Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0157

 

 

 

 

 

 

   2026         02           10                                       128/ШШ2026/0157

 

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Б******* /РД:ЧЛ*******/;

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Т*******” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Б*******, төлөөлөн нэхэмжлэгч Б.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” гэж тодруулсан.

1.3.Нэхэмжлэгчээс дахин нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон газар эзэмших эрхийг “Т*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б*******ы нэр дээр шилжүүлэхийг даалгах” гэж өөрчилж;

1.4.2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж эцэслэн өөрчилснөөр уг нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв. 

1.5.Төлөөлөн нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч бичгээр тайлбар гаргах шаардлага байхгүй, өмнө гаргасан тайлбараа дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.“Т*******” ХХК-д 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар 20000 м.кв газар эзэмших эрх олгож, 0231623 дугаартай, Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна.

2.2.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* дугаар захирамжаар “Т*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар цуцалжээ.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А******* тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэснийг, "Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А******* тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох" гэж тодруулж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, мөн зүйлийн 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолд “...Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу тухайн этгээдэд шууд нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлах биш, уг актын "үр дагавар" нь нэхэмжлэл гаргаж буй этгээдэд тодорхой үйлчлэлтэй байж болох эсэхийг шүүх харгалзан үзнэ” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-д заасан журмыг зөрчин, сонсох ажиллагааг явуулаагүй, бодит байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийг тайлбар, нотлох баримт гаргах, сонсох ажиллагаанд хариу тайлбар гаргах бололцоо олголгүйгээр сонсох ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй тул акт анхнаасаа хууль зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэж, мөн зүйлийн 43.2-т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж, мөн зүйлийн 43.8-д "Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй" гэж хуульчилсан байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга дээрх актыг гаргаад, "Т*******"ХХК-д мэдэгдэх, тус байгууллагыг гомдол гаргах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангаагүй тул энэхүү захиргааны акт нь Монгол Улсын Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн олон заалтыг зөрчсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А******* тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий А******* дугаар захирамжийг процессын болон материаллаг эрх зүйн хувьд хэд хэдэн алдаатай гарсан гэж үзэж байна. Хариу тайлбарт дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, 2024 оны А/343 дугаар захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөх мэдэгдлийг хүргэсэн байдаг. Энэ мэдэгдлийг хүргэх явцдаа процессын болон бодит байдалд хэрэгжих боломжгүй алдаа гаргасан. Ямар алдаа гаргасан гэхээр мэдэгдэл 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн. 22-ны өдрийн мэдэгдэлд 25-ны өдрийн дотор 177,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн. 4 хоногийн дотор 177,000,000 төгрөгийг Монголын нөхцөл байдалд төлөхөд хүндрэлтэй байхад мэдэгдэлд хангалттай хугацаа зааж өгөөгүй гэж үзэж байна. Процессын хувьд алдаа гарсан. Хариу тайлбарт дурдаад байгаа А/307 дугаар захирамжийн хэрэгжилттэй холбоотойгоор 2013 онд А/915 тоот захирамж гарсан. Тус захирамжийн 1.4-д дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээр шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж, гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх гэж заасан байдаг. Хавтаст хэргийн хүрээнд нэг удаа мэдэгдэл хүргэсэн. Тухайн А/915 дугаар захирамжийн 1.4-г харвал нэг удаа мэдэгдээд хариу ирэхгүй байвал дахин нэг удаа мэдэгдэл өгөх мэдэгдлээ өгөөгүй байдаг. Анхны үнэтэй холбоотойгоор процессын алдаа гаргасан хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Тухайн хариу тайлбар болон маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасны дагуу Газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэсэн. Үүнтэй холбоотойгоор ямар хууль зүйн асуудал гаргасан гэхээр сонсох ажиллагааг хангалттай явуулж чадаагүй гэж үзэж байна. Сонсох ажиллагааг “Т*******” ХХК-д шууд өөрт нь мэдэгдэж болох байсан байтал 21-ээс дээш хүн буюу сониноор сонсох ажиллагааг зарласан. Сонсох ажиллагааг юу гэж зарласан гэхээр анхны үнээ төлөөрэй, анхны үнийг төлөөгүй байгаа учраас газрын эзэмших эрх цуцлах гээд байна гэдэг агуулгаар сонинд бичсэн байгаа. Маргаан бүхий актад анхны үнэ төлөөгүй гэдэг заалт тэгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.5 дах заалт байгаа. Үндэслэх хэсэгтээ тусгагдаагүй ч агуулгаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г актад оруулсан. Тухайн сонсох ажиллагаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу төлбөр төлөөгүй, 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь зөрчигдөж байна гэдэг агуулгыг тусгаагүй. Эрх ашиг нь зөрчигдсөн хуулийн этгээд “Т*******” ХХК-ийг сонсох ажиллагаанд оролцох бүрэн эрхийг хангаж чадаагүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д сонсох ажиллагаанд заах ёстой зүйлүүдийг заасан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-д захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээ, актын зүйл заалт гэж заасан байхад сонсох ажиллагаанд анхны үнэ төлөөч гэдэг агуулга байгаа хэр нь актад 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт гээд бусад зүйл заалт байхгүй. Тэр талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. “Т*******” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөд байхад тэр талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байж өөр заалтаар шийдвэр гаргасан. Энэ нь процессын хувьд сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэхгүй. Материаллаг эрх зүйн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалгаан гэдэг нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж байна. Ковид цар тахал гараад 2022 оны 02 дугаар сард өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан. Тэрнээс хойш 2024 оны 09 дүгээр сард энэ акт гарсан. Энэ хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгаан “Т*******” ХХК-д гарсан гэхээр хувьцаа эзэмшигчдийн хоорондын үл ойлголцол, маргаан байсан. Монголын нөхцөлд энэ компанийн засаглал, хэлбэр барууны орнуудаас ялгарах онцлог нь хувьцаат компани биш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр явагддаг. “Т*******” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Хариуцлагатай хувьцаат компани хувьцаат компаниас ялгарах гол онцлог нь итгэлцэл дээр тогтож үйл ажиллагаа явуулдаг. Нотлох баримтуудаас харахад 2 хувьцаа эзэмшигчийн итгэлцэл байхгүй болсон буюу хоорондоо шүүх, цагдаагаар явах юм уу, прокурор дээр гэмт хэрэг, зөрчил байж болохуйц асуудлууд гарсан байсан. “Т*******” ХХК-ийн үйл ажиллагаа идэвхтэйгээр явахад хүндрэлтэй байсан учраас үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байгаа. Дээр дурдсанчлан анхны үнийг гаргах дээр процессын алдаа гаргасан, сонсох ажиллагааг хангалттай хийж гүйцэтгээгүй, мэдэгдлийг нэг удаа явуулсан. дахиад нэг удаа мэдэгдлийг явуулах ёстой гэх мэтчилэн процессын алдаатай мөн материаллаг эрх зүйн хувьд урьдчилсан нөхцөл хангагдах нөхцөл байдал үүсээгүй байхад энэ зүйл заалтыг ашигласан учраас захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

3.3.Төлөөлөн нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 онд нөгөө хувьцаа эзэмшигч нас барсан. Түүнээс хойш хувьцаа эзэмшигчийн ар гэрийнхэнтэй үл ойлголцол үүссэн. 2017 оноос хойш цагдаагаар явж байгаа. Одоо хүртэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа асуудлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. 2019 онд О.Б******* гэгч одоогийн гүйцэтгэх захирлыг бүртгэхгүй байх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж өөрийн гараар өргөдөл бичиж өгч байсан боловч ямар нэгэн байдлаар бүртгүүлээд энэ компанийн үйл ажиллагааг доголдуулж, хувьцаа эзэмшигч намайг ямар нэгэн мэдээллээр хангахаа больсон. У******* байдлыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд очиж өөрийн биеэр тайлбарлаж хэлж байсан. Хан-Уул дүүргийн Засаг даргатай уулзаж у******* байдлаа тайлбарлаж баримтуудаа үзүүлж байсан. Мөн Татварын алба дээр очиж татварын нэхэмжлэхийг авч газрын төлбөрийг тодорхой хэмжээгээр өөрийн хувиас төлсөн. Энэ нөхцөл байдал нь “Т*******” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн захирамж мэт боловч шууд утгаараа хувьцаа эзэмшигч Б.Б*******ы эрх ашгийг зөрчсөн учраас иргэн Б.Б******* нэхэмжлэл гаргаад сүүлд талийгаач хувьцаа эзэмшигчийн ар гэрийнхэнтэй тохиролцож итгэмжлэл хийлгэж аван нэхэмжлэл гаргасан. Ийм учраас “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Б******* миний эрх ашгийг захиргааны байгууллага болон захиргааны шүүхээс хангаж өгөхийг удаа дараа хүссэн. Энэ захиргааны хэрэг надад у*******сан хохирол, асуудал зэргийн зөвхөн нэг нь байгаа. Иргэний шүүхэд өгөхөөр хаяг нь тодорхойгүй гээд нэхэмжлэлийг гардуулж өгч чаддаггүй. Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлуулж байж хаягийг нь олоод цагдаад өргөдөл гаргасан. 2023 оны 04 дүгээр сараас хойш 3 дах жилдээ шалгаж байна. Шалгагдаад дуусвал иргэний нэхэмжлэлээ цааш үргэлжлүүлээд О.Б******* буюу “Т*******” ХХК-ийн захирал нараас хохирлоо барагдуулахаар хүлээж байгаа. Энэ хооронд тэдгээр этгээдүүд хамаг эд зүйл эд хөрөнгө зэргийг бусниулж, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хохироож байгааг анхаар үзнэ үү гэж хэлмээр байна” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

 “Тус дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр захирамжаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20.000 мкв газрыг "Т*******" ХХК-д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэдэг.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2013 оны А/307, 2024 оны А/343 дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөр барагдуулах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Дээрх ажлын хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10-17/299 дүгээр албан бичгээр "Т*******" ХХК-д холбогдох дуудлага худалдааны үнийг төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.

Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу Зууны мэдээ сонины 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаарт сонсох ажиллагаа зохион байгуулах холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн боловч заасан хугацаанд тайлбар мэдээлэл ирүүлээгүй.

"Т*******" ХХК 2015 оноос 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл газрын төлбөр болох 35.082.639 төгрөг төлөөгүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан үүргээ биелүүлээгүй нь уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн.

Газар эзэмшигч нь Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* дугаар захирамжаар "Т*******" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Захиргааны байгууллага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хуулийн этгээд болох "Т*******" ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх бүхэл үйл ажиллагааг зохион байгуулсан.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байгаа этгээд болох "Т*******" ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд харин хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэх үүрэг нь тухайн байгууллагын дотоод асуудал юм.

Нэгэнт хуульд заасан үндэслэл бүрдсэн мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд “Т*******” ХХК-нд нийт 2 га газрыг эзэмшүүлсэн. Газрын тухай хуульд иргэнд 0.7 га, аж ахуй нэгжид гээд тусгайлан заасан. Энэ зохицуулалтаас дээших буюу 2 га бол дуудлага худалдааны анхны үнийг төлөх зохицуулалт байдаг. Улмаар “Т*******” ХХК 2015 он хүртэлх газрын төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж явж байсан. 2015 оноос хойш маргаан бүхий захиргааны акт буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл газрын төлбөр төлсөн баримтууд байхгүй. 9 жил төлөөгүй гэдэг асуудлууд яригддаг. Тухайн нийт үнэ нь 35 сая гаруй төгрөг байдаг. Үүнтэй холбогдуулаад дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 онд “Т*******” ХХК-нд мэдэгдэл хүргүүлдэг. Газрын төлбөр, дуудлага худалдааны үнийн төлөвлөгөө, үүнтэй холбоотой асуудлыг яаралтай шийдмээр байна. Мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдлийг аваад 2, 3 хоногийн дотор Монголын нөхцөлд төлж чадахгүй гэсэн агуулгаар ярьж байна. “Т*******” ХХК-нд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Монгол шуудангаар дамжуулсан. Энэ мэдэгдлийг “Т*******” ХХК үйл ажиллагаа явуулахаа больсон, эзэмшигч нь нас барсан гэдэг агуулгатай буцаж ирсэн. Үүнтэй холбогдуулаад Захиргааны ерөнхий хуулийн 27-д заасны дагуу Зууны мэдээ сонинд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гаргасан. Жагсаалтын 8-д агуулга нь тодорхой тусгагдсан байгаа. Маргаан бүхий захиргааны акт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гарсан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахын тулд дүүргийн газар зохион байгуулалтын алба хээрийн судалгааг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тухайн байршилд хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр газар дээр юу ч байгаагүй. Тухайн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулснаас хойш 13 жил тухайн газрыг ашиглаагүй, газрын төлбөрийг 9 жил төлөөгүй байсан учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “хуулийн этгээдэд аж ахуйн зорилгоор эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 234 дүгээр захирамжаар “Т*******” ХХК-д тус дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явдаг замын зүүн талд амины орон сууцны зориулалтаар 20000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх үүсгэж, 0231623 дугаартай, Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулжээ. /ХХ-1-ийн 33-34, 49, 72-74 дэх талууд/

            2.2.Уг Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр “Т*******” ХХК газрын төлбөрт улиралд 440,000 /Дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, жилд 1,760,000 /Нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөг төлөхөөр, гэрээний 2.3 дахь заалтаар Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор шилжүүлэхээр тогтоожээ.

            2.3.“Т*******” ХХК нь газрын төлбөрийг 2011-2015 орныг дуустал бүрэн буюу 8,140,000.0 төгрөг төлсөн болох нь Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч маргаагүй болно. /ХХ-1-ийн 48 дахь тал/

            2.4.Харин 2016-2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл төлбөр төлөөгүй, нийт төлөөгүй бөгөөд төлөх ёстой төлбөрийг 35,082,639 /Гучин таван сая, наян хоёр мянга, зургаан зуун гучин ес/ төгрөг гэж уг актаар тогтоосон байна. /ХХ-1-ийн 48 дахь тал/

            2.5.Төлөөлөн нэхэмжлэгч нь уг газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, барилга байгууламж байхгүй гэдгийг шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн тул энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд маргаантай зүйл байхгүй байсан у******* шүүх нотлох баримт нэмж цуглуулах, үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн.

            2.6.Төлөөлөн нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөөгүй, газраа ашиглах боломжгүй байсан шалтгаанаа:

            1/Газар дээрээ амины орон сууцны хороолол баримт зөвшөөрөл авах, зураг төслөө батлуулах ажлыг хийж ирсэн гэж тайлбарласан байгаа боловч уг баримтыг “Т*******” ХХК-ийн захирал нас барж, түүний гэр бүлийн хүмүүстэй үл ойлголцол үүссэнээс үүдэн компани дахь миний оролцоог хязгаарласан тул ийм баримт гаргаж өгч чадахгүй байна гэж;

            2/Тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д******* нас барсан учраас компанийн үйл ажиллагаа зогсож, төлбөр төлөх, боломжгүй болсон гэж;

            3/“Ковид-19” цар тахлын нөлөөллөөс давагдашгүй хүчин зүйл үүссэн тул уг хугацаанд төлбөр төлөх, газрыг зориулалтаар нь ашиглах боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлүүдийг гаргасан.

            2.7.“Т*******” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д******* нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барж, компанийн хувьцаа өв залгамжлалаар Д.Бид шилжсэн болох нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх Д.Бийн хүсэлт, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаар тогтоогдлоо. /ХХ-1-ийн 124-125, 113, 144-150 дахь тал/

2.8.Нэхэмжлэгч компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Д.Д******* агснаас хойш хугацаанд тус компанийн гүйцэтгэх удирдлагыг 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Б.Э, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Б.А, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс одоог хүртэл О.Б******* нар хэрэгжүүлж байсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /ХХ-1-ийн 85 дахь тал/

2.9.Эндээс үзвэл Д.Д******* агсан нь гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэгжүүлэхээ больсон, дээрх нэр бүхий иргэд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байх тул Д.Д******* агсны нас барсан нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулах шалтгаан болсон гэдэг нь нотлогдохгүй байна.

2.10.Монгол Улсын Засгийн газраас зарласнаар  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаа нь Корона-19 вирусын халдвар дэлхийгээр тархсан, улс орнууд нийтийн хөл хориог урт богино хугацаагаар тогтоосон, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд хамаарч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт учраас уг хугацааг шүүхээс давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан гэж үзнэ.

2.11.Харин хариуцагч нь “Т*******” ХХК-ийг газрын анхны дуудлага худалдааны үнийг төлөх ёстой гэж шаардсаныг төлөөлөн нэхэмжлэгч нь “төлөх ёстой гэдгийг мэдэж байгаа” гэх агуулга бүхий тайлбар гаргаснаар нэхэмжлэгч уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч байсан гэж үзлээ.

2.12.Төлөөлөн нэхэмжлэгч Б.Б******* нь тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд маргахдаа “... компанийн хувьцаа эзэмшигч Д.Д******* нас барсан учраас түүний эхнэр, хүүхэд нь компанийн хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлсэн асуудлаар маргаантай байгаа, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч олдоогүй гэх шалтгаанаар иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан, одоо иргэний шүүхэд маргана, эрүүгийн хэргийг шалгаж байгаа, талийгаачийн гэр бүлийн гишүүд намайг компанийн үйл ажиллагаанд оролцох боломжийг хаасан тул газрын төлбөр төлсөн эсэх талаар мэдэх боломжгүй байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа би өөрөөсөө 5 сая төгрөг гаргаж газрын төлбөр төлсөн, би хувьцаа эзэмшигчийн хувь эд хөрөнгөөрөө хохирч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх” гэсэн хүсэлтийг гаргасан үйл баримтууд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

3.2.Хариуцагч нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсгийг баримталсан боловч шийдвэр гаргасан үндэслэлдээ “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй” гэж бичсэн байгаа  учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заалтуудын дагуу шийдвэр гаргасан гэдгээ тайлбарласан тул шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

3.3.Дээр тогтоогдсоноор “Т*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явдаг замын зүүн талд байрлалтай, амины орон сууцны зориулалтаар эзэмших 2 га газрын төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй 35,082,639 төгрөгийг өр төлбөр үүсгэсэн, газраа зориулалтаар нь 2 жилээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан дагуу тус компанийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн гэдэг нь нотлогдож байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт хууль зөрчөөгүй байна.

3.4.Тодруулбал, компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байгаа тул “Т*******” ХХК-ийн 2011 оноос 2017 он хүртэлх 5 жил гаруйн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтаар нь ашиглаагүй гэдэг нь нотлогдохгүй, тус газарт амины орон сууц барих зураг төслөө батлуулсан гэж тайлбарласан  ч энэ тайлбараа нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул нотлогдоогүй гэж үзсэн.

3.5.Мөн газрын төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөөгүй бөгөөд уг хугацаанаас компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан хугацааны хоорондох 1 жил 5 сарын хугацаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын төлбөр төлөөгүй байна.

3.6.Түүнчлэн Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүссэн гэх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулан тооцоод уг хугацаанаас хойш маргаан бүхий актыг гаргах хүртэл 1 жил 9 сарын хугацаа болсон байна.

3.7.Эдгээр хугацаанд газрын төлбөрөө төлөх, газраа зориулалтаар нь ашиглах боломжийн талаар “Т*******” ХХК, эсхүл төлөөлөн нэхэмжлэгчээс захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан хүсэлт, санал гаргасан гэх нотлох баримт байхгүй байгаа тул дээрх хугацааг оруулан тооцож газраа зориулалтаар нь ашиглах, газрын төлбөрөө төлөх боломжгүй нөхцөлд байсан гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэлээ.

3.8.Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зааснаар компани газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтаар нь ашиглаагүй үйлдлийнхээ үр дагаврыг компани өөрөө хүлээх эрх зүйн зарчмын дагуу шүүх нь төлөөлөн нэхэмжлэгчийн буюу хувьцаа эзэмшигчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, компанийн газар эзэмших эрхийг сэргээн эдлүүлэх хууль зүйн боломжгүй болно.

3.9.Төлөөлөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “газрын төлбөрийн зарим хэсгийг төлсөн” гэж тайлбарласан ба төлбөр төлсөн хугацаагаа шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа төлсөн гэж тодруулсан, төлсөн баримтаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хэрэв газрын төлбөрийн зарим хэсгийг төлсөн бол энэ  нь маргаан бүхий актыг гарснаас хойш төлсөн байх тул “газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлсөн” гэж үзэх хууль зүйн үр дагавар авчрахгүй болно.

 

3.10.Дээрх хууль зүйн үндэслэл болон шүүхэд тогтоогдсон үйл баримтад үндэслэн  маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14  дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, заалтыг баримтлан “Т*******” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Б.Б*******ы гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ