Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 551

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч  А.Э*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер,  цагдаагийн дэслэгч Г.Г*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г*******агийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э*******, хариуцагч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргагч А.Э******* миний бие Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд 2008 онд сурвалжлагчаар ажилд орж, улмаар өнгөрсөн 8 жилийн хугацаанд редактор, тоймч болж дэвшиж ажилласан. Энэ хугацаанд захиргааны арга хэмжээ авахуулж байгаагүйгээс гадна, ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно. Сүүлийн нэг жилийн хугацаанд гадны сониноос хамт олноороо ирж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн mnb.mn сайтад ирж ажилд орсон. Уг сайтын хамт олон сүүлийн нэг жилийн хугацаанд миний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчиж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн mnb.mn сайтыг хувийн өмч мэтээр аашилж, гадны нийтлэгчдийг уг сайтад нийтлэлээ чөлөөтэй тавих боломж бүрдүүлсэн атлаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн сэтгүүлч надад цензур тавьж эхэлсэн. Тэр ч байтугай Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн mnb.mn сайтын хамт олон найз нөхдийнхөө хамт нийлж бүлэглэж, сэтгэл санааны дарамт учруулах нь хэрээс хэтэрсэн. Энэ байдал даамжирч 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн mnb.mn сайтын ахлах редактор Э.Б******* нь намайг хэл амаар доромжилж, чамайг алмаар байна гэж заналхийлж, ажлын өрөөнөөс заамдан чирч, миний бие халдсан болно.

Энэ үед хамт ажилладаг mnb.mn сайтын сурвалжлагч Б.Б******* өрөөнөөс гарч ирж Э.Быг болиулсан болно. Ямар шалтгааны улмаас сэтгүүлчийг ажлын байран дээр айлган сүрдүүлж, заналхийлсэн талаар шалгуулах хүсэлтэй байгаагаа Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн харуулын алба буюу Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гд уламжлахад, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандах хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэтэл 2016 оны  3 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын 2 дугаар  газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г******* нь намайг 5 000 төгрөгөөр торгосон. Уг торгуультай холбоотой харуулын албаны рапортын мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийнхэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Тамгын газарт хүргүүлсэн. Хэн буруутайг эцэслэн тогтоогоогүй байхад Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ёс зүйн хороо нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр намайг байлцуулалгүй хуралдаж “Ажлын байранд танхайрсан” гэх дүгнэлт гаргасан. Эдгээрийг үндэслэж Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 161 тоот тушаал гаргаж, А.Э******* надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Үүнээс болж А.Э******* миний бие ажлаас халагдаж, цалин орлогогүй болоод байна. Мөн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал тасалдаж эрүүл мэндийн үйлчилгээ авахаас өгсүүлээд өөрийн эрхийг зөрчүүлээд байна. Мөн танхайрсан мэтээр тушаал гаргасан нь цааш цаашдын ажилд орох нөхцөлийг хааж байгаа болно. Ийнхүү цагдаагийн эрх бүхий албан тушаалтан нь хэн зөрчил гаргасныг дутуу шалган шийдвэрлэж, хэргийг бүрэн шийдвэрлэж дуусаагүй байхдаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Тамгын газарт зөрчлийн тухай рапорт хүргүүлж, үүнийг ашиглаж Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Захиргаа намайг ажлаас үндэслэлгүй халсан нь надад доорх хохирлыг учруулсан болно. 

Үнэн хэрэгтээ ажлын байранд айлган сүрдүүлж, заналхийлсэн Э.Быг буруутай болохыг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн цагдаагийн ахмад С.Б******* 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тогтоож, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар торгосон. Энэ үед Э.Б******* нь өөрийн бичсэн тайлбартаа би ажил хаялт зарлаж, ёс зүйн хороонд хандаж, А.Э*******ыг заамдан чирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ингэж танхайрсан Э.Б******* нь өнөөдрийг хүртэл Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд ямарч шийтгэлгүй үргэлжлүүлэн  ажлаа хийж байгаа болно. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2-р газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г*******агийн надад захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудсыг хүчингүй болгож, Цагдаагийн байгууллагын байцаагчийн зөрчлийг дутуу шалгасан ажиллагаанаас болж А.Э******* миний зөрчигдсөн эрхийг сэргээж, үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү. Мөн үүнтэй холбогдож гарсан зардлуудыг нэхэмжлэх болно” гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдалыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г овогтой Г******* би Улсын онц чухал объект болох Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 12 цагийн орчим А.Э******* хэсгийн байранд ирж би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Үүний дагуу нягтлан шалгахад Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн тоймч А.Э******* ажлын байранд хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, бусдыг үл хүндэтгэсэн, mnb.mn сайтын ахлах редактор Э.Б******* зодоон үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн ажлын байранд танхайрсан нь өөрсдийн тайлбараар тогтоогдсон тул тус тус Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримтлан 5000 төгрөгөөр торгож, арга хэмжээ авч, байгууллагын захиргаанд мэдэгдсэн. Би энэ гаргасан шийдвэрээ хуулийн хүрээнд гаргасан. Үүнд: 

1. Монголын Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл. Танхайрах “Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн бол 15 000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл нодуулна”.

Иргэн А.Э******* гаргасан нэхэмжлэлдээ  “...Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд 2008 онд сурвалжлагчаар ажилд орж, улмаар өнгөрсөн найман жилийн хугацаанд редактор, тоймч болж дэвшиж ажилласан. Энэ хугацаанд захиргааны хариуцлагын арга хэмжээ авхуулж байгаагүй байгаагүйгээс гадна, ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болно” гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

А.Э******* Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь албан тушаалын цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах, мөн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлын байрандаа хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, олон нийтийг үл хүндэтгэсэн нь тогтоогдсон тул Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дотоод дүрмийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлын 161 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Э.Бын хувьд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зодоон үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн, ажлын байранд танхайрсан тогтоогдсон тул Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2/7 тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан байна.

MNB сайтын ахлах редактор Э.Б******* нь өвчний учир ажлаасаа чөлөө авсан байсан /эрх бүхий байгууллагын магадалгаа, эмнэлгийн бичгээр тогтоогдсон/ бөгөөд ажилдаа орсон эхний өдөр би ээлжтэй байгаагүй, ахмад С.Б******* ээлжтэй байсан ба торгуулийн арга хэмжээ авсан.

Миний бие Г.Г******* нь А.Э*******, Э.Б******* нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл, мөн хуулийн 9, 19 дүгээр зүйлийг удаа дараа тайлбарлаж өгсөн” гэв.

Нэхэмжлэгч А.Э*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ үйлдлийг өөрсдийгөө хаацайлж байгаа үйлдэл гэж ойлгож байна. Тухайн үед болсон маргааныг тухайн цагт нь шалгуулах гээд камерийн бичлэг шүүлгэх гээд очсон. Үүнийг харуулын албаны дарга н.Гд хэлж байгаад энэ хүн өөрөө байлцаж байгаад тухайн бичлэгийг шүүж үзсэн байгаа. Тухайн үед камерийн бичлэг байхгүй байсан учраас энэ хүмүүс нь тэр байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн гэж би үзэж байна. Яг тэр үед би н.Зоригхүү гэдэг харуулын цагдаа дээр очоод “... та болсон үйл явдлыг бичээд өгөөч...” гэхэд тэр хүн хараагүй, болоогүй зүйлийн талаар бичсэн байгаа юм. Тийм болохоор энэхүү торгуулийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Тухайн үед болсон нөхцөл байдлын хариуцагч өөрөө хараагүй. Харин хүмүүсийн амаар энэхүү асуудалд хандсан. Мөн 10 хоногийн дотор торгуулийн хуудсаа хүчингүй болгох боломжтой гэж надад хэлсэн. Тэгэхэд би ажлаас халагдах тушаалтайгаа 3 дугаар сарын 21-ний өдөр танилцаад, энэ сарын 24-ний өдөр хүлээн авсан. Өөрөөр хэлбэл намайг торгуулийн хуудсаа хүчингүй болгох хугацаа өгөхгүйгээр ажлаас халсан. Энэ торгуулийн хуудастай холбоотойгоор намайг ажлаас хална гэж хэлээгүй. Улмаар торгохыг мэдэж байгаа юм шиг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлт яаж гарсан гэхээр Э.Б******* нь өргөдөл бичиж өгөөд гаргасан байдаг. Энэ нь Э.Б******* нь өөрийгөө хамгаалахын тулд миний эсрэг өргөдөл бичиж өгөөд сайтад хамт ажилладаг хүмүүсээр гарын үсэг зуруулаад ёс зүйн хороонд өгсөн байгаа юм. Тухайн ёс зүйн хороо нь намайг байлцуулахгүйгээр хуралдсан. 

Би харуулын албанд гомдол бичиж өгсөн. Тухайн гомдол дээр Э.Б******* гэдэг хүнийг шалгаад өгөөч гэхэд камерийн бичлэг байхгүй байна. Үүнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгадаг гэж хэлсэн. Улмаар би н.Зоригхүү гэдэг хүнээр болсон процессийн дагуу тодорхойлолт бичүүлж аваад шууд гэртээ хариад тухайн тодорхойлолтыг уншихад миний эсрэг юм бичсэн байсан” гэв. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдалыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь өөрөө олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Одоо болохоор шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед Э.Б*******, А.Э******* хоёр нь тухайн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр үед нэхэмжлэгчид Захиргааны хариуцлагын тухай хуулийг тайлбарлаж өгсөн. Тэгэхэд тэр үед өөрөө хүлээн зөвшөөрч торгуулийн арга хэмжээнд дурдсан мөнгийг төлсөн байдаг. Хэрвээ энэ торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол 10 хоногийн дотор гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл гомдол гаргаагүй. 

Мөн Цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж бичиж өгсөн өөрийнхөө тодорхойлолтыг “...миний эсрэг ашиглаж магадгүй...” гээд тухайн тодорхойлолтоо өөрөө аваад явсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ханд гэсэн гэж хэлж байна. Үүнд: А.Э******* нь өөрөө орж ирээд өөр өөр зүйл яриад байсан. Тэгэхэд нь би хэлэхдээ одоо бол би танхайрсан асуудал дээр чинь арга хэмжээ авна гэж хэлж байсан. Харин тэр өөр зүйл яриад байсан зүйлтэй нь холбоотой Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаарай гэж хэлсэн. Намайг н.Зоригхүү дээр очсон байсан гэж ярьж байна. Би очсон. Яагаад тэнд очсон гэхээр би харуулын цэгүүдээ тогтоосон цаг хугацаанд эргэж тойрч явдаг. Би өөрийн ажил үүргийнхээ хүрээнд олон нийтийн газар танхайрсан гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г*******ад холбогдуулан “2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 дугаар торгууль ногдуулсан шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг А.Э*******аас гаргасныг тус шүүх хүлээн аваад шүүгчийн  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4413 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. А.Э******* 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн 2 дугаар сувгийн www.mnb.mn цахим хуудасны албаны өрөөнд ахлах редактор Э.Б*******тай хэрэлдэж маргалдан, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн...” зөрчил гаргасан нь  нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын 21660010 дугаар Албаны шалгалтын явцад гэрч Б.Б*******гийн өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Э*******, Б******* нар хэрэлдсэн... Тэр өдөр А.Э******* Э.Бын гэр бүлийг нь оролцуулан элдвээр хэлэн доромжилсон тул Э.Б******* тэсэхгүй цамцнаас нь зуураад өрөөнөөс чирээд гаргасан. Тэгэхээр нь Б.Б******* бид хоёр гарч салгасан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Гэрэлмаагийн өгсөн “...А.Э******* эгч өрөөнд орж ирээд үглээд яваад байсан. Тэгж байгаад Э.Болороо эгчийг үр хүүхэдтэй нь холбоотой хэл амаар доромжлоод хэрэлдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Б*******гийн өгсөн “...тэр өглөө А.Э******* өөрийн ажлын байранд орж ирсний дараа амандаа үл ойлгогдох зүйлийг ярьж сууж байснаа манай сайтын редакцын эмэгтэй сэтгүүлчдээс хэрүүл өдөн, Э.Быг  “...янхан хүүхэн, байгууллага бузарласан ...” гэж дайрсан. Гэвч сайтын сэтгүүлчдийн зүгээс хариу үйлдэл үзүүлэлгүй тэссээр байсан. Тэрээр дараа нь... ахлах редактор Бын ширээний дэргэд ирснээ “хоёр өөр хүний хүүхэд гаргасан янхан хүүхэн” гэх маягийн зүйл хэлчхээд ширээндээ суусан. ... Э.Б******* ... түүний араас босч А.Э*******ыг өрөөнөөс чирч гаргасан” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Дараах албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ: 3/ цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан” гэж заажээ.

Нэхэмжлэгч А.Э*******ын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд Э.Б*******тай хэрүүл маргаан үүсгэн танхайрсан зөрчлийг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г******* шалган, зөрчилд холбогдуулан торгох захиргааны шийтгэл ногдуулсан нь хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд албан үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байхын зэрэгцээ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 болон мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

 2. А.Э******* “ Зөрчил гаргасан гэгдэх өдөр Э.Б*******, А.Э******* хоёрыг нэгэн зэрэг материалжуулж, баримтжуулж шалгаагүй, торгоогүй, зөрчил 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гарсан байхад 3 дугаар сарын 09-ний өдөр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан зөрчилд холбогдуулан эргүүлийн офицер, дэслэгч Г.Г******* Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийг танилцуулж, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг газар дээр нь явуулах үед А.Э*******аас “торгуулийн төлбөрт төлөх мөнгөгүй, дараа арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утгатай хүсэлт гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийг харгалзан хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Торгуулийн хуудас” бичиж олгосон болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. 

Нөгөөтээгүүр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” заасан байх тул 2016 оны 3 дугаар  сарын 03-ны өдөр гарсан зөрчилд 09-ний өдөр захиргааны хариуцлага тооцсон хууль зөрчөөгүй байна. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-т “Нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг шийтгэл ногдуулах шийдвэрт товч тэмдэглэж зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна” гэж заасны дагуу хариуцагч Г.Г******* захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2588238 дугаар торгуулийн хуудсанд зөрчлийн тухай товч тэмдэглэж,  2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр А.Э*******д гардуулан, гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан 2588238 дугаартай торгуулийн хуудас,  2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5000 төгрөгийн торгуулийн төлбөр төлсөн тухай Төрийн банкны гүйлгээний баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлгээр тус тус тогтоогдсон. 

Нэхэмжлэгч А.Э******* 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан танхайрах зөрчил гаргасан, түүний гаргасан зөрчилд эргүүлийн офицер, дэслэгч Г.Г******* захиргааны шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ. 

3. Нэхэмжлэгч А.Э******* захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудсыг хүлээн авч, торгуулийг төлж барагдуулснаас хойш 23 хоногийн дараа буюу Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараахь журмаар давж заалдаж болно” гэж хугацааг хэтрүүлэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан шийдвэрлэх журмаар Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газарт гомдол гаргасан байх бөгөөд Хамгаалалтын 2 дугаар газрын дэд дарга Ж.М******* 2016 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 24/213 дугаар албан бичгээр “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрсөн болохыг нэхэмжлэгчид анхааруулсан” болохыг А.Э******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу 2016  оны 7 дугаар сарын 27-ны өдөр  “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт А.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З******* болон хариуцагч Г.Г*******а нар оролцож, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 15 цаг 30 минутад болохыг албан ёсоор мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*******аас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох Б.Ш******* холбогдох хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч А.Э******* шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох боломжтойгоо илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 21 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г*******ад холбогдуулан гаргасан “...Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Г*******агийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч А.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.МӨНХТУЛГА