Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/894

 

 

 

 

 

      2024             08            08                                        2024/ДШМ/894

 

Б.Э т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч М.А , түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч И.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.А ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2411000000539 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Э, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: .../.

Б.Э  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө ... тоотод хохирогч М.А ын биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт аяга шидэж мөн түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, хэвлий, баруун шуу, зүүн гарын алга, зүүн гарын хурууны үенд 2-3-р зэргийн 8-10% түлэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.А ын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан нотолбол зохих байдал болох Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нэг мөр тогтоож чадаагүй гэж үзэж байна. Учир нь “Med trauma” эмнэлгийн Толгойн компьютер томографын дүрс оношилгооны шинжилгээний хариу гэх нотлох баримт хавтас хэргийн 57 дугаар талд авагджээ. Дээрх дүрс оношилгооны шинжилгээний хариунаас үзэхэд хохирогч М.А  нь хэрэг гарсан гэх цаг хугацаанаас 2 хоногийн дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тухайн эмнэлэгт толгойн зураг авхуулсан байх бөгөөд түүний биед “хамрын баруун талын хажуу хана зөрүүтэй, зүүн талын хажуу хана 0.5 см өргөн хэсэгтээ 0.2 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч зүүн тийш бага зэрэг мурийлттай. Баруун нүдний ухархайн дотор хана 0.6 см өргөн хэсэгт 0.4 см гүн хэмжээтэй элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугаралтай гэжээ. Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3850 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Б.Э ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.А ын биед “тархи доргилт, хэвлий, баруун шуу, зүүн гарын алга, зүүн гарын хурууны үед 2-3 дугаар зэргийн 8-10 хувийн түлэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн гэмтэл” учирсан гэх дүгнэлт хэрэгт авагджээ. Дээрх дүрс оношилгооны хариу, шинжээч эмчийн дүгнэлт зэргийг харьцуулан үзэхэд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад нэмэлт болон дахин шинжээч томилоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан нийцэхгүй юм. Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А ын зүгээс дээрх дүрс оношилгооны хариуны дагуу хамар ясны хугарал засах хагалгааны зайлшгүй зардал болох “Сөүл Сэниорс Товер ХХК буюу Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хагалгааны зардлын 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу гаргаж өгсөн бөгөөд мөрдөгчийн зүгээс хавтас хэрэгт бэхжүүлсэн /хх-ийн 58/ байхад анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ба уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын Дээд шүүх “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг тогтоолын 3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуул ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хууль зүйн болоод Эрүүл мэндийн сайдын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ. Гэтэл хэрэг гарсан гэх цаг хугацаа нь дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарч байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хохирсон хохирогч М.А ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох талаар огт ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй юм. Дээрх дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэг мөр тогтоож чадаагүй гэж үзнэ. Иймд дээр дурдсан асуудлуудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй боргож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч М.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Манай үйлчлүүлэгчид хохирол төлбөр төлөх баримт гаргаж өгөөгүй бөгөөд хорондоо уулзаж хохирол төлбөр төлөх талаар нэхсэн зүйл байхгүй.” гэв.

 

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ...Хохирогч М.А ын өмгөөлөгч Л.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцсон байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэй холбоотой асуудал ярьж байна. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй асуудал байхгүй, шинжээчийн дүгнэлтэй холбоотой асуудал дээр хамар ясны мурийлттай холбоотой хохирогчийн өмгөөлөгч яриад байгаа зүйл шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. Прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь хянан үзээд шүүгдэгч Б.Э т 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримт болох 150.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнтэй холбогдуулаад мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцахад хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэргийн материалд дурдсан. Иймээс сэтгэл санааны хохирлын талаар хохирогчийн өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргасан зүйл байхгүй. Хэргийг тал бүрээс нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Б.Э ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө ... тоотод хохирогч М.А ын биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт аяга шидэж мөн түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, хэвлий, баруун шуу, зүүн гарын алга, зүүн гарын хурууны үенд 2-3-р зэргийн 8-10% түлэгдсэн шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Э ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3650 дугаартай “...баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...” дүгнэлтэд тулгуурлан шүүгдэгч Б.Э ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Учир нь, хэрэгт “Мед Траума” эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүрс оношилгооны “...хамрын баруун талын хажуу хана зөрүүтэй, зүүн талын хажуу хана 0.5 см өргөн хэсэгт 0.2 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч зүүн тийш бага зэрэг муруйлттай. Баруун нүдний ухархайн дотно хана 0.6 см өргөн хэсэгт 0.4 см гүн хэмжээтэй элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугаралтай...” гэх хариу авагдсан.

 

Өөрөөр хэлбэл, шүүхээс хэрэгт харилцан зөрүүтэй буюу хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон “Мед Траума” эмнэлгийн дүрс оношилгоо зэрэг нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ заагаагүй, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож чадаагүй байна.

 

            Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэлт хийх ёстой атал хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан Улаанбаатар Сонгдо эмнэлгийн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлд огт дүгнэлт хийгээгүй байна.

 

          Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ хязгаарын тухай асуудалд зөв хариулт өгөх үндэс болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

 

            Дээрх хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг нотолсон байвал зохино.

            

            Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. 

 

          Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

          Дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд 2024 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байх ба хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх талаарх ажиллагааг огт хийгээгүй байна.

 

          Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгах, өөрөөр хэлбэл хохирогч М.А ын биед ямар гэмтэл учирсан түүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэх зэрэг асуудлыг нарийвчлан шалгасны эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул хохирогч М.А ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч М.А ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН