Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 316

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо

хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х

шүүгдэгч Ж.З, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 11-нд Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч-сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-4/а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УС78021151/ Боржигон овогт Жаргалсайхан овогтой Зод холбогдох 1705010840141 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.З нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Милко ХХК-ийн борлуулагч Г.Нгээс “450 хайрцаг хуурай сүүг худалдаж авъя төлбөрийг дансаар шилжүүлнэ” гэж худал хэлэн авч бусдад 37 сая төгрөгийн хохирол  учруулан залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт ”Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Учруулсан хохиролоо бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Манай эхнэр Батцэцэг өмнө нь Милко ХХК-нд борлуулагчаар ажиллаж байгаад 60 гаруй сая төгрөгийн өрөнд орсон байсан. Би уг компанид 3 жил жолоочоор ажиллаж байгаад гарсан. Би борлуулагч Нямсүрэнгийн утас руу өөрийнхөө нэрийг Тулга гэж худлаа хэлж 450 хайрцаг хуурай сүү авсан нь үнэн. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би худлаа хэлж авсан 450 хайрцаг сүүг зарж эхнэрийнхээ өрнөөс төлсөн. Одоо би Хар Мустанг ХХК-д сантехникийн слесарийн ажилд  орсон. Хохирогч байгууллагад учруулсан 37.176.950 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-наас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 3.900.320 төгрөгийн төлбөр хийж төлж барагдуулахаар Милко ХХК-тай гэрээ байгуулсан байгаа” гэв.

 

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт “Нямсүрэн манай байгууллагад 2013-2017 онуудад жолоочоор ажиллаж байгаад гарсан. Энэ хүн манай байгууллагад ажиллаж байхдаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Манай компанийн борлуулагч Нямсүрэнгээс 450 хайрцаг хуурай сүүг худлаа хэлж авсан байна. Манай байгууллага ийм тохиолдолд гэм буруутай хүнээс хохиролоо нэхэмжилдэг байгаа. З манай байгууллагад учруулсан 37.176.950 төгрөгийн хохиролоо төлж барагдуулах талаар өр барагдуулах гэрээ байгуулсан.  Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй. Гомдол саналгүй”  гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Г.Нгийн мөрдөн байцаалтанд ”Би 2015 оноос эхлэн Тесо ХХК-д борлуулагчаар ажиллаж эхэлсэн, Милко брендийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг. 2017 оны 5 сард манай компанид борлуулагчаар ажиллаж байсан Батцэцэг нь надаас сар болгон Голден милк хуурай сүүг худалдан авч борлуулж өгдөг байсан. Батцэцэг өөрөө 2017 оны 7 сард ажлаасаа гараад 98990631 дугаарыг надад өгөөд энэ хүн найдвартай харилцагч байгаа юм, энэ хүнд хуурай сүүгээ худалдан борлуулж байгаарай гэсэн. Тэгээд 2017 оны 8 сард би Батцэцэгийн өгсөн 98990631 дугаартай хүнтэй утсаар яриад 170 хайрцаг 16.000.000 орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулаад уг худалдан борлуулсан мөнгө нь манай төрсөн дүү Отгонзаяагийн Хаан банкны данс руу орсон юм. Тэгтэл 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нөгөө 98990631 дугаартай хүн 450 хайрцаг сүү худалдаж авъя, мөнгийг нь дансаар нь шилжүүлье гэхээр нь би 450 хайрцаг сүүг борлуулалтын машинаараа Баянгол дүүргийн 20 хороо “Хос Бэрс” худалдааны төвийн урд талын талбай дээр очоод нөгөө дугаар руугаа залгахад тэр хүн 100 айл дээр ачаа ачиж байна, наад талбай дээрээ буулгачих, манай ажилтан наана чинь хүлээж байгаа гэхээр нь би 450 хайрцаг сүүгээ 30 гаруй насны нэг залууд хүлээлгэж өгөөд явсан. Сарын сүүл болоод компанитайгаа  тооцоо нийлэх болоод би нөгөө 98983713 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь би залилуулж гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Би тэр хүний царай төрхийг нь харж байгаагүй, дандаа гар утсаар холбогддог байсан.../хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х мөрдөн байцаалтанд“...Г.Н нь манай компанийн худалдааны төлөөлөгч, борлуулагч бөгөөд орон нутгийн харилцагч нараас бараа бүтээгдэхүүний захиалга аваад бүтээгдэхүүнийг нийлүүлдэг юм. Манай компанийн борлуулагч нар компаниас бараа бүтээгдэхүүнийг урьдчилж аван харилцагч нарт нийлүүлчихээд 30 хоногийн дараа нь төлбөр тооцоогоо хийх боломжтой байдаг  юм...Нямсүрэн дээрхи бараа бүтээгдэхүүнийг хэн гэх хүнд өгсөн талаараа хэлээгүй, мөн дээрхи нийт 37.176.950 төгрөгний бараа бүтээгдэхүүнээс нэг ч төгрөг компанид өгөөгүй байгаа юм” /хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч   Д.Ариунтунгалаг мөрдөн байцаалтанд Би Тэсо ХХК-д  2017оны  4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн авлага зохицуулалтын албаны даргаар ажиллаж байгаа юм. Манай алба нь харилцагч нартай холбогдож худалдааны төлөөлөгч нарын авлагыг бүрэн баталгаажуулдаг бөгөөд хуурамч авлага үүсгэхээс сэргийлж ажилладаг. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр манай компанийн борлуулагч Нямсүрэн нь Тулга гэх хүнд 37.176.950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн боловч одоо болтол мөнгөө буцаан авч  чадахгүй байна гэж 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдээлэл өгсөн юм. Манай албаныхан мэдээллийн дагуу Тулга гэж хүнийг тодруулахаар Замын үүд сум руу очиж 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Тулгын манай компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа ачаа бараа тээвэрлэсэн жолоочийг олж уулзахад “манай Замын- Үүд суманд сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тулга нь 2017 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос манай компаний борлуулагч Нямсүрэнгээс бараа бүтээгдэхүүн худалдан аваагүй байсан. Манай борлуулагч Нямсүрэнгийн төрсөн дүү болох Отгонзаяа нь Тулга гэх хүнээс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бараа бүтээгдэхүүний мөнгө шилжигдэн орж ирсэн Хаан дансны гүйгээний хуулгыг авч би өөрөө тулгалт хийхэд 5029959220 дугаартай данснаас 13.770.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. тухайн дансыг шалгахад З гэх хуучин манай компанид ачигчаар ажиллаж байсан хүний данс байсан. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зыг дуудан уулзаж та борлуулагч Нямсүрэнгээс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бараа бүтээгдэхүүн авсан Тулга гэж хүнтэй холбоотой юу холбоотой бол үнэнээ хэлээрэй хэрвээ танихгүй гэвэл би таныг цагдаад өгч шалгуулна,учир нь таны данснаас 2017 оны 8 дугаар сард Нямсүрэнгийн дүү Отгонзаяагийн дансанд орж ирсэн гүйлгээний хуулган дээр таны өөрийн данс байсан, ийм учраас та Тулга гэх хүнтэй холбоотой гэсэн. Тэгтэл Ж.З нь “Би Тулга гэх хүнтэй хамааралгүй ээ” гэж надад өргөдөл бичиж өгсөн, тэгээд маргааш нь Ж.З над дээр ирээд “Би Тулга гэх хүнээс 2017 оны 09 сарын 10-ны өдөр би өөрийн биеэр очиж 37.176.950 төгрөгийг өөрийн биеэр очиж аваад тухайн мөнгөөр найзтайгаа тарваганы арьс аваад Эмээлт дээр цагдаа нарт хураалгачихсан юм, би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна, 2017 оны 12 сарын 05-ны өдөр мөнгөө буцаан төлнө” гэж өөрийн гараар хүсэлт бичиж өгч, өөрийн гарын хурууны хээгээр дардас дарж өгсөн“ /хх-ийн 19-20/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Отгонзаяа мөрдөн байцаалтанд...2018 оны 8 дугаар сард над руу 9899-0631 дугаараас надруу залгаад Батцэцэг чиний дугаарыг өгсөн юм. Би 170 хайрцаг хуурай сүү худалдаж авъя мөнгийг нь сарын сүүлд чиний дансаар шилжүүлье гэхээр нь би тухайн үед өөр салбарт шилжсэн байсан учир төрсөн эгч Нямсүрэн рүү яриад 170 хайрцаг хуурай сүүний захиалга өгч ачуулсан юм. Тэгээд сарын сүүлд 9899-0631 дугаараас залгаад тооцоо хийх гэсэн юм дансны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн Хаан банкны дансны дугаараа өгөхөд тэр хүн мөнгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш 2017 оны 9 сард 98990631 дугаараас дахин над руу залгаад “450 хайрцаг хуурай сүү ачуулчих, мөнгийг нь сарын сүүлээр өгнө” гэхээр нь би эгч рүүгээ дахиад яриад 450 хайрцаг хуурай сүүний захиалга өгсөн юм. Тэгээд сарын сүүл болоход тэр хүний 98990631 дугаар нь холбогдохгүй удаад байхаар нь би Батцэцэг рүү ярьж хэлтэл “би тэр хүнд чинь чиний дугаарыг өгсөн, би сайн мэдэхгүй байна”  /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Батцэцэг мөрдөн байцаалтанд”...2017 оны 12 дугаар сард манай нөхөр З намайг зүрхний өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ирээд, би нэг юм хийчихсэн чинь шүүх цагдаа болоод байна, чи тайван байгаарай гэж хэлсэн, өөр надад тодорхой юм хэлээгүй юм. Тэгээд би сүүлд нь юу хийсэн юм бэ? гэж тодруулж асуусан чинь Тесо ХХК-ний борлуулагч Нямсүрэнгээс 450 хайрцаг Голден милк сүү авчихсан юм гэж хэлсэн, тэрнээс өөр юм надад одоог болтол хэлэхгүй байгаа. Би Зыг уг хүнээс яах гэж сүү авсан, авсан сүүгээ яасан талаар мэдэхгүй байна ...”/хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Ж.З мөрдөн байцаалтанд”...намайг ажлаас халагдсаны дараа надаас сүү авах ёстой хүмүүс намайг ажлаас халагдсаныг мэдэхгүй сүүгээ авъя гээд мөн зарим харилцагч нар хямдарсан сүү чинь байгаа юу гэж яриад байхаар нь би байгаа гэж хэлээд урьдчилж мөнгийг нь авч сүүний захиалга аваад Тесо ХХК-ний борлуулагч  Отгонзаяа, Нямсүрэн хоёроос сүү захиалан авч өгөөд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг байсан ба нэг хүнээс мөнгийг нь урьдчилж аваад урьд нь захиалга өгсөн хүний сүүг нь авч өгч яваад байдаг байсан болохоор өр маань улам нэмэгдээд байсан юм. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Борлуулагч Отгонзаяатай драгон авто вокзал дээрээс худалдан авсан 98990631 дугаарын утсаар Замын-Үүдийн Тулга байна 170 хайрцаг сүү захиалъя, сарын сүүлээр мөнгийг нь өгье гэж яриад 170 хайрцаг сүүг нь Баянзүрх дүүргийн Амгаланд байдаг том оврын ачаа ачдаг машин дээр аваад Барс зах дээр байдаг урьдчилаад мөнгийг нь авчихсан байсан Өнөрөө гэдэг хүнд 50 хайрцаг, Жаргал гэдэг хүнд 20 хайрцагыг нь өгөөд үлдсэн 100 хайрцагыг нь Замын-Үүд рүү Тулга руу ачуулсан. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Сайншандад байдаг Цогоо гэх хүнээс 100 хайрцаг сүүний захиалга Ууганбаяр гэх хүнээс 350 хайрцаг сүүний захиалга тус тус аваад, мөнгийг нь урьдчилж авсан юм. Урьдчилж авсан 450 хайрцаг сүүнийхээ мөнгө болон 30 гарүй сая төгрөгнөөс 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Отгонзаяагаас авсан 170 хайрцаг сүүнийхээ 13.770.000 төгрөгийг, Нямсүрэнгээс урьд нь авсан байсан мөнгөний үлдэгдэл 1400.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь Тесо компанид өрөндөө тушааж дуусгаад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би Отгонзаяатай нөгөө 98990631 дугаарын утаснаасаа Тулга байна 1 кг-ийн Голден милк хуурай сүү 400 хайрцаг, 500 гр-тай Голден милк сүү 50 хайрцаг, Хаан чипс 40 гр-тай 10 боодол, Хаан чипс 30 гр-тай 10 боодол, шингэн милко сүү 10 хайрцаг, зөв аарцны ундаа 5 хайрцаг, зулын тос 2 хайрцагыг авъя мөнгийг сарын сүүлээр өгье гэж яриад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-4 урд байдаг том оврын автомашинуудын зогсоол дээр буулгуулж авсан, захиалан авсан сүүнээс Цогоод 100 хайрцаг, Ууганбаярт 350 хайрцаг сүүг өгөөд бусдыг нь барс захын лангуунуудаар зарчихсан юм. Батцэцэг болон өөр хэн нэгэн уг хэрэгт ямар нэг байдлаар оролцоогүй, захиалан авсан бараагаа ДЦС-4-ийн урд Нямсүрэнгээс буулгуулж авахдаа 44 барилгын зах дээрээс ачигч 20.000 төгрөгөөр хөлсөлж аваад буулгуулж авсан ба тухайн үед нь би холоос хараад зогсож байсан юм...Батцэцэг, Отгонзаяа хоёр найзууд болохоор Батцэцэг ажлаасаа гарахдаа Тулгад Отгонзаяагийн утасны дугаарыг өгсөн. Яагаад гэвэл Тесо компани ажилчид зарах бараа бүтээгдэхүүндээ босго тавиад цалин нэмж хасах асуудал яригддаг болохоор харилцагч ихтэй байхыг эрэмэлздэг юм. Тэгээд л Отгонзаяагийн утсыг Тулгад Батцэцэг өгсөн юм. Харин би сүүлд нь Тулгыг утасны дугаараа сольчихсон мэтээр би Тулга байна гэж яриад сүүг нь авчихсан, манай эхнэрт энэ асуудал ямар ч хамаа байхгүй. Би энэ  хэргийн талаар эхнэртээ огт хэлээгүй...”/хх-ийн 59 / гэсэн мэдүүлэг, 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ж.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 65/, ял шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.З 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Милко ХХК-ийн борлуулагч Г.Нд утсаар “450 хайрцаг хуурай сүүг худалдаж авъя төлбөрийг дансаар шилжүүлнэ” гэж худал хэлж хуурч 450 хайрцаг хуурай сүү буюу нийт 37.176.950 төгрөгийн хохирол учруулан бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:             

Г.Нгийн”... би 450 хайрцаг сүүг борлуулалтын машинаараа Баянгол дүүргийн 20 хороо “Хос Бэрс” худалдааны төвийн урд талын талбай дээр очоод нөгөө дугаар руугаа залгахад тэр хүн 100 айл дээр ачаа ачиж байна, наад талбай дээрээ буулгачих, манай ажилтан наана чинь хүлээж байгаа гэхээр нь би 450 хайрцаг сүүгээ 30 гаруй насны нэг залууд хүлээлгэж өгөөд явсан...” /хх-ийн 18/,            хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хгийн “...Нямсүрэн дээрхи бараа бүтээгдэхүүнийг хэн гэх хүнд өгсөн талаараа хэлээгүй, мөн дээрхи нийт 37.176.950 төгрөгний бараа бүтээгдэхүүнээс нэг ч төгрөг компанид өгөөгүй байгаа юм” /хх-ийн 44-45/, гэрч  Д.Ариунтунгалагийн ”...манай компанийн борлуулагч Нямсүрэн нь Тулга гэх хүнд 37.176.950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн боловч одоо болтол мөнгөө буцаан авч  чадахгүй байна гэж 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдээлэл өгсөн...” /хх-ийн 19-20/,  гэрч Г.Отгонзаяагийн”...2017 оны 9 сард 98990631 дугаараас дахин над руу залгаад “450 хайрцаг хуурай сүү ачуулчих, мөнгийг нь сарын сүүлээр өгнө” гэхээр нь би эгч рүүгээ дахиад яриад 450 хайрцаг хуурай сүүний захиалга өгсөн...”/хх-ийн 21/, гэрч Т.Батцэцэгийн”...З Тесо ХХК-ний борлуулагч Нямсүрэнгээс 450 хайрцаг Голден милк сүү авчихсан юм гэж хэлсэн...”/хх-ийн 47-48/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримтын хуулбар /хх-ийн 37-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Прокурор яллах дүгнэлтэнд Милко ХХК-д учирсан хохиролын хэмжээг 37 сая гэж ташаа бичсэн байх ба үүнийг засуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт талуудаас гаргаагүй болно.

 

Хохиролын хэмжээг 37 сая гэж ташаа бичсэн прокурорын техникийн шинжтэй алдаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул Ж.Зод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд хэлэлцэж хохирогч байгууллагад учирсан бодит хохиролыг 37.176.950 төгрөг болгож Шүүх зөвтгөн шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Шүүх, шүүгдэгч Ж.Зыг бусдын эд хөрөнгийг хуурч залилсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Ж.З тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл “Милко ХХК-тай  хийсэн Ж.Зын өр барагдуулах хуваарь гэх 2 хуудас баримт” гаргаж хэрэгт хавсаргуулж, шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлэв.

 

Шүүгдэгч Ж.З бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Мөн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Ж.Зод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүний хохиролыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Шүүгдэгч Ж.З цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Жаргалсайханы Зыг бусдын эд хөрөнгийг хуурч залилсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Зыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Ж.Зод тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ж.Зод анхааруулж мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ж.Зод хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Зоос 37.176.950 /гучин долоон сая нэг зуун далан зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч байгууллага Милко ХХК-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ