Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/941

 

 

 

 

 

      2024             08            20                                        2024/ДШМ/941

 

Х.Э т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Тамир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ,

шүүгдэгч Х.Э ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 1911028351282 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х.Э, ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: .../.

Х.Э  нь ... тоотод байрлах “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А-н итгэмжлэн хариуцуулж өгсөн “Голомт” банкны и-токен төхөөрөмжийг ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 41.601.940 төгрөгийг компанийн бус үйл ажиллагаанд зарцуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Э үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 8.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд шүүхээс оногдуулсан 8.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Э ээс 20.000.000 төгрөгийг гаргуулан, хохирогч “...” ХХК-д олгож, 6 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ажлын хөлс 1.600.000 төгрөгийг шүүгдэгч Х.Э ээс гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Э ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран бичсэн давж заалдах гомдолдоо: “ ...Өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалт буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийг үндэслэн шүүгдэгчээс шүүгдэгчээс 20.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дээр огт маргаж байгаагүй бөгөөд зөвхөн хохирол төлбөрийг бодитойгоор тогтоолгох хүсэлтэй байсан болно. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол төлбөрийг бодитойгоор тогтоож чадаагүй хохирлын хэмжээг үндэслэлгүй тогтоож, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирол төлбөр тодорхой байхад тус хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч Д.Баяраагийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчээс хохирогчид учруулсан хохирлын хэмжээг тодорхойлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасны дагуу талуудын тэгш эрхийн оролцоог хангаагүй зөвхөн хохирогч талаас хохирлын баримтуудыг авч дүгнэлт гаргасан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байсан, шүүгдэгчээс гүйлгээ болон бусад баримтын талаар тодруулах ажиллагаа огт хийлгүйгээр дүгнэлт гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэм хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар заавал хөтөлбөргүйгээр нотлон тогтоосон байхыг шаарддаг. Шинжээчийн дүгнэлтийн шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирол гэж үзсэн шилжүүлгийн гүйлгээ бүр дээр хохирогч “...” ХХК-ийн нэр дээр “Е” баримт шивэгдсэн байдаг бөгөөд гүйлгээ бүрийн дагуу мөнгө хүлээн авагч иргэдээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааны дагуу гэрчүүдээс өгсөн мэдүүлгүүд нь дандаа барилгын материал, барилгын материалын тээвэр гэх мэтчилэн “...” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болох тогтоогдог. “...”ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан тухай бүрийн худалдан авалтын захиалгын хуудсыг Н.Б М.А М.З нарын хэн нэгнээс дотоод үйл ажиллагаанд ашигладаг какао талк мессенжер чатад илгээж, түүнийг нь бусад нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн тохиолдолд Х.Э  тухайн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг төлбөр авагч талд шилжүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлэх эрх түүнд олгогдоогүй ба хэрэгт хамаарал бүхий цаг хугацаанд ч мөн адил компанийн мөнгөний захиран зарцуулалт нь дээрх какао талк мессенжер чатад илгээгдэж, бусад хүмүүсийн зөвшөөрснөөр хийгддэг байсан бөгөөд тухайн мессенжер чатад захиран зарцуулалтын бүх баримтууд авагдсан байгаа талаар Х.Э  удаа дараа мэдүүлдэг. Мөн “...”ХХК-ийн зүгээс цагдаагийн байгууллагад хандахаас өмнө Х.Э ийг дотоод сүлжээ болох какао талк мессенжер чатаас хассан байх тул манай зүгээс зардлын баримтуудыг бүрэн хэмжээгээр гаргаж өгөх боломжгүй болсон ба ажлын шаардлагаар өөрт хадгалагдаж байсан тодорхой тооны баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалт буюу 20.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан гомдол гаргасан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруу дээр маргаж байгаагүй. Харин учруулсан хохирол төлбөрийг бодитойгоор тогтоолгохоор хүсэлт, гомдлуудыг гаргаж байсан. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирол төлбөрийг тооцож гаргасан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгчийн компанид учруулсан хохирлын хэмжээ тодорхой байдаг. “...” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа, барилгын материал болон тээвэр гэсэн зүйлүүдэд зарцуулагдсан байхад компанийн бус үйл ажиллагаанд зарцуулсан мэтээр шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Х.Э ийн хувьд өөрийн санаачилгаар гүйлгээ хийдэггүй байсан. Хоорондоо харилцдаг какао талк мессенжер чатад худалдан авах бараа материалын хэмжээ болон үнийн дүнг оруулдаг. Талууд байгаа газраасаа какао талк мессенжер чатыг нээж гүйлгээ хийх зөвшөөрөл олгодог. Үүний дагуу гүйлгээнүүд хийгддэг бөгөөд гүйлгээ хийсэн баримтуудыг дундын какао талк мессенжер чатад оруулдаг. Тэгэхээр н.Баттулга, н.Анхзаяа, н.Заяацэцэг, Х.Э  нарын зөвшөөрлөөр хийгдэж байсан гүйлгээнүүд байгаа юм. Мөн Х.Э ээс болон хохирогч талаас гаргаж өгсөн баримтуудад үндэслэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэхдээ компанийн анхан шатны баримтууд шинжээчид хүргэгдээгүйн улмаас шинжээчийн дүгнэлт бодитой гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...” ХХК-ийн 2019-2020 оны санхүүгийн тайлан, авлага, өглөгийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэл, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг анхан шатны баримтууд шинжээчид хүргэгдээгүй. Эдгээр баримтуудаар шинжээчийн гаргасан үнэлгээ болон үнийн дүн өөрчлөгдөх боломжтой. “...” ХХК-ийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, дэлгэрэнгүй бүртгэл, агуулахын бүртгэл зэрэг тайлангууд хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлт гарахад эдгээр баримтуудыг ашиглаагүйн улмаас тооцоо дутуу гарсан гэж үзэж байгаа. Мөн бараа материалын худалдан авалтын тоо хэмжээний тайлан хэрэгт авагдаагүй, шинжээчид хүргэгдээгүй. Эдгээр зүйлүүд дутуу улмаас шинжээчийн дүгнэлт бүрэн бус гарсан байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, хохирлын хэмжээг тооцсон нь үндэслэлгүй. Х.Э ийн хувьд өөрт байгаа бүх баримтуудыг гаргаж өгсөн. Харин зарим үрэгдсэн, устсан баримтуудаа гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь, тухайн үед какао талк гэх дундын групп чатад баримтын падаануудыг илгээж байсан талаар тайлбарладаг. Хохирогч талаас какао талк мессенжер чатад байгаа бүх баримтуудыг гаргаад ирэх юм бол хохирлын хэмжээ тодорхой болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирол төлбөр шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгчийн зүгээс Цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс гэм буруу дээр маргадаггүй. Хохирлын хэмжээ дээрээ маргаж 2-3 жил явсан хэрэг юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс 20.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, завших гэмт хэрэг нь тухайн эд хөрөнгийг зориулалтын бус зарцуулж, хохирогчид бодит хохирол учирсан байхыг шаарддаг. Тэгэхээр гаргуулахаар шийдвэрлэсэн 20.000.000 төгрөг нь “...” ХХК-ийн ажилд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгаар нотлогддог. Шүүхээс Аварга тосон рашаан сувилалд зарцуулагдаагүй учраас завшсан гэж дүгнэсэн. Мөн захирлыг байхгүй хойгуур Аварга тосон рашаан сувиллаас гадна “...” ХХК-ийн өөр ажлууд явж байсан бөгөөд үүнд мөнгө зарцуулагдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, Х.Э  тухайн мөнгийг өөрт зарцуулаагүй гэдэг нь тогтоогддог. Иймд 20.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх бүрэлдэхүүнээс анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг анхаарч үзэхийг хүсэж байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс зөвхөн 15.000.000 төгрөг дээр маргасан. Харин давж заалдах шатны шүүх хуралдаан дээр үлдэгдэл төлбөр болох 20.000.000 төгрөг дээр маргаж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгдэгч хохирол төлбөрийг барагдуулах 5 хоногийн завсарлага авахдаа би 20.000.000 төгрөгийг 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөөд дуусгана гэж тэмдэглэлд тусгуулж бичгээр өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс санхүүгийн тайлан, аудитор ажиллах ёстой байсан гэсэн зүйлийг ярьдаг. Машинаар дамжуулан Х.Э ийн хийсэн 80.000.000 төгрөгийн чек болон 69.000.000 төгрөгийн гүйлгээ буюу нийт 149.000.000 төгрөгийн гүйлгээг шүүх шинжилгээний байгууллага нэг бүрчлэн шалгаж, үүнээс нотлогдохгүй, холбогдох баримт байхгүй зүйлийг хасаж, 3 төрлийн зүйлийг хүлээн зөвшөөрүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр Х.Э  15.080.000 төгрөгийг аваад үрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 12.000.000 төгрөгийн арматурын баримт гарч ирсэн. Үүнийг Баттулга арматур гэж манай байгууллагын данснаас шилжүүлсэн байсан. Манай байгууллага арматуртай холбоотой нэг ч ажил хийгээгүй. 4 дүгээр хавтас хэргийн 71 дүгээр талд н.Хулангийн “манайхаас арматур авсан гүйлгээний төлбөр байна” гэх мэдүүлэг авагдсан. Манай байгууллага арматурын ажил хийж байгаагүй учраас бидэнд мэдэгдэхгүйгээр манай туслан гүйцэтгэгч н.Б хамтарч тусдаа компани байгуулж, үүгээр дамжуулж мөнгө авч байсан Х.Э ийн үйлдэл болох нь энэ үнийн дүнгээр тогтоогдсон. 4 дүгээр хавтас хэргийн 67-71 дүгээр талд авагдсан гэрч н.Наранхүүгийн мэдүүлгээс харахад Ниссан Жук машиныг манай байгууллагын данснаас орсон мөнгөөр авсан байдаг. 12.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг, 15.080.000 төгрөгөөр нийт хохирлын үнэлгээ гарсан. Энэ нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дансны хуулга зэргээр эргэлзээгүй нотлогдсон. Х.Э ийн 149.000.000 төгрөгийн дур мэдэж хийсэн гүйлгээнээс зөвхөн 41.000.000 төгрөгийн тооцоо гаргахад бид үүнийг үгүйсгэх баримт байхгүй учраас хүлээн зөвшөөрсөн. Х.Э ийн данснаас авсан гүйлгээг нэг бүрчлэн шалгаж үзээд санхүүгийн дүгнэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээчээс гүйлгээ бүрийг асуухад гүйлгээ тус бүр дээр нь тайлбар гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд ял шийтгэлийн тухайд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудаас гаргаж өгсөн санхүүгийн бүх баримтуудыг хамруулан шинжилгээг хийсэн байгаа. Шүүгдэгч Х.Э  какао талк мессенжер чатаас скрийншот хийж хэвлэсэн баримтуудыг өгсөн бөгөөд үүнийг шинжээч санхүүгийн баримтуудын анхан шатны шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн хэдий ч гүйлгээ хийсэн дансны хуулгыг нэг бүрчлэн гүйлгээ тус бүрээр нь гаргаж шинжилгээний дүнг танилцуулсан байгаа. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хууль зөрчөөгүй, мөн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн мэтгэлцээний явцад шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтээ ойлгомжтойгоор тайлбарлан хамгаалж оролцсон. Шүүгдэгч Х.Э ийн зүгээс санал нийлэхгүй байгаа үнийн дүнгээ нэг бүрчлэн зааж, шинжээч тухай бүрд нь баримттай хариулсан. Тиймээс анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд дуусаж хохирол төлбөр төлөхтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авсан. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч 41.601.940 төгрөгөөс 21.601.049 үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 8 дугаар сарын 20-ны өдрөөс төлөхөө илэрхийлж хохирогч талд бичиг үйлдэж өгсөн бөгөөд хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Анхан шатны шүүхээс Х.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын талаас илүүг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ын “...Х.Э  нь “...” ХХК-д ямар нэгэн албан тушаалд томилогдож байсан зүйл байхгүй. Харин гүйцэтгэх захирал М.Анхзаяатай хоорондоо итгэлцлийн хүрээнд хэд хэдэн ажил дээр буюу барилгын ажил дээр ажиллаж байх хугацаанд Эрдэнэцэцэг санхүүгийн асуудалд оролцдог байсан. Гүйцэтгэх захирал М.Анхзаяа нь гадаад улс руу ажлаар явахдаа Х.Э  гэгчид байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна гэж бодож 80.402.000 төгрөгийн чек, и-токен төхөөрөмжийг засварлах эрхийг олгосон. Үүний хүрээнд Эрдэнэцэцэг чекээр олгогдсон 80.402.000 төгрөгийг авч өөрийн эзэмшлийн голомт банкны дансанд шилжүүлсэн авсан...” гэх мэдүүлэг /1хх 92, 4хх 84-85/,

 

... ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 04 дугаартай итгэмжлэл /1хх 54-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаартай шинжээчийн “...Х.Э  нь өөрийн эзэмшдэг Голомт банк дахь .... тоот харилцах дансандаа шилжүүлэн авсан 80.402.000 төгрөгөөс ирүүлсэн баримтын хүрээнд ... ХХК-ийн үйл ажиллагаанд 36.127.059.30 төгрөгийг, үлдэх 44.274.940.70 төгрөгийг компанийн бус үйл ажиллагаанд зарцуулсан байна. Мөн Х.Э  нь ... ХХК-ийн Голомт банк дахь ...  тоот харилцах данснаас /173.861.174-80.402.000=93.459.174 төгрөг/ 93.459.174.00 төгрөгийг зарцуулахдаа ХХК-ийн үйл ажиллагаанд 88.628.154.00 төгрөгийг, 4.831.020.00 төгрөгийг компанийн бус үйл ажиллагаанд зарцуулсан байна. Х.Э  нь ... ХХК-ийн Голомт банкны данснаас нийт 173.861.174.00 төгрөгийн зарлагын гүйлгээ хийснээс ... ХХК-ийн үйл ажиллагаанд 124.755.213.30 төгрөгийг зарцуулж үлдэх 49.105.960.70 төгрөгийг компанийн бус үйл ажиллагаанд буюу зориулалт бусаар зарцуулсан байна. Иймд 49.105.960.70 төгрөгийн зарцуулалтыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна...” гэх дүгнэлт /2хх 55-64/,

 

Голомт банк ХХК-ны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14/хх/03-2259 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2хх 84-101/,

 

Гэрч Н.Б “...Би төрсөн ах Н.Төмөрчөдөр ахаас барилгын материал авах гэж залгасан бөгөөд тухайн мөнгийг Аварга тосон рашаан сувиллын ажилд зарцуулсан. Тухайн мөнгийг яагаад Эрдэнэцэцэг гэх хүний голомт банкны данснаас шилжүүлсэн вэ гэвэл барилгын үйл ажиллагаанд зарцуулсан учраас шилжүүлсэн юм...” мэдүүлэг /4хх 73-74/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогч М.А зүгээс 7.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул 41.601.940 төгрөгийг хохиролд гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /5хх 89-90/,

 

Шинжээч Д.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хохирогч М.Анхзаяа, Х.Э  нарыг дуудах хүсэлт мөрдөгч рүү илгээсэн боловч Х.Э  ирээгүй. ...Тухайн гүйлгээ 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гүйлгээ хийгдсэн байхад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр и баримт шивэгдсэн байсан. Би дансны хуулга дээр шинжилгээ хийсэн болохоор зөрчил гэж үзсэнээ дэмжиж байна. Ибаримт урьдчилан шивсэн нь эргэлзээ бүхий байдал үүсгэж байна. ...Төлбөрийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байхад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ибаримт шивэгдсэн байна. Гүйлгээний утга дээр “бараа” гэж бичсэн болохоор барилгын материал гэж үзээгүй. Учир нь би дансны хуулганы гүйлгээний утгаар хохирлыг тооцсон...” мэдүүлэг /5хх 86/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

Х.Э  нь ... тоотод байрлах “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А-н итгэмжлэн хариуцуулж өгсөн “Голомт” банкны и-токен төхөөрөмжийг ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 41.601.940 төгрөгийг компанийн бус үйл ажиллагаанд зарцуулж завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Э ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Х.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

 

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

...” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А нь Х.Э т 80.402.000 төгрөгийг зарлагын гүйлгээ хийж байгууллагад зарцуулахаар итгэмжлэл олгосон нь Х.Э ийг тухайн аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А-н итгэмжлэл болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд,

Х.Э  нь итгэмжлэгчийн зарцуулах эрх өгсөн 80.402.000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр Х.Э ийн дансанд байсан үлдэгдэл, “...” ХХК-д зарцуулсан зарлагыг тус тус хасч хохирлын хэмжээг нийт 41.601.640 төгрөгөөр тогтоосон ба тэрээр дээрх мөнгөнөөс өөрийн эх Б.Ц-т 3.050.000 төгрөг, эцэг Ц.Хт 970.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, өөрийнхөө хаан банкны дансанд 10.000.000 төгрөг, барилгын материалын гэх 12.581.940 төгрөг, Н.Б-д барилгын ажлын гэж зээлсэн 15.000.000 төгрөгийг тус тус өөрийнхөө данс руу буцаан авч компанийн үйл ажиллагаанд зарцуулалгүй хувьдаа завшиж, өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.Э ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, Б.Цолмон-Эрдэнэ нараас хохирлын хэмжээний талаар маргаж давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...“....” ХХК-ийн үйл ажиллагаанд 124.755.213.30 төгрөгийг зарцуулж үлдэх 49.105.960.70 төгрөгийг компанийн бус үйл ажиллагаанд буюу зориулалт бусаар зарцуулсан байна.” гэж хохирлыг тооцож гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ байгууллагад зарцуулсан гэх 7.504.640 төгрөгийг нийт хохирлын дүнгээс хасч тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Мөн шинжээч Д.Баяраа нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хохирогч М.А, Х.Э  нарыг дуудах хүсэлт мөрдөгч рүү илгээсэн боловч Х.Э  ирээгүй. ...Тухайн гүйлгээ 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гүйлгээ хийгдсэн байхад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ибаримт шивэгдсэн байсан. Би дансны хуулга дээр шинжилгээ хийсэн болохоор зөрчил гэж үзсэнээ дэмжиж байна. Ибаримт урьдчилан шивсэн нь эргэлзээ бүхий байдал үүсгэж байна. ...Төлбөрийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байхад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ибаримт шивэгдсэн байна. Гүйлгээний утга дээр “бараа” гэж бичсэн болохоор барилгын материал гэж үзээгүй. Учир нь би дансны хуулганы гүйлгээний утгаар хохирлыг тооцсон.” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас ...” ХХК-д учирсан хохирлыг нэхэмжилсэн тус байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.А ын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон үүнээс шүүгдэгч Х.Э ийн төлсөн хэсгийг хасч, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. 

 

Иймд хохирлын хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Х.Э ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...800 /найман мянган/...” гэж нэг “0” орхигдуулан бичсэн техникийн шинжтэй алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...800...” гэснийг “...8000...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Э ийн өмгөөлөгч Ц.Батмэнд, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН