Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Алтан-Овоо овогт Очирвааны Аод холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.А 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг Стериж нэртэй бааранд иргэн М.Быг ширээн дээр байсан архины шилээр толгойд нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд хандаж би мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд нийт 800.000 төгрөг төлсөн” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд” 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 13 цагийн үед миний өөрийн найз болох Гантулга над руу залгаад хороололд хүрээд ирээч ганц нэг юм аваад өгөөч гэж дуудсан тэгэхээр нь би 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичилийн 5 дугаар байрны тэнд очоод Гантулга руу залгахад орцны гадаа байж бай гээд Гантулга Түмэнбаатар  нар гарч ирсэн тэгээд 1 шил Хараа архи аваад Түмэнбаатарын машинд хувааж уугаад байж байтал Түмээгийн найз дуудаад байна гэхээр нь би тухайн үедээ дургүйцэж байсан тэгээд нөгөө 2 ятгаад байхаар нь хамт явсан ба Ашид нэртэй зочид буудлын 202 тоот руу ороход А өөр нэг танихгүй хүнтэй архи уугаад байж байсан тэгээд хамт гарахаар болоод 5-уулаа гараад Өргөөгийн урд талын 888 гэсэн хаягтай байсан санагдаж байна өмнө нь явах замдаа би Түмээд 2-уулаа тийшээ очоод яах юм бэ би чамайг хүргээд өгье харъя гэж хэлэхэд мөн л Түмээ  хамт явчихаач гэж гуйгаад байсан. Тэгээд араас нь нөгөө найзуудынх нь нэг залгаад та хоёр яачихав гэхээр нь бид  хоёр удахгүй очлоо гээд Баянгол захын баруун талын 888 гэсэн хаягтай газар байсан тэгээд дотор ороход нь нөгөө 3 буюу А, Гантулга өөр бас нэг залуу архи дундаа тавьчихсан хуваагаад ууж байсан тэгээд наашаа суугаач гэхээр нь шахаад  суусан хэсэг хугацааны дараа би Атой эвгүй үг хэлсэн байж магадгүй тэгсэн А гэнэт босч ирээд л архины  шилээр миний зулай хэсэг рүү нэг удаа цохисон тухайн үед миний ухаан балартаад унасан тэгээд тархи хагарч цус гарсан. Миний тархи байнга өвдөж байна цаашид нарийн шинжилгээ хийлгэмээр байна эхний ээлжинд 500.000 төгрөгийн зардал гарсан баримтаар, хэрэг болсноос хойш ажилдаа явж чадсангүй би гэр бүлээ тэжээдэг асуудал үүсээд байна. А гэх залуу огтын шалтгаангүй намайг хэрцгийгээр зэвсгийн чанартай зүйл ашиглан зодсон одоо бие өвдөөд хэцүү байна” /хх-ийн 24/,

Хохирогч М.Б дахин байцаалтаар”...А надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг гарган өгч бид 2 сайн дурын  үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Түмэнбаатар мөрдөн байцаалтанд” 2018 оны 01 сарын 02-ны өдөр 14 цагийн үед найз Гантулга манай гэрт ирээд бид 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Гантулга нэг найзтайгаа яриад уулзахаар болоод Гантулга бид хоёр манай гэрээс гараад манай байрны гадна Б гэх найзтай нь уулзсан. Б 0.75 литрийн архи авчирсан байсан. Бид гурав миний машинд орж суугаад архиа уугаад ойр зуурын юм яриад сууж байтал найз А над руу яриад уулзахаар болсон. Хорооллын Ашид нэртэй зочид буудлын гадна Атой уулзахад нэг залуутай хамт байсан. Ингээд тавуулаа болоод Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стериж нэртэй пабад орж А 0,75 литрийн нэг шил архи аваад 5-уулаа юм яриад уугаад сууж байтал Б Аыг чи Сүхбаатарынх билүү танай нутгийнхан сайран хөлтүүд билүү гээд доромжилсон өнгө аястай үгээр идээд байсан. А чимээгүй суугаад байсан. Б гэнэт ширээн дээрээс жижиг цэвэр ус билүү нэг юм аваад А руу шидтэл гар байна уу мөрийг нь оноод газар унатал А ширээн дээр байсан архины шилийг аваад Бын толгой руу цохичихсон. Быг би доош нь дараад суулгатал Бын толгойноос цус гарч байсан” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр О.А мөрдөн байцаалтанд “2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн  найз болох Түмэнбаяр гээд залуутай ойрд уулзаагүй уулзъя гээд хорооллын Стериж нэртэй бааранд дуудсан. Тухайн үед Түмээгээс наад хоёр залуу чинь гайгүй биз дээ гэж асуухад манай найзууд зүгээрээ гэж хэлсэн тэгээд орж ирээд бид нар танилцсан. Б гэх залуу байсан тухайн үед 21 цаг болж байсан Батсайхан орж ирэхдээ бас нилээн согтуу байсан.  Тэгээд би архи захиалаад тооцоог нь хийгээд архи хуваагаад уугаад байж байтал нилээн сууж байгаад Б надад хандаад чи муу баас хошногны нүх минь би чамайг алнаа гэх мэтээр хэл амаар доромжилоод байсан тэгээд над руу ууж байсан усныхаа савыг босож ирээд шидэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан архины шилээр нэг удаа цохисон” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1088 дугаартай “М.Бын биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч О.Аын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48/ тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 49/ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг Стериж нэртэй бааранд иргэн М.Бын  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Бын”...А гэнэт босч ирээд л архины  шилээр миний зулай хэсэг рүү нэг удаа цохьсон тухайн үед миний ухаан балартаад унасан тэгээд тархи хагарч цус гарсан...” /хх-ийн 44/, гэрч Д.Түмэнбаатарын”...Б гэнэт ширээн дээрээс жижиг цэвэр ус билүү нэг юм аваад А руу шидтэл гар байна уу мөрийг нь оноод газар унатал А ширээн дээр байсан архины шилийг аваад Бын толгой руу цохичихсон...”/хх-ийн 26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1088 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, хохирогч М.Бын толгой компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 29/, хохирогчоос гаргасан хохиролын баримтууд /хх-ийн 35/, хохирогч Б би О.Аоос 600000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх-ийн 45/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох   баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч О.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг О.Аод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Алтан-Овоо овогт Очирвааны Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нийт 3 /гурав/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ