Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2021/00026

 

Дүдө ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2 дугаар хорооны 11 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж буй Дүдө ХХК-ийн /РД:2866048/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдох сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1.095.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарсайханы давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын захирал Л.Алтанцэцэг/Орхон аймгаас ZOOM/-р, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарсайхан, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал, нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1.095.500 төгрөг гаргуулах тухай 

Нэхэмжлэгч: ДҮДӨ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ДҮДӨ ХХК болон Улиастай сумын 4-р сургуулийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан хамтран ажилласан юм. Тус компаний зүгээс сурагчдын дүрэмт хувцасыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэж, гэрээнд заасан хугацаанд нь захиалгын дагуу тус сургуульд 7.949.600 төгрөгийн үнэ бүхий 392 ширхэг дүрэмт хувцас нийлүүлсэн.

Тус сургууль нь 2014, 2015, 2018 онд барааны үнэ 6.854.100 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж байна.

Иймд барааны үлдэгдэл үнэ болох 1.095.500 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Жич: 2017.05.04-ний өдөр барааны үлдэгдэл 2.178.630 төгрөг, хохирол 1.089.315 төгрөг, нийт 3.267.945 төгрөгийг нэхэмжилж байсан гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ДҮДӨ ХХК-ийн захирал Л.Алтанцэцэгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуультай холбоотой гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гарагж байна. Гэрээ байгуулж хувцас нийлүүлсэн боловч размер таарахгүй шалтгаанаар хувцас зарагдахгүй үлдэгдэл гарсан. Зарагдсан хувцасны санхүүгийн тооцоог тухайн үед бүрэн хийж дуусгасан бөгөөд үлдэгдэл хувцасыг буцаан өгсөн. Зарагдсан хувцасны тооцоог шилжүүлсэн баримтаар захирал Л.Алтанцэцэгтэй 2017 онд хийж дуусган үлдэгдэл хувцасыг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Засгийн газрын 250 дугаар тогтоолын дагуу ДҮДӨ ХХК Завхан аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиудыг дүрэмт хувцсаар хангах үүрэг авч ажилласан. Дүрэмт хувцас нийлүүлэх хуваарийн дагуу утас үйлдвэрлэх компаниудаар утсыг нь үйлдвэрлүүлээд, үнэ, загвар гээд Засгийн газраас тогтоож өгсөн загварын дагуу бүх дүрэмт хувцсыг үйлдвэрлэж Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад захилгын дагуу дүрэмт хувцас нийлүүлсэн. 2014 оны 01 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал Болор-Эрдэнэ өөрийн биеэр 497 ширхэг сурагчийн хувцас захиалж гэрээний дагуу 497 ширхэг сурагчийн дүрэмт хувцсыг хүлээж авсан. Улмаар 2014 оны 01 сарын 16-ны өдөр зарим барааг буцааж, бид тулгаж тооцоо нийлсэн. Үүнд Кардиган 107 ширхэг, майк хар хөх 45 ширхэг, майк саарал 190 ширхэг, майк саарал 50 ширхэг нийт 392 ширхэг 7,949,600 төгрөгийн үнэ бүхий бараа авсан. Дээрх барааг миний бие өөрийн биеэр менежерийн хамтаар хүргэж өгч 4-р сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэд хүлээлгэн өгч тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан. Үүнээс хойш төлбөрийн тооцоогоо хийж дуусга гэж захирал Д.Болор-Эрдэнэтэй олон жил маш олон удаа утсаар ярьж шаардаж байсан ба хэрвээ үлдэгдэл байвал Боловсрол Соёлын газрын дэд дарга Баяраа дээр сургуулиуд үлдэгдэлээ тушааж байна тэнд аваачаад тушаачих гэж олон удаа утсаар хэлсэн боловч тушаагаагүй 2 сар Болор-Эрдэнэ захирлыг хүлээж бараагаа татахгүй байж байгаад татсан. Тэгээд за танд үлдэгдэл байхгүй юм байна гэж ойлгогдож байна мөнгөө шилжүүл гэж шаардсан боловч сүүлдээ утсаа ч авахаас байсан.

Харин 2018 оны 5 сард өөрөө залгаад би найзаараа СДХ майк явуулсан та хүлээгээд аваарай гэж Болор-Эрдэнэ өөрөө ярьсан. 2018 оны 05-р сарын 18-нд Эрдэнэт хотод амьдардаг Ганзориг гэдэг хүнээр 79 ширхэг 1,880,670 төгрөгийн бараа явуулсныг бид хүнийх нь дэргэд ангилж тоолж аваад падан бичиж гарын үсэг зуруулж паданы 1%-ийг нь тэр хүнд өгсөн. Ингээд анх гэрээгээр авсан 7,949,600 төгрөгийн бараанаас 4,973,430 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,976,170 төгрөгийн бараанаас 1,880,670 төгрөгийн барааг буцааж, одоо үлдэгдэл 1,095,500 төгрөгийг хариуцагчаас гаргаж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 355 дугаартай шийдвэрээр

1. Монгол улсын Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3 дэхь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 1.095.500 /нэг сая ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДҮДӨ ХХКомпанид олгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дүдө ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 30.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох,

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарсайханы давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарсайхан миний бие Дүдө ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд холбогдох иргэний хэрэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00355 дугаартай шүүхийн шийдвэрийг 2021 оны 10-р сарын 26-ны өдөр хүлээн авч шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны

09 дүгээр сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00355 дугаартай шүүхийн шийдвэрт ...хариуцагч байгууллага үлдэгдэл хувцсыг буцаан өгсөн. Зарагдсан хувцасны тооцоог шилжүүлсэн баримтаар захирал Л.Алтанцэцэгтэй 2017 онд хийж дуусган үлдэгдэл хувцсыг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна... гэж маргаж байгаа болон энэ талаар нотлох баримтаар нотлоогүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас үлдэгдэл барааг бүгдийг нь явуулж тооцоо нийлсэн хүнийг буюу гэрчээр Орхон аймгийн иргэн Ганзоригийг асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй бөгөөд бид бүхнийг мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг хийсэн байна.

Мөн манай байгууллагаас ДҮДӨ" ХХК-нд төлөх ямар нэгэн төлөх төпбөргүй бөгөөд 2017 онд энэ асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан талаар нэхэмжлэгч тал дурьдаад байхад холбогдох хэргийн материалыг шүүхийн архиваас татаж хэрэгт хавсаргаагүй шийдвэрлэсэн зэрэг нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 140/ШШ2021/00355 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талын шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчим буюу хариуцагчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлт гаргасан учир шүүх хуралдаанд оролцоогүй хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийг оролцуулаагүй нь хуульд нийцэхгүй байна. Яагаад гэвэл хоёр талыг байлцуулж байж хэргийг шийдвэрлэх буюу маргаантай хэрэг дээр заавал нэг талыг байлцуулж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Ганзориг гэдэг хүн нь хэдэн бараа хүлээлгэж өгсөн юм гэдгийг гол мэдэх гэрчийг оролцуулж асуухгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дүдө гэдэг компанийн хэрэгт авагдсан нотлох баримт буюу манай компанид 5.707.970 төгрөгийг ирүүлсэн гэж тайлбар өгсөн байдаг. Энэ баримт нь Л.Алтанцэцэг гэдэг хүн гарын үсэг зураагүй байдаг тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байдаг. Нийт 7.949.600 төгрөгөөс 4 дүгээр сургуулийн төлсөн мөнгөн дүнг хасахаар 2.270.000-аад төгрөгийн зөрүү байдаг. Энэ зөрүүг холбогдох элэгдэл, хорогдол бүх зүйлсийг хасаж тооцоо нийлж үлдэгдэл бараа буюу 1.880.000 төгрөгийг буцааж хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд 1.095.000 төгрөгийн төлбөр байхгүй байдал харагдаж байгаа. Нэхэмжилсэн байдал, нэхэмжлэгч талын байдлыг харахад нэхэмжлэлийн шаардлага дээр бараа буцаасан асуудал яригддаггүй, зөвхөн төлсөн байгаа үлдэгдэл нь 1 сая төгрөг үлдлээ гэж нэхэмжилдэг. Хариуцагч талаас манайх үлдэгдэл барааг буцааж явуулсан, одоо өгөх зүйл байхгүй гэхээр. Буцаасан бараа чинь ороод 1 сая төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөр байдлаар тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв нэхэмжлэгч тал баримттай нэхэж байгаа бол өөрийнхөө гэрээнд заасан дансны хуулгыг гаргаж ирж үзээд явах боломжтой, гэтэл дансны хуулгаа огт гаргаж ирдэггүй. Хариуцагч тал анхнаасаа өмгөөлөгч авч оролцоогүй учраас анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад холбогдох баримт хүсэлтүүдээ гаргаж чадаагүй нь харагддаг. Дүдө ХХК нь 1 сая төгрөг нэхэмжлэх эрхгүй байгаа. Үлдэгдэл барааг буцаасан баримт Болор-Эрдэнэ, Эрдэнэ-Очир гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Үлдэгдэл барааг буцааж авчхаад, авсан барааныхаа үнийг нэхэмжлээд байгаа юм шиг байдал харагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Өөрөөр хэлбэл 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж тэр өдрөө барааг хүлээж авсан байдаг. Гэрээнд зааснаар барааг хүлээж авснаас хойш 21 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Тэгэхээр шаардах эрх 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байгаа. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаатай байдаг. Гэтэл 2019 оны 05 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарлахад хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогссон зүйл огт байдаггүй. Мөн Дүдө ХХК нь төлбөр төлөөгүй гэдэг дээр 1.095.000 төгрөгийг яаж гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт нь хоёр өөр нотлох баримтууд байдаг. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гарын үсэггүй баримт байгаа. Түүн дээр 5.700.000 төгрөг төлсөн гэдэг зүйл байдаг. НӨАТ-аа 4 дүгээр сургуулиар хасаж тооцуулаад байгаа юм уу? 797.000 төгрөгийг нэмээд байгаа юм уу? гэдэг нь ойлгомжгүй байдаг. Тухайн аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн худалдсан бол НӨАТ-аа өөрөө төлөх ёстой. Гэтэл энэхүү баримтын НӨАТ гэдэг дээр 797.000 төгрөг бичигдсэн байдаг. Нийт дүн дээрээ 5.770.970 гэж биччихээд доод талд нь 970.570 гэж бичигдсэн байдаг. Энэ нь нийт дүн дээр нэмэгдэх дүн юм уу? гэж харагдаж байгаа. Төлөгдөөгүй үлдэг гэж 2.900.000 гэдэг нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал нь өмгөөлөгч аваагүй холбогдох баримтаа гаргаж өгөөгүй дээр дөрөөлж 1.095.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг тулгаж хэргийг шийдвэрлэж болохгүй. Үүн дээр анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай бүрдүүлж буюу хэлэлцүүлэх захирамж гаргахдаа нотлох баримтыг бүрэн бүрдсэний дараа хэлэлцүүлэх захирамж гаргаж хурал зарлах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Амарсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх дээр асуухдаа бид нарт 1.095.000 төгрөгний үлдэгдэл байгаа гэж ойлгуулаагүй. Тухайн үлдэгдэл чинь огт очоогүй, данс нийлээгүй 4 сая гаран төгрөгний төлбөр танай дээр гарсан байна гэсэн ойлголтыг бид нарт өгсөн. Тэгэхээр бид нар заавал өгсөн падаанаа олж үзсэний дараагаар хүлээлгэж өгсөн гэсэн гэрчийн мэдүүлэг зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж Ганзоригийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан юм. Нэхэмжлэгч талаас яриад байгаа 7.949.600 төгрөгний буюу 392 ширхэг барааг бид нар авсан байгаа юм. Түүнээс 2014, 2015 онд нэхэмжлэгч нь 5.770.970 төгрөгийг талууд нийлж үлдэгдэл 2.178.630 төгрөг байдаг. Тэрнээс бид нар Ганзоригоор явуулсан 1.880.620 төгрөгний үлдэгдэл барааны тооцоог хасаж үзэхээр 298.010 төгрөгний үлдэгдэл манай дээр байгаа юм. Тэгэхээр ямар учраас 1.095.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гэв. 

Нэхэмжлэгчийн байгууллагын захирал Л.Алтанцэцэг/Орхон аймгаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай тогтоолын дагуу энэ төсөлд хамрагдаж Завхан аймгийн 4-р сургууль болон Завхан аймгийн бусад сумуудын сургуулийн дүрэмт хувцасны кардиган, ноосон майкыг үйлдвэрлэж нийлүүлсэн. Ингэж нийлүүлэхдээ Дүдө ХХК-ийн захирал болох Алтанцэцэг би өөрийн биеэр сургуулиудын захиралд авч ирж өгч нийлүүлэлт хийсэн. 4 дүгээр сургуулиас анхан шатны шүүх хуралд гэрчээр Ганзориг гэдэг хүнийг оролцуулаагүй гээд байна. Анхан шатны шүүх хурал дээр 4 дүгээр сургууль нь мэдүүлэхдээ Ганзориг гэдэг хүнээр 79 ширхэг 1.880.670 төгрөгийн бараа явуулсныг бид хүнийх нь дэргэд ангилж тоолж аваад падаан бичиж гарын үсэг зуруулж падааны 1%-ийг нь тэр хүнд өгсөн гэдэг. Тэгэхэд нь би Ганзориг гэдэг хүнийд өгсөн гэсэн баримт 4 дүгээр сургуульд байхгүй байж болно. Харин манайд тушаасан Ганзориг гэдэг хүний падаан байна. Би Ганзориг гэдэг хүнээс аваагүй гэхгүй гэж хэлж байсан. Мөн манайх илэгдэл хорогдол гэж огт тооцогдож хасагдсан зүйл байдаггүй. 2.976.170 төгрөг гээд байгаа нь ойлгомжгүй байна гэж тайлбарлаад байх шиг байна. Болор-Эрдэнэ захирлыг тус сургуулийг хариуцаж байх үедээ өөрөө шүүхэд гаргасан тайлбартаа манайд 2.976.170 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн байдаг. Ингээд анх гэрээгээр авсан 7.949.600 төгрөгийн бараанаас 4.973.430 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.976.170 төгрөгийн бараанаас 1.880.670 төгрөгийн барааг буцааж, одоо үлдэгдэл 1.095.500 төгрөг байгаа. Манай талаас маш олон удаа 4 дүгээр сургуулиас үлдэгдэл мөнгөө өгөөч гэж шаардаж байсан. Манайх бол яг хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа гэж үзэж байна. Мөн манайх тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч чөлөөлж өгөлгүй төлөх шаардлагатай гэсэн шүүгчийн шийдвэр, захирамжууд байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Дүдө ХХК нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий болвсролын сургуульд холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1.095.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар Дүдө ХХК нь Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуультай 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14/04 тоот гэрээр байгуулж, гэрээний дагуу нэг бүрийн үнэ 26.400 төгрөгийн үнэтэй нийт 107 ширхэг кардиган буюу сурагчийн дүрэмт хувцас, нэг бүрийн үнэ 15180 төгрөгний үнэтэй 45 ширхэг бага ангийн майк, нэг бүрийн үнэ 17930 төгрөгний үнэтэй 190 ширхэг дунд ангийн майк, нэг бүрийн үнэ 20.700 төгрөгний үнэтэй 50 ширхэг ахлах ангийн майк зэргийг авч нийт 392 ширхэг сурагчийн дүрэмт хувцасыг 7.949.600 төгрөгөөр сурагчдад худалдаж өгөхөөр харилцан тохирсон болох нь тогтоогджээ. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч захиалагч тал нь бараа бүтээгдэхүүнийг анхнаасаа захиалж хийлгээгүй, өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, харин эд зүйлийг худалдахад туслалцаа үзүүлэхээр тохирсон шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээ биш даалгаврын гэрээний шинжийг илүү агуулсан, дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Хариуцагч тал гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулж, 7.949.600 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлэх үүрэгтэй байснаас 5.770.970 төгрөгийг шилжүүлсэн, 1.880.670 төгрөгийн барааг худалдаагүй буцааж хүргүүлсэн талаар талууд маргаагүй байна.  

Иймд үлдэгдэл төлбөр 297.960 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулиас гаргуулж Дүдө ХХК -нд олгох нь үндэстэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 355 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх хэсгийн Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 1.095.500 /нэг сая ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДҮДӨ ХХКомпанид олгож гэснийг Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 297.960/ хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ДҮДӨ ХХКомпанид олгож гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР  

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Ж.БАТТОГТОХ