Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00010

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0011/Э индекстэй, 1715001760071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт Тоёота Алпарт загварын **-**УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 2.7а дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 2.3б дахь хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Б.М биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

  1715001760071 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.М  өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас 14 цагийн үед Д.Болдсайханы хамт түүний эзэмшлийн **-**УБА улсын дугаартай машинтай хоёулаа Улаанбаатар хот орохоор гарсан. Тэгээд Туулын гүүрэн дээр зогсож Д.Б бид хоёр хэдэн хүмүүстэй уулзсан бага зэрэг архи уугаад хөдөлсөн. Д.Б нээх их уугаагүй гэж бодож байна. Тэгээд Туулын гүүрнээс хөдлөөд засмал замтай нийлэх үед би унтсан байсан. Тухайн үед Д.Б жолоо барьж явсан би огт жолоо бариагүй. Тэгээд нэг мэдэхэд машин замын хажуу ру ороод осол болсон байсан. Тэгээд Баяннуур сумын эмнэлэг ороод тэндээс гэмтлийн эмнэлэг ирсэн. Миний зүүн хөл өвдөг эцсээрээ хугарч гипс тавиулсан. Баруун хөлийн шагай цуурсан, хамрын яс хугарсан зүүн нүдэнд оёдол тавьсан. Өөр гэмтэл гайгүй байгаа гэх мэдүүлэг /хх-15-17 хуудас/,

Гэрч Д.Э өгсөн:...Б.Д.Б бол манай төрсөн ах юм. **-**УБА улсын дугаартай Алпарт маркын үзмэн ягаан өнгийн тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр бичиг баримт нь байдаг боловч манай ах Д.Б эзэмшлийн машин юм. Уг машиныг 2017 оны 6 дудгаар сард 15000000 төгрөгөөр худалдан авсан гэх мэдүүлэг /хх-18-19 хуудас/,

Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №92 тоот дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн Д.Б гэх цусанд 3.3% спиртийн агууламж илэрсэн. Энэ согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-24 хуудас/

Булган аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №93 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б.М  гэх цусанд 3.7% спиртийн агууламж илэрсэн. Энэ согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-28 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч эмчийн 2017 оны
10 дугаар сарын 17-ны өдрийн 13064 тоот дүгнэлтэнд: 1. Д.Болдсайханы биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-34 хуудас/.

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №49 тоот: **-**УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Болдсайхан, зорчигч Б.М  нар нь ЗХД-ийг зөрчсөн. Жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.7а заалт “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.2-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, зорчигч Б.М  нь тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа хамгаалах бүс хэрэглээгүй нь МУ-ын ЗХД-ийн 2.3б заалтыг тус тус зөрчсөн байна. 2. 7313 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлыг хангаж явсан эсэхийг тогтоох боломжгүй. 3. **-**УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Уг осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зорчих хэсгийн баримжааг алдаж гүүрэн дээрх бетон хашилтыг мөргөснөөс үүдэж тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдаж зорчих хэсгээс гарч онхолдсон байна гэх дүгнэлт /хх-39-40 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны
10 дугаар сарын 17-ны өдрийн 13063 тоот: Б.М биед баруун хоншоор ясны урд хана, арын хана, зүүн хоншоор ясны урд хана, доод хана, зүүн суурийн хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор гадна, доод хана, хамар ясны хугарал, сээрний 12-р нугалмын ламин болон арын сэртэн, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэн, зүүн тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн нүдний зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хуагцаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-46-47 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08661808 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт Тоёота Алпарт загварын **-**УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 2.7а дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн МУ-ын ЗХД-ийн 2.3б дахь хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Б.М биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт факт, үйл баримт тогтоогдож байна.     

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13063 тоот дүгнэлтээр...Б.М биед баруун хоншоор явсны урд хана, арын хана, зүүн хоншоор ясны урд хана, доод хана, зүүн суурийн хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор гадна, доод хана, хамар ясны хугарал, сээрний 12-р нугалмын ламин болон арын сэртэн, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэн, зүүн тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, зүүн нүдний зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алимны цус харвалт, баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэх, Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №49 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

   Иймд шүүгдэгч Д.Б тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

Хохирогч шүүхэд эмчилгээний талаарх баримтыг ирүүлээгүй байх тул эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Б овогт Д.Бтээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар Д.Б тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосныг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.М  нь эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН