Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 426

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ямайка баарны үүдэнд иргэн О.Быг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зулгаралт, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Б мөрдөн байцаалтанд”...2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би ажил үүргээ гүйцэтгэсэн би өөрөө хамгаалалтын албаны шуурхай бүлгийн жолооч хийдэг. Тухайн өдөр хамгаалагч Амартүвшинтэй үүрэг гүйцэтгэж байхад Ямайка бааран дээр шуурхай бүлгийг яаралтай дуудсан.  Бид хоёр яваад очиход гар нь гавлагдсан өндөр залуу тооцоогоо төлөөгүй гэсэн асуудалтай тэр хүмүүстэй маргасан байдалтай байсан. Тэгээд ямар ч байсан цагдаад аваачиж өгье гээд албаны машин руу манай хамгаалагч Амартүвшин тэр гавтай хүн  буюу  Быг  суулгаад байж байтал тэр хүнтэй хамт явсан гэх 3 хүн нь дээр тооцоогоо хийж байсан. Намайг Амартүвшин дуудахад би машин дээрээ очтол нөгөө гавтай хүн машины арын суудал руу шүлс нусаа хаяаад машин дотор тал руу энд тэндгүй өшиглөөд болохгүй болохоор нь машинаас гаргасан. Тэгээд байж байтал хамт явсан нэг эмэгтэй нь манай найзыг  буулга гээд байсан. Тэгээд бид 2 танай найз болохгүй байна гээд байж байтал нөгөө хүүхний гутал сугараад хөл нүцгэн яваад байсан би тэгэхээр нь чи наад гутлаа өмс гээд гутлыг нь авч өгөх гээд  тонгойход нөгөө Б гээд хүн миний нүүр рүү өшиглөсөн. Миний нүдэнд оносон. Нэг удаа өшиглөсөн...Б миний нэрийг энгэрээс хараад Батжаргалаа муу хужаагийн шээж би чамайг өшиглөсөн нэвт хутга шаана энэ тэр гэж агсам тавьж танхайрсан бас намайг машин бариад явж байхад хөлөөрөө миний ар дагз руу өшиглөсөн...” /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Амартүвшин мөрдөн байцаалтанд”...Батжаргалыг дуудаад Болдоо гэдэг хүнийг машинаас буулгасан тэгсэн машинаас гараад бас бид хоёрыг доромжилсон тэгээд нэг найз нь гээд эмэгтэй тэр хавиар яваад манай найзыг буулга гээд байсан тэгж явахдаа гутал нь сугарахаар нь Батжаргал авч өгөх гээд доошоо тонгойход нь Болдоо гэгч нүд рүү нь өшиглөсөн тэгээд харахад хөхрөөд хавдсан бас цус гарсан тэгээд бид хоёр Болдоо гэгчийг машинд суулгаад эрүүлжүүлэх рүү авч явсан. Тэгтэл машин дотор барах уу лаларуудаа гээд бас Батжаргалыг зөндөө занасан дараа нь ална эр хүний замын хүзүү урт шүү гэх зэргээр танхайрсан бас машинд явж байхдаа Батжаргалын араас нэг удаа Болдоо гэгч нь өшиглөсөн тэгээд эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн” /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Сормөнх мөрдөн байцаалтанд”...Б Гэрэлгоо нарын хамтаар Ямайка бааранд орсон тэнд ороод 1 шил виски захиалж уусан.  Тэгээд байж байтал Болдоо тэр баарны хамгаалагч нартай намайг 00 ороод гараад ирэхэд хэрүүл маргаан үүсгэж байгаад гадаа гарсан. Болдоог гаргаад нэг хамгаалалтын албаны машинд гарыг нь гавлаад арын суудалд нь суулгасан байсан. Тэгээд эрүүлжүүлэх рүү аваад явсан би араас нь очоод эрүүлжүүлэхийн гадаа ирэхэд тэр нөгөө машинтай 2 хамгаалагчийн нэгнийх нь нүд хөхөрсөн байсан. Намайг баарны дотор тооцоогоо хийх гэж байхад гадаа Болдоо тэр хүнийг өшиглөсөн юм шиг байна лээ би гэхдээ яг хараагүй...” /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Гэрэлтогоо мөрдөн байцаалтанд”...нэг хамгаалалтын албаны машин зогсчихсон дотор нь Б сууж байсан. Тэгээд би тэр хамгаалагч нар дээр очоод манай найзыг гаргачихаач ээ гэж тэр хоёр хамгаалагчаас гуйгаад байж байтал Болдоо машинаас нь гараад орилж бархираад бас газар хэвтсэн тэгээд нэг харсан хамгаалагч залуугийн нүд хавдаж хөхөрсөн байсан. Б нүүр рүү нь өшиглөх шиг болсон яг өшиглөхийг нь бол хараагүй гэхдээ орилж бархирч байгаад газар хэвтсэн тэгж байхдаа тэр хамгаалагчийн нүд рүү өшиглөсөн гэнэт л болсон...” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд” 2017  оны 5 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн найз болох  Гэрэлгоо дүү Сормөнх нарын хамтаар гадуур явж байгаад Ямайка баар руу 01 цагийн үед орсон. Тэнд суугаад бид нар 1 шил виски аваад хувааж уугаад би бүжгийн талбай дээр бүжиглэсэн тэгж байхдаа архи уусан сэтгэл хөдөлсөн байсан талбай дээр байсан шаарнаас хоёрыг хагалчихсан. Тэгсэн чинь баарны хамгаалагч ирээд яагаад байгаа юм бэ болиоч гэх шиг болсон би тэр үед согтсон байсан сайн санахгүй байна. Гэхдээ тэр хүний өөдөөс маргасан чинь хамгаалагчид намайг цаад талын нэг өрөөнд оруулсан бас намайг нэг захирал нь бололтой махлах залуу зүгээр байгаач гээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр хүмүүстэй хэрэлдсэн тэгээд шууд намайг тэд нар аваад гарахад гадаа нэг хамгаалалтын машин байсан. Нэг хамгаалагч хувцастай залуу намайг ард гавлаад намайг газар унагаасан. Гэхдээ би босч ирсэн тэгээд намайг та нар явуулчихаач гэсэн. Би дахиад газар унасан хэвтэж байхдаа тэр хамгаалагч залууг тонгойхоор нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. ...би их согтуу тэгээд болсон асуудалд хөөрсөн буюу дүргүй хүрч догширсон тэгээд уур хүрээд тэр хамгаалагчийн нүүр рүү нь өшиглөсөн” /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6373 дугаартай дүгнэлтэд: О.Бын биед баруун нүдний зовхины зулгаралт, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29/ гэсэн дүгнэлт

                                                                                                   

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 64/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 5 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ямайка баарны үүдэнд иргэн О.Быг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины зулгаралт, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бын”...Б миний нүүр рүү өшиглөсөн. Миний нүдэнд оносон. Нэг удаа өшиглөсөн. ...намайг машин бариад явж байхад хөлөөрөө миний ар дагз руу өшиглөсөн... “/хх-ийн 19/, гэрч Б.Амартүвшингийн”...  Батжаргал...доошоо тонгойход нь Болдоо гэгч нүд рүү нь өшиглөсөн...харахад хөхрөөд хавдсан бас цус гарсан...бас машинд явж байхдаа Батжаргалын араас Болдоо гэгч нь өшиглөсөн...” /хх-ийн 20/, гэрч М.Сормөнхийн”...нөгөө машинтай 2 хамгаалагчийн нэгнийх нь нүд хөхөрсөн байсан...Болдоо тэр хүнийг өшиглөсөн юм шиг байна лээ...”/хх-ийн 21/, гэрч Б.Гэрэлтогоогийн”Б...тэр хамгаалагчийн нүд рүү өшиглөсөн...” /хх-ийн 22/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6373 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/,  болон хохирогчийн толгойн комьютерт томографийн оношилгоо /хх-ийн 31/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын баримт /хх-ийн 59/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Б.Бт холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. 

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Прокуророос Б.Быг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”  үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч О.Бын толгойн компьютер томографийн оношлогооны 120.000 төгрөгийн баримт авагдсан байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд 120.000 төгрөг Б.Баас гаргуулж хохирогч О.Бд олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Быг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Балгансүрэнгийн Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Б.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Баас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 120.000 гаргуулж хохирогч О.Бд олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ