Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 325

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Э.Одончимэг

хохирогч Х.Б

шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

 

Холбогдсон хэргийн талаар:

С.Т 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо LM караокений үүдэнд Х.Бг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой би хоёр найзтайгаа хамт найз Чинзоригийн  ажилладаг караокед орж  хоёр цаг суусан. Гарахдаа үүдэнд хоёр залуутай маргалдаад хохирогч Х.Бтай зодолдсон. Тэр хавьд байсан пивоны шилээр би Х.Бгийн толгойн хэсэгт нь цохисон. Бид хоёрыг маргалдаад байж байхад цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан гэв.

 

Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ны орой 23 цаг өнгөрч байхад хороололд байрлах караокед хоёр найз болон түүний эхнэрүүдийн хамт байсан. Манай найзууд гараад би  тооцоогоо хийчихээд араас нь гарах үед үүдэнд танихгүй дөрвөн залуутай манай хоёр найз маргалдаад зогсож байсан. Тэгээд би очиж салгасан. Би зодоонд оролцоогүй. Бид нарыг таксинд суугаад явах гэхэд нөгөө залуучууд буцаж гарч ирээд манай найз Тэмүүлэнгийн эхнэрийг хэл амаар доромжлоод манай найз эхнэрээ өмөөрч тэр хүмүүстэй зодолдсон. Би дундуур нь ороод салгаад байж байхад араас улаан куртиктэй, хар малгайтай залуу миний толгой руу пивоны шилээр цохиж, шилний хагархайгаар миний чихний ард зүссэн. Би спортоор хичээллэдэг, спортын зэрэгтэй тул нэг хүнд зодуулахгүй. Намайг газар унагаагаад нийлж зодсон. Би гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсээ алга болгосон. Үүнийгээ нэмж нэхэмжилж байна. Би эмчид үзүүлсэн баримт болон эмчилгээтэй холбогдох баримтаа байцаагчид өгсөн. Тэр баримтууд яагаад хавтаст хэрэгт авагдаагүй байгааг мэдэхгүй байгаа. Энэ хэргийг анх шалгаж байсан байцаагч солигдсон. Дараагийн байцаагч нь надад хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа гаргаж өг гэж хэлж байсан. Шүүгдэгч надтай уулзаагүй. Би их гомдолтой байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Б мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой би найзууд болох Тэмүүлэн, Баярсайхан, Тэмүүлэнгийн эхнэр Доогий нарын хамт Од кино театрын хойно байдаг  LM караокед орой 23 цагийн орчим орсон. Тэгээд бид нар 1 цаг караокены өрөөнд сууж байгаад гарцгаасан...намайг яг караокены үүдэнд гарахад нэг танихгүй улаан малгайтай хар цамцтай 2 залуу бас нэг залуугийн хамт 3-уулаа манай найз Тэмүүлэнтэй муудалцаад зогсож байсан...Гэтэл караокеноос нөгөө залуу нэлээн олуулаа гарч  ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэр залуус одоо ингээд хэрэггүй цагдаа гэхгүйгээр ингээд зүгээр салъя гэж тэр залуусаас зөндөө гуйсан. Гэтэл улаан малгайтай сааралдуу цамцтай улаан куртиктэй залуу нь надад цагдаа ирлээ гээд та нар угаасаа амжихгүй гэж хэлж байсан. Тэр үед манай найз Баярсайхан тэр улаан малгайтай залуу руу чи ер нь яасан том юм бэ гэж хэлээд очсон. Тэр үед нь би улаан малгайтай залуу тойрч гарч ирээд миний толгойны баруун ар хэсэг рүү архины шилээр цохисон тэр үед архины шил хагарсан. Тэр залуу хагарсан шилээрээ миний баруун талын чихний ухархай хэсэгт зүссэн. Би тэр үед нэг хэсэг шоконд ороод газар унасан...тэгэхээр нь би намайг цохисон улаан малгайтай залууг бариад авсан чинь араас нэг нь намайг жийж унагаагаад миний хоёр гарнаас бариад өвдгөөрөө нуруун дээр тулж байснаа намайг орхиод явсан би босоод караокены  үүдэнд гараад найз нар дээрээ очсон...намайг ...цагдаад барьж өгдөг залуу нь миний толгой руу архины шилээр нэг удаа цохиж хагалсан. Тэр хагалсан шилээрээ чихний ухархай хэсгийг зүссэн. Гомдолтой байна” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг, 

 

Гэрч Т.Бямбажав мөрдөн байцаалтанд”2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой би найз Т, Билгүүн нарын 22 цагийн орчим манай гэрээс гараад бид гурав явж байхад манай найз Т найзынх нь ажилладаг караоке байгаа очиж дуулъя гэж хэлсэн. Тэгээд Т, Билгүүн бид гурав Баянгол дүүргийн Минж плазагийн хажуугийн “LM” нэртэй караокед очсон. Тухайн үед уг караокенд очиход Тын найз нь байсан бөгөөд бид нарыг оруулж суулгасан. Т, Билгүүн бид нар сууж байгаад шөнийн 02 цагийн орчим өндөрлөе гэж ярилцаад гадагшаа 3-уулаа хамт гараад караокены үүдэнд тамхи татаад зогсож байсан. Бид гурвыг гарах үед уг караокеноос гарсан бололтой 3 залуу нэг эмэгтэй нар машин барих гээд байгаа ч юм уу хоорондоо чанга чанга дуугаар ярилцаад байсан. Бид 3-ыг тамхи татаад зогсож байтал тэр гурван залуугийн намхан сахалтай залуу нь бид нарын урд ирээд дундуур чинь гатлаад гарчихъя гэхээр нь Т гар гар гэж хэлээд биеэрээ хойшоо болоод зам тавиад өгтөл тэр залуу дундуур аймаар түрэмгий орж ирээд Билгүүнийг шууд цохисон. Тэр үед Билгүүн тэр залуутай муудалцсан...тэр 3 залуугийн нэг нь улаан куртиктэй байсан бөгөөд тэр залуу миний нуруу руу цохисон. Бид нар 2 талаасаа хоорондоо нэлээн юм болсон. Тэр үед Б гэх залуу хажууд байсан хогийн сав ухаж байгаад архины шил гаргаж ирээд газар саваад хагалахад хаа сайгүй архины шил болсон. ...бид гурав ч тэр залуустай зодолдоод барахгүй байсан болохоор караоке руу буцаад гүйгээд орсон...” /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Билгүүн мөрдөн байцаалтанд ”Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн өнгөрч байхад  Т, Бямбажав нарын хамт хорооллын “LM” нэртэй караокед орсон. Тэгээд бид нар тэнд хэсэг сууж байгаад шөнийн 01 цаг 30 минутын орчим гарч явах гээд караокены үүдэнд зогсож байсан. Гэтэл уг караокены баруун талд хэсэг залуучууд орилолдоод байсан. Нэг залуу нь найзууддаа онгироод та нар харж бай би эд нарын дундуур нь дайраад гарна гэж хэлснээ бид нарын урд ирээд тулсан. Би тэр залууд ийм тийм юм хэрэггүй хэдүүлээ ингээд салцгаая гэж хэлсэн. Тэр залуус нэлээн согтуу байсан бөгөөд түрүүлж ирсэн залуу нь эхлээд намайг цохисон. Тэр үед тэр залууг манай хоёр найз салгах гээд татсан. Гэтэл араас нь тэр залуутай хамт явсан найз нар нь орж ирээд зодоон эхэлсэн. Тэр үед улаан куртиктэй залуу ирээд намайг 2 удаа цохисон. Би арай гэж салаад найз нарыгаа аваад караоке руу орсон. Уг караокед байсан бармен ах нь бид нарт танай гараад явчих зугатаачих гэж хэлсэн. Тэгээд Т, Бямбажав бид нар гараад зугатаасан...эхлээд ирдэг залуу шууд намайг цохисон тэгээд маргаан эхэлсэн...” /хх-ийн 19-20/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Чинзориг мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ажил дээрээ буюу LM” караокенд зөөгчийн ажлаа хийгээд байж байтал орой 22 цагийн орчим манай найз Т нь зүс мэдэх хоёр залуугийн хамт орж ирсэн. Тэгээд Т хоёр найзынхаа хамт суугаад архи пиво ууцгаасан.  Шөнийн 01 цагийн орчим манай караокены нэг өрөөнөөс гарсан хүмүүс гаднаас орж ирж байгаа хүмүүстэй муудалцаж байна гэж нэг нь хэлсэн. Тэр үед нь би нөгөө зөөгчийн  хамт гадагшаа гартал нэг сахалтай залуу мөн нэг өндөр шар залуугийн хамт зодуулсан гээд байгаа залуу нар манай найз Т түүний 2 найз нарын хамт муудалцаад зогсож байсан...нөгөө сахалтай залуу нь Тыг мангасдаад авсан. Тэгээд л хоёр талаасаа зодоон эхэлсэн. ...Б гэх залуу нь цаана байсан хогийн савнаас архины шил аваад дайраад байсан.  Би тэр залууг салгах гээд гарнаас нь шилийг аваад цааш нь шидсэн. Б гэх залуу нь 2 гартаа нэг нэг шил барьсан байсныг нь хоёуланг нь гарнаас нь аваад цааш нь шидсэн...тэр залуу Тыг чи намайг шилээр цохидог хэн бэ гээд дахиад зодолдоод байсан би салгах гээд чадахгүй байсан. Б гэх залууг салгахаар нь дахиж дайраад байсан. Тэр залуутай Т л ганцаараа зодолдоод байсан...” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн С.Т мөрдөн байцаалтанд”...Билгүүн, Бямбажав нар гадаа үүдэнд тамхи татаад зогсож байсан юм. Тэгтэл танихгүй нэг сахалтай бордуу намхан залуу бид нарын хажууд ирээд дээгүүр чинь гишгэлээ гарчих уу холдож болох уу гээд Билгүүн, Бямбажав бид нарыг үгээр идээд байсан. Бид нар тэр залууг яасан юм бэ зүгээр биз дээ асуудал байхгүй биз дээ гээд хажуугаараа зүгээр явуулах гэж үзсэн. Гэтэл  тэр залуу явахгүй бид нартай муудалцаад зогсоод байсан. Гэтэл тэр залуу түрүүлээд манай найз Билгүүнийг гараараа цохиод авсан. Тэгээд учиргүй муудалцаагүй салгах гэж үзсэн...тэгээд тэд нар бид нар руу дайраад хоорондоо зодолдоцгоосон. Зодоон дунд хэн нь гэдгийг нь би санахгүй байна нэг залуу нь пивоны шил бариад над руу дайрсан. Шилтэй гараараа над руу далайсан. Би тэр залуугийн гарыг нь бариад доош нь дараад шилийг нь хаяулсан. Тэр залуучууд бас нилээн хэдэн пивоны шилийг бид нар руу шидсэн...би зугатах гэтэл нөгөө зодоон хийсэн залуучууд намайг бариад зогссон...бид нар ер нь бол тэр залуустай бүгдтэй нь муудалцаж  зодолдсон” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14161 дугаартай “Х.Бгийн биед зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор С.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Т 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо LM караокены үүдэнд Х.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Бгийн”...улаан малгайтай залуу тойрч гарч ирээд миний толгойны баруун ар хэсэг рүү архины шилээр цохисон тэр үед архины шил хагарсан. Тэр залуу хагарсан шилээрээ миний баруун талын чихний ухархай хэсэгт зүссэн...”/хх-ийн 11/, гэрч Т.Бямбажавын”...тэр залуу дундуур аймар түрэмгий орж ирээд Билгүүнийг шууд цохисон...” /хх-ийн17/, гэрч Э.Билгүүний”... түрүүлж ирсэн залуу нь эхлээд намайг цохисон...гэтэл араас нь тэр залуутай хамт явсан  найз нар нь орж ирээд зодоон эхэлсэн...” /хх-ийн 20/, гэрч Б.Чинзоригийн “...тэр залуутай Т л ганцаараа зодолдоод байсан”  /хх-ийн 23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14161 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос С.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг  харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. 

 

Шүүхийн шатанд шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасан “урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон.

 

Энэ үндэслэлээр С.Тын цагдан хоригдсон 13 хоногийг түүнд шүүхээс оногдуулсан дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар 13х8= 104 цагийг  хасаж тооцох нь зүйтэй.

С.Тт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ тогтоолоор түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Шүүх хуралдаан дээр хохирогч Х.Бгаас гаргасан хохиролын 817.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх үнэлж үүнийг шүүгдэгч С.Таас гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Харин хохирогч Х.Б эмчилгээтэй холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Таас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Сандагдоржийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тыг дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.Тт оногдуулсан дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  түүний цагдан хоригдсон 13 хоног буюу нэг зуун дөрвөн цагийн ажлыг  хасаж тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Таас 817.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Бд олгосугай.

 

  1. Хохирогч Х.Б эмчилгээтэй холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ