Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

Х.С-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.С-т холбогдох эрүүгийн 2413000000118 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт ****багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Х-ний С-.

 

2. Шүүгдэгч Х.С- нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар /Бор бургас/ багийн нутаг дэвсгэр, Сыргалийн голоос буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг Монгол хадран загасыг мөс цоолон барьж, амьтны аймагт 930,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ан агнах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  4 дүгээр сарын 22-ны  өдрийн 103 дугаар яллах дүгнэлтээр Х.С-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн  2024/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Б овогт Х-ий С-ийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, барьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

4.5. Шүүгдэгч Х.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол хадран загас 31 ширхэг, хар цүнхэнд хийсэн загас агнахад зориулагдсан багаж хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж,

4.7. Шүүгдэгч Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд:

5.1 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Х-ий С- би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаар шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

            5.2 Миний бие Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Паридагаас яллагдагчаар татсан тогтоолыг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм.

            5.3 Би анх гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол бүрэн барагдуулсан тул шүүхээс надад зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхгүйгээр мөн хугацаагаар тэнцэн харгалзах ял шийтгэх боломжтой байсан юм.

            5.4 Миний бие ээж болон эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ба надаас өөр ажил хөдөлмөр эрхэлж орлого олох хүнгүй юм. Эхнэр ажилгүй, том хүүхэд маань Япон улсад их сургууль суралцдаг тул гэр орон тэжээн тэтгэхийн тулд аялал жуулчлалын 4 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байсан. Гадаадад суралцдаг хүүхдийнхээ төлбөрийг 9 дүгээр сард төлөх ёстой байсан ба зохчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлснээс болж ямар нэгэн ашиг олох, гэр бүлээ тэжээн тэтгэж, тэдний хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрлээ. Би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй болно.

            5.4 Иймээс надад оногдуулсан ялыг тэнцээж өгч тус болно уу.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх талаар байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хорих, зорчих эрхийг хязгаарлах, торгох ял оногдуулахаар заасан байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 1-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан ба анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

8. Шүүгдэгч Х.С- нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар /Бор бургас/ багийн нутаг дэвсгэр, Сыргалийн голоос буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг Монгол хадран загасыг мөс цоолон барьж, амьтны аймагт 930,000 төгрөгийн бодит хохирол учруулсан буюу хууль бусаар ан агнаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

            10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Х.С-ийн хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны хийгээд гэм буруугийн зарчимд нийцсэн, энэ талаар шүүгдэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна.

 

            11. Анхан шатны шүүхээс Х.С-ийн үйлдсэн улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан барьсан үйлдэл буюу хууль бусаар ан агнах гэмт хэрэг, тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, амьтны аймагт учруулсан хохирлын хэмжээ, шинж чанар, уг хохирлыг зохих журмын дагуу хоёр дахин нугалж төлсөн, хохирол хор уршгийг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн “надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            12. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр түүнд анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаас хүнд төрлийн ял болох хорих ялаар шийтгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, түүнчлэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг тус тус хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж “шийдвэрийг бүхэлд нь хянах” давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК