2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/06458

 

 

 

 

 

 

 

 

2025 08 22 192/ШШ2025/06458

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******-ид холбогдох,

 

Машины төлбөр 27,000,000 төгрөг, машинд учирсан хохирол 7,070,200 төгрөг, нийт 34,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Чинзориг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Энхээ овогтой Чинзориг миний бие 2022 оны 08 сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн 5014-УБЗ КІА Bongo машиныг М.Нямдоржид 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, итгэмжлэл олгож шилжүүлэн өгсөн. Гэтэл М.Нямдорж нь одоог хүртэл надаас худалдан авсан машины төлбөр болох 27,000,000 төгрөгийг төлөөгүй. Мөн Энхээ овогтой Чинзориг миний бие 19-79 УНГ улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийг анх 2014 онд худалдан авч, 2021 оноос хойш зар гаргаж өдрийн 350,000 төгрөгөөр хөлслүүлдэг байсан. 2022 оны 07 сард М.Нямдорж зарын дагуу холбогдож тухайн машиныг хөлслөн авсан. Гэтэл М.Нямдорж нь ашиглах явцдаа дээврийн хэсгийг эвдэлсэн тухайгаа хэлж, бид 2022 оны 08 дугаар сард уулзсан ба М.Нямдорж уг машиныг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгийг нь дараа төлөхөөр тохиролцон машиныг авч явсан. Гэвч машины төлбөрийг өгөхгүй, мөн машин буцааж өгөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах үед буюу 2024 оны 09 дүгээр сард машинаа буцааж авсан. Буцааж авах үед миний машины өнгө будаг муудаж, эвдрэлтэй байсан тул мөрдөгчийн тогтоолын дагуу эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн. Уг үнэлгээгээр 6,710,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Дээрх үнэлгээ хийлгэх төлбөрт 250,000 төгрөг, мөн "Бонго" болон "Мерседес бенз" машины үнэлгээ хийлгэхэд 40,000 төгрөг төлсөн. Хан-Уул дүүргийн хяналтын прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч Ерөнхий прокурорын 2024.07.25-ны өдрийн 1/1166 тоот хариу мэдэгдэх хуудсаар хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг мэдэгдсэн. Ингээд М.Нямдоржийн оршин суугаа газар нь тодорхойгүй байсан тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М.Нямдоржийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Иймд М.Нямдоржоос машины үнэ 27,000,000 төгрөг, эвдрэлийн хохирол 6,710.000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 250.000 төгрөг, машины үнэлгээний төлбөр 40,000, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 34,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Нямдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Э.Чинзоригийн нэхэмжлэлтэй, М.Нямдоржид холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31,070,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Чинзориг нь хариуцагч М.Нямдоржид холбогдуулан машины төлбөр 27,000,000 төгрөг, машины учирсан хохирол 7,070,200 төгрөг, нийт 34,070,200 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Э.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төрбар нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: тус шүүхэд Э.Чинзоригийн нэхэмжлэлтэй М.Нямдоржид холбогдох иргэний хэрэг хянагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс 31,070,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулна. Нийт нэхэмжилсэн 34,070,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг татгалзаж, 31,070,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж байна гэж эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч М.Нямдорж нь 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Э.Төрбатад олгосон итгэмжлэлдээ эвлэрэх бүрэн эрхийг олгосон байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төрбат нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,023 төгрөгөөс 156,650 төгрөгийг, хариуцагчаас 156,650 төгрөгийг тус тус гаргуулж нийт 313,300 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.Чинзоригийн нэхэмжлэлтэй М.Нямдоржид холбогдох машины төлбөр 27,000,000 төгрөг, машинд учирсан хохирол 7,070,200 төгрөг, нийт 34,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд:

тус шүүхэд Э.Чинзоригийн нэхэмжлэлтэй М.Нямдоржид холбогдох иргэний хэрэг хянагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс 31,070,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулна. Нийт нэхэмжилсэн 34,070,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг татгалзаж, 31,070,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж байна гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,023 төгрөгөөс 156,650 төгрөгийг, хариуцагчаас 156,650 төгрөгийг тус тус гаргуулж нийт 313,300 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ