Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0346

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0346

Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулан хийж, Архангай аймайг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1(г), 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг уламжлахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдож байх тул, Б.Б-г Архангай аймгийн Булган сумын Засаг даргад томилуулах тогтоолыг /саналыг/ аймгийн Засаг даргад уламжлахыг Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж,

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан нь хууль бус байх тул Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурал, 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ: Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл, ...Улсын Их хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно... гэж заасны дагуу Б.Б-ийн Монгол Ардын намд Улс төрийн ажилтанаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хуулийн зохицуулалт байна ... гэж дүгнэсэн нь тухай хуулийг буруу хэрэглэсэн.

Учир нь Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн албан хаасан хугацаатай адилтган тооцно. 6 дугаар зүйлд Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн албан хаасан хугацаанд оруулан тооцно ... гэж байгааг тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцно гэж үзэж байна. Гэтэл Б.Б нь 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны Улс төрийн ажилтнаар томилогдсон 05 дугаар тушаалыг анхан шатны шүүх хурал дээр шинээр гаргаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар Б.Б-ийн уг намын хороонд ажилласан гэх хугацаа нь төрийн албанд ажилсанаар тооцогдох үндэслэлгүй...

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: тухайн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурал, 07 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж байгаа бол тухайн тогтоолыг хүчингүй болгож Булган сумын Засаг даргад хуулинд заасан шаардлага хангах иргэнийг нэр дэвшүүлэхээр дахин ээлжит бус хурал хийх хурлын бүрэн эрхийг нь нээлттэй үлдээх байсан гэж үзэж байгаагаас гадна Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны 05 дугаар Б.Б-г ажилд томилох тухай тушаалыг үндэслэсэж хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүд тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Архангай аймгийн Засаг дарга нь Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор сумын Засаг даргад Г.Д-ын нэрийг дэвшүүлснийг томилохоос татгалзсаны дагуу Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Б.Б-г Засаг даргаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

            Үүний дараа тус Хурлын дарга Д.Б нь Б.Б-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна: ... 26.5.2. төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэж заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр аймгийн Засаг даргад түүнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүргүүлэлгүй, дахин сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн намын хороонд улс төрийн ажилтнаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж маргажээ.

Хэрэгт авагдсан 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл уг хуралдаан дээр Б.Б-ийн хуульд заасан шаардлага буюу төрийн алба хаасан хугацаа хүрэхгүй байгаа талаар төлөөлөгч нар мэдээгүй, энэ талаар хэлэлцэгдээгүй байна.

            Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж заасан бөгөөд уг хууль нь 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан, мөн хуулийн 7 дугаар зүйлд Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж зааснаас үзвэл 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль байна.

            Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шинэчлэн баталж, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон байх тул уг хүчингүй болсон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаас дээрх 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд уг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, үзэл баримтлал, чуулганы хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл Засгийн газраас уг төслийг дэмжээгүй боловч Байнгын хорооноос дэмжиж чуулганы хуралдаан дээр танилцуулахдаа тухайн үед Улсын Их Хуралд суудал бүхий намын ажилтнууд дараа нь төрийн алба хаах үед цалинг нь бодоход төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгуулах, намын боловсон хүчинг бэхжүүлэх зорилгоор дэмжигдэж батлагджээ.

Уг хуулиас хойш 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдсан бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Намын зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглоно, 7.3-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өөрийн албан тушаалын хүрээнд хамаарах албан үүрэг гүйцэтгэхдээ аль нэг намын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах-ыг хориглох зэргээр намын гишүүний үүргийг төрийн албан хаагчийнхаас заагласан.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2 дахь заалтын агуулга нь Засаг даргад төрийн алба хаасан туршлагатай этгээдийг нэр дэвшүүлэх зорилготой байх бөгөөд намын улс төрийн ажилтан хийсэн этгээдийн уг туршлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Үүнээс дүгнэвэл мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д Хурлын дарга Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Хурлын дарга нь аймгийн Засаг даргад Б.Б-г нэр дэвшүүлсэн тогтоолыг хүргүүлэхээс өмнө уг шаардлага хангахгүй нь мэдэгдсэн тул тогтоолыг хүргүүлэлгүй, дахин хурал зарласан гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

            Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэж нэхэмжлэгчийг Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж, эрх нь зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Харин анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг товлон зарлахтай холбоотой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчиж хуралдсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч уг хуралдааны 7 дугаар тогтоолоор Ч.Н-ыг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Б.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийг хангаж, уг 7 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь Б.Б нь нэгэнт Засаг даргад нэр дэвших хуульд заасан шаардлагыг хангаагүй тул 7 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор түүний Засаг даргаар томилогдох эрх сэргээгдэх тухай ойлголт байхгүй юм.

Иймд хариуцагчийн ... шүүх Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын хуулийг буруу хэрэглэсэн ... төрийн алба хаасан хугацаанд намын улс төрийн ажилтнаар ажилласан жил хамаарахгүй... гэх гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүх нэгэнт Б.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул түүний нэхэмжлэлийн хүрээнд тус сумын Хурлын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолын улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ... давж заалдах гомдлыг иргэн Д.Б гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.5-д зааснаар гомдлыг хэлэлцэх ёсгүй... гэжээ.

Д.Б нь давж заалдах гомдол гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн, гомдолд тавигдах хэлбэрийн шаардлагыг зөрчсөн боловч Архангай аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилладаг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Хууль ...-ийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлнө гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-д Хурлын дарга тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хурлын даргын хувьд Хурлыг төлөөлж оролцсон, гомдлын агуулгаас үзвэл хариуцагч Хурлыг төлөөлж гомдол гаргасан байх тул гомдлыг буцаах үндэслэлгүй гэж үзсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, 26 дугаар зүйлийн 26.5, 26.5.2-д заасныг баримтлан Б.Б-ийн Архангай аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахыг даалгах, Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ