурааж авах үед мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь тал),  
  • Гэрч К.О-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын дундуур аймгийн малын захад мал худалдаж байх үед М.А-, Е.Х-, Х.Б- нар Х.Б-ийн хөх өнгийн Портер машинаар ирж миний худалдаж байсан буурал азаргыг худалдаж авахаар тохирсон. Тухайн үед М.А-, Е.Х- нар надад хэлэхдээ “Бугат сумын 4 дүгээр баг Х.Б-ийн гэрийн хажууд өөрийн адуун сүргийг худалдаж байна. Та азаргыг өгч надаас оронд нас гүйцсэн гүү аваарай” гэж хэлсэн. Тэгээд би “өөр зарах мал байгаа юу надад адуугаар солих тугалтай үхэр байгаа” гэж хэлэхэд “тэгвэл манайд солих адуу байгаа” гэхээр нь бид нар хоорондоо тохирч Х.Б-ийн портер машинаар миний худалдаж байсан азаргыг малын захаас ачиж аваад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах манай гэрээс очиж нэг тугалтай Монгол эх үхэр болон тугалгүй Монгол эх үхэр, нийт 3 тооны үхрийг хамт ачиж Бугат сумын 4 дүгээр багт байрлах Х.Б-ийн гэрт дөрвүүлээ хамт ирсэн. Тэгээд миний адуу болон үхрийг буулгаж оронд Х.Б-ийн хашаанд байсан зөв талын гуянд  гурвалжин тамгатай 10 гаруй адуу дотроос 3 тооны гүүг барьж өгч Х.Б-ийн портер машинаар аймагт малын захад хүргэж өгсөн. Тэгээд тухайн 3 тооны гүүг малын захад тус бүр 1200000 төгрөгөөр үнэлж зарсан. Дараа нь сонсоход М.А- нар Буянт сумын 3 дугаар багийн иргэн А.С-ы адуун сүргийг хулгайлсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал),  
  • Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Х.Б-ээс адуу худалдаж аваагүй. Манай бага охин нөхөрт гарах үед хуримын цайллагад хүргэн Х.Б- өөрөө нэг тооны адууг авч ирж нядалж өгсөн. Уг адуу нь хар хээр зүсмийн зөв талын гуяанд  гурвалжин тамгатай тарган гүү байсан. Уг адууг хаанаас авч ирснийг мэдэхгүй. Тухайн үед Х.Б- миний өөрийн адуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал),
  • Өсвөр насны яллагдагч М.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...2023 оны 09 дүгээр сарын 05 -ны өдөр би аймгийн төвд хичээлтэй байсан. Тэгээд өдөр хичээлээсээ тараад Буянт сумын 3 дугаар баг Өмнө голд намаржаанд манай гэр байсан ба гэр рүүгээ харьчхаад ирэх санаатай өөрийн Мустанг-5 загварын мотоциклоор явсан. Тэгээд гэртээ очоод цай уучхаад буцаад Өлгий сум руу явахаар замдаа явж байтал Буянт сумын “Шар нуур” гэх газарт бэлчээрт хэдэн тооны адуу байхаар нь би шууд тухайн адуунуудыг мотоциклоор туугаад Морин толгой даваад ирэх үед адуунууд явж өгөхгүй болохоор нь би Бугат сумын иргэн Х.Б- гэх залуу руу утсаар ярьж “...нөгөө хэдэн адуунууд явж өгөхгүй байна, би ганцаараа болохоор хүч хүрэхгүй байна...” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х.Б- над руу утсаар залгаад “байгаа газар луу чинь Е.Х-ийг явуулчихлаа шүү” гэж хэлсэн юм. Удалгүй Е.Х- замын машинаар дайгдаж ирсэн бөгөөд надтай нийлээд бид хоёр миний мотоциклоор нөгөө хэдэн адуунууд туугаад Бугат сумын хажуугаар ирээд шууд Ховд голыг гаталгасан ба голын цаана Х.Б- хүлээж байсан. Тэр үед цаг 19-20 цагийн орчим болж байсан байх, гадна харанхуй болсон байсан. Тэгээд Е.Х- бид хоёр буцаж эргээд аймгийн төвөөр гүүр гатлаад эргээд Х.Б-ийн байсан газарт ирж бид гурав нийлээд хамтдаа 2 мотоциклоор цаашаа нөгөө хэдэн адуунуудыг туугаад Бугын гол гэх газарт Х.Б-ийн гэрт нь аваачиж өгсөн. Тэр үед цаг нэлээд орой болсон байсан ба шөнийн 03-04 цаг орчим болж байсан байх. ...Тэгээд маргааш өглөө эрт босоод би ахиад Х-ийг гэрээс нь очиж аваад Бугын гол руу Б-ийн гэр рүү очиж байх замд шөнө тууж явсан адуунууд зам дагаад ирж байхаар нь бид хоёр ахиад туугаад Б-ийн гэрийн гадна аваачсан. Тэр үед Б- нь нөгөө хэдэн адуу одоо ахиад зугтаж магадгүй тийм болохоор энэ азаргыг нь бариад уячих юм бол энэ адуунууд хаашаа ч явахгүй гээд азаргыг нь бариад уясан юм. Миний Өмнө голоос хулгайлсан А.С-, А.Б-. А.К- нарын 17 тооны адууг Б-т авчирч өгсөн бөгөөд тухайн адуунаас 3 тооны адууг эзэнд нь буцааж өгсөн, 3 тооны адууг Арман гэх малын ченжид Х.Б-, Е.Х- бид гурав аваачиж зарсан, 1 тооны адууг 1 азаргаар Х.Б- бид хоёр К.О- гэх хүнд өгсөн, дахиад К.О-нд 2 адууг тугалтай үхэр, 1 том үхрээр Х.Б- нь сольж авсан байсан. 1 тооны адууг Е.Х- өөрийн хамаатан гэх гэрлэсэн хүний хуримд зориулж нядалсан, 2 тооны адууг Х.Б- өөрөө нядалсан. Тэгээд үлдсэн 5 адуу Бугын гол дотор байх үеэр алга болсон гэж Х.Б- надад хэлсэн. ...Энэ хулгайн адууг Х.Б-, Е.Х- бид гурваас өөр хэн ч мэдэхгүй, Х.Б- өөрөө Е.Х-, бид хоёрт анхааруулж хэлэхдээ “...манай эхнэр болон, ах нарын хэн нэгэн нь энэ юун адуу вэ, гэж асуух юм бол М.А-ий адуу байгаа юмаа, энд хэсэг маллаж, хариулахаар авч ирсэн гэж хэлээрэй ..” гэж бид хоёрт анхааруулж хэлж байсан юм. Е.Х-, Х.Б- нарыг би 1 жилийн өмнөөс эхэлж таньж мэддэг болсон учир нь өмнө нь Е.Х-ийг би сайн таньдаг байсан бөгөөд манай сургуулийн хүүхдүүд Бугын гол руу зугаалгад явах үеэр тухайн газарт Е.Х-ээр дамжуулж Х.Б-тэй танилцаж байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 190-192 дахь тал),
  • 4 тооны адууд үзлэг хийж хохирогч А.С-д хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 181-187 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

10. Шүүгдэгч Х.Б-, Е.Х-, өсвөр насны шүүгдэгч М.А- нарт  холбогдох хэргийн үйл баримт, өсвөр насны шүүгдэгч тус бүрийн оролцоог хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж бодитой, үндэслэлтэй сэргээн тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар Х.Б-, Е.Х-, М.А- нар нь бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нар болон өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

11. Өсвөр насны шүүгдэгч М.А-ий өмгөөлөгч А.Серкижаны “...Монгол улсын олон улсын гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд шүүхээс насанд хүрээгүй хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулж, аль болох шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах буюу хүүхдийг шийтгэхээс хамгаалах бүхий л зохистой арга хэмжээг авахаар байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж ял шийтгэлтэй холбоотой,

- Шүүгдэгч Е.Х-, Х.Б- нар “... хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн талаар тус тус давж заалдах гомдол гаргасныг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянаж үзвэл:

11.1. Шүүх хэрэгт цугларсан хууль ёсны нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, өсвөр насны шүүгдэгч М.А-ийг бусадтай бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон бөгөөд гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан сургалт-хүмүүжлийн байгууллагад хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, оролцоо, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.  Иймээс өсвөр насны шүүгдэгч М.А-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.2. Шүүгдэгч Е.Х-, Х.Б- нар өсвөр насны шүүгдэгч М.А-тэй бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан нь хохирогч нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч М.А-ий мэдүүлэг, гэрч Х.Х, Х.А, К.О-, гэрч Т.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул “... шүүгдэгч Е.Х-, Х.Б- нарын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах...” тухай шүүгдэгч  нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Е.Х-, Х.Б-  өсвөр насны шүүгдэгч М.А- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь тус тус тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгдэгч Е.Х-, Х.Б-,  өсвөр насны шүүгдэгч М.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4  дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан шийдвэр гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын14 -ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч М.А-ий өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч Е.Х-, Х.Б-  нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                               Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ