Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/900

 

 

 

 

  2024            08            13                                         2024/ДШМ/900

            

    Б.О-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О-т холбогдох эрүүгийн 2304000900120 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ....-ий О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... дарга ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:  ...................../;

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын баруун талын засмал зам дээр “Тоёота Рав-4” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчин иргэн Б.О-гийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.О-гиин эрүүл мэндэд “баруун дунд чөмөг ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол, мөн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд “бүсэлхийн нугалмын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөгний хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Б.О-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 01 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.О-т тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч О.Ж нь энэ хэрэгт холбогдуулан гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, хохирогч Б.О-гийн нэхэмжилсэн 64.826.450 төгрөгөөс эрүүл мэндэд учирсан хохиролд 29.536.553 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин хөлсөнд 12.310.960 төгрөг, нийт 41.847.513 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгч Б.О-аас төлсөн 24.317.000 төгрөг, иргэний хариуцагч Б.О-аас төлсөн 5.017.000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 12.513.513 төгрөгийг шүүгдэгч Б.О-аас гаргуулж хохирогч Б.О-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О-гийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээл болон тээврийн хэрэгслийн зээлийн гэрээний үүргийн биелэлт, өмгөөлөгчийн хөлс, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны зээлийн төлбөр болох нийт 22.978.897 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Х-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүгдэгч Б.О-аас 7.631.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, мөн хохирогч Б.О, О.Ж нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, цус мэт зүйлээр бохирлогдсон марль 1 ширхэг, худалдан авалтын баримт 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй дотроо шингэн зүйлтэй сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Б.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Б.О-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон/ бусдад учруулсан хор уршигтай харьцуулахад түүнд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна.

Хохирогч Б.О миний биеийн байдал одоог хүртэл эдгэрээгүй хувь болон улсын эмнэлэгт эмчийн хяналтанд эмчлүүлж байна. Дахин баруун өвдөгний үе солиулах хагалгаанд орох заалттай боловч мөнгө санхүүгийн байдлаас болж хараахан орж чадахгүй цаг хугацаа алдаж байна. Шүүхээс 2023.04.17-2024.06.01-ийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 12.513.513 төгрөгийг шүүгдэгч Б.О-аас гаргуулж олгохоор заасан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. ...” гэв.

Хохирогч Б.О-гийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, үйлдэлд нь оногдуулсан ял шийтгэл тохирсон байх ёстой. Тэгэхээр Б.О-т оногдуулсан ял шийтгэл тохироогүй буюу түүний үйлдэлд хөнгөдсөн ял шийтгэл оногдуулсан гэх агуулгатай гомдол гаргасан. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хуулийн зүйл, заалт хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн сонгох санкцтай. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол төлбөр төлсөн байдал, мөн үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирол төлбөрийг төлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хорих аваагүй учраас хохирол төлбөр төлөх, хохирогчийг эмчлүүлэх, цаг хугацаа алдахгүйгээр хагалгаанд нь оруулах талаар шүүгдэгчийн зүгээс санаачилга гаргахгүй байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. Б.О үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй асуудал байгаа. Миний үйлчлүүлэгч 1 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хөл нь насан туршдаа бүрэн тэнийж, нугалрах боломжгүй гэмтэл авсан. Энэ бэртэл гэмтэл өнөөдрийн шүүх хуралдаан гэдэг юм уу, 1 удаа яригдаад өнгөрөх асуудал биш, насан туршдаа хөл нь 100 хувь тэнийхгүй, нугалрах боломжгүй болсон байхад хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, хугацаа алдахгүйгээр эрүүл мэндийн байдлаа сэргээх, хагалгаанд орох боломжийг олгохгүй иймэрхүү байдлаар асуудалд хандаж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хүндрүүлэх байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хамгийн гол асуудал нь шүүгдэгч эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж, энэ нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзэж шийтгэл оногдуулсан байхад түүнээс хойш санаачилга гаргахгүй, асуудалд хойрго хандсан үйл баримт байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд 2 удаа, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд 2 дахь удаагаа оролцож байна. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл хөнгөдсөн гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр Б.О 9.900.000 төгрөг цуглуулаад хохирогчид өгсөн бөгөөд нийт 29.017.536 төгрөг төлсөн байгаа. Б.О нь Багануур дүүргийн “Тээвэр зохицуулалтын алба” ААТҮГ-т дарга ажилтай боловч сарын 1.000.000 төгрөгийн цалинтай, түүний эхнэр хүүхдийн эмч бөгөөд сарын 1.500.000 төгрөгийн цалинтай, бага насны 3 хүүхэдтэй юм. 2.500.000 төгрөгийн орлоготой гэр бүл бараг 30.000.000 төгрөгийг зохих хэмжээгээр олж хохирлоо барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулсан. Түүнээс хуульд заагаагүй хөнгөн ял оногдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулснаар хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна, тиймээс прокурорын гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг дэмжиж байна, миний үйлчлүүлэгчийн хохирлыг төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Бидний зүгээс 9.900.000 төгрөгийг эмчилгээний зардалд зориулж өгсөн боловч шүүх сэтгэцэд учирсан хохиролд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл 2023 оны 04 дүгээр сард гарсан. Гэтэл мөрдөгдөж эхлээгүй байсан хуулийн заалтыг буцаан хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дордуулж, эмчилгээний зардалд өгсөн 9.900.000 төгрөгийг сэтгэцэд учирсан хохиролд тооцсонд гомдолтой байгаа. Тиймээс сэтгэцэд учирсан хохиролд тооцсон 9.900.000 төгрөгийг эрүүл мэндийн хохиролд тооцох боломжтой байх тул давж заалдах шатны шүүхээс үүнд зохих дүгнэлтийг хийж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт, анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд ойрын хугацаанд үлдсэн 12.513.513 төгрөгийг төлж барагдуулъя, жоохон хүлээж байгаа ч гэсэн яриа болсон. Гэтэл 14 хоногийн дотор үлдэгдэл мөнгийг өгөхгүй бол давж заалдах гомдол гаргана гэсэн болзлыг тавиад гомдол гаргасан байгаа. Хэрэв сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт тооцсон 9.900.000 төгрөгийг эрүүл мэндийн хохиролд тооцвол 3.000.000 гаран төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй болох юм. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хохирлыг өөрийн боломжоор төлөөд явж байгаа нөхцөл байдал, өөрийнх нь цалин зэргийг бодолцож шүүхийн шийдвэр гарах байх гэж найдаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би болсон зүйлд гэмшиж байгаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг буцааж чадахгүй учраас миний чадах зүйл шүүхээс тогтоосон мөнгөн хохирлыг богино хугацаанд чадлаараа төлж барагдуулна. Тодорхой хэмжээнд төлөөд явж байгаа. Анхан шатны шүүхийн шатанд 29.000.000 төгрөг төлсөн. Ажилгүй байх хугацааны цалин хөлсөнд 12.310.960 төгрөгөөс 1.000.000 төгрөг төлсөн байгаа. Шүүгдэгчийн эрх зүйн байдал гэж өөрийнхөө талаар тайлбар хэлье. “Тээвэр зохицуулалтын алба” ААТҮГ-т дарга боловч алба гэдэг нь анхан шатны нэгж, манай байгууллага 7 хүнтэй, миний 1 сарын цалин 1.000.000 төгрөг, үүнээс татвар шимтгэлээ төлөөд 790.000 төгрөг авч байгаа. Цалингийн зээлд 650.000 төгрөг төлдөг. Хохирогчид 29.000.000 төгрөг төлсөн, 12.000.000 төгрөг үлдсэн. Би шүүхээс тогтоосон бүх хохирлыг богино хугацаанд төлж барагдуулна гэж хэлж байгаа. Өөрийгөө барагдуулах гээд хичээж байгаа гэж бодож байна. Б.О 12.513.513 төгрөгийг төлөхгүй бол давж заалдах гомдол гаргалаа гэж хэлэхэд найз нь богино хугацаанд төлнө, хоёулаа давж заалдах гомдол гаргаад 2 талдаа давхар өмгөөлөгчийн хөлс, Багануур дүүргээс Улаанбаатар хот руу явах зардал гээд чирэгдэл болоод байна, тэгэхээр ямар ч байсан би богино хугацаанд төлж барагдуулж дуусгана гэж хэлсэн боловч хүлээж аваагүй гомдол гаргасан. ...” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие тус шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй байсан. Хэргийн материалтай танилцахад анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Үүнд хэргийн оролцогч нарын хэн алинаас гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэдэг байр суурь харагдаж байсан. Хэдийгээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх мэт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байсан. Хохирогч гомдол мэдээллийн шатнаас эхлэн өөрт учирсан хохирол, нөхөн төлбөртэй холбогдох нотлох баримтуудыг гаргаж, нэхэмжилж ирсэн байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгыг дээд байр сууриа болгоод 2 төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчид оногдуулсан юм болов уу гэж үзэж байгаа. Хэрэв хорих ялаар шийтгэвэл хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх боломж нь хязгаарлагдана. Тэгэхээр шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, ажил хөдөлмөр эрхэлж хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөд явах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.5 дугаар зүйлийг баримтлан хохирогчийн нэхэмжилсэн хохирол нөхөн төлбөр, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хангана гэсэн боловч хугацаа заах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас шийтгэх тогтоолд хугацаа заагаагүй байх гэж үзэж байна. Гэхдээ тус шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэргийг давж заалдах шатны шүүхээс хянаж, эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчээс хэдий хугацааны дотор 12.513.513 төгрөгийг гаргаж олгох нь зүйтэй талаар магадлалд тодорхой хугацаа зааж тусгах нь зүйтэй болов уу гэсэн саналыг илэрхийлж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын баруун талын засмал зам дээр “Тоёота Рав-4” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчин иргэн Б.О-гийн жолоодон эсрэг урсгалаар зорчиж явсан ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.О-гиин эрүүл мэндэд “баруун дунд чөмөг ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол, мөн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд “бүсэлхийн нугалмын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөгний хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 9-11/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэрэг
үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-16/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 25-26/,

хохирогч Б.О-гийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн найз О.Ж-ыг Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хийдийн хажуугаас очиж авахаар өөрийн эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай Приус маркийн автомашинтайгаа явсан. Найзыгаа очиж аваад хийдээс ертөнцийн зүгээр урагш дүүргийн төв орох гээд явж байтал гэнэт л урдаас машины гэрэл гялбаад урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөсөн. Тухайн үед би машинаа бариад, найз О.Ж урд суудалд сууж явсан. ...” /1 хх 101-102/,

хохирогч О.Ж-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .... тоотод байх найз А-ын гэрт ...гэгээ тасартал архи уусан. Гэтэл манай эмэгтэй найз О над руу утсаар залгаад “хаана байна” гэхээр нь байгаа газраа хэлээд намайг урагшаа дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа буюу 20 цаг 30 минутын үед ирчихлээ гэхээр нь би А-ын гэрээс зам хөндлөн гараад ..-.. ... улсын дугаартай О-гийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд суугаад Рашаант, Жаргалант хэсгийн голоор төв рүү явж байхад О “яанаа” гээд чанга хашигараад нэг мэдэхэд би машины хажууд зам дээр хэвтэж байхад эмнэлэг ирээд намайг авч явсан.” /1 хх 105/,

гэрч Д.М-ийн “...Манай гэр Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 15-1 тоотод байдаг, өнөөдөр орой 21 цагийн үед гадаа нилээд хүчтэй чимээ ойрхон сонсогдохоор нь юу болов гэж бодоод гэрээс гарч хашаан дээгүүрээ өнгийгөөд хартал манай хажуугаар явдаг Рашаант, Жаргалант хэсгийн төв зам дээр саарал өнгийн дунд гарын жип, хар өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байсан. Тэгэхээр нь би эмнэлэг, цагдаа руу залгаж мэдэгдсэн. Би хашаанаасаа гараад саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч талаас очоод хаалгыг нь онгойлгоход нэг залуу жолоочийн суудлаас шидэгдээд нөгөө талын урд суудал руу бөгсөн бие нь ороод 2 хөл нь жолооч талын суудал дээр ёолсон байдалтай байсан. ...би саарал машиныг харчихаад нөгөө хар машин дээр очиход жолооны ард нэг эмэгтэй хүн байсан, бас машинд нэг хүн ёолоод байх шиг байсан. ...” /1 хх 109/,

гэрч М.Т-гийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед Рашаант хэсэгт байх “Эмээгийн дэлгүүр”-ээс ундаа аваад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16-9 тоотод байх гэртээ очихоор замын хажуугийн явган хүний замаар Рашаантын 12 дугаар гудамжны харалдаа явж байтал миний ардаас нэлээн өндөр хаазтай машины дуу сонсогдоод хажуугаар маш хурдтай, ойролцоогоор 80 гаран км цагийн хурдтай саарал өнгийн дунд гарын жип машин гарч өнгөрөхөөр нь ямар хурдтай явж байнаа гэж бодтол Рашаантын 14 дүгээр гудамжны харалдаа очоод нөгөө машин эсрэг урсгал руу огцом дарж ороод нэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд бөгс нь ойгоод бууж байгаа нь харагдсан. Би цаанаас ирж байсан тээврийн хэрэгслийг яг хаанаа ирж байсныг тухайн үедээ анзаараагүй. ...” /1 хх 111/,

насанд хүрээгүй гэрч Г.Т-гийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16-2 тоотод байх гэртээ орохоор өөрийн найз Бат-Ундрах, Есөн-Эрдэнэ нарын хамт гудамж руугаа ортол машин хүчтэй хаазлах чимээ сонсогдоод удалгүй маш хүчтэй чимээ гарч машинууд хоорондоо мөргөлдөх шиг болсон. Тэгэхээр нь бид гурав юу болсныг харахаар буцаад зам руу гартал Рашаантын 15 дугаар гудамжны харалдаа саарал өнгийн жип, хар өнгийн Приус маркийн хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан. Тэгээд бид гурав Приус машин дээр очоод жолоочийн эсрэг талын урд талын хаалгыг онгойлготол нэг ах ёолоод гараараа газар тулаад машинаас буусан. Цаад талын хаалгыг онгойлгох үед жолоочийн суудал дээр нэг эгч хөл нь хугарсан юм шиг хөдөлж чадахгүй сууж байсан. Тэр үед замын эсрэг талд байсан ахад хандаж цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. ...” /1 хх 112/,

гэрч Н.А-ын “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ж бид 2 унтаж байгаад босоод манайд 0,75 литрийн “Жак” нэртэй вискиг хувааж уугаад орой болтол сууж байтал нэлээд оройхон Ж нэг хүнтэй утсаар яриад манай гэрээс гараад явсан. Ж тэгж гарч яваад нэг хүнтэй уулзаж машинд нь сууж явж байгаад О-ын машинтай мөргөлдсөн гэдгийг би сүүлд сонссон. ...” /1 хх 114/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын
05-ны өдрийн 2275 дугаар “...Мөнгөлөг саарал өнгийн Тоёота Рав-4 маркийн ..-.. ... улсын дугаартай, АСА36-50006308 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй, ашиглалтын явцад тоормосны накладка элэгдсэн тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Хойд тэнхлэгийн тоормосны накладка элэгдсэн, баруун хойд нэмэлт гэрлийн бүрхүүл хагарсан эвдрэл нь ашиглалтын явцад үүссэн байна. Бусад эвдрэл гэмтлүүд ослын үед шууд болон дамжиж үүссэн байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 227-250, 2 хх 1-2/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2225 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн Тоёота Приус 30 маркийн ..-.. ... улсын дугаартай ZVW30-5432175 арлын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Ослын өмнө үүссэн гэх эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Үзлэг шинжилгээний явцад зам тээврийн осолд техникийн талаас нөлөөлсөн гэх баримт байхгүй байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 8-31/,

“Цагаан шонхор жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23/113 дугаар “... “Тоёота Рав-4” маркийн ..-.. ... улсын дугаартай автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2 хх 59-60/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний химийн
шинжилгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1928
дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.О” гэсэн хаягтай цуснаас 0,9 промилли
спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,9 промилли спиртийн агууламж нь
согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1 хх 134-136/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5250 дугаар “...Б.О-гийн биед баруун дунд чөмөгт ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжгой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /1 хх 160-163/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаар “...О.Ж-гийн биед Бүсэлхийн нугаламын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөг хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх нугалам ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. ...” гэх дүгнэлт /1 хх 190-191/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-
ны өдрийн 235 дугаар авто тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /2  хх-44-45/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-
ны өдрийн 235-нэмэлт дугаар авто тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /2 хх 51-52/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний
хэлтсийн Шүүх сэтгэц шинжилгээний тасгийн шинжээч нарын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар “...2023 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Б.О-гийн гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. ...” гэх дүгнэлт /2 хх 66-68/,

Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаар “...Б.О-гийн сэтгэцэд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тохиолдсон гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицохын хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...” /2 хх 238-240/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О-ыг “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.О-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.О-гиин эрүүл мэндэд “баруун дунд чөмөг ясны доод булууны бяцарсан үе рүү орсон зөрүүтэй ил хугарал, тойгны мултрал, баруун гуяны булчингийн няцрал, холбоосны урагдал, язрал, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн өсгий ясны хугарал, цээж, зүүн хөх, бугалгад цус хуралт” бүхий хүнд хохирол, мөн хохирогч О.Ж-ын эрүүл мэндэд “бүсэлхийн нугалмын хугарал, баруун талын 5 дугаар хавирганы хугарал, зүүн талын өвдөгний хэсэгт язарсан шарх, баруун гарын сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Б.О-гээс “...Б.О-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршигтай харьцуулахад түүнд оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 2023.04.17-2024.06.01-ийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 12.513.513 төгрөгийг шүүгдэгч Б.О-аас гаргуулж олгохоор заасан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.

Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.О нь хохирогч Б.О-д ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 12.513.513 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, хавтас хэрэгт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                              ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР