Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0746

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө******* ХХК /*******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хооронд үүссэн ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр ******* аймгийн ******* сумын Ш нэртэй газарт 26988.87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг А******* ХХК-д олгож, тухайн талбайгаас 2639.66 гектар талбайг нь Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр Ө******* ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, шинээр XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ө******* ХХК-д олгожээ.

 

 

 

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хх-11-12 дугаартай дүгнэлт, Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн х/ дугаар тушаалаар Ө******* ХХК-ийн 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь элсний нөөцийг бодитой /В/ зэрэглэлээр 297194.56 м.куб, боломжтой /С/ зэрэглэлээр 18775.76 м.куб, нийт бодитой болон боломжтой зэрэглэлээр 315,970.32 м.куб гэсэн элсний нөөцийг хүлээн авсан байна.

2.3. Үүний дараа Ө******* ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэнээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр ******* аймгийн ******* сумын нутаг дахь Ш нэртэй 2639.66 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн компанид олгосон.

2.4. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нөөц, илрэл тогтоогдсон байх тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ө******* ХХК-ийн гаргасан NM-******* дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргажээ.

2.5. Тус шийдвэрийг эс зөвшөөрч, Ө******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргахад тус газраас 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дээрх шийдвэрийг үндэслэлтэй гэх хариуг өгснөөр шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Ө******* ХХК-аас нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Манай компани нь 2016.08.15-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр ******* аймаг ******* суманд орших "Ш даваат" нэртэй 2639.66 гектар талбай бүхий газарт "А******* майнинг" ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг 2020.08.19-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Ашигт малтмал хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээр 2020 оноос 2022 оны 6 сар хүртэлх хугацаанд 350,000,000 /гурван зуун тавин сая/төгрөг зарцуулж, геологийн зураглал, ашигт малтмалын эрлийн ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн талбайд хийсэн хайгуулын үр дүнд тогтоогдсон нөөцийг хүлээн авч 2021 оны 07 сарын 09-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл гарсан.

3.2. Ингээд манай компаниас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болгуулахаар 2022.11.08-ны өдөр 2022/ дугаартай Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, 2022 оны 6 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ" гээд 21.1.3-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах" тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.
Манай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн.

3.3. Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийн дагуу манай компанид 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11/5569 дугаар албан бичгээр "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 19,137,535 төгрөгийг Сангийн яамны Төрийн сан дахь Улсын төсвийн тоот төгрөгийн дансанд мэдэгдэл хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тушаахыг мэдэгдье" гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Бид мэдэгдлийн дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 19,137,535 төгрөгийг бүрэн төлсөн. Ийнхүү бид манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоно гэж хүлээж байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 тоот албан бичгээр "манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, манай компанийн NM-******* дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

3.4. Дээрх байдлаар Кадастрын хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг гаргахдаа манай компанид огт мэдэгдэж, хуулийн дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй тул ямар шалтгаанаар Кадастрын хэлтсийн дарга өөрийнхөө 24 хоногийн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгоод байгааг ойлгоогүй тул бид Кадастрын хэлтсийн даргад хандан 2024 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 25/19 тоот албан бичгээр тухайн асуудлыг тодруулах талаар өргөдөл гаргасан. Мөн түүнчлэн манай компанийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25/20 тоот, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/21 тоот албан бичгүүдээр гомдол гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/ дугаартай албан бичгээр "... Танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн хариу ирүүлснийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь өөрийн гаргасан шийдвэрээ 24 хоногийн дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, тухай тусгай зөвшөөрлийн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;" 24 дүгээр зүйлийн "Нөхцөл байдлыг тогтоох.", 26 дугаар зүйлийн "Оролцогчийг сонсох", 27 дугаар зүйл "Сонсох ажиллагааг явуулах", 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно." гэж тус тус заасныг мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийг тус тус зөрчиж гаргасан хууль бус гэж үзэн хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3.6. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасны дагуу манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан ямар үндэслэл бүрдсэн тухай. бидэнд мэдэгдэж, уг үндэслэлээр биднээс тайлбар, мэдүүлэг авч, үүний дараа тодорхой зөрчил илэрсэн бол тухайн зөрчил арилгах хугацаа тогтоож, хэрэв тухайн тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол захиргааны акт гаргах ёстой байсан боловч сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчин ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

3.7. Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." гэж заасны дагуу шийдвэр гаргаж буй эрх бүхий албан тушаа******* нь тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлийг тодорхой заах ёстой байсан боловч тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрт тусгай зөвшөөрөл цуцалж буй хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй байгаа нь уг захиргааны бүхэлдээ хууль бус захиргааны акт юм. Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгосноор тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хамгаалагдаж, сэргэх юм. Иймд Кадастрын хэлтсийн даргын дээрх эрх зүйн үндэслэлгүй, хууль бус үйлдлийн улмаас манай компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хуулиар олгосон эрх зөрчигдөж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирох нөхцөл байдалд хүргэж байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгож... өгнө үү.

4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тосны Кадастрын хэлтэс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. NE- дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу ******* аймгийн ******* сумын нутаг Ш нэртэй газарт орших 26988,87 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дугаартай шийдвэрээр 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "А******* майнинг" ХХК-д анх олгосон. "А******* майнинг" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR- дугаартай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлснийг хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх" дугаартай шийдвэрээр ******* аймгийн ******* сумын нутаг дахь Ш нэртэй 26988,87 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас Ш нэртэй 2639,66 гектар талбайг "Ө*******" ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр ХВ-0 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон.

4.2. Нэхэмжлэгч компанийн ******* аймгийн ******* сумын нутагт орших Дунд хэрс элсний ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "******* аймгийн ******* сумын нутагт орших Дунд хэрс элсний ордод 2020 гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай" хуралдааны ХХ-11-12 дугаартай дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай" А/ дугаартай тушаалаар ******* аймгийн ******* сумын нутагт орших XV-0 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Дунд хэрс элсний ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайлан дахь элсний нөөцийг бодитой (В) зэрэглэлээр 297,194,56 мз, боломжтой, (С) зэрэглэлээр 18,775,76 м3, нийт болон боломжтой (В+С) зэрэглэлээр 315,970,32 мз-р хүлээн авсан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг заасан хуулийн шаардлагад хамаарна.

4.3. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг шилжүүлэх тухай" А/ дугаартай тушаалаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлсэн.

4.4. Мөн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шилжүүлэх тухай" 46 дугаартай шийдвэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/5032 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" дугаар шийдвэрээр NM-******* дугаартай өргөдлийн дагуу ******* аймгийн ******* сумын нутаг дахь Ш даваат нэртэй 2639,66 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Ө*******" ХХК-д олгож, Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 11/5569 дугаартай албан бичгээр дээрх шийдвэрийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Шийдвэр хүчингүй болгож, өргөдөл хүлээн авахаас татгалзах тухай" ******* дүгээр шийдвэрээр "******* аймгийн ******* сумын нутагт "Ш даваат" нэртэй 2639,66 гектар талбай бүхий NM-******* дугаартай өргөдлийг хянан үзэхэд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нөөц, илрэл тогтоогдсон байх тул Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

4.5. Нэхэмжлэгч компаниас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "Хүсэлт гаргах тухай" 25/19 дугаартай албан бичгийг Кадастрын хэлтсийн даргад ирүүлсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/1428 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн, мөн нэхэмжлэгч компаниас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 25/20 дугаартай албан бичгийг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 25/21 дугаартай албан бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн бөгөөд агентлагийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/ дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид хариу хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр ******* аймгийн ******* сумын нутаг дахь Шн даваат нэртэй 2639.66 гектар талбай бүхий NM-******* дугаартай өргөдлийг хянан үзэхэд, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нөөц, илрэл тогтоогдсон байх тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай... гээд ...түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг тухайн аймгийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлээр NM-******* дугаар өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг буцаан олгох...-оор шийдвэрлэжээ.

3. Тус шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ө******* ХХК-аас ...Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргахын өмнө мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй..., тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсээгүй байхад эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон..., Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл, нөхцөл огт бүрдээгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан... хэмээн маргаж байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр ******* аймгийн ******* сумын Ш нэртэй газарт 26988.87 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг А******* ХХК-д анх олгосон, тухайн талбайгаас 2639.66 гектар талбайг нь Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр Ө******* ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, шинээр XV- дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

5. Ө******* ХХК-аас XV- дугаартай талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр элсний орд илэрч,

 

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хх-11-12 дугаартай дүгнэлт, Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн х/ дугаар тушаалаар Дунд хэрс элсний ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь элсний нөөцийг бодитой /В/ зэрэглэлээр 297194.56 м.куб, боломжтой /С/ зэрэглэлээр 18775.76 м.куб, нийт бодитой болон боломжтой зэрэглэлээр 315,970.32 м.куб элсний нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх шийдвэрийг гаргасан, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй.

6. Харин нэхэмжлэгч Ө******* ХХК-аас түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргахад, тус хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/ дугаар тушаал, мөн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр тус тус түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймгийн Засаг даргад шилжүүлж, татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн атлаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр ...******* аймгийн ******* сумын нутаг дахь Ш нэртэй 2639.66 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ө******* ХХК-д олгосон... шийдвэрийг гаргажээ.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын бүрэн эрхийг тодорхой хуульчилсан, түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д зааснаар "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгохоор, 11 дүгээр зүйлийн 11.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 11.2.5.-т харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох; гэж заасан.

8. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ө******* ХХК-д олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-т заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.

9. Ийнхүү хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр илт үндэслэлгүй гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, зөвтгөсөн нь үндэслэлтэй болжээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэр нэхэмжлэгч Ө******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг үүсгэхгүй, иймд нэхэмжлэгчийн ... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх зөрчигдсөн... гэх тайлбар үндэслэлгүй.

10. Түүнчлэн маргаан бүхий актаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах журам, мөн илт хууль бус актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгосон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалт тус тус энэ маргаанд хэрэглэгдэхгүй.

11. Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх заалтыг үндэслэсэн байх боловч Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэр илт хууль бус захиргааны актад тооцогдох тул хууль бус сөрөг болон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох журмын зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй, нэхэмжлэгчийн тус үндэслэлээр маргасан тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна.

12. Ө******* ХХК-ийн хайгуулын XV- дугаартай талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал илэрсэн энэ тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана, иймд тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасан бүрэн эрх Ө******* ХХК-д хадгалагдах тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан онцгой бүрэн эрхийг зөрчсөн гэх тайлбар мөн үндэслэлгүй.

13. Харин Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй буруутай, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь илт хууль бус актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхгүй тул энэ тохиолдолд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.

14. Дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэр нь нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Нэхэмжлэгч Ө******* ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч, ******* аймгийн Засаг даргад өргөдөл гаргах нь зүйтэй.

16. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ойлгосон болохоо илэрхийлж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдаанд давхцуулан ирүүлсэн, хүсэлтийн үндэслэлийг нотолсон нотлох баримтгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан Ө******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ