Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

Г.Ш*******, Б.А*******, Б.С*******-******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Г.Ш*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч, Ж.Ар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбулган нарыг оролцуулан

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэний даргалж хийсэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Арын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ш*******, Б.А*******, Б.С*******-******* нарт холбогдох эрүүгийн 2415000340061 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г*******ийн С*******-*******, 

-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 

Монгол Улсын иргэн, Г*******ийн Ш*******, 

-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Г.Ш*******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн,

-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг жил 6 /зургаа/  сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, 

Монгол Улсын иргэн, Г*******ын А*******, 

Шүүгдэгч Г.С*******-*******, Г.А*******, Г.Ш******* нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Г******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт хохирогч Э.Аийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г*******ийн С*******-*******,  Г*******ийн Ш*******, Г*******ын А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.А*******, Г.С*******-*******, Г.Ш******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч Г.А*******, Г.С*******-******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан урьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээг хүчингүй болгож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 80 хоног буюу 1 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хорьж, шүүгдэгч Б.А*******, Б.С*******-******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Г.С*******-*******, Г.А*******, Г.Ш******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар бариултай заазуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Бд тус тус даалгаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Ж.Ар би Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Г.Ш*******ыг анхан шатны шүүх “...тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж, шүүгдэгч Г.Ш*******ын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.”

Г.Ш*******ын хувьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгэгдэж, уг шийтгэх тогтоол нь 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасан ба энэ зүйлийн гипотез буюу нөхцөл заасан хэсэг нь тэнссэн хугацаанд уг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилжээ. Тэнссэн хугацаа гэдэг нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлж эхлэх хугацаа буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шийтгэх тогтоолыг биелүүлж дуусах хугацаа юм. Гэтэл Г.Ш*******ын одоогийн холбогдоод буй хэргийн үйл баримт нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болсон тул тэнссэн хугацаанд уг үйлдэл нь хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ уг шийтгэх тоггоолыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уншин сонсгосноор хүчинтэй болох тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль ёсны шаардлагыг хангахгүй байна.

Шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй байна гэдэг нь шийдвэр биелэгдэх боломжгүй, шийдвэрт гомдол гаргах эрх хэрэгждэг. Мөн гомдол гаргаагүй ч гомдол гаргах хугацааг дуусгадаг. Харин шийдвэр хүчин төгөлдөр болсон бол шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар шүүхийн шийдвэр дахин гарахгүй байх үр дагавартай” гэв.

 

Шүүгдэгч Г.Ш******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн тэнссэн шийдвэрийг маань хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэмт хэрэг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Шийтгэх тогтоол нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн гарсан ба 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ёсчлогдон гарч, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн. Үүн дээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасын хэрэглэх зохимжгүй байна, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэж оруулсан байгаа бөгөөд тайлбарлахдаа 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг оруулсан нь үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэж оруулсан нь үндэслэлтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ш*******ын өмгөөлөгч Ж.Арын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.С*******-*******, Г.А*******, Г.Ш******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

 

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

3.Шүүгдэгч Г.С*******-*******, Г.А*******, Г.Ш******* нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Г******* сумын 3 дугаар баг “*******” гэх газарт хохирогч Э.Аийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.А, гэрч Ц.Нарангэрэл,  С.Энхтайван, насанд хүрээгүй гэрч У.Мөнгөнболор нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1899 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.С*******-*******, Г.А*******, Г.Ш******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ар нь “Г.Ш*******ын одоогийн холбогдож буй хэргийн үйл баримт нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болсон тул тэнссэн хугацаанд уг үйлдэл нь хамаарахгүй” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

 

5.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэх хуулийн шаардлагыг хангаж шүүгдэгч Г.Ш*******ын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 80 хоног буюу 1 жил 8 сар 20 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасан ба хэрэг үйлдсэн хугацааны хувьд шүүгдэгч Г.Ш******* нь тэнссэн хугацаанд уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Тодруулбал Г.Ш******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгэгдэж, уг тогтоолоо 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гардан авсан байна.

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Г******* сумын 2 дугаар багийн нутагт Э.Аийг зодсон гэх хэрэгт холбогдсон ба дээрх шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны  /шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно/ дагуу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүчинтэй болсон байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш*******т урьд оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 1 жил 8 сар 20 хоногийн хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

7.Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хураагдсан эд мөрийн баримтыг дутуу бичиж шийдвэрлэсэн байх тул тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “хураагдсан болон” гэснийг хасаж, 7 дахь заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар бариултай заазуур 1 ширхэгийг” гэсний дараа “ногоон өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг” гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Арын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                          Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР