Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 618

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадам-Очир нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1086 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 857 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ...овогт Б.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1086 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэгдсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат бичсэн дүгнэлтдээ “... Өмгөөлөгч Д.Цолмонгийн Улсын Ерөнхий прокурорын газарт хандан гаргасан гомдлын дагуу ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал мөн эсэхийг шалгах үндэслэлээр хэргийг дахин шалгуулахаар хэрэг үүсгэж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтад ирүүлжээ.

Төв аймгийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1225 тоот албан бичгээр ирүүлсэн 158 дугаартай гомдолд авагдсан ...Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-ын хуулбараас үзвэл Б.Б- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг бүрэн төлж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Б.Б-д холбогдох эрүүгийн 1806039030827 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1086 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 857 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед Б.Б-ын Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн торгох ял биелэгдсэн байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх торгох ялыг 40 хоногоор тооцож хорих ялд нэмсэн нөхцөл байдал үүсээд байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялыг төлсөн гэдгийг илэрхийлсэн боловч шүүх баримтгүй гэж үзсэн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч оролцоогүйгээс шалтгаалж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр торгох ял биелэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан нөхцөл байдал илэрсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... цогцолборын барилга дээр иргэн Г.У-г барилгын тулаас төмрөөр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлдээ 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, 3 жил 5 сарын хугацаатай хорих ял шийтгүүлж, уг хорих ял дээр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 600 000 төгрөгийн торгох ялыг  хорих ялд шилжүүлсэн 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэгдсэн бөгөөд уг тогтоол давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 857 дугаар магадлалаар хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг  хянан хэлэлцэхээс өмнө болон хэлэлцэж байх үед Б.Б- урьд нь шийтгүүлсэн торгох ялыг төлсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримт шүүхүүдэд ирээгүй байжээ.

Харин прокурорын байгууллага Б.Б-ын өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан гомдлын дагуу хэргийг дахин хянахад Б.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 600 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлээд дараагийн гэмт хэрэгтээ ял шийтгүүлэхээс өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уг торгох ялыг бүрэн төлж биелүүлсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх тул 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолын ял нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгон шийдвэрлэх өөрчлөлтийг шүүхийн шийдвэрүүдэд оруулах талаар шүүх хуралдаанд оролцсон Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор хууль зүйн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Учир нь торгох ялыг бүрэн биелүүлсэн нөхцөл байдал шинээр илэрсэн бөгөөд Б.Б-ын “Бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцогдсон хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, энэ хэргийг сэргээн шалгах, уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, эсхүл шүүхээр дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл болохооргүй” байх тул шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1086 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын “...3 жил, 6 сар, 10 хоногийн...” гэснийг “...3 жил 5 сарын...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 857 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                          ДАРГАЛАГЧ                                                     Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН