Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 410

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Онон

шүүгдэгч З.Х нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Зоригтын Хд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Х 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 12 тоотын гадна орцонд хохирогч Г.Нийн үснээс зулгаан толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Х шүүхийн хэлэлцүүлэгт “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Нт 200.000 төгрөг төлсөн”  гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “...бид нар пиво уугаад  байж байтал Х надад Дэкэ эгч мөнгөө нэхээд байна гэхэд би найз нь мөнгө өгнө гэдгээ мэдэж байна боломжоороо тэгж байгаад өгнө гээд тэр яриа дууссан...бид нар Мандахмаагийн гэр рүү орох гэтэл Х найз нь хүүхдээ араас чинь аваад очьё  гэж хэлэхээр нь за за гээд Мандахмаагийн гэр рүү орсон. Удалгүй Х хүүхэд унтсан байна гээд ганцаараа орж ирсэн.  Бид гурав Хгийн авсан 2 пивыг ууж дуусчихаад Мандахмаа, Х бид  гурав орцонд тамхи татаж байхад Х шатан дээр суучихаад манай эгчийн 500000 төгрөгийг өг гэхэд нь би танай эгчтэй гэрээ хийчихсэн байгаа гэрээгээ уншчих найз нь өгнө гэж хэлтэл намайг үсдээд нүүр рүү өшиглөсөн. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гэтэл Х чи 3000000 төгрөг олоод хамаг ээмэг, бөгжөө ломбарднаас авчихаад миний мөнгийг өгч чадахгүй байна уу гээд дахиад үсдээд шатны хажууд унагаж толгой руу өшиглөсөн. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Батхишиг мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Батхаан хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 18 цагийн орчим Х орж ирээд дэлгүүрээс ундаа аваад Нараатай муудалцлаа гээд яриад зогсож байхад Нараа утсаар чинь ярья гээд ороод ирсэн. Тэгсэн Х Нийг чи нөхрийнхөө утсыг манай эгчид өгчих манай эгч мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Тэгэхэд Нараа гар утсаа хэлж өгөхгүй байсан. Х өөрийнхөө утсаар залгаад эгчтэйгээ ярь гэхэд Нараа эгчтэй нь яриад мөнгөний талаар яриад байсан. Утсаар ярьж дуусаад тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн би хойд талын өрөөнөөс сандал авахаар ороод гараад ирсэн чинь Х, Нараа хоёр нэг нэгнийгээ үснээс нь зулгаагаад үсдэлдцчихсэн газар хэвтэж байсан. Би очоод салгасан. /хх-ийн 10-11/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр З.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “...Н бид хоёр тамхилахаар гараад тэгээд шатан дээр зогсож байгаад  би Нт нөгөө мөнгөө яасан бэ манай эгч Насандэлгэр надаас нэхээд байна хуваагаад ч хамаагүй өгчихөөч нөхрийгөө утсаа аваад яриад уулзуулчихаач ээ холбоогүй болчихлоо гээд уурлаад байна гэж хэлсэн чинь өөдөөс Н мөнгөний боломжгүй байна гэсэн тэгэхээр нь би чи боломжтой байгаа биз дээ ломбарданд  байсан эд зүйлээ авахаар чи 250000 төгрөг шилжүүлж байсан биздээ гэхэд гэрээгээ уншаач гэсэн. Би тэр мөнгийг чинь тэгээд би төлөх юм уу тэр гэрээн дээр чинь төлөхгүй гэсэн байгаа юм уу гэж маргалдаж байгаад уур хүрээд түлхэлцэж байгаад би үсдээд үснээс нь зулгаасан намайг ч гэсэн үснээс зулгаасан. Би үсдэж газар унагаж байгаад нэг удаа толгой руу нь өшиглөж зууралцаж байгаад орцонд орилолдсон чинь хоёр найз нь гараад ирэхээр нь би доош буугаад гэр рүүгээ явсан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2775 дугаартай: Г.Нийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дух, зүүн хацар, эрүү, баруун чихний дэлбээ, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч З.Хгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 29/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 30/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Х 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны орцонд хохирогч Г.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Нийн”...Х...намайг үсдээд нүүр рүү өшиглөсөн... дахиад үсдээд шатны хажууд унагаж толгой руу өшиглөсөн...” /хх-ийн 8/, гэрч Г.Батхишигийн...”Х, Нараа хоёр нэг нэгнийгээ үснээс нь зулгаагаад үсдэлцчихсэн газар хэвтэж байсан...” /хх-ийн 10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2775 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч З.Хгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би үсдэж газар унагаж байгаад нэг удаа толгой руу нь өшиглөж зууралцсан...” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг болон хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримт /хх-ийн 18-19/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22/, хохирогчоос гаргасан эмчилгээний зардалд 405.000 төгрөг бэлнээр авсан надад гомдол санал байхгүй сайн дураар эвлэрсэн гэх хүсэлтээр /хх-ийн 42/ давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч З.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.Халиун гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Халиун гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр  торгох саналыг З.Хд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч З.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ