Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2021/00024

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 409 дугаар шийдвэртэй,  

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багт оршин суух Тайжууд овгийн *******ын ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын 10-н жилийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багт мал маллаж байсан. Тэгээд 1984 онд цэргийн албанд татагдан 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн.

Цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад аавынхаа хамтаар мал маллаж байсан. 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд намайг Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү

гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 409 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайжууд овгийн *******ын ******* /РД:*******/-ын

- Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Миний бие Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 409 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд би 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл аав *******, нагац эгч Батсуурь нарын хамт мал малласан. 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн Жаргалант бригадад хэвлэл түгээгчээр ажилласан. 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд мал малласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хангаж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

 Нэхэмжлэгч Д.******* нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багт малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдохгүй, харин дээрх онуудад аж ахуйн-хэвлэл түгээгчээр ажиллаж байсан болох нь тогтоогджээ. 

Анхан шатны шүүх хэрэгт санаачлагаараа нотлох баримт бүрдүүлэн хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгч Д.*******ыг дээрх онуудад малчнаар бус хэвлэл түгээгчээр ажиллаж байсныг илрүүлэн түүний малчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 116 дугаар зүйлийн 116 2, 116.3 дахь заалтад тус тус нийцсэн байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 409 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ