Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2021/00027

 

Т.Дэлгэрсайхан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 389 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Завханмандал сумын 4 дүгээр баг 2-2 тоотод оршин суух Алаг адуун овгийн Түмбаярын Дэлгэрсайхан /РД:ШЖ66033061/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Завханмандал сумын 4 дүгээр баг 6-9 тоотод оршин суух Алаг адуун овгийн Баттогтохын Наранбаатар /РД:ИЕ79072871/-т холбогдох Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө уучлалт гуйлгах, нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө уучлалт гуйлгах, нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарт тус бүр 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Наранбаатар нь огт үндэслэлгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбат нарыг ёс зүйгүй үйлдэл гаргаж олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан гэж цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагаас Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбат нарт холбогдуулан 2023000246 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад шалгалтын ажиллагааг дуусгаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор дээрх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Наранбаатар үндэслэлгүйгээр Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбат нарын ажил хэргийн нэр хүндэд зориудаар халдаж сумын иргэд олон нийтийн дунд илт буруу ойлголт төрүүлж нэр хүндийг нь унагаах үйлдэл гаргасан тул гомдолтой байна гээд Б.Наранбаатарыг нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбат нараас албан ёсоор уучлал гуйлгах, нэр төрд халдсан сэтгэл санааны хохирол Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах, Б.Наранбаатарын гаргасан гомдолтой холбогдуулан Завханмандал сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох Т.Дэлгэрсайханд 160.000 төгрөг, Ц.Очирбалд 172.000 төгрөг, хоол унааны мөнгө нийт 300.000 төгрөг нийт 632.000 төгрөгийг нөхөн гаргуулж хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

 Хариуцагч Б.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өдөр Улсын их хурлын гишүүн Б.Баярсайхан ирж иргэдтэй уулзалт хийсэн. Тэр үед Улсын их хурлын гишүүн Б.Баярсайхан, Т.Дэлгэрсайхан дарга нарын хооронд маргаан гарсан. Б.Баярсайхан гишүүн Т.Дэлгэрсайханыг бичлэг хийлээ гэж цагдаа дуудсан. Цагдаа ирж Т.Дэлгэрсайханы утсан дээрх бичлэгийг устгуулсан. Би тэр үед хараад сууж байсан. Би тэр хурал дээр сууж байхдаа цагдаа дуудаагүй. Би тэр хурал дээр Т.Дэлгэрсайхан даргатай нэг ч үг дуугараагүй. Тухайн үед Улсын их хурлын гишүүн Б.Баярсайхан цагдаад дуудлага өгсөн. Намайг намын дэд дарга гэдэг үүднээс хариуцагчаар оролцуулж авсан.

Би тэр хуралд сууж байхдаа цагдаад дуудлага өгөөгүй. Би тэр хурал дээр олон зүйл ярьж хүний нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Зүгээр байж байгаад ийм гэмт хэрэг холбогдсондоо гомдолтой байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 389 дугаартай шийдвэрээр

1.    Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Наранбаатарт холбогдох нэрд төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд, олон нийтийн өмнө уучлалт гуйлгах, нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах, Завханмандал сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох бинзений зардал Т.Дэлгэрсайханд 160.000 төгрөг, Ц.Очирбалд 172.000 төгрөг буудал болон хоолны мөнгө 300.000 төгрөг нийт 632.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлын агуулга:

Миний бие Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэхэмжлэлтэй Б.Наранбаатарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 389 дугаартай шүүхийн шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Т.Дэлгэрсайханы нэхэмжлэлтэй Б.Наранбаатарт холбогдох Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө уучлалт гуйлгах,

нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар үндэслэлээ тодорхой гаргах болно гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Наранбаатарын хувьд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, цагдаагийн байгууллагаас Т.Дэлгэрсайхан нарт холбогдох зөрчлийн хэргийг шалгаад мөрдөгчийн тогтоолоор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдож байдаг. Энэ тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байна. Наранбаатарын хувьд хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал дээр Наранбаатарын гомдлын дагуу гэж явсан байдаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар УИХ гишүүн Баярсайханы туслах нь цагдаад дуудлага өгсөн гэдэг асуудал яригддаг. Мөн Наранбаатар нь олон нийтэд эдгээр нэхэмжлэгч нарын нэр хүндэд халдсан асуудал байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Дэлгэрсайхан нь хариуцагч Б.Наранбаатарт холбогдуулан Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө уучлалт гуйлгах, Б.Наранбаатараас нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар,Ц.Очирбал нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг, Б.Наранбаатарын гомдол гаргасантай холбогдуулан Завханмандал сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох Дэлгэрсайханд 160.000 төгрөг, Ц.Очирбалд 172.000 төгрөг буудал болон хоолны мөнгө 300.000 төгрөг нийт 632.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгсэлээр няцаах үүрэг хүлээнэ гэж,

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас харахад нэхэмжлэгч Иргэний хуулийн дээрх зүйл хэсгүүдэд нэхэмжлэлээ үндэслэж, шаардлага гаргажээ.

Гэм хор буюу зөрчлийн улмаас үүрэг үүсэх үндэслэл нь бусдад гэм хор учруулсан зөрчил буюу хууль бус үйлдэл эс үйлдэхүй байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Наранбаатар нь нэхэмжлэгч Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, мэдээ тараасан, түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй гэм буруутай хууль бус үйлдэл хийсэн бол гэм хорын хариуцлага хүлээхээр байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлаас хариуцагч Б.Наранбаатар нь нэхэмжлэгч Т.Дэлгэрсайхан, Ч.Болдбаатар, Ц.Очирбал нарын нэр төрийг гутаасан, мэдээ тараасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

Хариуцагч хууль бус үйлдэл эс үйлдэхүй гаргасан эсэх нь тогтоогдоогүй тул түүнийг бусдын нэр төр алдар хүндэд гэм хор учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлэн нэхэмжлэлийн шаардлага бүрт үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцогтын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.110 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР