Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03541

 

 

 

 

 

 

 

 

          2024        08          30 

      182/ШШ2024/03541

    

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Ж-гийн нэхэмжлэлтэй,

 

Г.Ц-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б овогтой Ж миний бие Г овогтой Ц-той 2013 оноос хамтран амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 12-нд том охин Ц.А, 2017 оны 10 дугаар сарын 30-нд охин Ц.А, 2019 оны 03 дугаар сарын 11-нд хүү Ц.А мэндэлсэн дундаасаа 3 хүүхэдтэй. Г.Ц нь Өмнөговь аймгийн цагаан хаданд том тэрэгний жолооч хийдэг гэртээ ирж, очин байдаг байж багаад 2020 оноос 2021 оны цар тахалын хөл хорио гээд гэртээ ирэхээ байсан, хааяа ирэхээрээ архи ууж, орон гэрээ буулган, хүүхдүүдээ айлган шатааж ална гээд хэд хэдэн удаа цагдаа дуудаж хамгаалуулж байсан. Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 23-нд ирж агсам тавьж, бас цагдаа дуудан өгсөн тэрнээс хойш одоог болтол холбоогүй утасаа авдаггүй болсон. 2023 оны 11 дүгээр сард 3 хүүхэддээ тэтгэмж тогтоолгох гэж өгсөн боловч утсаа авахгүй, холбогдохгүй байна гээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл өгснөөс хойш байсан гэр оронгоо аяаад явчихсан байсан. Г.Ц нь утас нь болохгүй хаана байгаа нь тодорхой бус одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж нь Г.Цыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж нь 2013 оноос хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Г.Ц нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Г.Ц нь Чингэлтэй дүүрэг, тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШЗ2023/14855 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн CVL2411990001019859 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн CVL2411990001019860 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.    

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Г.Ц нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Нэхэмжлэгч Б.Ж нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн,  дугаар регистртэй, эрэгтэй, О овогт Г-ийн Ц-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Цыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Б.Ж-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.                       

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН