| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00399/И |
| Дугаар | 308/ШШ2025/00549 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00549
| 2025 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00549 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-ын нэхэмжлэлтэй,
Нас барсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Д /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь нас барсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б овогтой Д а нь 1981 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багийн төрөх эмнэлэгт охин Х овогтой Э-ийг төрүүлсэн бөгөөд 1 нас 2 сартайдаа буюу 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Эхийн алдар одон авах шалтгаанаар, Иргэний бүртгэлийн мэдээллийн сан, Архивын газраас охин Х.Э-ийн нас барсан лавлагааг гаргуулж авах гэсэн боловч мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд миний охин Х.Э-ийн нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 208 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаартай архивын тодорхойлолт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн CVL2544000001001263 дугаартай Х.Э-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Х.Ч-ийн тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн CVL2544000001001262 дугаартай төрөл садангийн лавлагаа, Д.Н-ийн тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн CVL2544000001001363 дугаартай төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн CVL2544000001001662 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/80 дугаартай архивын лавлагаа, Дорноговь аймаг Сайншанд сумын Зүүнбаян Эрүүл мэндийн төвийн 2025 ны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай тодорхойлолт, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3. Шүүхийн журмаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18/514 дугаартай албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/54 дугаартай албан бичиг гэх баримтыг бүрдүүлсэн.
4.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Ч-ийг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь Х.Э-ийг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Б овогтой Д нь 1981 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багийн төрөх эмнэлэгт охин Хорол овогтой Э-г төрүүлсэн бөгөөд 1 нас 2 сартайдаа буюу 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Эхийн алдар одон авах шалтгаанаар, Иргэний бүртгэлийн мэдээллийн сан, Архивын газраас охин Х.Э-ийн нас барсан лавлагааг гаргуулж авах гэсэн боловч мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд миний охин Х.Э-ийн нас барсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Х.Э нь 1982 оны 11 сарын 5-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан Х.Ч-ийн 2025 оны 6 сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн Б.Д миний төрсөн дүү. Миний ээжийн нэр Х-. Эгч бид хоёр Х овогтой, бусад дүү маань ааваар овоглосон юм. Б.Д- 5 хүүхэд төрүүлээд хоёр хүүхэд нь эндсэн юм. Одоо гурван хүү нь байгаа. Х.Э- гэдэг хүүхэд 1981 оны 9 сарын 8-ны өдөр төрсөн. Халдварт шар өвчнөөр өвчлөөд 1982 оны 11 сарын 5-ны өдөр нас барсан. Яагаад бүртгэл хийлгээгүйг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 208 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Зүүнбаянгийн ИГББ-ийн 1981-1983 оны Нас баралтын бүртгэлийг шүүж үзэхэд Х-ын Э- гэх нэр бүртгэлд гараагүй болно. гэх архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаартай Тус архивт Зүүнбаянгийн 1981-1982 оны хүн амын тооллогын бүртгэл, өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй тул Б-ийн Д-д лавлагаа олгох боломжгүй болно. гэх архивын тодорхойлолт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн CVL2544000001001263 дугаартай Х.Э-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн CVL2544000001001262 дугаартай төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн CVL2544000001001662 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/80 дугаартай Дорноговь аймгийн Зүүн баян дахь Монголын ардын армийн 126 дугаар нэгтгэлийн харьяа 206 дугаар ангид эмчлүүлж байсан өвчтөнүүдийн түүхийн баримт тус архивд шилжиж ирээгүй болно. гэх архивын лавлагаа, Дорноговь аймаг Сайншанд сумын Зүүнбаян Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Тус Эрүүл мэндийн Төв нь 1997 оны 5 сард шинээр байгуулагдсан бөгөөд тухайн эмнэлгийн байранд ажиллаж байсан цэргийн эмнэлгээс ямар нэгэн бичиг баримт, өвчний түүх хүлээлгэн өгөөгүй болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2025 оны 7 сарын 1-ний өдрийн 18/514 дугаартай ... Х.Э-т холбогдох мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, цахим архивын санд шалгаж үзэхэд уг иргэнтэй холбоотой бүртгэл болон бусад нотлох баримт байхгүй байна... гэх лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Б.Д-ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж Х.Э-нь 1982 оны 11 сарын 5-ны өдөр нас барсан болохыг тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар 1981 оны 9 сарын 8-ны өдөр төрсөн Х-ын Э- нь 1982 оны 11 сарын 5-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА