Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/890

 

 

 

 

 

      2024             08            08                                        2024/ДШМ/890

 

С.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1481 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн эсэргүүцлээр эрүүгийн 2308035030371 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

С.С, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

           

Яллагдагч С.С нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... тоот болох нийтийн байрандаа, дүү Б.Бид “хөл рүү өшиглөлөө” гэх шалтгаанаар уурлаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж биед нь “зүүн талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт /150мл/, хуйханд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Сгийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүхэд ирүүлсэн хэргээс үзвэл, энэ хэргийн яллагдагч болон хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх ба хохирогч нь сэтгэцийн хувьд өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй буюу өөрийгөө хамгаалах чадвар сул хүн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна:” гээд тус хэсгийн 3.1.1 -д "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “-Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж тус тус заасан тул яллагдагч С.С болон хохирогч Б.Б нар нь хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж зааснаас үзвэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод халдсан нэг удаагийн үйлдэл ч гэр бүлийн хүчирхийлэлд хамаарах юм. Харин прокурорын тайлбарт дурдсан “байнга үйлдээгүй” гэсэн нөхцөл нь гэр бүлийн хүчирхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн бие даасан гэмт хэргийг бусад гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжээс, эсхүл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялган зүйлчлэх тусгайлсан шинж болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.Б нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд олдмол өвчтэй байх бөгөөд тэрээр энэ өвчний улмаас болж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадвар султай байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон байна. Прокурорын хувьд чадваргүй биш, чадвар сул байсан болохоор биеэ хамгаалах чадваргүй гэж үзээгүй хэмээн тайлбарлалаа. Хууль зүйн хувьд “биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд хамаардаг. Энэ тохиолдолд гэмт этгээд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдлыг мэдсэн буюу ухамсарласан байх нь чухал бөгөөд ингэснээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох юм. Иймд хохирогчийн эрүүл мэндийн байдал нь биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд хамаарах эсэхийг нэмэлт ажиллагаагаар тусгай мэдлэгийн хүрээнд асууж тодруулах шаардлагатай байна. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, хэргийн талаарх нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, зүйлчлэл зөв хийгдсэн эсэх нь эргэлзээтэй, зүйлчлэлийг шүүх хуралдаанаар зөвтгөх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаад шүүхээс энэ хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд С.Сд холбогдох 2308035030371 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс энэ хэргийн яллагдагч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх ба хохирогч нь сэтгэцийн хувьд өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй буюу өөрийгөө хамгаалах чадвар сул хүн байна. Тиймээс зүйлчлэлийг зөв хийсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж байгаад санал нийлэхгүй байна. Учир нь “...хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч нь яллагдагчийг архи уулаа гэх шалтгаанаар хөл рүү нь өшиглөсний улмаас уурлаж, хохирогчид хүнд гэмтэл учруулсан бөгөөд яллагдагчийн үйлдэлд хохирогчийг удаа дараа зодсон харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй. “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” тухай ойлголтын объектив талын шинж нь нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар нь илэрч болох ба дээрх хүндрүүлэх шинжийг нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд нэг удаагийн үйлдэл нь ямар ч шинжээр илэрч болно. Хэрвээ хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар үйлдсэн гэж үзвэл дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх шаардлагатай, гэтэл зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна гэж зүйлчлэлийг хүндрүүлэх нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч С.С, хохирогч Б.Балдандорж нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай боловч С.Сгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх субьектив талын шинжүүд тогтоогдоогүй. Иймд С.С нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, нэг удаагийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Мөн “биеэ хамгаалж чадахгүй хүн’’-д бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэж Улсын дээд шүүх тайлбарласан. Өөрөөр хэлбэл “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж” гэдэгт гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хөгжлийн улмаас өөрийгөө хамгаалж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгоно. Хууль зүйн агуулгын хувьд биеэ хамгаалж чадахгүй этгээдэд... болж буй үйл явдлыг бодитойгоор хүлээн авах чадвар нь алдагдсан сэтгэцийн хямралтай хүмүүсийг хамааруулан ойлгоно. Гэтэл Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр хохирогч Б.Б нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд олдмол өвчтэй, гэмт хэрэгт өртөх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадвар султай байсан хэдий ч болсон хэргийн талаар зөв тусган ойлгох чадвартай болох нь тогтоогддог бөгөөд яллагдагчийн үйлдэлд хохирогчийн сэтгэцийн өвчтэй гэх байдлыг далимдуулсан гэх баримт хэрэгт огт байхгүй, харин ч хохирогч нь тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг бодитоор тусган авч “байнга архи ууж ирлээ, унтаач” гэх зэргээр зүй ёсны шаардлага тавьсан байдлаас үзэхэд яллагдагчийн үйлдлийг “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь үндэслэл юм.

Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тусгагдсан нийт 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж тодорхой заасан байхад шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэргийн үйл баримт, яллагдагч нарын үйлдсэн гэм буруутай тохирч байгаа эсэх, хэргийн зүйлчлэл зөв хийгдсэн эсэхийг хэлэлцэж шүүхээс хэргийн зүйлчлэл тохироогүй, агуулгын хувьд зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж дүгнэн буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, шүүхийн хэргийн зүйлчлэл хүндрүүлэхээр буцааж байгаа заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцах үндэслэлд хамаарахгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1481 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тусгагдсан нийт 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж тодорхой заасан байхад шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэргийн үйл баримт, яллагдагч нарын үйлдсэн гэм буруутай тохирч байгаа эсэх, хэргийн зүйлчлэл зөв хийгдсэн эсэхийг хэлэлцэж шүүхээс хэргийн зүйлчлэл тохироогүй, агуулгын хувьд зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж дүгнэн буцаасан. Б.Ундрах прокурор шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай үндэслэлээ нэг бүрчлэн тодорхой дурдсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар агуулгаараа байнга бус шинжийг хамааруулж ойлгодог. Гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэх ганц үндэслэлээр гэмт хэргийн шинжийг хангахгүй. Субьектив байдлаараа буюу үйлдлээрээ тодорхой илэрч харагдаж байх ёстой гэж прокурорын зүгээс үзэж байна. Хэргийн үйл баримтын хувьд хохирогч “ахыгаа та архи ууж орж ирлээ дандаа архи ууж байна гэж зүй ёсны” шаардлага тавьсан байдаг.Гэтэл хөлрүүн өшиглөлөө гэж биед нь халдаж байгаа нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл байдаг. Хохирогчийг сэтгэцийн хувьд өөрчлөлтэй, олдмол сэтгэцийн өөрчлөлтэй, эрүүл мэндийн шалтгаантай хүн юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэргийн нотлох баримтаас нотлогдоогүй байдаг Иймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч С.Сд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “...яллагдагч С.С болон хохирогч Б.Б нар нь хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод халдсан нэг удаагийн үйлдэл ч гэр бүлийн хүчирхийлэлд хамаарах юм. Хохирогч Б.Б нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд олдмол өвчтэй байх бөгөөд тэрээр энэ өвчний улмаас болж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан жолоодох чадвар султай байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд хохирогчийн эрүүл мэндийн байдал нь биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд хамаарах эсэхийг нэмэлт ажиллагаагаар тусгай мэдлэгийн хүрээнд асууж тодруулах шаардлагатай байна. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, хэргийн талаарх нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, зүйлчлэл зөв хийгдсэн эсэх нь эргэлзээтэй, зүйлчлэлийг шүүх хуралдаанаар зөвтгөх боломжгүй...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой юм.

 

Анхан шатны шүүх С.С болон түүний төрсөн эгчийн хүүхэд болох Б.Б нарын гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан нь зөв боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд хэдийгээр энэ нь нэг удаагийн шинжтэй үйлдэл байж болох боловч тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

 

           Яллагдагч С.С нь түүний төрсөн эгчийн хүүхэд болох Б.Бийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын амьдралын хэв маяг, гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болсон үйл баримт байх тул яллагдагчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг болох “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах үедээ хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хөгжлийн улмаас өөрийгөө хамгаалж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгодог.

 

Хууль зүйн агуулгын хувьд биеэ хамгаалж чадахгүй этгээдэд өвчтэй, өндөр настай, бага насны хүүхдүүд, эсхүл болж буй үйл явдлыг бодитойгоор хүлээн авах чадвар нь алдагдсан сэтгэцийн хямралтай хүмүүсийг хамааруулдаг болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч, яллагдагч нар нь ах, дүүгийн холбоотой, хэн аль нь хэвийн харилцаж, болж буй үйл явдлыг ухамсарлах хэмжээнд байсан, улмаар тэдний хооронд ердийн амьдрал, зан үйлээс үүдэлтэй маргаан үүсч, өрнөх явцад яллагдагч хохирогчийн цээжин тус газарт нь хутгалж хүнд хохирол учруулсан гэх тухайн нөхцөл байдалд хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг объектив шинж хангагдахгүй байна.

 

Түүнчлэн субъектив шинжийн хувьд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсон гэдгийг баттай ухамсарлаж мэдсэн байх, эсхүл ийм байдлыг нь зориудаар ашигласан байхыг шаарддаг ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагчийн зүгээс хийж буй үйлдэлдээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, санаа зорилго нь дээрх шинжийг хангаагүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд хохирогчийг “...өөртөө болон бусдад аюул учруулах болзошгүй байна...” гэх ба дээрх дүгнэлтээс түүнийг биеэ хамгаалах чадваргүй гэх ойлголтод хамааруулан авч үзэхгүй.

Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иймд яллагдагч С.Сд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1481 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Ундрахын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН