Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-29 тоотын “Ганданчойнхорлон” хийдэд Г.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт “ Д манай хийдэд орж ирж бурхан тахилын урд талын мөнгийг хулгайлж авах явдал өмнө нь хоёр ч удаа болж байсан. Д согтуу манай хийдэд орж ирээд гурав дахь удаагаа ийм явдал гаргахаар нь би араас нь татаж түлхэхэд Д согтуудаа хөл алдаж шат руу унасан. Би Дт 60.000 төгрөг өгсөн.  Би өөрийн гэм буруугаа болон прокурорын 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байгаа”  гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 4 дүгээр сарын 15-нд гадуур явж байгаад Гандангийн баруун хаалганы ойролцоо хүмүүстэй нэлээд хэдэн шил архи уугаад гэртээ орой хариад тасарсан. Тэгээд өглөө сэрээд гэрт байсан 200 гр архи уугаад дахиад Гандан дээр ирээд хүмүүстэй архи уусан. Тэгээд нэлээн согтуу тэр хавиар явж байгаад Ганданчойхорлон хийдэд очиж лам Атэй уулзах гэж очсоноо муухан санаж байна. Тэгээд А давраад байгаарай гээд намайг өшиглөж зодоод, араас шатны уруу зайл гээд түлхсэн. Тэгээд унахдаа үүдэнд байсан шилэн хорго ар нуруугаараа тулж унасан юм шиг байна. Тэгээд А намайг хөөгөөд гаргасан. Тэгээд би төрсөн дүү Нансалмаагийнд очсон байсан.  Гэмтлийн эмнэлэг дээр очсон.  Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байна. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр О.А мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 4 дүгээр сарын 16-нд 14 цагийн үед Ганданчойнхорлон хийддээ хүн үзээд сууж байсан. Тэгэхэд гаднаас зүс таних Дэлгэр согтуу ирээд тэр хавиар эргэлдээд бурхан тахилын мөнгө рүү яваад байсан. Би очоод татаж зогсоогоод нуруу цээж рүү нь гараараа 2 удаа цохиод шилэн хүзүүнээс нь барьж байгаад хаалга руу түлхээд хөөж гаргасан. Тэгэхэд Дэлгэр хөл алдаад миний түлхсэн эрчинд доошоо шат руу өнхөрөөд унасан. Унахдаа шатны хажууд байсан шилэн лангууг нуруугаараа хагалж унасан. Тэгэхээр нь би босгоод үүдээр гаргаад явуулсан. Би буцаж гарч ирэхэд Дэлгэр тоглоомын талбай дээр ганцаараа явж байхаар нь очиж газар хэвтэж байсан  нарийн гулжигнасан төмрөөр 2 гуя руу нь цохиж дахиж орж ирвэл дэмий шүү ална шүү гэж хэлэхэд зугатаад явсан. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5099 дугаартай: Г.Дын биед баруун гуянд шарх, баруун гуя, дал, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч О.Аийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар /хх-ийн 42/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, цэргийн батлахын хуулбар /хх-ийн 43/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А  2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 2-29 тоотын Ганданчойнхорлон хийдэд Г.Дын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Дын”...А давраад байгаарай гээд намайг өшиглөж зодоод, араас шатны уруу зайл гээд түлхсэн. Тэгээд унахдаа үүдэнд байсан шилэн хорго ар нуруугаараа тулж унасан...” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5099 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд О.Аийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Д хөл алдаад миний түлхсэн эрчинд доошоо шат руу өнхрөөд унасан. Унахдаа шатны хажууд байсан шилэн лангууг нуруугаараа хагалж унасан... төмрөөр 2 гуя руу нь цохиж...” /хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч О.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг О.Аэд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ