Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 205/МА2021/00016

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн ******* тоотод оршин суух Бөө овгийн *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,  

Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ******* давхарт оршин суух Монгол овгийн *******ийн ******* /РД:*******/-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Г.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Г.******* нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах тухай 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Д.*******гийн тавьсан зарын дагуу түүний ******* дугаарын утсаар холбогдож баарны тогоочоор ажилд орсон. Тухайн үед Д.******* нь надтай аман гэрээ хийж өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож би 2020 оны 08 дугаар сард 19 хоног ажиллахад 13 хоногийн 10,000 төгрөгөөр бодож 130,000 төгрөг, 6 хоногийг 20,000 төгрөгөөр бодож 120,000 төгрөг нийт 250,000 төгрөгийн цалин олгож 9 сараас эхлээд өдрийн 20,000 төгрөгөөр тооцож, цалинг олгохоор тохиролцсон. Тэгээд 9 сараас ээлжийн тогоочтой болж би нэг өнжөөд гардаг болж, 2020 оны 09 дүгээр сард нийт 13 хоног ажилласан. 13 хоногийн цалин нийт 260,000 төгрөг олгох ёстой байсан боловч 130,000 төгрөгний цалин олгож нийт 130,000 төгрөгийг үндэслэлгүйгээр өгөхгүй байна. Иймд миний ажилласан цалингийн үлдэгдэл болох 130,000 төгрөгийг Д.*******гоос гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 10,000 төгрөгөөр 3-6 хүний хоол өдөрт 1 удаа хийгээд 14 цагт өгнө, эрт тардаг ийм ажил байна гэхэд хийе гээд аман гэрээ хийгээд маргааш ирнэ гээд явсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 хоног 30,000 төгрөг бэлнээр, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 7 хоног 70,000 төгрөгийг 08 дугаар сарын 11-нд бэлнээр авсан. 2020 оны 07 сарын 31-нээс 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл миний бие бүх хоолонд гар бие оролцож, амталж хамт хийлцсэн. ******* нь бие дааж ганц ч удаа хоол хийгээгүй чадахгүй байсан учраас ажлаас нь гаргасан. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзаад би нөхөртэйгөө шүүхдэлцэж байгаа ганц мал ч болтугай салгаж авмаар байна. Өмгөөлөгч хөлслөх мөнгө хэрэгтэй байна гэж гуйхаар нь би өрөвдөж хоолныхоо хажуугаар 2 кг махаар бууз хийгээд өдрийн 20,000 төгрөг өгье гэж тохиролцсоноор 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 7 хоног ганцаараа чадахгүй охиноороо туслалцуулан би ч бас хоолыг нь амталж цуг хийлцсэн. Энэ 7 хоногт 4 өдөр нь бууз хийсэн. Гэхдээ 7 хоногоо 20,000 төгрөгөөр бодож 140,000 төгрөг бэлнээр өгсөн. Охины хичээл орсон ганцаараа бууз хийж чадахгүй гэсний улмаас өөр тогооч авч ажиллуулах болсон ба намайг битгий ажлаас гаргаарай одоо сурч байгаа гэж гуйсны дагуу тогоочтой ярилцаж тохиролцоод нэг нэг өдрөөр ээлжээр ажиллуулъя гэж ярилцаад нь гарсан өдөртөө 4 кг махаар бууз, 3-6 хүний хоол хийгээд өдрийн 20,000 төгрөг авахаар болж, ******* 3-6 хүний хоол хийгээд эрт тардаг 10,000 төгрөгөөр цалинжихаар болж тохиролцсон. , ******* миний бие гурвуулаа цуг байж байгаад ярилцаж нийлээд тохиролцсон. Сүүлийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 13 хоногийн 130,000 төгрөгийг дансанд хийсэн. ******* гэх хүнд ямар нэг өглөг байхгүй бөгөөд ярилцаж тохиролцсоноороо цалинг нь тооцож өгсөн. Г.******* нь хувь хүний арчаа муутай, хүн чанаргүй, хүний сайхан сэтгэл боддоггүй худлаа луйвар хийх оролдлого гэж үзэж байна. Уг нэхэмжлэл нь санаатайгаар хүн гүтгэж, мөнгө салгаж авах гэсэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилангийн шинжтэй байгаа учир Г.******* гэж этгээдийг сайтар шалган миний сэтгэл санааны хохирол болон нэр хүндэд халдсан хэрэгт эгүүлэн шалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарын дагуу бааранд ажилд орж ажилласан. Тэр үед өдрийн 10,000 төгрөгөөр цалинжуулж байгаад дараа нь өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулсан. Миний авах ёстой цалингийн талыг нь өгөөд талыг нь өгөхгүй байгаа. Би хийсэн ажлынхаа цалинг авах гэж шүүхэд хандсан. 2020 оны 8 сарын сүүлээр ажилд орсон. Тэгээд 10-н хэд хоногийн цалинг өдрийн 10,000 төгрөгөөр тооцож надад өгсөн. Түүнээс хойших цалинг өдрийн 20,000 төгрөгөөр тооцно гэж хэлчхээд 13 хоногийн цалин 130,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 130,000 төгрөг өгөхгүй өдий хүрсэн. Тэгээд 130,000 төгрөгөө авъя гээд Д.******* руу залгахаар би чамд өгөх ёстой мөнгөө өгсөн гээд утсаа тасалсан. Хэрэв ******* намайг ажиллуулаагүй бол би өөр газар ажиллах байсан гэв.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай баар нь 7 сард тогооч ажилд авахаар зар тавьсан. Гэтэл Г.******* 2020 оны 7 сарын 30-нд ажилд оръё гэж надтай ирж уулзсан. Г.******* өөрийгөө би урьд нь тогоочийн ажил хийж байсан гэж хэлж байсан. Тэгээд бааранд өглөө 10 цагаас орой 23 цаг хүртэл ажиллана гэхэд Г.******* өө би тэгж харанхуй шөнө болтол ажиллахгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би бас нэг ажил байна гээд баарны үйлчлүүлэгч нарын хоол биш барилгын ажил хийдэг 5-6 хүний хоол хийнэ, өглөө 10 цагт ирээд өдөр 14 цагт тарна, эрт тардаг учраас өдрийн 10,000 төгрөгийн хөлс өгнө чи ажиллах юм уу гэж асуусан чинь Г.******* болж байна эрт тардаг юм бол би ажиллая гэж хэлчхээд яваад маргааш өглөө нь ирж ажилласан. Г.******* 2020 оны 8 сарын 2, 3-ны өдөр хүртэл ажиллаад надад мөнгө хэрэгтэй байна гээд 3 өдрийн цалин болох 30,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд дараа нь 2020 оны 8 сарын 4, 8 сарын 5, 8 сарын 7, 8 сарын 8, 8 сарын 9, 8 сарын 10, 8 сарын 11-нд 7 хоногийн мөнгө гээд 70,000 төгрөгийг бэлнээр авсан. Г.******* ажиллах энэ хугацаанд мэргэжлийн тогооч биш учраас хоолоо хийж чадахгүй байсан. Г.******* 5 хүний ногоотой шөлөнд хэдэн ширхэг төмс орох вэ, 5 хүний цуйванд хэдэн төмс орох вэ гэдгийг мэдэдхүй, дандаа надтай хамт хоолоо хийж байсан. Ганцаараа нэг ч удаа бие дааж хоол хийгээгүй. Би Г.*******гийн ажлыг нь хөнгөвчлөх гээд яс чанаж шөл гаргачихсан байж байгаад Г.*******г ирэхээр 1 хүний 15 ширхэг банш гэж тооцоод 5 хүний 45 ширхэг банш тоолоод хийчих гэж хэлсэн чинь 45 ширхэг бууз хийчихсэн байсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд асуусан чинь даанч том харагдаад байсан юм аа гэж хэлж байсан. Тэгээд би уурлаад таныг ажиллуулж чадахгүй юм байна, Би өөр тогооч ажилд авлаа гээд Г.*******г 2020 оны 8 сарын 11-нд ажлаас нь гаргасан. Тэгээд би өөр тогооч авахаар зар тавьсан. Тэгсэн Г.******* 2020 оны 8 сарын 21-нд дахин ирсэн. Ингэж ирэхдээ би нөхөртэйгөө шүүхэд хандаж байгаа, Хуучин эхнэр нь манай нөхрийн хамаг мал эд хөрөнгийг нь авчхаад байна. Би нэг өнчин ишиг ч гэсэн салгаж авмаар байна. Би өмгөөлөгч авмаар байна, Хүүхдийн сургууль орох гэж байна надад ажил хэрэгтэй байна гэхээр нь би та өдрийн 14 цаг хүртэл ажиллаад өдрийн 10,000 төгрөг авна. Харин орлогоо нэмэгдүүлэхийн тулд өдөрт 2 кг махаар бууз хийгээд би тэрийг чинь зараад тэгээд танд нэмээд 10,000 төгрөгийг өгөөд өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулах боломжтой гэж ярилцсан. Тэгээд 2020 оны 8 сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 сарын 29-ний өдөр хүртэл 7 хоногт Г.******* бууз хийж чадахгүй байсан. Г.******* буузаа хийж чадахгүй болохоороо охиноо туслуулахаар дагуулж ирсэн. Ингэж ирэхдээ мөн адил бага хүүхдээ дагуулж ирсэн. Тэгээд Г.******* охинтойгоо хамт 3 өдөр бууз хийсэн. Нэг өдөрт нь 2 кг махаар бууз хийсэн. Г.******* хэцүү юм байна, ядарч байна гэдэг байсан. Энэ хугацаанд би Г.*******гийн хийсэн бүх хоолонд оролцож байсан. Тэгээд Г.*******гийн хүүхдийнх нь хичээл орох гэж байна гэхээр нь 2020 оны 8 сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 сарын 29 хүртэл 7 хоногийг өдрийн 20,000 төгрөгөөр бодоод 140,000 төгрөгийг Г.*******д бэлнээр өгсөн. Г.******* дагуулж ирсэн охиноо аймар загнаж харааж зүхдэг. Тэгээд намайг ирсэн чинь Г.******* охиноо загнаад энгийн хувцастай хичээлдээ явчих гэсэн чинь заавал дүрэмт хувцас авна гээд байх юм гээд охиноо загнаад байхаар нь би зөөгч хийдэг охиноосоо чамд илүү дүрэмт хувцас байвал өгчхөөч гэсэн чинь манай зөөгч охин илүү дүрэмт хувцсаа өгсөн. Түүний дараа Г.******* хичээл орно гээд 2020 оны 8 сарын 30-ны өдөр ажилдаа ирэхгүй байж байгаад 2020 оны 8 сарын 31-ний өдөр ажилдаа ирсэн. Тэр үед зарын дагуу ирж байна гээд гэдэг тогооч манайд ирсэн. ирээд би танайд тууштай ганцаараа ажиллана гэхээр нь Г.*******г байлцуулж байгаад жаахан хүүхэдтэй өвөл болж байна, эртхэн тардаг ажил хийнэ гэсэн учраас би яаж Г.*******г ажлаас нь гаргах вэ, та хоёр ээлжлээд ажиллачих гээд нөгөө тогооч ээс гуйгаад ээлжилж ажиллуулахаар болсон. Г.*******гийн охины хичээл орчих юм бол Г.******* өөрөө бие дааж бууз хийж чадахгүй, тэр үед Г.******* өөрөө бууз хийж чадахгүй гэдгээ надад хэлэхээр нь би тэгвэл чи ажилчдын өдрийн хоолыг нь хийгээд 10 цаг ирээд 14 цагт ажлаа дуусгаад өмнөх шигээ өдрийн 10,000 төгрөгөөр цалинжуулна гэдгээ хэлсэн. Тэгээд буузаа хийгээд хоолоо хийгээд өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулна гээд Г.******* хоёртой хамт байж байгаад ярилцсан. Тэгээд 2020 оны 8 сарын 31-ний өдрөөс хойш , Г.******* хоёр ээлжээр ажилласан. 2020 оны 8 сарын 31, 2020 оны 9 сарын 2, 2020 оны 9 сарын 3, 9 сарын 4, 9 сарын 6, 9 сарын 8, 9 сарын 10, 9 сарын 12, 9 сарын 14, 9 сарын 16, 9 сарын 22, 9 сарын 24, 9 сарын 28, 9 сарын 30 гээд нийт 13 хоногийг өдрийн 10000 төгрөгөөр бодоод 130,00 төгрөгийг Г.*******д өгсөн. Манай аймагт 10 цагаас өдрийн 14 цаг хүртэл ажиллаад өдрийн 20,000 төгрөгийн цалин авдаг газар байхгүй. Хэрвээ би тийм байсан бол тууштай ажиллая гэсэн тогоочоо тууштай ажиллуулаад буузаа хийлгүүлээд өдрийн 20,000 төгрөгөөр цалинжуулах байсан. Г.*******гийн яриад байгаа зүйл бодит байдал дээр боломжгүй зүйл. Би Г.*******гийн охиныг гэрчээр асуугдсан мэдүүлгийг сая уншсан. Г.*******гийн охины дэргэд өдрийн 10,000 төгрөг, 20,000 төгрөг гэж огт яриагүй. Г.******* өдрийн 20,000 төгрөгийн цалинтай ажил байна, ажлаасаа гаръя гэж хэлээгүй. Надад хэлэхдээ оройны 17 цаг хүртэл ажиллах зайрмагийн цехэд ажиллах ажил байна, Тэнд тоног төхөөрөмж нь муухай дуугарсан ажил байна. Би тэнд ажиллахгүй, энэ ажил нь арай эрт тардаг учраас эндээ ажиллая гэж хэлсэн. Би Г.*******г ажиллаад өгөөч гэж гуйгаагүй, би яаж сүүлд өгсөн цалинг дансаар өгсөн юм бэлнээр өгсөн бол аваагүй гэж дайрах байсан байна. Намайг байхгүй үед Г.******* ажлаа хаяад явсан байсан. Тэгээд би чи яасан юм гэсэн чинь танай нөхөр намайг халуун саван доторхыг өмхийрүүлсэн гэж хэлсэн учраас би ажлаа хаяад явсан, одоо би ажиллахгүй гэж Г.******* өөрөө надад хэлсэн. Би Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.*******гоос 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие Г.******* нь Д.*******д холбогдуулан ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 130.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 140/ШШ2021/00174 дугаартай шүүхийн шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Учир нь: Миний бие анх Д.*******той тохиролцож өдрийн 20000 төгрөгийн цалинтай тогоочоор ажиллахаар болж баарны тогоочоор 2020 оны 08 дугаар сард 19 хоног ажилласан байдаг. Гэтэл миний цалинг 13 хоногийг 10.000 төгрөгөөр бодож 6 хоногийг 20.000 төгрөгөөр бодож надад 250.000 төгрөг олгосон байдаг. Тухайн үед би ажлаасаа гарч өөр ажилд оръё гэж хэлсэн боловч Д.******* 9 сараас эхлээд

өдрийн 20.000 төгрөгөөр цалинжуулъя гэж тохиролцсон байдаг. Энэ тохиролцоог хийж байхад Д.*******, манай охин Э. миний бие 3-уулаа байсан.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа энэ үйл явдалд огт оролцоогүй мөн тухайн үед ажилд ороогүй байсан С. гэдэг хүний мэдүүлгийг үнэлэн миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Биднийг цалингаа тохиролцож байхад байсан цорын ганц гэрч Э.гийн мэдүүлгийг ямар учраас ямар үндэслэлээр хувийн ашиг сонирхолтой гэж үзэн үнэлэх боломжгүй гэдгийг тайлбарлаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн хууль ёсны гэж үзэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх ажилд ороход Д.******* өдрийн 10.000 төгрөгөөр намайг ажиллах санал тавихад нь би 20.000 төгрөгөөр ажиллана гээд ярилцаж байхад хажууд минь 11 дүгээр ангийн охин маань байсан юм. Гэтэл шүүх манай охины өгсөн мэдүүлгийг хүлээн авалгүй гэдэг тухайн үед байхгүй байсан хүнээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн бөгөөд түүнийг нь шүүх үнэлчихсэн юм. Миний хувьд Д.*******той өдрийн 20.000 төгрөгөөр тохирсон юм. Тэгээд цалин хөлсний үлдэгдэл 130.000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан юм гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов. 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрч С., Э. нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******гийн бааранд тогоочоор өдрийн 10.000 төгрөгийн хөлс авахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.  

Гэрээний явцад нэхэмжлэгч Г.******* нь охин Э.г ажилдаа туслалцуулж, зарим өдөр 20.000 төгрөгийн хөлстэй ажиллахаар талууд харилцан тохиролцсон охин Э. ажилд нь туслалцсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Тохиролцсон ёсоор хариуцагч Д.******* ажлын хөлсөнд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 19 хоног, 10.000 төгрөгөөр, 6 хоногийг 20.000 төгрөгийн хөлс өгөхөөр тооцож, нийт 250.000 төгрөгийг өгсөн, 2020 оны 9 дүгээр сард 13 хоног ажиллахыг 20.000 төгрөгөөр тохиролцсоноос 130.000 төгрөгийн хөлс өгөөгүй болох нь тогтоогджээ. 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******гоос хөлсөөр ажиллах гэрээний үүрэг ажлын хөлс 130.000 төгрөгийг гаргуулах эрхтэй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.*******гийн удаа дараагийн шүүхэд гаргасан тайлбар, түүний охин Э.гийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.*******гоос 130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг Хариуцагч Д.*******гоос хөлсөөр ажиллах гэрээний үүрэг ажлын хөлс 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.*******гийн давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР