Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/891

 

 

 

 

 

      2024             08            08                                        2024/ДШМ/891

 

Н.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Алтанцэцэг,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2210020100587 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Н, .... тоотод оршин суух, /РД:.../, урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Тоёота Приус 20” автомашин 6.000.000 төгрөгөөр зарна гэсэн хуурамч зарыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Д.Э нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт, Сургуулийн 36-18 тоот гэртээ байхдаа 2.000.000 төгрөгийг, Янмалын АТМ-аас 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг иргэн П.Сэзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон яаралтай мөнгөний хэрэг гарсан тул азтай нь аваарай “Лөксус” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гэсэн хуурамч зарыг цахимд байршуулж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Н.О нь Баянгол дүүргийн .... тоот гэртээ байхдаа “Хаан” банкны ..... тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлснийг авч залилсан,

2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк цахим хаягаар Портер маркийн автомашин зарна гэж хуурамч зар оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Л.З нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байхдаа Хаан банкны ... тоот дансыг ашиглан хохирогч 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “фейсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Corolla” маркийн автомашин зарна гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон иргэн Я.Г өнөөдөр авах бол урьдчилгаа мөнгө шилжүүлчих, маргааш өглөө машиныг чинь аваачиж өгнө гэж хуурч Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банк дахь ... тоот дансаар 1.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Ц.У Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2-т байхдаа 3,000,000 төгрөгийг .... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр автомашин зарна гэсэн хуурамч зарын дагуу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн М.Б Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 16-53 тоотод гэртээ байхдаа 2.000.000 төгрөг хохирол учруулж залилсан, бусдад нийт 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.М үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн дансны хуулгыг файл хэлбэрээр буулгасан нэг ширхэг, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн нэг ширхэг, нийт хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-гаас 13.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э 4.000.000 төгрөг, Н.О 400.000 төгрөг, О.З 2.500.000 төгрөг, Я.Г 1.300.000 төгрөг, Ц.У 3.000.000 төгрөг, хохирогч М.Б 2.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие тогтоолд дурдсан залилах гэмт хэргийн 6 үйлдлийг үйлдсэн гэм буруудаа огтхон ч маргахгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болно. Харин анхан шатны шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...нөгөө талаас урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч уг байдалдаа дүгнэлт хийж нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулж... гэсэн дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал миний бие нь урьд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан минь үнэн хэдий боловч энэ нь 2019 онд дуусгавар болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсныг үндэслэвэл дээр дурдсан миний эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон явдал нь надад эрүүгийн хариуцлага оногдуулах болон түүний төрөл хэмжээг тогтооход харгалзан авч үзэх шалтгаан болох ёсгүй байна.

Нөгөөтээгүүр миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт зөрчил үйлдэхгүй гэж шийдээд мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явагдахад мөн миний үйлдсэн гэмт хэрэг нотлогдоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг минь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс харж болно. Миний бие хохирогч нарт учруулсан хохирлыг цаашид богино хугацаанд нөхөж төлж барагдуулах болно. Миний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс оногдуулж болох хорих ялын хэмжээг нь 6 сараас эхлэн 3 жил хүртэл хугацаагаар тогтоосноос гадна мөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж болохоор зохицуулагджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршгийн шинж чанар хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж...” болно. Хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах...” гэж шүүхэд эрх олгож зохицуулсан байна.  Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг надад заавал журамлах ёстой байсан мэтээр миний бие сэтгээгүй бөгөөд надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлах эсэх нь шүүгч нар та бүхний эрх хэмжээний асуудал юм. Гагцхүү давж заалдах шатны шүүхээс хүсэхэд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага надад хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэгэнт зөрчсөн байдал болон миний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирлоо аль болох маш богино хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхийн шүүгч нар та бүхний бүрэн эрх хэмжээ, дотоод илтгэлийнхээ хүрээнд хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүхээс Н.Нд 1 жил 6 сарын хорих ял оногдуулахдаа хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөгүй, тэдний зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, мөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнээс гадна өмнөх эрүүгийн хариуцлагадаа дүгнэлт хийж нийгэмшээгүй гэсэн дүгнэлт хийжээ. Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр автомашин зарна гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 6 хохирогчийг залилж нийт 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн гэм буруу дээрээ маргаагүй өмгөөлөгч аваагүй байна. Хэрэгт авсан баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тогтоогдсон, мөн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул өмгөөлөгчийн зүгээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 -д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн зүйлийн 3-д “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Иймд Н.Нн гэм буруу дээрээ маргаагүй, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн байдал, мөн хохирогч нарын хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулахаар хохирогч нартай өмгөөлөгчөөрөө дамжуулан холбогдож хохирол төлбөрийг төлж эхэлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял шийтгэх эс бөгөөс хорих ялын хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр автомашин зарна гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 6 хохирогчийг залилж нийт 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт нь тохиорсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

   Хохирогч Ц.У 1хх-13, Д.Э 1хх 81-82, Н.О 1хх-174-175, Г.Б 1хх-132, М.Б 1хх 236-237, О.З 2хх 63-64, Я.Г 2хх 156-157, гэрч Д.С 1хх 89-90, Э.З 1хх 93-94, Н.Н-н яллагдагчаар өгсөн 1хх 56, 147, 2хх 29-30, 89, 167-168 204-206 гэх мэдүүлгүүд,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 109-110, 112-116, 179, 182-185, 245-250/ зэргийг харьцуулан шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Н нь цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд “автомашин зарна” гэх утгатай зар байршуулсан нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй, өөрт нь байхгүй автомашиныг байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Нг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.Нгаас “ ... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ... ”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү эсхүл оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

   Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Н.Нн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

 

   Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Н.Нн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тус шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч Д.Э 4.000.000 төгрөг, Н.О 400.000 төгрөг, О.З 2.500.000 төгрөг, Я.Г 1.300.000 төгрөг, Ц.У 3.000.000 төгрөг, хохирогч М.Б 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсныг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 10 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан “... хорих ялыг хөнгөрүүлэх ...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Нн 2024 оны 5 дугаар сарын 22-ноос 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

 

4 дэх заалтад “хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.” гэснийг

“хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж,

 

6 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нн 2024 оны 5 дугаар сарын 22-ноос 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН