| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04509/И |
| Дугаар | 182/ШШ2024/03549 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03549
| 2024 08 30 | 182/ШШ2024/03549 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ЧДХХҮХийн нэхэмжлэлтэй,
Ч.Тийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Тус Прокурорын газраас иргэн Ч.Тоос учруулсан хохирол болох 4.000.000 төгрөгийг гаргуулан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Төрийн сан банк дахь тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25,26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т зааснаар “бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдэээс гаргасан нэхэмжлэл” нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурорын нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Төрөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авч, зээлийг эргэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, цаашлаад дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ЧДХХҮХээс хүсэлт гаргаж, итгэмжлэл ирүүлсний дагуу хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч Ч.Тийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 182/ШЗ2024/01898 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй Чүлтэмнамдагийн Төмөрцоожийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЧДХХҮХ нь Ч.Тийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ЧДХХҮХ нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийн Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, 4.000.000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Ч.Т нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Ч.Т нь Чингэлтэй дүүрэг, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2024/01898 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн CVL2411990001019035 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн CVL2411990001019036 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ч.Т нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт Ч-ийн Т-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч.Т-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ЧДХХҮХийн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Н-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН