| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/07510/И |
| Дугаар | 192/ШШ2025/06785 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/06785
2025 09 08 192/ШШ2025/06916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Чанцалдулам, хариуцагч Э.Дашжамц, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Чанцалдулам гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Нэхэмжлэгч М.Чанцалдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Э.Дашжамцтай 2013 оноос эхлэн үерхэж эхлээд, 2013 оны 10 дугаар сард эхний хүүхдээ тээгээд бид хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр том охин төрсөн. Дараагийн охин маань 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Гэрлэлтээ цуцлуулах шалтгаан маань хэрүүл маргаан их, ойлголцдоггүй байсан. Намайг байнга харддаг байсан. Итгэлийг нь олохын тулд найзуудаасаа холбоогоо тасалсан. Миний хувцсыг яаж өмсөх эсэхийг хүртэл заадаг байсан. Хоёулаа ажил хийдэг байхад эмэгтэй хүн бүх гэрийн ажил хийх ёстой гэдэг байдлаар ханддаг байсан. Энэ нь надад дарамттай байдаг байсан. Бид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүд маань том охин 11 настай, бага охин маань 10 настай. Хүүхдүүд надтай хамт амьдардаг. Сургууль нь гэртэй ойрхон байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах байгаа ... гэв.
2. Хариуцагч Э.Дашжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тайлбар байхгүй, хэлэх зүйл байхгүй. Зөвшөөрч байгаа ... гэв.
3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.06.23-ны өдрийн 636 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Нийслэлийн эрдмийн ундраа сургуулийн тодорхойлолт, Амиржаргалын өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Чанцалдуламын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М.Чанцалдулам нь хариуцагч Э.Дашжамцад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Э.Дашжамц нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
4. Нэхэмжлэгч М.Чанцалдулам, хариуцагч Э.Дашжамц нар нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Дашжамцын , 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дашжамцын нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
5. Нэхэмжлэгч М.Чанцалдулам, хариуцагч Э.Дашжамц нар нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.
7. Нэхэмжлэгч М.Чанцалдулам нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч Э.Дашжамцтай хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч Э.Дашжамц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зохигчид тусдаа амьдарч байгаа, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй болно.
8. Иймд шүүхээс нэхэмжлэгч М.Чанцалдулам, хариуцагч Э.Дашжамц нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч М.Чанцалдулам, хариуцагч Э.Дашжамц нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн охин Д., Д. нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.
10. Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.
11. Нэхэмжлэгч М.Чанцалдулам нь охин Д., Д. нарыг өөрийн асрамжинд авахыг хүссэн бөгөөд хариуцагч Э.Дашжамц нь хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамжид маргаагүй.
12. Иймд 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Дашжамцын , 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дашжамцын нарыг эх М.Чанцалдуламын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
13. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж тус тус хуульчилжээ.
14. Хариуцагч Э.Дашжамц нь охин Д., Д. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
15. Нэхэмжлэгч М.Чанцалдулам, хариуцагч Э.Дашжамц нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.
16. Хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Э.Дашжамц нь охин Д., охин Д. нартай уулзах болон эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Чанцалдуламд сануулах нь зүйтэй байна.
17. Талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
18. Нэхэмжлэгч М.Чанцалдуламын нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Дашжамцаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Харчу овгийн Мөнхбаярын Чанцалдулам, хариуцагч Боржигон овгийн Энхбаатарын Дашжамц нарын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр охин Дашжамцын , 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дашжамцын нарыг эх М.Чанцалдуламын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин Д., охин Д. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Дашжамцаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Э.Дашжамцаас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх М.Чанцалдулам, эцэг Э.Дашжамц нарт мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Э.Дашжамц нь охин Д., охин Д. нартай уулзах, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Чанцалдуламд сануулсугай.
8. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.
10. . Нэхэмжлэгч М.Чанцалдуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Дашжамцаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Чанцалдуламд олгох нь зүйтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ