Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/942

 

 

 

 

 

      2024             08            20                                        2024/ДШМ/942

 

О.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч О.Ж ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ж ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2310045270333 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Ж, ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: .../.

О.Ж  нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...  төвийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдан ... нүүрэнд цохиж мөргөн эрүүл мэндэд нь биед баруун нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, баруун зовхи, хамрын нуруу, зүүн зовхины дотор булангийн цус хуралт баруун нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Ж ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж өөс 2.607.250 төгрөг гаргуулж, хохирогч Э.М олгож, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Ж  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт жижиг маргааны улмаас иргэн Г.М биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан болно. Уг хэргийг үүссэнээс хойш би бусдын биед халдсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа. Би 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шинэ аав болсон одоогоор нялх хүүхэдтэй, эхнэр маань ажил хийх боломжгүй байна. Миний бие шүүхээс өгсөн 300 цагийн нийтэд тустай ажлыг хийх боломжгүй ар гэрийн байдал хүнд ганцаараа ажлаа хийж байгаа тул надад оногдуулсан 300 цагийн ажлыг сольж өгнө үү. Би иргэн Г.М учруулсан хохирол төлбөрт сар бүр тогтмол цалин дээрээсээ төлж барагдуулах болно бас чин сэтгэлээсээ түүнээс уучлал хүсэх болно” гэв.

 

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, урьд ял шийтгэлгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах саналгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

          Хохирогч ... “...би нөгөө машины жолоочид хөөш чи яаж яваад байгаа гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс сүртэй хар пизда вэ гэж янз бүрээр хараасан. Тэгэхээр нь би яасан гэнээ гэхэд зам руу шахаад зогсчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа зам дээр шахаж тавиад буугаад очсон чинь тэр залуу машинаасаа бууж ирээд шууд миний дух руу мөргөсөн. Тэгэхээр нь би цааш нь түлхсэн тэр залуу дахин намайг нэг удаа мөргөж нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж авсан...” мэдүүлэг /хх 15-16/,

        Гэрч Л.П “...Ж нь нүд рүү нь нэг удаа гараараа цохисон, тэгээд тэр хоёр хоорондоо зодолдохоо больсон ба тэр залуугийн нүд хавдаад машиндаа суусан...” мэдүүлэг /хх 17/,

        Гэрч З.Б “...нөгөө залуу Ж өөдөөс зодолдох гэж дайрч очоод нүрд рүүгээ нэг удаа цохиулсан чинь нүд нь хавдсан...” мэдүүлэг /хх 17/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15041 дугаартай “...... биед баруун нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, баруун зовхи, хамрын нуруу, зүүн зовхины дотор булангийн цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,

          Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай “...Шинжээч эмч О.Болороогийн гаргасан №15041 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. ...... биед баруун нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, баруун зовхи, хамрын нуруу, зүүн зовхины дотор булангийн цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл учирчээ. Дээрх баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын шалгуур шинжээчээр 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эмчилгээний дараах эдгэрэлтээс хамаарч өөрчлөгдөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

         О.Ж ийн яллагдагчаар өгсөн “...хажуугаар явж байсан машинтай хүн шахаж орж ирээд намайг зогсож бай, буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буугаад очсон чинь нөгөө залуу хүрээд ирсэн. Тэгээд миний цамцнаас бариад боосон. Тэгээд байж байхад намайг хойш нь түлхээд унагаасан. Тэгтэл тэр хүн миний толгой руу өшиглөсөн. Тэгэхээр нь би босч ирээд нүүр хэсэгт нь 2-оос 3 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тэр залуугийн нүд нь шууд тэр дороо хавдсан...” мэдүүлэг /хх 54/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

          О.Ж  нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...  төвийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан маргалдан ... нүүрэнд цохиж мөргөн эрүүл мэндэд нь биед баруун нүдний ухархайн доод, дотор хананы хугарал, баруун зовхи, хамрын нуруу, зүүн зовхины дотор булангийн цус хуралт баруун нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Э.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Ж өөс “... шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргажээ.

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

          Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч О.Ж  нь ар гэрээсээ ганцаараа ажил хийдэг гэх хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2022 оноос хойш төлөлт хийгээгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх байгууллагын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдаагүй байхаас гадна хохирогч Э.Мөнх-Эрдэнэд учирсан 2.607.250 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар солих үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч О.Ж өд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч ... хохиролтой холбоотой баримтаар нийт 2.607.250 төгрөг нэхэмжилснийг шүүх шүүгдэгч О.Ж өөс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

          Иймд шүүгдэгч О.Ж ийн гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  О.Ж ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР         

              ШҮҮГЧ                                                                     Д.ОЧМАНДАХ

              ШҮҮГЧ                                                                     Н.БАТСАЙХАН