Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/899

 

 

 

 

 

 

    2024           08          13                                        2024/ДШМ/899

 

 

Б.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч П.Очгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С-д холбогдох 2405013670285 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ...-ийн С, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, “....” .... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт .... тоотод оршин суух, /РД: ................/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр
сарын 17-ны өдрийн 1421 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн
;

Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд замд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны шөнийн 02 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Toyota Harrier” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн тээврийн хэрэгспийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт
холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1421 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэргээ гэмшиж ойлгож байгаа бөгөөд гэмт үйлдэл дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй болно.

Миний бие эхнэр, 1 нас 3 сартай охин, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд эхнэр охиноо харж гэртээ суудаг. Харин ээж минь нэг нүд хараагүй, нөгөө нүд нь торлог бүрхэвчний хагалгаанд орсон ба аав маань хүнд хэлбэрийн өвчтэй.

Би зуны гурван сард Улаанбаатар хотод барилгын ажил хийж, бусад үед хөдөө мал маллаж эцэг, эхээ асардаг. Миний энэхүү байдал, ар гэрийн гачигдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч П.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Б.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байсан. Б.С-ийн хувийн байдлын хувьд 1 нас 4 сартай хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь гэртээ хүүхдээ хардаг. Миний үйлчлүүлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ ганцаараа авч явдаг. Б.С хоригдсоноос хойш ар гэрийнх нь эдийн засаг, амьжиргааны байдал хүндэрч хэцүү байгаа. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Миний үйлчлүүлэгчийн эх харааны бэрхшээлтэй болж дахин хагалгаанд орох шаардлагатай болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон миний үйлчлүүлэгчийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Цэрэнбалжир нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс өмнөх ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх 1-2/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2,73 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/,

шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би
2024 оны 4 дүгээр сарын 01-ний орой гэртээ эхнэр өөр хүнтэй уулзаад байхыг нь би
мэдчихээд өөрийн эзэмшлийн “Тоуо
tа Hаrriег” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа 5-6 лааз пиво уучихаад дэлгүүр орох гээд Өргөө кино театрын урд замд ертөнцийн зүгээр баруун тийш явж байгаад Өргөөгийн автобусны буудал дээр зогстол цагдаа ирчихсэн байсан. Тэгээд машин ачаад цагдаа дээр очсон. Драйгер үлээхэд 2,73 хувийн согтолттой гарсан. ...Би жолоо барих эрхээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан. 2016 онд жолооч болсон. ...Тухайн машин нь миний эзэмшлийн машин, нэрээ шилжүүлж чадаагүй. ...Автомашинд эвдрэл гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх 6-7, 30/,

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0240958 дугаар шийтгэлийн хуудасны хуулбар /хх 50/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “...Эрх хасагдсан ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт 2023-11-26, 2024-11-26 ...” /хх 8, 54/,

Б.С-ийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 50/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Б.С-ийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө 02 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын урд замд “Тоуоtа Hаrriег” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.С-ийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1421 дүгээр  шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.С “...Миний бие эхнэр, 1 нас 3 сартай охин, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд эхнэр охиноо харж гэртээ суудаг. Харин ээж минь нэг нүд хараагүй, нөгөө нүд нь торлог бүрхэвчний хагалгаанд орсон ба аав маань хүнд хэлбэрийн өвчтэй. Би зуны гурван сард Улаанбаатар хотод барилгын ажил хийж, бусад үед хөдөө мал маллаж эцэг, эхээ асардаг. Миний энэхүү байдал, ар гэрийн гачигдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Б.С-ийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй хэдий ч өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1421 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн харгалзах ялаар шийтгүүлснээс 9 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд тэнсэн харгалзах хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.С-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 68 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийн цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР