| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0015/Э |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 00019
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Д.П ,
шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашдоржийн Д.Б од холбогдох эрүүгийн 1715002480003 дугаартай, 163/2018/0015/Э индекстэй хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, И овогт Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
Д.Б нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Арцат гэх газарт иргэн Д.П тэй маргалдаж улмаар түүний гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.П өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Арцатын ам гэх газарт ээжийндээ идэш хийхээр очсон. Тэгээд ээжийндээ байж байсан чинь ээжийн хажууд цуг өвөлжиж байгаа Д.Б ах үхэр гаргах үед Д.Б 0,75 граммын нэрийг нь сайн мэдэхгүй байна архи гаргаж бид 2 хамт хувааж уусан ба дуусаагүй. Тэгээд үхрийг нь гаргаж өгсний дараа Д.Б ахын эхнэр нь намайг эхнэрийн хамт гэрт орж ирж мах ид гэсэн. Тэгээд бид 2 гэрт нь орсон чинь Д.Б ах бид 2-ын ууж дуусаагүй байсан архийг гаргасан. Бид нар хувааж уусан. Эхнэр махаа идчихээд ээжийнх руу орсон. Б ах бид 2 намар татсан өвснөөс болж маргалдсан. Маргалдаж байгаад бид 2 манай ээжийнд очсон. Би Д.Б ахыг нэг хавсарч унагаагаад дээр нь дартал миний зүүн хацарнаас Д.Б ах хазахаар нь би Д.Б ахыг “намайг битгий хазаад бай” гэж хэлсэн тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна гэх мэдүүлэг,
1715002480003 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Гэрч А.Б өгсөн: Манай нөхөр Д.Б ах тэр хоёр ээжийн гэрт орж ирсэн тухайн үед тэр хоёр согтуу орж ирээд Д.Б ах манай нөхөрт би Үйтүмэнгийн дасгалжуулагч байсан чи миний нэг гарын цохилт даах уу гээд байхаар нь би та хоёр боль гарч үз гэж хэлсэн чинь манай нөхөр Д.Б ах тэр хоёр гэрээс гарсан би араас нь энэ 2 зодолдож магадгүй гэж бодон араас нь гартал Д.Б ах хувцасаа тайлан манай нөхрийг заамдсан. Заамдахаар нь манай нөхөр бас зөрүүлээд заамдсан Д.Б ах хоёулаа эр хүн шиг зодолдчих уу гэж хэлсэн чинь манай нөхөр та амжих уу гэсэн чинь Д.Б ах манай нөхрийн зүүн шанаанд нэг удаа баруун гараар цохихоор нь манай нөхөр Д.Б ахыг хөлөөрөө хавсарч унгаагаад манай нөхөр дээр нь гараад байж байтал Д.Б ах манай нөхрийн зүүн хацарнаас нэг удаа хазахаар нь би тэр хоёрыг болио боль гэж хэлээд салгасан чинь Д.Б ах намайг гичий минь зайл гэж хэлсэн манай нөхөр намайг өмөөрөөд манай эхнэрийг яагаад доромжлоод байна гээд заамдаад Д.Б ахыг хашаанд шахсан чинь зүүн шуунаас хазаад авсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Гэрч Б.О өгсөн:...би гэрээс гарахад П ийн эхнэр манай нөхрийн яагаад гарыг хазаад байгаа талаар хэлж загнаад байсан. П манай нөхрийг чи миний гарыг хазчихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэнд: Д.П ийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 хуудас/,
Яллагдагч Д.Б ын өгсөн:...Би П ийн араас дагаад малын өвөлжөөний хажууд явж байсан чинь П эргэж хараад миний өмсөж байсан дээлний захаас зүүн гараараа намайг боогоод намайг газар унагаасан тэгээд намайг унгаангуут миний дээр суугаад намайг баруун гараараа 5-6 удаа цохьсон. Тэгээд намайг зүүн гараараа миний дээлний захаас боочихсон болохоор нь би толгойгоо хажуу тийш болгож байгаад П ийн зүүн гарын шуунаас нь хазчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-31 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Арцат гэх газарт иргэн Д.П тэй маргалдаж улмаар түүний гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Б холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Б нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.П хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И овогт Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН