| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0016/Э |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 00016
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэддоржийн Нямчимэгт холбогдох эрүүгийн 1715002070002 дугаартай, 163/2018/0016/Э индекстэй хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.Н
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Н нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 7 дугаар сард Булган аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Н нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1715002070002 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ц.Отгончимэгийн өгсөн: 2017 оны 10 дугаар сард Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт ирээд Ч.Н нь эрүүл мэндийн сангийн санхүүжилтээс эмийн санд мөнгө шилжүүлээд түүнийгээ авсан гэж шалгасан гэх мэдүүлэг /хх-10-11 хуудас/,
Гэрч Р.Б өгсөн: 2017 оны 7 дугаар сард Ман-Од хувийн эмнэлэг, СОБЦ эмийн сан дээрх 2 байгууллагад 5 сая, 10 сая төгрөгийг тус тус шилжүүл гэсэн үүргийг дарга өгсөн. Тэрний дагуу төсвөөс хэтрүүлэн хэлсэн гүйлгээг нь хийхгүй энэ манай байгууллага дээр ирсэн. Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын шалгалтаар харьяа байгууллага мөнгө зээлж байгаа нь албан тушаалаа ашиглаж байгаа гэсэн албан ёсны бус танилцуулга гарсан гэх мэдүүлэг /хх-12 хуудас/,
Гэрч Б.Б өгсөн: Манай байгууллага дээр ерөнхий газраас шалгат ирсэн тэр үеэр өөрөө надад Манай-Од, СОБЦ эмийн сангийн Батцэцэг нараас өөрсдөөс нь авсан гэж хэлсэн гол алдаа нь урд өдөр нь эрүүл мэнд нийгмийн даатгалын сангаас шилжүүлчихсэн ийм үйл явдал болсон гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-14 хуудас/,
Гэрч Н.Эөгсөн: Ч.Н нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр над руу яриад танай байгууллагын данс руу мөнгө хийсэн байгаа надад мөнгөний хэрэг гараад байна байр худалдаж авах гэсэн банкны зээл бүтэхгүй байна таны данс руу хийсэн байгаа та гүйцэтгэлээрээ хаачиж болно биз дээ асуудлыг би зохицуулна гэж хэлсэн. Үүний дагуу би янз бүрийн асуудал гарах юм биш биз дээ асуудлыг би зохицуулна гэж хэлж байсан. Н шижлүүлсэн мөнгө нь 2017 оны 8, 9 сарын гүйцэтгэлээрээ авах мөнгийг урьдчилаад хийсэн байсан. Сар болгон гүйцэтгэлээ хийгээд урьдчилгаа мөнгө авдаг. Яг бүтэн 2 сараар урьдчилан санхүүжилт авна гэсэн заалт байхгүй. Ер нь гэрээнд тусгагдсанаас 1 сард 8.4 сая төгрөгийг нийгмийн даатгалын сангаас санхүүжилт авах ёстой гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 хуудас/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-3-5 хуудас/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-31-47 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-59-61 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Нямчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 7 дугаар сард 5 сая, 10 сая төгрөгийн хөрөнгө завшсан гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Н холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Н нь хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Отгончимэг санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Ч.Н ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигаа арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ч. Нхөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгээсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
5. Шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН