Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/892

 

 

 

 

 

      2024             08            08                                        2024/ДШМ/892

 

Г.С холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л ,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/1576 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлээр эрүүгийн 2308035780437 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.С , ... түр оршин суух, /РД:.../, урьд:

 

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 cap 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

           

Яллагдагч Г.С нь 2021 оны 11 дүгээр сарын сард бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох “Тоёота Харриер” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр авч ашиглаж байхдаа уг тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авахын эрх олгосон бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн

мөн үргэлжилсэн үйлдлээр хуурамч бичиг баримтыг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.. ” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газарт “Тоёота Харриер” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг залилан авсан,

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.. ” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт “Тоёото приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.С үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтээс үзвэл, яллагдагч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагджээ. Гэтэл прокурор түүнийг нэг тогтоолоор хоёр гэмт хэрэгт яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан императив буюу заавал биелүүлэх хэм хэмжээг зөрчжээ. Харин үйлдэл тус бүрд нь үүсгэсэн хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулах эсэх нь прокурорын эрх хэмжээнд диспозитив байдлаар хадгалагдаж байгаа нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан байна. Ийнхүү эрүүгийн процессын хуулийн заавал биелүүлэх хэм хэмжээг прокурор зөрчсөн байх тул яллагдагч Г.С холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй юм. Түүнчлэн, прокурор яллагдагч Г.С хуурамч баримт бичиг үйлдсэн хэмээн яллаж оруулж ирсэн байгаа нь хангалттай шалгагдаагүй, нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг бүрэн нотлоогүй байна гэж шүүх үзлээ. Учир нь, нэгдүгээр хавтаст хэргийн 91-93 дахь талд авагдсан Г.С яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины гэрчилгээг .. гэх хүнд хэлж хуурамчаар хийлгүүлсэн, .. сүүлд сонсоход шоронд орсон сурагтай байсан. ..  овог, нэр, регистрийн дугаар болон утасны дугаар, гэрийн хаягийг нь мэдэхгүй... .. нь манай найз залуугийн найз нь бөгөөд сүүлд сонсоход хар тамхины хэргээр шоронд орсон сураг байсан...” гэснийг мөрдөн шалгах ажиллагаагаар мухарлан шалгаагүй орхигдуулсан байна. Энэхүү нөхцөл байдлыг мухарлан шалгаагүй атал, прокурор Г.С хуурамч баримт бичиг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж ирүүлсэн байгаа нь эргэлзээтэй байхын сацуу гэмт хэрэг үйлдсэн хүнийг үнэн зөв тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Хэдийгээр яллагдагч Г.С нь .. гэх нэр дурдсан хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч, шалгавал зохих мэдээллийг мэдүүлсэн байна. Иймд хорих ял эдэлж байгаа хүмүүсийн нэр, зүйл ангиар лавлагаа авах, таньж олуулах ажиллагаа хийх, мэдүүлэг авах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын гол агуулга нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр болж өнгөрсөн бодит үнэнийг тогтоох явдал юм. Гэтэл прокурор яллагдагч Г.С мэдүүлгийг шалгаж хяналгүйгээр түүнийг “хуурамч баримт бичиг үйлдсэн” хэмээн яллаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх суурь зарчмыг зөрчихийн сацуу хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болох юм. Дээрхээс нэгтгэн дүгнээд, яллагдагч Г.С холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн журмаар хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр энэхүү хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Г.С залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокуророос нэг яллагдагчид холбогдох хэргийг нэг тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд эрүүгийн 2303035780437 дугаартай хэрэгт яллагдагч Г.С холбогдох өөр дугаартай нэгтгэсэн хэрэг байхгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос хэрэг нэгтгэн шалгаагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг нэгтгэх” гэсэн заалтыг хамааруулан хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байх ба хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэх гэсэн заалт нь хуулийн хүрээнд зөвхөн прокурорт олгосон эрх хэмжээ бөгөөд прокуророос яллагдагч Г.С гэмт үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа нэг яллагдагчийн нэг гэмт үйлдлээсээ дараагийн гэмт үйлдэл нь хамаарч үйлдэгдсэн, нэг хохирогчтой, нэг цаг хугацаанд хохирогч хохирсон үйлдлүүдээ шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж гаргасан, нэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгахад үргэлжилсэн үйлдэлтэй байсан тул нэг эрх зүйн акт буюу прокурорын тогтоолоор ял сонсгохдоо уг хуулийн 30.17 дугаар зүйлд заасныг удирдлага болгосон нь хуульд нийцэхээс гадна, яллагдагчид нэг тогтоолоор ямар ямар гэмт хэрэг үйлдсэн болохыг тусгаж ял сонсгосон нь яллагдагчийн үндсэн эрхийг зөрчөөгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна. Хэрэв нэг яллагдагч тусдаа хохирогч нарт халдаж, тус тусдаа эхлэл, төгсгөлтэй бие даасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдэгдэж, эдгээр гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагад тус тусад нь шалгуулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан процессын дагуу яллагдагчийн үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулахаар зохицуулсан зохицуулалт гэж ойлгож байна.

Яллагдагч Г.С нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.. ” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт тоёота приус 30 маркийн 04-57 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн огноог үг, үсэг, тоо зэрэг бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, “.. ” ХХК барьцаалан зээлдүүлэх газрын 248 дугаартай барьцааны гэрээ гэх баримтуудаар яллагдагч Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “.. ” ХХК-аас тоёота приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байна. Яллагдагч Г.С үйлдсэн гэмт хэргүүдийн сүүлийн үйлдэл нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдлуудаас үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдлоо. Хэдийгээр хэргийг хянасан прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад бүрэн дүгнэлт хийлгүйгээр, яллагдагчид холбогдох Эрүүгийн хуулийг тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнтээ дууссан байхад мөрдөн шалгах ажиллагааг дахиж хийлгүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл, заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” гэх заалтыг зөрчиж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хууль, заасан үндэслэлүүдээр хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх эрх хэмжээ нь шүүхэд хуулиар олгогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэх бол” заасны баримтлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1576 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа тухайн яллагдагчийн үйлдэл тус бүрээр нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулсны дараа хэргүүдийг нэгтгэх байсан гэж шүүгч үзэж хэргийг буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, эрүүгийн хэргийн дугаартай, хохирогчтой, үйл баримттай гэмт хэрэг төгсөн ийм хэргүүдийг тухайн яллагдагчийн үйлдэл тус бүрээр нь яллагдагчаар татсаны дараа мөрдөн байцаалтыг явуулж тухайн яллагдагчийн хэргийг нэгтгэх зохицуулалт заасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд энэ хэрэгт нэгтгэсэн эрүүгийн хэрэг байхгүй, прокуророос яллагдагчийг нэг нь нэгээсээ хамааралтай гэмт хэргийн 2 үйлдлийг нэг тогтоолоор татсан асуудал байсан. Хоёр үйлдлийг нэг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна. Тухайн нэгтгэх зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэж байна. Жадамбаа гэх хүний үйлдэл оролцооны асуудал яригддаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан гэх хэргийг үйлдсэн этгээд нь Жадамбаа байна. Харин яллагдагч Г.С тухайн хуурамч бичиг баримтыг ашилсан үйлдэл байгаа. Тээврийн хэрэгслийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн Жадамбаагийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байна. Энэ хэрэг Жадамбаагийн үйлдлийг орхигдуулснаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэх үндэслэлээр буцаасан. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж үзээд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нэгтгээд хууль зүйн дүгнэлт хийх боломж байсан. Шүүгчийн захирамжаар хэргийг шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол хамаарч байх тул хууль зөрчсөн байна гэж үзэж шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч Г.С холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “...Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэгт холбогдсон атал прокурор нэг тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан. Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдсэн” гэх шинжээр нь яллаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх суурь зарчмыг зөрчиж байна. Дээрх гэмт хэрэгт холбогдуулан .. гэх хүний талаар дурдагддаг ба энэ талаар мухарлаж шалгалгүй орхигдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас харахад Г.С Эрүүгийн хуульд заасан “залилах” болон “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэх 2 үйлдлийг прокуророос нэг тогтоолоор 2308035780437 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Тодруулбал Г.С нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, тухайн бичиг баримтаа ашиглан үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлсэн гэх үргэлжилсэн үйлдлийг нь хохирогч нэг цаг хугацаанд шалгуулахаар гомдол гаргасан тул прокурор нэг эрх зүйн акт гаргажээ.  

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг нэгтгэх, тусгаарлах” гэх заалт нь хэд хэдэн яллагдагч нэг эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол тухайн эрүүгийн хэргийг нэгтгэх эсхүл тусгаарлах зохицуулалт юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.С нь яллагдагчаар мэдүүлэхдээ .. гэх тодорхойгүй хүний талаар мэдүүлдэг ба түүний талаар энэ хэрэгт хамтатган мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд гомдол гаргаж шалгуулсан тохиолдолд тусад нь шийдвэрлэх боломжтой.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “залилах” гэмт хэргийн шинжид “...баримт бичиг ашиглаж...” хэмээн залилах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон тул хуурамч бичиг баримт ашигласан үйлдэлд нь түүнийг давхардуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй болно.

 

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тооцно.

 

Прокуророос 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” гэж заасныг зөрчжээ.

 

Яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад “2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр” гэхийг “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр” гэж мөн яллах дүгнэлтийн хавсралтад 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж тус тус алдаатай бичсэн зөрчлүүд байгааг буруутган тэмдэглэж байна.

Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иймд яллагдагч Г.С холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/1576 шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.   

2. Яллагдагч Г.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН