Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 347

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нарт холбогдох 1805003610157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын орчим иргэн Э.Нг бусадтай андуурч биед нь цохиж, өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж бие махбодид нь зүүн нүдний зовхинд хаван, цус хуралттай, зүүн хөмсөгний гадна болон хамрын хянганд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа. Бид нар хохирогчид нийт 10.400.000 төгрөг хүн тус бүр  2.500.000 төгрөг төлсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

 

        Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн. Гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

         Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

 

         Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж хэлэх зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Н мөрдөн байцаалтанд: “2018 оны 01 сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим би найзууд болох Мөнхтөр, Х.Жаргалцогт нарын хамт 3-уулаа жаахан пиво ууж байгаад гэртээ харихаар дуудлагын жолооч дуудан машин руугаа Мичид зочид буудлын урд байрлах явган хүний замаар алхаж байсан чинь гэнэт 4-5 залуу гүйж ирэн нэг өндөрдүү бараан хувцастай залуу хүрч ирэн ямар нэг үгийн зөрүү байхгүй нүүрэн тус газарт цохиход би газар дээш харсан байдалтай унасан. Тэгтэл тал талаас миний нүүр толгой хавирга цээж хэсэг рүү хэд хэдэн удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Би болиоч хүн аллаа ш дээ гээд хашгирсан хэн нь яаж намайг зодож цохисоныг харах боломжгүй байсан. Миний нүүр хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Тэгээд л гэнэт зугатаад явчихсан. Миний нүд хамар хэсгээс цус гараад би өндийн тонгойгоод цусаа доош гоожуулсан. Учир нь өмсөж явсан хувцас бохирлогдох гээд байсан. Тэгээд би 2 найзынхаа хамт гэмтлийн эмнэлэг орсон. Эмчилгээний зардалд хагалгаанд 7 сая төгрөг, эм тариа үзлэг оношилгоо 3,4 сая төгрөг нийт 10,4 сая төгрөг болсон. Нэгдүгээр эмнэлэгийн нүдний тасагт ухархай нөхөх хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 149-152 /

Хохирогч Э.Н дахин байцаалтаар”...би хохиролын нийт 10.400.000 төгрөг хүлээн авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” /хх-ийн 153/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Доржпүрэв мөрдөн байцаалтанд: “2018 оны 01 сарын 13-ны өдөр би өөрийн гэртээ Б ахын хамтаар байж байсан.  Тэгээд Б ах 23 цагийн орчимд хоёулаа гараад ирье гэхээр нь манай хашаан дотор байсан Б ахын 97-57 улсын дугаартай цагаан өнгийн Тоёота королла маркийн автомашиныг асаагаад бид хоёр  Баянгол дүүргийн 16 дугаар хороо +25 баарны үүдэнд очсон. Тэгээд Бямбаа ах “би энд буулаа чи явж бай би чам руу залгана” гэсэн тэгэхээр нь би Бямбаа ахыг +25  баарны үүдэнд буулгаад би Бямбаа  ахын автомашиныг унаж таксинд явсан. Тэгээд удалгүй 30 минутын дараа 00 цаг өнгөрч байхад Б ах миний 99887216 дугаарын утас руу залгаад гэрээс 100.000 төгрөг аваад ир гэсэн. Тэгэхээр нь Бямбаа ахын гэрт нь очиж Жавзмаа эгчид хэлээд 100.000 төгрөг аваад Б ахтай утсаар ярихад модны 2-т байрлах Сэвэн нэртэй бааранд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тэр баарны үүдэнд очоод залгахад Б ах гарч ирсэн. Тэгээд надаас 100.000 төгрөг аваад дотогшоо орсон...Тэгээд Б ах намайг байж бай гэсэн тэгэхээр нь замын эсрэг талд нь буюу модны 2-ын автобусны буудал дээр Б ахын 97-57 УНТ улсын дугаартай автомашинтай зогсож байтал замын эсрэг талд байгаа +25 баарны үүдэнд хүмүүс зодолдож байсан. Тэгээд хараад зогсож байтал явган хүний зам дагуу Б ах найзуудтайгаа 2 хүн хөөж байсан тэгээд модны 2-ын голын зам руу гүйгээд явахаар нь би араас нь хөдлөөд явсан. Мичид буудлын баруун талд Б ах найзуудтайгаа хүнтэй зодолдож байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Б ахыг очиж аваад машинд суулгатал араас нь найзууд нь суусан. Тэгээд хөдлөөд явж байтал голын толиндоо харахад нэг найз нь араас гүйгээд суугаагүй үлдсэн байхаар нь би зогсоод нэг найзыг нь суулгаад явсан. Машинд намхан ноосон малгайтай, цүнхээ үүрсэн буюу сүүлд машинд суугаагүй хоцроод араас гүйгээд суусан гэж мэдүүлсэн тус ах “зүгээр явж байгаа буруу хүн зодчихлоо ш дээ” гэсэн тэгэхэд хойно сууж байсан нэг ах тэр хүмүүс чинь бид нарыг мөрлөсөн юм гэсэн өөр ямар нэгэн юм яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/

 

Гэрч Б.Мөнхтөр мөрдөн байцаалтанд: “Мичид буудлын хажуугаар ертөнцийн зүгээр баруун тийш такси барих гээд зам дагуу явж байсан. Бид нарын хажуугаар 3 хүүхэд гүйгээд явсан. Тэгэхэд би хүүхдүүд зодолдоод хөөцөлдөж явна даа гэж бодож бид 3-ын өөдөөс хэдэн залуучууд гарч ирээд “энэ байна ш дээ” гээд үгийн зөрүүгүй, бид 3-ыг зодсон тэгэхээр нь би “ахын дүү та нар хүн андуураад байна ш дээ” гэж хэлэхэд “үгүй та нар мөн ” гээд зодоод байсан. Тэгээд тус залуучууд цагаан өнгийн жижиг машинд суугаад явсан. Би араас нь уг машин руу гүйхэд хөдлөөд явсан. Тэр автомашины дугаар нь 97-57 УНТ гэсэн дугаартай цагаан өнгийн автомашин байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

 

Сэжигтэн Э.С мөрдөн байцаалтанд: “Зодоон болсон асуудлын талаар санахгүй байна...3 хүн тааралдахаар нь би нэгийг нь барьж аваад, чи яагаад зүгээр байгаа манай найзыг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд л А шууд гүйж ирээд нөгөө ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохих үед нөгөө ах газар унах үед Б толгой руу нь өшиглөөд, Б бас нөгөө уначихсан ахыг өшиглөж байх шиг байсан, тэр үед миний зүүн гар талд байсан хүн “та нар хүн андуураад байна ш дээ, та нарын хөөж байгаа хүн биш” гэж хэлэхээр нь нөгөө гуравт хүн андуураад байна гээд байна ш дээ гэж хэлээд Б, Б А нар буцаад +25 баар руугаа зугатааж, зам гараад Бийн дүүгийн машинд суугаад намайг сууж амжаагүй байхад хөдөлж яваад дахиад зогсож байгаад намайг суулгаад явсан.

“....маргаан гэхээр зүйл юу ч болоогүй +25 баарны гадна манай найзыг цохиод Мичид зочид буудлын зүг зам гараад зугатаахаар нь аминдаа араас нь хөөж барьж авах санаатай гүйсэн юм. Тэгтэл манай найзыг цохисон 3 хүнтэй андуураад уг хүмүүсийг зодсон байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 60-61/ ,

 

Сэжигтэн Б.А мөрдөн байцаалтанд: “...хэсэг 3 залуутай маргалдаад тэгээд бид нар гадаа гараад зогсож байхад тухайн маргалдсан залуучууд хойноос хамгаалагч нартай маргалдаад гарч ирээд нэг залуу нь намайг цохиод зугатаахад араас нь хөөгөөд зам хөндлөн гарч хойноос нь гүйгээд гүйцээгүй нөгөө 3 алга болсон юм. Тэгээд Б  бид хоёр явж байхад Б араас ирээд бид гурвуулаа явах замд 3 ах таараад тэр 3-тай мөрлөлцөөд хэрүүл хийгээд зодоон хийсэн. ...би тухайн үед хүнд цохиулсандаа их ууртай байсан болохоор эхлээд нэг ахыг цохисон тэгээд зодоон эхэлсэн бусдыг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/.

 

Сэжигтэн Ц.Б мөрдөн байцаалтанд:“...бид нар +25 баар руу ороход хүмүүс ихтэй байхаар нь гарсан тэгээд замын эсрэг талд нь Баянгол дүүргийн Сэвэн гэх нэртэй пабад орсон тэгээд 1 шил 0,75 гр архи пиво авч уусан тэгээд тэндээсээ би яаж гарсан талаараа санахгүй байна. Миний санаж байгаагаар Модны 2-ын  голын зам дагуу явж байгаад А бид хоёр  Саа, Бямбаа 2-ын араас гүйгээд очтол Саа, Бямбаа хоёр хүнтэй зодолдож байсан. Тэгээд яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд “нэг ах та нар хүн андуураад байна гэж хэлж” бид нарыг Бямбаагийн дүү нь цагаан өнгийн Бямбаагийн машинтай дүү нь ирж авсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/.

 

Яллагдагч О.Б мөрдөн байцаалтанд:”...би +25 баарны үүдэн дээр зөрөхөөс болон 3 залуутай маргалдсан чинь нэг залуу нь Аг цохичихоод зугатаасан чинь араас нь С  бид хоёр гүйгээд Мичид зочид буудлын үүд хэсэгт явж байсан 3 залуугийн нэгийг нь С барьж аван баруун гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Энэ үед А Бтай хүрч ирээд Сын цохисон ахын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон чинь газар унасан. Тэгтэл Б толгой хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Мөн би нүүр хэсэг рүү нь нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Сын хажууд байсан ах та нар хүн андуураад байна гэж хэлэхээр нь бид нар зодохоо байсан. Тэгтэл манай дүү Доржпүрэв бид нарыг авахаар машинтайгаа ирж суулгаад авч явсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 133-135/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1487 дугаартай дүгнэлтэнд “Э.Нгийн биед зүүн нүдний зовхинд хаван, цус хуралттай, зүүн хөмсөгний гадна болон хамрын хянганд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27/

         хохиролын баримтууд /хх-ийн 29-31, 155-160/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 161/,

 

         Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Агийн ял шалгах хуудас /хх-ийн 81/, оршин суух тодорхойлолт /хх-ийн 84б/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101/,

Ц.Бы ял шалгах хуудас /хх-ийн 82/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 107/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109, 110, 111/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 112/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 114/, 

 

О.Бийн ял шалгах хуудас /хх-ийн 83/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 102/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 104/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 105/,

 

Э.Сын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 118/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 120/, шагнал урамшуулалын хуулбар /хх-ийн 121-123/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 124/, ял шалгах хуудас /хх-ийн 177/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын орчим иргэн Э.Нг бусадтай андууран зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Нгийн”...намайг явган хүний замаар алхаж байсан чинь гэнэт 4-5 залуу гүйж ирэн нэг өндөрдүү бараан хувцастай залуу хүрч ирээд ямар нэг үгийн зөрүү байхгүй нүүрэн тус газар руу цохиход би газар дээш харсан байдалтай унасан. Тэгтэл тал талаас миний нүүр толгой хавирга цээж хэсэг рүү хэд хэдэн удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн...миний нүүр хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн...”/хх-ийн149-152/, гэрч П.Доржпүрэвийн”...Б ах найзуудтайгаа хүнтэй зодолдож байсан...сүүлд машинд суугаагүй хоцроод араас гүйгээд суусан ах “зүгээр явж байгаа буруу хүн зодчихлоо ш дээ” гэсэн...”/хх-ийн 10-13/, гэрч Б.Мөнхтөрийн”...хэдэн залуучууд гарч ирээд “энэ байна ш дээ” гээд үгийн зөрүүгүй, бид 3-ыг зодсон тэгэхээр нь би “ахын дүү та нар хүн андуураад байна ш дээ” гэж хэлэхэд “үгүй та нар мөн ” гээд зодоод байсан” /хх-ийн 6-8/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1487 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, хохиролын баримтууд /хх-ийн 29-31, 155-160/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 161/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Э.С, Ц.Б, О.Б,  Б.А нарын  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон байна.

Шүүх, прокуророос нэр бүхий шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнээд

Шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6-д зааснаар ял хөнгөрүүлэх байдалд тооцож тэдгээрийн хувийн байдлыг  харгалзан  тус бүр дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Э.Нд шүүгдэгч тус бүр 2.500.000 төгрөг буюу нийт 10.400.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч Э.Н мөрдөн байцаалтанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Баярт овогт Эрдэнэбаатарын С, Яргай овогт Бы А, Саран овогт Цэнгэлмаагийн Б, Боржигон овогт Оюунгэрэлийн Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Б.А, Ц.Б, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ