Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/940

 

 

 

 

 

      2024             08            20                                        2024/ДШМ/940

 

Б.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2405006540523 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .../.

Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 33-р хороо, “... ” зочид буудлын уулзвар орчим хохирогч Э.С ... улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин дотор зорчиж явахдаа хэрүүл маргаан үүсгэж улмаар машины дотор талын голын толь, урд салхины шил, салоны паарны хаалтны хүрээг хөлөөрөө өшиглөж эвдэн гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.Снүүр рүү 1 удаа өшиглөж хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан, машинаас буугаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас гүүний эрүүл мэндэд баруун хөхөнд цус хуралт, эрүү, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Э.СЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжлэх прокурорын эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний үйлчлүүлэгч Б.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй болно. Харин ч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа сайн дураараа хүлээж зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг хурдан, түргэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн хохирогчид учруулсан хохирол төлбөрөө мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, төрийн албанд тасралгүй 10 жил ажиллаж байгаа, цаашид энэ чиглэлээрээ төрийн байгууллагад тогтвортой ажиллах хүсэлтэй залуу боловсон хүчин. Мөн Хохирогч Э.Схувьд шүүгдэгч Б.Б д гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдлээс болоод бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Цаашид гэмт хэрэг зөрчил гаргахгүй гэдгээ амлаж байна. Би бага насны 2 хүүхэдтэй, улсад 11 жил ажиллаж байгаа тул цаашид дэвшин ажиллах боломжийг хангаж, ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээ авах боломжгүй байна. Анхан шатны шүүхээс сонгох төрлийн ялтай 2 төрлийн гэмт хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял буюу хамгийн бага ял оногдуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1782 дугаартай “...Э.Сбиед хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөхөнд цус хуралт, эрүү, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

 

Хохирогч Э.С“...миний машинд хоёр согтуу эрэгтэй хүн орж ирж сууснаа таксинд явчих гэхээр нь би таксинд явахгүй гэсэн чинь арай эрүүл байсан нь ахын дүү таксинд явчих энийг замдаа буулгачихна ах нь яармаг хүргүүлнэ гээд ярьж байхад араас машин сигналдаад байхаар нь хөдлөөд явахад нэлээн согтуу байсан хүн нь гэнэт хаалга өшиглөөд толийг сууриар нь хугалаад, салоны голын паар үлээдэг хаалтыг хагалчихсан тэгээд дахиж 2, 3 удаа хөлөөрөө сандлын голоор өшиглөсөн би тэр үед нь иргээд харахад миний нүүр рүү 1 удаа өшиглөчихсөн тэгээд би машинаасаа буугаад доошоо уначихсан байсан утсаа нөгөө хаалгаараа тойрч очиж аваад эргэхэд нөгөө 2 залуу машинаас бууж байсан тэгээд би нөгөө 2 залууг байж бай цагдаа дуудна гээд явуулахгүй намайг өшиглөсөн залуутай зууралдаж байхад эрүүл эрүүл байсан залуу нь яваад өгсөн. Тэгээд намайг өшиглөсөн залуутай зууралдаж байхад миний цээж рүү гараараа 2 удаа цохисон тэгээд зам дээр байсан хүмүүс надад туслаад нөгөө залууг барьж байх үед цагдаа нар ирээд бид арыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” мэдүүлэг /хх 24-25/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 38/,

 

Яллагдагч Б.Б “...Би яллагдагчаар татах тогтоолд дурдсан бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгийн устгаж гэмтээсэн үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед модны хоёрт ганцаараа нэг газар сууж архи согтууруулах ундааны хэрэглэж байгаад тэр газраас гараад модны хоёрын зам дээрээс такси барих гээд зогсож байсан нэг залуу хамт такси бариад замд чинь бууя гэж яриад нөгөө залуутайгаа таксинд цуг суусан юм...” мэдүүлэг /хх 56-57/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 33-р хороо, “... ” зочид буудлын уулзвар орчим хохирогч Э.С... улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин дотор зорчиж явахдаа хэрүүл маргаан үүсгэж улмаар машины дотор талын голын толь, урд салхины шил, салоны паарны хаалтны хүрээг өшиглөж эвдэн гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг,

мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.Снүүр рүү 1 удаа өшиглөж хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан, машинаас буугаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун хөхөнд цус хуралт, эрүү, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргасан.

 

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал.

 

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

          Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн Эрүүгийн хуульд заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, “өмчлөх эрхийн эсрэг” хоёр төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн 1.350.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

          Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад, Б.Б  нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үйл баримт тогтоогджээ.

 

          Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субъектив шинжүүдийн нэгдэл юм.

 

          Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог байна.

 

          Эдгээр нөхцөл байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэх хүчин зүйл болдог тул шүүгдэгчийн хувийн байдлыг сөргөөр үнэлэхэд хүргэж ял оногдуулахад шууд нөлөөлдөг ба ингэснээрээ Эрүүгийн хуулийн хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно.

 

          Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж тодорхой заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН