Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 308

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч М.П түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг

шүүгдэгч Э.Э.З түүний өмгөөлөгч Б.Чинбат

гэрч П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705008010149 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Э.З нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн гадна өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч ажилтай М.Пд 150.000 төгрөгийн хахууль өгсөн, 

М.П нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн гадна “Crown” баарны ажилтан Э.Э.Зас 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр танай баар насанд хүрээгүй этгээдэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил гаргасан, Зөрчлийн тухай хуулиар 500.000 төгрөгөөр торгоно, 50 хувийг өгчих юм бол бүртгэлд оруулахгүй хаана, 10 минутын дотор мөнгө олж ир гэх зэргээр шууд хахууль өгөхийг шаардан 150.000 төгрөг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.П шүүхийн хэлэлцүүлэгт:Тухайн үед П.Золбаяр гэх залуу байгаагүй. Э.Э.З өөрөө байсан. Би Э.Э.Зтай уулзаад насанд хүрээгүй 4 хүүхэд 9 дүгээр сарын 04-ний өдөр танайхаар үйлчлүүлсэн байна үүнийг яаж шийдэх вэ? чи надад 200.000 төгрөг олоод ир гэж хэлсэн.  Тэгээд би 150.000 төгрөг авсан гэв.

 

Шүүгдэгч Э.Э.З шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 04 цагийн үед ажилчдынхаа цалинг тавиад, ажлаа хаачихаад байж байтал гаднаас нэг цагдаа орж ирээд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ээлжинд гарч байсан залуу хаана байна гэж асуусан. Би тэр залуу амралтаа авчихсан байгаа гэж хэлэхэд намайг гаръя гэж хэлээд дагуулж гараад 9 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж зөрчил гаргасан байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар хамгийн багадаа 500.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байсан тул 9 дүгээр сарын 04-ний өдөр ээлжинд гарч байсан П.Золбаяртай утсаар ярьж асуумаар байна гэсэн. Тэгэхэд М.П намайг 20 минутын дотор 250.000 төгрөг олж ир гэж хэлсэн. Надад боломж алга би ажилчдынхаа цалинг тавьчихсан боломжгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд М.П “тэгвэл чи 10  минутын дотор 150.000 төгрөг олоод ир” гэж хэлэхээр нь би баар руу буцаж ороод 150.000 төгрөг авч Пд өгсөн гэв.

 

Гэрч П.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: М.П манай баарнаас 2 залуу авч гарсан. Тэр залуучууд 21 насанд хүрсэн байсан.  П манай баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад шалтгаангүйгээр ирж шалгадаг байсан.  Баарны хамгаалагч үйлчлүүлж байгаа хүмүүсийн насанд хүрсэн хүрээгүйг шалгадаг байсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Гэрчээр Э.Э.З мөрдөн байцаалтанд“...2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн өглөө 04 цаг 30 минутын үед санагдаж байна, баар хаагаад ажилчид цалингаа аваад хувцасаа өмсөөд гарах гэж байсан тэгэхэд гаднаас нэг цагдаа орж ирээд үүдэнд сууж байсан ажилчдаас захирал чинь хаана байна гээд намайг заалгуулж ирсэн. Тэгээд намайг хараад биш байна өөр залуу байсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би нөгөө залуу өнөөдөр амарсан байгаа гэж хэлэхэд гараад ир гээд дагуулж гараад машиндаа суулгасан. Машинд ороод шууд 3, 4 дүгээр хорооллын цагдаагийн кабон дээр дагуулж ирээд дотогшоо орохгүй үүдний довжоон дээр надтай уулзсан. Тэгэхдээ танай нөгөө ээлжин дээр буюу 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө насанд хүрээгүй 2 хүүхдэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил гарсан, танайх энэ зөрчлөө яах гэж байна гэж надаас асуусан тэгэхээр нь би надад ямар нэгэн зөрчил гарсан энэ тэр гэж манай нөгөө залуу надад юм хэлээгүй дээ яасан юм бол гэхэд танай баар насанд хүрээгүй 2 хүүхдэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн, энэ зөрчил чинь Зөрчлийн хуулиар багадаа 500.000 төгрөгийн торгуультай, тэгээд 500.000 төгрөгөөр торгуулах юм уу тэгнэ гэвэл одоо өглөөний 06 цагийн рапортод орууллаа гэсэн. За одоо рапортод оруулах юм уу яах юм эсвэл 500.000 төгрөгөө дундаа хийгээд 250.000 төгрөгийг өгөөд салах юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би нөгөө захирал залуутай уулзмаар байна, арай өндөр юм биш үү, одоо надад ийм их хэмжээний мөнгө алга, сая ажилчдын цалингаа тавьсан надад 100 гаруй мянган төгрөг байна гэж хэлэхэд чи одоо 20 минутын дотор 250.000 төгрөг олоод ир эсхүл рапортод орууллаа гэсэн тэгэхээр нь би жоохон багасгах боломж байна уу гэж асуухад за байж бай гээд цаашаа очоод энгийн хувцастай нэг залуутай уулзаад тамхи татаж зогсож байгаад ирээд за чи яваад 10 минутын дотор 150.000 төгрөг болгоод ир, буцаж ирээд кабон руу орох шаардлага байхгүй шүү, би гадаа машиндаа хүлээж байя гэсэн тэгэхээр нь би ойрхон байх ажил руугаа гүйж очоод текэн дээр зогсож ажилладаг Билгүүн гэдэг хүүхдээс 50.000 төгрөг аваад өөрт байсан мөнгөтэй нийлүүлээд 150.000 төгрөг болгоод баараа хааж хаалгаа түгжээд буцаад очиход нөгөө цагдаа машин дотроо байсан. Тэгээд машин дээр нь очоод 150.000 төгрөг өгөхөд 150 байгаа юу гэсэн тэгэхээр нь тийм гэж хэлэхэд за яв дахиж уулзаад байх шаардлага байхгүй гэж хэлээд явуулсан. Манай бааранд орж ирээд уулзсан цагдааг П гэж энгэрийн тэмдэг дээр нь бичсэн байсан, цагдаагийн ахлагч байлуу ахлах ахлагч байл уу одоо сайн санахгүй байна. Манай бааранд хяналтын камер байдаг бичлэг нь 4-5 хоног хадгалагддаг. Багтаамж нь муу учир өмнөх бичлэг дээр дараагийн бичлэг нь дараад бичээд байдаг юм. Би тухайн өдөр ээлжинд гараагүй манай нөгөө захирал Золбаяр байсан. Золбаярын хэлснээр 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө цагдаа П орж ирээд бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийн бичиг баримтыг шалгаж үзэж байгаад бичиг баримтгүй 2 хүнийг дагуулан гараад энэ 2 хүнийг шалгана гэж хэлээд кабон руу авч явсан гэж хэлсэн. Тэгээд тухайн авч явсан 2 хүнээ шалгаад тэгж ингэж шийдлээ гэдгээ буцаж орж ирж хэлээгүй гэсэн, тэгэхээр нь тэр 2 хүн насанд хүрсэн байсан юм уу эсвэл хүрээгүй байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед баарны хөгжмийг унтрааж байгаад гэрэл асааж байгаад заалны голоор хамт яваад шалгаж байгаад бичиг баримтгүй 2 хүнийг дагуулан гарсан. Тэгээд буцаж ирээгүй болохоор нь тэр 2 залууг насанд хүрсэн юм байна гэж бодсон. 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө  хамгаалагч Энх-Од, бармен Эрка, DJ Эрхэмтөр, бармен Билгүүн, зөөгч Рэнцэн, үйлчлэгч эгч байсан, ер нь манайхан бүгд байсан даа. П надтай уулзчихаад цааш яваад холгүйхэн тэр энгийн хувцастай тамхи татаад зогсож байсан тэр залуутай уулзахдаа “ чамайг дотроосоо хаалгаа түгжээд ууж байгаа юм болов уу гэж бодлоо ш дээ” гэсэн утгатай зүйл яриад байсан. Тамхи татаж байсан хүнийг одоо харвал танихгүй байх, тухайн үед нөгөө захирал Золбаяртай хэрхэн холбогдох уу гэсэн зүйл бодоод зогсож байсан болохоор сайн анзаараагүй” /хх-ийн 53-56/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Золбаяр мөрдөн байцаалтанд”...Би “Crown” баарыг түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө 01-02 цагийн үед манай ажилчид гаднаас цагдаа орж ирсэн бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийг шалгаж байна гэсэн тухайн үед би хажуугийн паб хоолны газар байсан юм. Тэгээд ороход гаднаас нэг цагдаа орж ирсэн үйлчлүүлж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад зааланд явж байсан тэгэхээр нь П гэдэг цагдаатай уулзаад ямар нэгэн асуудал болсон юм уу гэж асуухад үгүй гэсэн, дуудлага ирсэн юм уу  гэж асуухад үгүй гэсэн, тэгээд яасан юм болоо гэж асуухад танай бааранд насанд хүрээгүй хүүхэд үйлчлүүлж байна уу үгүй юу гэдгийг шалгаж байна гэсэн тэгээд нэг нэг ширээн дээрээс бичиг баримтгүй байсан хоёр үйлчлүүлэгчийг шалгана гэж хэлээд аваад гарсан. Тэгэхдээ би энэ 2 хүнийг шалгаад чам руу эргэж ярина гэж хэлээд миний гар утасны дугаарыг бичиж аваад явсан, би тэр цагдааг гарахад баарнаас дагаж гарсан бөгөөд цагдаагийн алаг машинд нь нэг цагдаагийн алба хаагч сууж байсан, бааранд орж ирээд 2 үйлчлүүлэгч авч гарсан цагдаа нь жолоо бариад, баарнаас авч гарсан 2 үйлчлүүлэгчийг машины хойд сандал дээр суулгаад явсан. Үүнээс хойш нөгөө цагдаа миний гар утас руу залгаж яриагүй, би дотроо тэр 2 үйлчлүүлэгч нь насанд хүрсэн хүмүүс байсан юм байна гэж бодоод ажлаа хийж дуусгаад өглөө бууцгаасан”  /хх-ийн 57-60/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд”...Би өөрөө оюутан хүн бөгөөд сургуулийнхаа завсар чөлөөгөөр “Crown” бааранд барменаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос ажлаасаа гарсан. 7-ны бямба гаригт барменаар ажилласан бөгөөд...ажилчдын цалинг захирал Э.З тавьж байсан. Тухайн үед 04 цаг 00 минут болсон баар хаасан байсан. Тэгэхэд гаднаас нэг цагдаа орж ирээд танай баарны захирал хаана байна гээд Э.З захирал дээр ирээд бишээ өөр хүн байсан гэсэн тэгэхэд Э.З захирал өнөөдөр би гарч байна ямар асуудал гарсан юм болоо гэж хэлэхэд чамтай уулзах хэрэгтэй байна гээд дагуулаад гарч явсан. Тэгээд нэг их удалгүй Э.З захирал буцаж орж ирээд 150.000 төгрөг өгөхөөр болчихлоо гээд пабын бармен Билгүүнээс 50.000 төгрөг авсан тэгээд намайг ажилчдаа тараагаад баараа хаагаад яваарай гэж хэлээд өөрөө гарч явсан” /хх-ийн 61-63/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Эрхэмтөр мөрдөн байцаалтанд”...2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө баарны хөгжим ажиллаж байхад гаднаас цагдаа орж ирсэн байна хөгжмөө унтраа гэж хэлсэн тэгэхээр нь хөгжмөө унтраагаад байж байхад хэсэг хугацааны дараа хөгжмөө асааж болно гэхээр нь асаасан. 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө 04 цагт баар хаасан ажилчид хувцасаа өмсөөд, бармен нь тухайн өдрийн тооцоогоо нийлж байсан, би хөгжмөө янзлаад харахад гаднаас нэг цагдаа орж ирээд З-г дагуулаад гарч байгаа харагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Э.З гаднаас орж ирээд ажилчдаа тараагаад баараа хаагаад гарч явсан” /хх-ийн 64-66/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганбаатар мөрдөн байцаалтанд”...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шиг санагдаж байна. “Crown” баарыг түрээслэн ажиллуулдаг Золбаяр гэдэг залуу надтай утсаар яриад ирж уулзсан, тэгэхдээ танай 2-р хэлтсийн эргүүлийн жолооч, цагдаа П гэдэг залуу манай бааранд 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө манай нөгөө ээлжний залуугаас танай баар насанд хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн асуудал гаргасан Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах юм бол 500.000 төгрөгөөр торгуулна, эсхүл дундаа хийе энэ тэр гэж ярьж байгаад 150.000 төгрөг аваад явсан байна гэсэн асуудал хэлсэн. Тухайн үед 2-р хэлтсийн дарга ээлжийн амралтаа авсан эзгүй байсан тул дэд даргад танилцуулаад албаны шалгалт хийхээр болсон. Тэгээд ахлах байцаагч Хас-Очир албаны шалгалт явуулахад Эргүүлийн цагдаа жолооч П “Crown” баарны Э.З гэдэг залуугаас 150.000 төгрөг авсан гэдгээ өөрөө хэлсэн, мөн 150.000 төгрөгөө зарцуулаагүй өөртөө байсныг хураалгасан байсан. Албаны шалгалтаар илэрсэн асуудлыг хэлтсийн дэд даргад танилцуулахад авилга, албан тушаалын хэргийн шинжтэй байна. Авилгатай тэмцэх газар руу материалыг шилжүүл гэсэн үүрэг өгсний дагуу танай байгууллага руу албан тоотоор шилжүүлсэн” /хх-ийн 73-75/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Мөнхбат мөрдөн байцаалтанд”... 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах “Crown” бааранд очиж ажилласан. Тухайн үед машинд зөрчил гаргасан хүн байсан учир би машиндаа суугаад харж байсан, П баар руу ороод бичиг баримтыг нь шалгах шаардлагатай, насанд хүрээгүй хүн байж болзошгүй гээд 4 залууг дагуулаад гарч ирсэн. Тэгээд уг 4 хүнийг машиндаа суулгаад хорооллын эцсийн цагдаагийн кабон дээр аваачаад баарнаас бичиг баримтыг нь шалгана гэж хэлээд авч гарсан 4 хүний регистрийн дугаараар Цагдаагийн АСАП сангаас шүүж үзэхэд 18-19  настай 4 хүн байсныг тогтоосон. Тухайн үед “Crown” бааранд насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зөрчил бичих гэж байтал гаднаас согтуу иргэд орж ирээд маргалдаад байхаар нь уг хүмүүсийн асуудлыг шийдэх гээд насанд хүрээгүй 4 хүүхдийг за за яв гээд явуулсан юм. Кабон дээр маргалдсан хүмүүсийг хооронд нь зохицуулаад явуулсан. Тэгж ингэж байтал 04 цаг өнгөрөөд “Crown” баар хаасан байсан тэгэхээр нь насанд хүрээгүй иргэдэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчлийг нь за яахав гээд орхисон юм. Тэгээд дараа дараагийн дуудлаганд яваад өглөө ээлжнээсээ буусан юм. 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн өглөө “Crown”  баар руу би очоогүй бөгөөд намайг хорооллын эцсийн кабонд дуудлагаар ирсэн хүмүүстэй уулзаад асуудлыг нь шийдээд ажилтай байх хооронд жолооч П “Crown” баар руу очоод баарны хүмүүстэй уулзаад мөнгө авсан юм байна лээ. Тэр асуудлыг би өөрөө мэдээгүй бөгөөд хэлтсээс Пд албаны шалгалт явуулахад нь намайг ажилтай байх хойгуур “Crown” баар луу очоод 150,000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. Дараа нь Птэй уулзаад чи “Crown”  баарны хүнээс мөнгө авсан юм уу гэж асуухад таныг ажилтай байх хооронд уулзаад 150,000 төгрөг авсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82/

 

Гэрч Р.Хас-Очир мөрдөн байцаалтанд” М.П нь цагдаагийн хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч гэсэн албан тушаалтай явдаг, энэ цагдаа жолооч гэсэн албан тушаал нь төрийн тусгай албан гүйцэтгэх албан тушаалын ангилалд хамаардаг. Тэгэхээр нийтийн албан тушаалд М.Пгийн ажиллаж байгаа цагдаа, жолооч гэсэн албан тушаалыг хамааруулан ойлгоно.  Одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад захиргааны арга хэмжээ илрүүлсэн цагдаагийн алба хаагч нэг бол зөрчлийн хэрэг нээж ердийн журмаар шалгана, эсхүл хялбаршуулсан журмаар буюу газар дээр нь торгуулийн арга хэмжээ авч шийддэг. Энэ хуулиар офицер цолтой цагдаагийн алба хаагч заавал шийднэ. Цагдаагийн алба хаагч шийдэхгүй гэсэн зохицуулалт байхгүй...өөрийн томилогдсон хугацаанд захиргааны зөрчил илрүүлсэн тэр даруй асуудлыг шийдэж рапортод оруулж шийдэхээс биш өмнөх эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд илрүүлсэн зөрчлөө рапортод оруулалгүйгээр дараагийн ээлжин дээрээ шийднэ гэсэн асуудал байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 214/

 

Яллагдагчаар Э.Э.З мөрдөн байцаалтанд”...тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа П гэдэг залуу надтай уулзаад 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө танай баар насанд хүрээгүй хоёр хүүхдэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил гарсан, танайх энэ зөрчлөө яах гэж байна гэж асуусан...Рапортод оруулах юм уу яах юм эсхүл 500.000 төгрөгөө дундаа хийгээд 250.000 төгрөгийг өгөөд салах юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би нөгөө захирал залуутай уулзмаар байна арай өндөр юм бишүү одоо надад ийм их хэмжээний мөнгө алга сая ажилчдын цалингаа тавьсан надад 100 гаруй мянган төгрөг байна гэж хэлэхэд хэсэг байж байгаад за чи яваад 10 минутын дотор 150.000 төгрөг болгоод ир, буцаж ирээд кабон руу орох шаардлага байхгүй шүү  би гадаа машиндаа хүлээж байя гэсэн тэгэхээр нь би ойрхон байх ажил руугаа гүйж очоод 150.000 төгрөг болгоод авчирч өгсөн юм.

“...би Пд танай баар насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчлийн тухай хуулиар торгох юм бол 500.000 төгрөгөөр торгоно шүү рапортод орууллаа шүү гээд сүрдүүлээд байсан учир баараа торгуулахгүй баарны үйл ажиллагааг зогсоолгохгүйн тулд 150.000 төгрөгийн хахууль өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 225/

 

Яллагдагчаар М.П мөрдөн байцаалтанд“...Би 2017 оны 9 дүгээр сарын 4-ний 20 цагаас  05-ны 09 цаг хүртэл Бугат-112 чиглэлд дэслэгч Мөнхбатын хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд  буюу шөнийн 01 цагийн үед хорооллын эцсийн “Crown” баар руу  ороод зохион байгуулагчтай нь уулзаад 3 шаардлага тавьсан. Тэгээд бүжгийн талбайгаар нь нар зөв нэг тойрсон тэгэхэд талбайн баруун хойд талаас 3 хүүхэд, баруун талаас 2 хүүхэд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн байдлыг хараад энэ 5 хүүхдийг шалгана. Энэ 5 хүүхэд бие бялдар, өндөр, нас, царай зүсээрээ насанд хүрээгүй байж болзошгүй байсан тул тэр 5 хүүхдийг машиндаа суулгаад шууд хорооллын эцсийн цагдаагийн кабон дээр аваачсан. Цагдаагийн кабон дээр аваачаад регистрийн дугаарыг нь асууж тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн. 18 настай 2 хүүхэд, 17 настай 1 хүүхэд, 19 настай 1 хүүхэд, 20 настай 1 хүүхэд байсан, тэдгээр хүүхдүүд 2 хэсэг болон явж байгаа 2 нь нөгөө 3 залуугаа танихгүй гэдгээ хэлж байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд тавуулангаас нь нийлээд 25,000 орчим төгрөг гарч байсан тэгээд би тэр 5 хүүхдэд та нарыг торгох юм бол 500,000 төгрөгөөр торгох гээд байна, би та нар шиг залуу байсан та нар явцгаа гэж хэлээд явуулсан. Тухайн өдрийн шөнө “Crown” баарны залуу араас ирж уулзах ёстой байсан боловч ирж уулзаагүй тэгээд тухайн асуудал болоод өнгөрсөн. 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө би дэслэгч Мөнхбатын хамт Бугат-112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд шөнийн 01 цагийн үед “Crown” бааран дээр офицер Мөнхбатын хамт очсон, тэгээд зохион байгуулагчийг нь дуудаж уулзаад танайх 04-нөөс 5-нд шилжих шөнө танай баар насанд хүрээгүй 5 хүүхдэд үйлчилсэн чи өөрөө мэдэж байгаа биз дээ, тэр асуудлаар чинь явж байна даа гэхэд та цагдаагийн кабон руу явж бай би араас чинь очъё гэсэн тэгэхээр нь за за араас хүрээд ирээрэй гэж хэлээд офицер бид 2 цагдаагийн кабон руу явсан. Цагдаагийн кабон дээр байхад араас нэг их удалгүй “Crown” баарны зохион байгуулагч нь ирсэн бөгөөд ирэхдээ 150.000 төгрөгтэй ирсэн тэгэхээр нь чи нэмээд 50.000 төгрөг аваад ир 200.000 төгрөг болгоодох гэж хэлсэн тэгээд 150.000 төгрөгийг нь аваад чи одоо 50.000 төгрөг нэмээд аваад ир гээд явуулсан боловч дахиж ирээгүй. Надад Зөрчлийн тухай хуулиар “Crown” баарыг 200.000 төгрөгөөр торгох эрх хэмжээ байгаа, тухайн үед мөнгө авч байхад 50.000 төгрөг дутуу байна шүү дээ гэдгийг хэлээд одоо нэмээд аваад ир гэхэд за гэж хэлээд таг алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 99-102/

 

Шүүгдэгч Э.Зандантулгын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 229/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 230/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 231/,

 

 

Шүүгдэгч М.Пгийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 122/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123/, ял шалгах хуудас /хх-ийн 121/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 113/, ажилд томилж, цол олгох, цалингийн зэрэглэл, шатлал, нэмэгдэл тогтоох тухай /хх-ийн 116-119/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолоочоор ажилладаг шүүгдэгч М.П 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Crown” баарны ажилтан Э.Э.Зас шууд хахууль өгөхийг шаардаж 150.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Э.Зандантулгын”...чи яваад 10 минутын дотор 150.000 төгрөг болгоод ир гэхэд нь...150.000 төгрөг өгөхөд 150 байгаа юу гэсэн тэгэхээр нь тийм гэж хэлэхэд за яв дахиж уулзаад байх шаардлага байхгүй гэж хэлээд явуулсан...” /хх-ийн 53-56/, гэрч Б.Эрдэнэбаярын”...Э.З захирал буцаж орж ирээд 150.000 төгрөг өгөхөөр болчихлоо гээд пабын бармен Билгүүнээс 50.000 төгрөг авсан...”/хх-ийн 61-63/, гэрч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганбаатарын”...ахлах байцаагч Хас-Очир албаны шалгалт явуулахад эргүүлийн цагдаа жолооч  П “Crown” баарны Э.З гэдэг залуугаас 150.000 төгрөг авсан гэдгээ өөрөө хэлсэн, мөн 150.000 төгрөгөө зарцуулаагүй өөртөө байсныг хураалгасан байсан...”/хх-ийн 73-75/, гэрч Ц.Мөнхбатын”...дараа нь Птэй уулзаад чи “Crown”  баарны хүнээс мөнгө авсан юм уу гэж асуухад таныг ажилтай байх хооронд уулзаад 150.000 төгрөг авсан гэж надад хэлсэн..” /хх-ийн 79-82/ гэсэн мэдүүлгүүд болон  эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 54/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-33/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-35/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийг хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь томилгоо /хх-ийн 6/, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 21/, Цагдаагийн ерөнхий газар Мэдээлэл технологи, холбооны газрын албан тоот /хх-ийн 22, 24/, рапорт, дуудлагын дэвтрийн хуулбар /хх-ийн 37-48/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Э.Э.З 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн гадна өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч ажилтай М.Пд 150.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:                       

гэрч Б.Эрдэнэбаярын”...Э.З захирал буцаж орж ирээд 150.000 төгрөг өгөхөөр болчихлоо гээд пабын бармен Билгүүнээс 50.000 төгрөг авсан тэгээд намайг ажилчдаа тараагаад баараа хаагаад яваарай гэж хэлээд өөрөө гарч явсан...”/хх-ийн 61-63/, гэрч Х.Ганбаатарын”...П “Crown” баарны Э.З гэдэг залуугаас 150.000 төгрөг авсан гэдгээ өөрөө хэлсэн, мөн 150.000 төгрөгөө зарцуулаагүй өөртөө байсныг хураалгасан байсан...” /хх-ийн 73-75/, гэрч Ц.Мөнхбатын”...Пд албаны шалгалт явуулахад нь намайг ажилтай байх хойгуур “Crown” баар руу очоод 150.000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн...”/хх-ийн 79-82/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 150.000 төгрөг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдлоо.

 

Шүүх хуралдаан дээр:

М.Пгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “М.П баарыг торгох, хаах эрх бүхий албан тушаалтан биш тул нийтийн албан тушаалтанд хамаарахгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэнээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн, 

Э.Зандантулгын өмгөөлөгч Б.Чинбатаас ”миний үйлчлүүлэгч Э.Э.З авилгын хэргийг сайн дураараа илчилсэн тул ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт тус тус  гаргалаа.

 

М.Пгийн тухайд  Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолоочоор ажилладаг болох нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/403 дугаартай тушаалаар нотлогдож байх бөгөөд түүний эрхэлдэг албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахаар байх тул М.Пг  нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаа-жолооч ажилтай М.П албан үүргийн хувьд өөрт олгогдоогүй хууль бус үйлдэл хийж “Crown” баарыг хариуцан ажиллуулдаг Э.Э.Зд “танай баар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зөрчил гаргасан байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар 500.000 төгрөгөөр торгоно, 50 хувийг өгчихвөл бүртгэлд оруулахгүй хаана, 10 минутын дотор мөнгө олж ир” гэж өөртөө шууд хахууль өгөхийг шаардаж Э.Э.Зас 150.000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүний өмгөөлөгч Д.Энхцэцэгээс гаргасан “зүйлчлэл өөрчлүүлэх тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Э.Зандантулгын үйлдэлд  “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа төрийн байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн ...” гэх байдал тогтоогдоогүй байх тул  түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.  

 

Түүнчлэн Э.Э.З бусдад хахууль өгсөн талаараа төрийн байгууллагад сайн дураараа илчлээгүй, харин Э.Э.Зтай “Crown” баарыг хамт ажиллуулдаг гэх П.Золбаяр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганбаатарт энэ талаар утсаар мэдэгдэж улмаар М.Пд албаны шалгалт явуулснаар энэ хэрэг илэрснийг дурьдах нь зүйтэй.

 

Э.Э.З өөрийн хариуцан ажиллуулдаг “Crown” баараа хаалгахгүй, 500.000 төгрөгөөр торгуулахгүй  өөртөө давуу байдал бий болгохын тулд М.Пгийн шаардсанаар түүнд 150.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон тул өмгөөлөгч Б.Чинбатаас гаргасан “Э.З-г ялаас чөлөөлүүлэх” санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно. 

 

Прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд,

шүүгдэгч М.Пг “нийтийн албан тушаалтан бусдаас шууд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.З-г ”өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад   хахууль өгсөн” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

М.П нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хуралдаан дээр өмгөөлөгч Д.Энхцэцэг “миний үйлчлүүлэгч 150.000 төгрөгийн хохиролоо төлөх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг  талуудын хүсэлтээр шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж, гэм буруутайд тооцогдсон М.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон болно.

 

Шүүхээс  шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд  М.П, Э.Э.З нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан 150.000 төгрөгийн хохиролоо  М.П нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Тэдгээрийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн 

шүүгдэгч  М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж,

шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзав.

 

М.Пд шүүхээс оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулснаас түүний цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хасаж тооцон, түүний торгох ялын биелэгдэх боломжит хугацааг нийт 3 жилээр тогтоов.

Шүүх, Э.Э.Зд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтлоо.

 

Шүүгдэгч М.П шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас Э.Э.Зд учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн тул М.Пг бусдад төлөх төлбөргүйд тооцож, М.Пгийн  Э.Э.Зас хахуульд авсан 150.000 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э.З цагдан хоригдсон хоноггүй, М.Пгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ тогтоолоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Пг нийтийн албан тушаалтан шууд хахууль өгөхийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар ,

шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. М.Пд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 4 хоног буюу 60000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 36 /гучин зургаа/ сард хэсэгчлэн буюу сар тутамд 277.778 /хоёр зуун далан долоон мянга долоон зуун далан найм/ төгрөг төлөхөөр тооцож нийт торгох ялыг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Э.Э.Зд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Э.Э.Зд анхааруулж мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.Э.Зд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар М.Пгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс,

Э.Зандантулгын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

10. М.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П, Э.Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ