Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 362

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Ё.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

бага насны хохирогч 10 настай Х.Оын хууль ёсны төлөөлөгч түүний эх С.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Ё.Э 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр сургуулийн зүүн талын гражны орчимд ач хүүг дээрэлхэж зодлоо гэх шалтгаанаар 10 настай Х.Оыг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ё.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр болсон юм. Миний ач хүү Эрдэмтөгс надад “өвөө намайг сургууль дээрээс ирээд авчихаж байгаач манай ангийн О намайг байнга зодож дарамтлаад байх юм” гэж хэлсэн. Би ач хүүгээ сургууль дээрээс нь авах гээд сургуулийн үүдэн дээр нь зогсож байхад миний ач хүү Эрдэмтөгс уйлчихсан, амаа дарчихсан гарч ирсэн. Би “яасан юм бэ” гэхэд “өвөө намайг О зодчихлоо” гэж хэлсэн. Яасан гэж чамайг зодож байгаа юм бэ гэж намайг асуухад “намайг ангиасаа гарч ирээд байж байхад чамаар гарынхаа чилээг гаргана гэж хэлээд зодчихлоо” гэж хэлсэн. Би Отай тааралдаад “эцэг, эх дээр чинь орно” гэж хэлээд дагуулаад явах гэтэл эсэргүүцээд хөл гараараа тийчээд өмд рүү өшиглөөд байхаар нь би гараараа нэг удаа хацар руу нь алгадсан юм. Тэгэхэд хамраас нь цус гараад өөрөө цүнхнээсээ салфетка гаргаж ирэхээр нь  би арчиж өгсөн юм. О манай аав хол ажилладаг, манай ээж ажил дээрээ байгаа, манай гэрт хүнгүй байгаа гэж хэлж байсан. Би Эрдэмтөгсийг дагуулаад ангийн багш дээр нь очсон. Би сургуулийн нийгмийн ажилтанд нь Эрдэмтөгсийн ангийг нь солиулмаар байна гэж хэлж байсан. О өмнө хэд хэдэн удаа ийм үйлдэл гаргаж байсан. Аав ээж нь хүмүүжүүлж чадахгүй юм бол хүмүүжүүлж чаддаг хүнд нь өгөх хэрэгтэй. Намайг Эрдэмтөгсийг дагуулаад ангийн багштай нь уулзаад сургууль дотор байж байхад С.Түмэнжаргал хүүхдээ дагуулж орж ирээд “чи яахаараа миний хүүхдийг зоддог юм гээд хөл гараа савчаад над руу дайраад байсан. Тэр үед намайг харахад хүүхдийнх нь царай зүгээр байсан. Хавтаст хэрэгт авагдсан зургийг өөрсдөө сайн дураараа авсан байсан. Би бодохдоо Оын эцэг эх хоёр нь өөрсдөө зодчихоод надад ял үүрүүлэх бодолтой байх шиг байна. Би Мөнхзул прокурортой очиж уулзахад хугацаа нь дууссан, хэргийг чинь шүүхэд шилжүүлнэ гэж хэлдэг. Би 2017 оны 9 дүгээр сард хөлөө хугалчихаад байж байхад нэг удаа манай гэрт Одхүү байцаагчтай хамт ирсэн. Мөнхзул прокурор намайг хорино гэж сүрдүүлдэг. Мөнхзул прокурор энэ хэрэгт ашиг сонирхолын зөрчилтөй гэж бодож байна” гэв.

 

Бага насны буюу 10 настай хохирогч Х.Оын хууль ёсны төлөөлөгч эх С.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт ”2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед миний охин хичээлдээ явж байхад дүү нь уйлчихсан, хамраас нь цус гарсан, хувцас нь шороо болчихсон байдалтай сууж байсан гэсэн. Намайг ажлаа хийгээд сууж байхад энэ тухай охин маань надад хэлсэн юм. Намайг очиход миний хүү “Эрдэмтөгсийн өвөө намайг зодсон” гэж хэлсэн. Би хүүгээ сургууль руу нь дагуулаад ороход Ё.Э гуайтай коридорт таараад “та жоохон хүүхэд яаж байгаа юм бэ” гэхэд намайг хэл амаар доромжлоод, зодох гэж дайраад байсан. Тухайн үед Ё.Э гуай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Одоогоор надад өгсөн зүйлгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

 

Хавтаст хэргээс:

Бага насны хохирогч Х.О мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед 54 дүгээр сургуулиас хичээлээ тараад явж байтал манай ангийн хүүхэд болон Эрдэмтөгсийн өвөө гражны хажууд явж байтал гүйн ирээд чи муу ямар зэвүүн бацаан бэ муу пизда гэж хэлээд намайг хувцаснаас татаж барьж аваад, заамдаад толгой руу баруун гараараа алгадаад бас нөгөө гараараа 5-6 удаа алгадсан бас миний хоолойг боож багалзуурдаад элэгдсэн. Тэгээд би газар унаад байж байтал өшиглөөд олон удаа муухай үгээр муу пизда энэ тэр гэж хараасан тэгээд ээж чинь хаана байна гэр рүү чинь орно гэхэд нь би ээж ажил дээрээ байгаа аав байхгүй гэсэн чинь би чамайг ална гэр рүү чинь заавал орно гээд байж байснаа яваад өгсөн. Тэгсэн манай эгч Энххүслэн ирээд намайг уйлаад сууж байтал ээжийг  дуудсан...би Эрдэмтөгсийг зодоогүй Эрдэмтөгсийн уруул зүв зүгээр байсан. Тэр өвөө намайг 5-6 удаа алгадаж цохиж газар унангуут өшиглөсөн” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр С.Түмэнжаргал мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед том охин Энххүслэн манай ажил руу орж ирээд ээжээ дүү Эрдэмтөгс гэдэг хүүхдийн өвөөд зодуулаад цустайгаа холилдоод уйлчихсан сууж байна гэж надад хэлсэн тэгэхээр нь би шууд ажлаасаа гараад очтол миний хүү 10 настай О уйлчихсан 2 шанаа нь хүний гарны оромтой хүрэнтээт улайсан байдалтай дээр нь хамраас нь цус гарчихсан хувцас нь шороо болчихсон байсан Тэгээд би сандраад хүүгээсээ юу болсон гэтэл хүү Эрдэмтөгсийн өвөө намайг зүгээр явж байтал араас хөөж ирээд шууд заамдаад зодчихлоо ээжээ гэсэн. Тэгэхээр нь би тэр өвөө гээд байгаа хүн чинь хаана байна  хаашаа явсан гэхэд хүү сургуулийн тийшээ явсан гэж заасан. Тэгээд сургууль дээр нь очтол тэр өвгөн буюу Э сургуулийн коридорт таарсан. Би тэр хүнээс та яаж байгаа юм бэ гэхэд юу гээд байгаа юм бэ гээд элдвээр хараагаад болохгүй болохоор нь цагдаа дуудсан. Манай хүүг өөрийнхөө хүүг шоголлоо гэж зодсон гэж ойлгосон. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Манай хүү хэлэхдээ Эрдэмтөгс миний цүнх рүү өшиглөсөн тэгээд би нэг удаа түлхсэн гэж надад хэлсэн. Тэр үйл явдалд өширхөөд хүүг маань зодлоо гэж ойлгож байна.  Одоо миний хүү толгой нь өвдөөд байгаа эмчийн бичсэн эмчилгээний дагуу гэртээ хэвтэрийн дэглэмд байгаа болсон явдлаас болж айж цочирдсон байна лээ” /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Хоролсүрэн мөрдөн байцаалтанд” Тэр өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажлаа хийгээд сууж байсан. Тэгээд би ажлаа тараад эхнэр рүүгээ утсаар залгасан чинь хүүг маань хүн зодлоо би цагдаад өргөдөл өгөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд бас хүүгийн хоолойг боосон хамраас нь цус гарсан, хацар нь хавдсан байна гэж хэлсэн. Би тэр хүнийг огт танихгүй хүү маань зодуулахын өмнөх өдөр буюу 9 сарын 19-ны өдөр би хүүтэйгээ Дүүхээгийн урд явж байхад манай хүү надад тэр Э гэдэг хүнийг заагаад ааваа энэ хүн намайг зодох гээд байдаг өвөө байна гэж хэлсэн тухайн үед нь би нэг их ач холбогдол өгөөгүй хөгшин хүн байна гайгүй байх гэж бодсон. Одоо хүү маань болсон асуудлаас айснаас болоод шөнө бүр хар дарж айж сэрдэг бас хичээлдээ явах их дургүй болсон нүүрнийх нь шарх хөхөрсөн зэрэг нь эдгэрсэн” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Мөнхгэрэл мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би ангиа тараах гээд 12 цаг 30 минутын үед ангидаа байж байтал Эрдэмтөгсийн өвөө Э гэдэг хүн орж ирээд манай хүүг О гэдэг хүүхэд байнга зодох юм аа гэж хэлсэн. Тэгээд би уулзчихаад ангидаа сууж байтал гадаа хэрүүл болж байсан би гайхаад очоод хартал Оын ээж Түмэнжаргал, Э нар хоорондоо хэрэлдээд байхаар нь би тэр хоёр хүнийг анги руу авч орж ирсэн. Түмэнжаргал гэх хүн надад хүү Оаа заагаад миний хүүг ийм болтол нь зодлоо гэсэн тэгээд би Оыг харахад зүүн талын хацар нь улайгаад хөхөрч хавдсан гарны ором гарчихсан байсан бас хувцас нь цус болчихсон байсан.  Тэгээд би юу болов гэж  асуухад Э манай хүүг дандаа зоддог учраас би Оыг хоёр удаа алгадсан гэж хэлсэн тухайн үед бол Оыг Э зодсон байсан. Бас тэр Э Түмэнжаргал руу чиний хүүхэд хүн зоддог чиний хүүхдэд  хүн гар хүрч болохгүй юу гээд орилж хашгираад дайраад байсан. Тэр Э гэдэг хүн согтуу байсан. Тэр өдөр О Эрдэмтөгсийг дээрэлхсэн сураг байсан.  Гэхдээ Эрдэмтөгсийн нүүр харагдах газар нь ямар нэг гэмтэл учраагүй байсан.  О маш их дүрсгүй байнга л хэл ам таталж хүүхэд дээрэлхэж байдаг.  Өмнө нь 2-3 удаа Эрдэмтөгсийг дээрэлхэж цохисон сураг байсан. О 5-1-р ангиас хүүхэд зодоод гээд манай анги руу шилжүүлсэн Эрдэмтөгс 1 дүгээр ангиасаа манай ангид сурсан их даруухан сайн хүүхэд. Ямар ч байсан хичээл тарахын өмнө О зүгээр байсан тэгээд хичээл тарж яваад ээжтэйгээ орж ирэхдээ Ё.Э гэдэг хүнд зодуулаад ороод ирсэн. Ё.Э гэдэг хүн ч би 2 алгадсан гэж байсан. От учирсан гэмтлүүдийг Ё.Э гэдэг хүн учруулсан” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ё.Э мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай ач хүү болох 10 настай Эрдэмтөгс надад өвөө та намайг сургууль дээр ирээд авч байгаач ээ яагаад гэвэл манай ангийн О гээд дээрэлхүү хүүхэд намайг зодоод байдаг юм тиймээс ирээд намайг авч бай гэсэн. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед ач хүүг авахаар сургууль дээр нь очсон. Тэгээд сургуулийн гадаа хүлээж байтал манай хүү амаа дарчихсан уйлчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би юу болсон миний хүү гэсэн тэгсэн намайг ангиасаа гараад явах үед  О ангийн гадаа хүлээж байгаад намайг зодлоо гэсэн. Миний уур хүрээд би ач хүүгээсээ хаана байна тэр хүүхэд гэхэд байхгүй болохоор нь гэр рүүгээ явж байтал миний урд О гээд хүүхэд явж байсан би шууд тэр хүүхдийг барьж чи яагаад хүүхэд зодоод байгаа юм аав ээж рүү чинь орно гээд хувцаснаас нь татсан тэгсэн тэр хүүхэд аав хөдөө байгаа ээж ажилтай гэсэн тэгэхээр нь чи яагаад хүүхэд зоддог юм бэ гээд нэг удаа гарынхаа алгаар нүүр рүү нь буюу хацар руу нь алгадсан тэгээд дагуулаад татаад аваад явтал хамарнаас нь цус гарсан би арчиж өгсөн. Тэгээд би тэр хүүхдийг гэр рүүгээ яв гээд явуулсан” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11988 дугаартай “Оын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун ташаанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 33/, бага насны хохирогчийн гэрэл зураг /хх-ийн 37-38/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ё.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ё.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Х.О манай ач хүү Эрдэмтөгсийг дээрэлхэж зодсон байхаар нь би алгадсан нь үнэн. Гэхдээ би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна” гэж мэдүүлж байна.

 

Шүүгдэгч Ё.Э Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх” эрхтэй.

 

Харин мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ё.Э 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр сургуулийн орчимд “ач хүү Эрдэмтөгсийг дээрэлхэж зодлоо” гэх шалтгаанаар түүний ангийн 10 настай Х.Оын хацар руу алгадсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

      

Энэ байдал нь насанд хүрээгүй бага насны хохирогч Х.Оын “... Эрдэмтөгсийн өвөө гражны хажууд явж байтал...чи муу ямар зэвүүн бацаан бэ муу пизда гэж хэлээд намайг хувцаснаас татаж барьж аваад, заамдаад толгой руу баруун гараараа алгадаад бас нөгөө гараараа 5-6 удаа алгадсан бас миний хоолойг боож багалзуурдаад элэгдсэн тэгээд би газар унаад байж байтал өшиглөөд олон удаа муухай үгээр муу пизда энэ тэр гэж хараасан...” /хх-ийн 14/, гэрч С.Түмэнжаргалын “...О уйлчихсан 2 шанаа нь хүний гарны оромтой хүрэнтээт улайсан байдалтай дээр нь хамраас нь цус гарчихсан хувцас нь шороо болчихсон байсан би сандраад хүүгээсээ юу болсон гэтэл хүү Эрдэмтөгсийн өвөө намайг зүгээр явж байтал араас хөөж ирээд шууд заамдаад зодчихлоо гэсэн” /хх-ийн 17/, гэрч Д.Мөнхгэрэлийн “...Оыг харахад зүүн талын хацар нь улайгаад хөхөрч хавдсан гарны ором гарчихсан байсан бас хувцас нь цус болчихсон байсан  тэгээд би юу болов гэж  асуухад Э манай хүүг дандаа зоддог учраас би Оыг хоёр удаа алгадсан гэж хэлсэн” /хх-ийн 27/, гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11988 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 33/, бага насны хохирогчийн гэрэл зураг /хх-ийн 37-38/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Ё.Эын өгсөн“...би шууд тэр хүүхдийг барьж чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ аав ээж рүү чинь орно гээд хувцаснаас нь татсан тэгсэн тэр хүүхэд аав хөдөө байгаа ээж ажилтай гэсэн тэгэхээр нь чи яагаад хүүхэд зоддог юм бэ гээд нэг удаа гарынхаа алгаар нүүр рүү нь буюу хацар руу нь алгадсан тэгээд дагуулаад татаад аваад явтал хамарнаас нь цус гарсан би арчиж өгсөн ...”/хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон гэж үзнэ.

 

Бага насны хүүхэд нь бие бялдарын болон оюун санааны хувьд өөрийгөө бусдаас хамгаалах чадваргүй байдаг онцлогтой бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах бодол болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдана” гэж тэдний эрхийг хуулиар хамгаалсан байдаг.

 

Ё.Эын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр нь түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд шүүх хуралдаан дээр Ё.Эыг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн саналыг  хүлээн авах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ё.Э 10 настай Х.Оыг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”  бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэл болов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-д “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заажээ.

 

Хуульд зааснаар мөрдөн байцаалтын явцад хохирогч 10 настай Х.Оын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх С.Түмэнжаргалыг  тогтоосон нь хуульд нийцсэн бөгөөд түүний мэдүүлсэн мэдүүлэг болон Х.Оын эмчилгээний зардалтай холбогдох баримт гаргасныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар бага насны Х.Оын   эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүний оношилгоо, эмчилгээтэй холбогдох 178.360 төгрөгийн баримтууд нь  нотлох баримтын шаардлага хангасан байгааг шүүх үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ё.Эоос 178.360 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Түмэнжаргалд олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Ё.Э тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ё.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Түүний бусад байдал буюу эрүүл мэндийн хувьд группэд байдаг талаар түүний өмгөөлөгчөөс өмгөөллийн үгэнд хэлсэн тайлбар болон шүүх хуралдаанд суга таягтай суугаагаараа мэдүүлэг өгсөн зэрэг байдлыг харгалзаж шүүхээс оногдуулсан торгох ялыг нийт гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Хэрэгт Ё.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.