Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 397

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхон 53-б байрны 60 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

урьд 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 161 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сараар хорих ялаар шийтгүүлж 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:ТЛ91070216/, Хүрд овогт Жаргалсайханы Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805007000307 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ш 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Лаки-21 спорт лоунжид иргэн Д.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Миний мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим...Лаки 21 спорт лоунжыг ажиллуулж байхад гаднаас үл таних 7-8 залуучууд үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр хүмүүс үйлчлүүлж байх үед 4 цагийн орчим манай лоунж хаалаа гээд манай зөөгч хэлэхэд тэр залуучууд гарахгүй байсан би очоод одоо манайх хаалаа 4 болсон гэж хэлэхэд нөгөө залуучууд бид нар уух юмаа дуусаагүй байна гэж хэлээд би нар бараг ууж дуусвал 1 цагийн дараа ууж дуусна гэхээр нь ууж байгаа юмаа эсвэл үлдээчих үгүй бол би захиалсан зүйлийн чинь тал мөнгийг өгье гэж хэлээд биллярд  тоглоод дуусахгүй байсан. Би 20 орчим минут хүлээсэн манай хажуу талын ширээний хүмүүс гарахгүй болохоор нь нөгөө хүмүүсийг гаргахаар болоод би биллярдны ширээний гэрлүүдийг унтраасан чинь гарах гэж байсан хүмүүстэй гарахгүй гээд байсан хүмүүс муудалцах шинжтэй болсон дундуур нь орж би салгахад өндөр туранхай залуу миний өөдөөс цохих гэж байгаа юм шиг загнасан. Тэр үед нь гэнэ алдаад хүзүүдээд  тэврээд авсан чинь намайг шууд баруун гараараа ам хэсэг рүү нэг удаа цохисон. Цаана гарах гэж байсан хүмүүс тэр 7-8 хүмүүс рүү явж байгаа юм гээд  намайг өмөөрөөд дайрах гэхэд нь миний амнаас цус гарсан болохоор тэд нар болиод цагдаа дуудсан. Надад гомдол санал байхгүй, Ш гэх залуу миний хохиролд эмчилгээний зардалд 100000 төгрөг өгсөн. /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1498 дугаартай дүгнэлтэнд: Д.Бын биед зүүн хацарны дотор,зүүн завьжинд шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Ж.Ш мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед...Лаки 21 спорт лоунжид би найз нарын хамт орсон. Би наана найз Хосбаяртай цуг дартс тоглож байсан цаана манай найзууд болох Мөнх-Оргил, Шижирбат, Мөнх-Эрдэнэ, Түмээ, Оргилсайхан нар биллярд тоглож байсан юм. Бид хоёр тоглож дуусаад найзууд дээрээ очсон чинь манай найзууд уух юм захиалсан байсан. Тэгээд бид нар тоглоомоо дуусгаад ширээн дээрээ очоод захиалсан юм аа тухтай ууж сууя гэж яриад байж байтал тухайн лоунжаас манайх одоо хаалаа шүү та хэд гараарай гэж хэлсэн тэгэхээр нь бид нар юу яраид байгаа юм бэ дөнгөж орж ирээд байж байна ш дээ захиалсан юмаа дуусгаагүй байна гэхэд манайх хаах цагтаа хаана та нар гар гэсэн. Тэгэхээр нь  та нар анхнаасаа орж ирэхэд хэлэхгүй яасан юм бэ бид нар захиалсан зүйлээ дуусгаагүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар маргалдаж байхад цаанаас нь гэнэт баахан залуучууд гарч ирээд бид нартай маргалдаад эхэлсэн тэгэхээр нь та нар ийм дээрээ тулсан бол захиалсан зүйлээ ууж дуусгачихаад гарна гээд ширээн дээрээ очоод сууцгаасан. Суух явцад намайг хажуунаас түлхээд янз бүрээр хэлээд бүгд үг хэлээр доромжлоод мангар бацаан чамайг хаа таарсан газраа ална гэхээр нь би юу гэж байгаа юм бэ түрүүнээс хойш дуугүй байгаад байхад гээд босоод ирсэн чинь тус лоунжыг ажиллуулдаг Б гэх залуу намайг заамдаад гараараа цохих гээд далайхаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа цохьсон. Зөрүүлээд Б намайг цохисон. /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1541 дугаартай дүгнэлтэнд: Ж.Шын биед дух хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Ж.Шын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 38/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 39/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 40/,  шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 31, 71/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар:

Шүүгдэгч Ж.Ш 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Лаки 21 спорт лоунжид иргэн Д.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бын”...би салгахад өндөр туранхай залуу миний өөдөөс цохих гэж байгаа юм шиг зангасан тэр үед нь гэнэ алдаад хүзүүдээд  тэврээд авсан чинь намайг шууд баруун гараараа ам хэсэг рүү нэг удаа цохисон. /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1498 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/,  хохирогч Баас гаргаж өгсөн зуун мянган төгрөг авсан одоо гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 58/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Ж.Шын мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Б гэх залуу намайг заамдаад гараараа цохих гээд далайхаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа цохисон”  /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос Ж.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ж.Шыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас Ж.Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.Баас би хохиролд Ж.Шаас 100.000 төгрөг хүлээн авсан надад гомдол санал байхгүй гэх баримтыг гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Ж.Шыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Ж.Шын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага нөхцөл байдалд хамаарна.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон Ж.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Ж.Ш цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ