Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00550

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00550

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Л-д холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б  /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ш ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 339-р байрны 3 тоотод оршин суух иргэн ******* би 2024 оны 09-р сарын 05-ны өдөр ******* ******* гэх хүнээс 2018 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монгол улсад импортлогдсон гэсэн баримт бичигтэй ХОВО маркийн автомашиныг 70,000,000 /далан сая/ төгрөгөөр худалдан авч төлбөр тооцоог тухайн өдөртөө барагдуулж дуусгасан. Иргэн Ц.******* нь дээрх автомашиныг ажилд гарахад бэлэн, "А-ШТАНГЛ" гэх зүйлийг солиход өөр хийх зүйл байхгүй гэж хэлсэн, аман гэрээ байгуулсан. Би уг автомашины асааж, жолоодож мэдэхгүй бөгөөд автомашин худалдан борлуулсан иргэдээр өөрсдөөр нь жолоодуулан айлын хашаанд аваачиж байрлуулсан. 2024 оны 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах жоншны уурхайд 1 сарын 13.000.00О /арван гурван сая/ төгрөгөөр ажиллах гэрээ байгуулан ХОВО машинд 1.600.00О төгрөгийн дизель шатахуун хийн, Сайншандаас гарч уг уурхайд очин 3 хоног ажиллахад эхний өдөр хянах самбар тоггүй болж цахилгаан масс гарсан тул МРЦМ нэгдлийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн авто баазын автын цахилгаанчныг авчран шалгуулахад жанам, эрлээний утаснууд доголдолтой, холболтыг мэргэжлийн бус хийсэн тул гал гарах аюултай байгааг танилцуулан засварлаж, хэвийн байдалд оруулсан. Дараагийн хоногт дээрх автомашин нь хүчгүй техник ашиглалтын хувьд шаардлага хангахгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул авто баазын Ерөнхий инженерт үзүүлэхэд дээрх автомашин биет байдлын өндөр хэмжээний доголдолтой, уул уурхайд ашиглах боломжгүй техник байна гэж тайлбарласан, автомашиныг тур хугацаанд байрлуулаад У.Баярхүүтэй утсаар холбогдож, *******ай уулзан худалдаж авсан автомашин нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа тул уг автомашинаа өөрсдөө ав, намайг хохиролгүй болгож өг гэхэд өөрийн унаж явсан 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд монгол улсад орж ирсэн Харриер маркийн автомашиныг 40.000.000 /дөчин сая/ төгрөгт бодоод дээрээс нь 20,000,000 /хорин сая/ төгрөг дансаар шилжүүлсэн. Автомашины зөрүү үнэ болох 10,000,000 /арван сая/ төгрөгийг иргэн Ц.*******аас нэхэмжилж байна. Автомашины засвар үйлчилгээ, сэлбэг шатахуунд зарцуулсан 7.200.000 төгрөгийг нэхэмжлээгүй болно. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******ын тайлбараас харахаар нийт 70,000,000 төгрөгөөр зарсан гэдгээ тайлбарласан байдаг. Мөн сүүлд автомашинаа буцааж аваад зөрүүнд нь 40,000,000 төгрөг, Харейр маркийн автомашин өгсөн, 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Нийт 60,000,000 төгрөг өгсөн гэдгээ тайлбарлаж байгаа. Тэгэхээр 10,000,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Өөрөө ч гэсэн тайлбарласан байна. Тэгэхээр амаар тохиролцсон хэлцлээ хүчингүй болгоод өгсөн авснаа буцааж байгаа тохиолдолд *******ийн хувьд ******* автомашиныг бүрэн бүтэн өгсөн байгаа. Хариуд нь Иргэний хуульд зааснаар ******* нь 70,000,000 төгрөгөө өгөх байтал 60,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөг байгаа гэдэг нь өөрийнх нь тайлбараас харагдаж байна. Тийм учраас 10,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. гэжээ. 

 

2.Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой ******* 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******эд 2018 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монголд орж ирсэн ХОВО маркийн авто машиныг 70,000,000 (далан сая) төгрөгөөр худалдан борлуулсан. ******* миний машиныг хамт ирж үзэж бүх зүйлийг шалгаж, болж байна авъя гэж хэлж тохиролцсоны үндсэн дээр наймаа хийсэн. Үүнээс хойш хоёр сар гаруйгийн дараа миний найз рүү утасдаж Ах нь том тэргээ унаж ажил хийлээ, хүч биш байна. Машинаа буцаамаар байна. Эсвэл ахдаа зараад өг хамаагүй ээ 50.000.000 (тавин сая) төгрөгөөр зараад өг гэж гуйсан байсан. Харин хүний машин хоёр сар гаран авч явж ажил хийчхээд яаж буцаах вэ дээ гэж хэлсэн. Тэгээд зар тавиад зараад өгье гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа ******* утсаар залгаж, уулзъя гэсэн. Миний бие г дагуулан *******тэй уулзсан. Тэгтэл уг хүн машинаа заавал буцааж ав хэмээн дарамтлангуй хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл миний унаж яваа 2008 онд үйлдвэрлэгдсэн Монголд 2022 онд орж ирсэн ... маркийн авто машиныг зах зээлийн ханшаар 40,000,000 (дөчин сая) төгрөгт бодож ав, үлдэгдэл 20,000,000 (хорин сая) төгрөгийг тун удахгүй өгнө гэж тохиролцоонд хүрээд за зүү болоод салсан. \ гэрчилнэ\ Ингээд машинаа шилжүүлж өгөөд салсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* надтай уулзаж үлдэгдэл 20,000,000 (хорин сая) төгрөг яг өнөөдрийн дотор өг гэж шахамдуулсан. Иймд би найз Ч.Одондэмбэрэлээс 20,000,000 (хорин сая) төгрөгийг зээлж Хаан банкны 5373025649 тоот данстай *******рүү шилжүүлсэн.\Хуулга хавсаргав\. Ингээд ******* болон Ц.******* бид хоёр өр авлага дууслаа хэмээн гар барьж салсан юм. Үүнээс хойш хоёр сарын дараа ******* дахин 10,000,000 (арван сая) төгрөг нэхэмжилсэн. Иймд *******ээс нэхэмжлээд байгаа 10,000,000 (арван сая) төгрөгийг өгөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *******ээс Г.Алигармаад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар прокурорын тогтоол, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 308/ШЗ025/00344 дугаартай захирамж, *******, С.Шинэбаяртай хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчаас хариу тайлбар, Хаан банк ХК-ийн 2024-11-15-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Дорноговь аймгийн Саран хөхөө Театрын даргын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай албан бичиг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлж,

Шүүхийн журмаар Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай албан бичиг, 1183 УЕУ улсын дугаартай Хово маркийн авто машины тээврийн хэрэгслийн лавлагаа болон өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, 2424ДГО улсын дугаартай Тоёота маркийн авто машины тээврийн хэрэгслийн лавлагаа болон өмнөх өмчлөгчдийн мэдээлэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, хариуцагчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагч Ц.*******д 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан хэдий ч харицагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Хариуцагч нь тус өдөр гадаад улсад ажлаар явж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 339-р байрны 3 тоотод оршин суух иргэн ******* би 2024 оны 09-р сарын 05-ны өдөр ******* ******* гэх хүнээс 2018 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монгол улсад импортлогдсон гэсэн баримт бичигтэй ХОВО маркийн автомашиныг 70.000.000 /далан сая/ төгрөгөөр худалдан авч төлбөр тооцоог тухайн өдөртөө барагдуулж дуусгасан. Тус автомашин доголдолтой байсан тул уг автомашиныг буцаан Ц.*******д өгч, хариуцагч нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд монгол улсад орж ирсэн Харриер маркийн автомашиныг 40.000.000 /дөчин сая/ төгрөгт бодоод дээрээс нь 20,000,000 /хорин сая/ төгрөг дансаар шилжүүлсэн. Иймд автомашины үлдэх зөрүү 10,000,000 төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргажээ. Үүнд: Миний бие овогтой ******* 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******эд 2018 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монголд орж ирсэн ХОВО маркийн авто машиныг 70,000,000 (далан сая) төгрөгөөр худалдан борлуулсан. ******* нь автомашин эвдрэлтэй байна гэж машинаа буцаах хүсэлт тавьсан. Тус автомашиныг 2 сар ашигласан байсан тул автомашиныг 60.000.000 төгрөгөөр тооцон 2008 онд үйлдвэрлэгдсэн Монголд 2022 онд орж ирсэн Тоёота хариер маркийн авто машиныг зах зээлийн ханшаар 40,000,000 төгрөгт бодож, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо бидний хооронд өр төлбөр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч Ц.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ. Тус гэрээгээр хариуцагч Ц.******* нь 1183 УЕУ улсын дугаартай, ZZ3257N3847C1 арлын дугаартай Хово маркын автомашиныг *******эд шилжүүлж, ******* нь гэрээний төлбөрт 70.000.000 төгрөг төлөх ба 0151 улсын дугаартай Тоёота хариер маркын автомашиныг 25,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, үлдэх 45,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч Ц.*******ын хариу тайлбартаа дурдсан ...Ц.******* би 2024 оны 9 сарын 5-ны өдөр *******эд 2018 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монголд орж ирсэн Хово маркын авто машиныг 70,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. гэх тайлбараар Ц.******* нь Хово маркын автомашиныг 70,000,000 төгрөгөөр тооцон *******эд худалдсан, тус гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дууссан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *******ээс Хово маркийн автомашиныг эвдрэлтэй байсан тул худалдагч Ц.*******д буцаан шилжүүлэх, хариуцагч Ц.******* нь автомашины буцаан авах, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг *******эд буцаан төлөхөөр талууд харилцсан тохиролцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээнээс талууд татгалзахаар харилцан тохиролцсон болох, талууд автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзахдаа гэрээнээс татгалзах журмыг зөрчөөгүй талаар маргаагүй.

 

Мөн хэрэгт *******ээс Хово маркын автомашины төлбөрт 45,000,000 төгрөг шилжүүлсэн, Тоёота хариер маркын автомашиныг хүлээлгэн өгсөн баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл ******* нь Хово маркын автомашины төлбөр 70,000,000 төгрөгийг автомашин оролцуулан төлж барагдуулсан, тус гэрээнээс төлбөрийн үлдэгдэл байхгүй талаар талууд маргаагүй гэж үзлээ.

 

Харин худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзахдаа Ц.******* нь 60,000,000 төгрөгийг *******эд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон талаар маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нь талууд гэрээнээс татгалзахдаа Б.******* нь 60,000,000 төгрөгийг *******эд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохоо нотлох үүрэгтэй.

Иймд хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний гүйцэтгэлийг буцаахдаа 60,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон нь тогтоогдохгүй байна..

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан тул автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэрээний гүйцэтгэлд хариуцагч Ц.*******д 70,000,000 төгрөгийг *******эд шилжүүлбэл зохино. Харин Ц.******* нь 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота автомашин, 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул үлдэх 10,000,000 төгрөгийг түүнээс гаргуулан *******эд олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.*******ын шүүхэд ирүүлсэн шилжүүлгийн баримтад 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны эзэмшигч нь Ч.Одондэмбэрэл гэх этгээд байх бөгөөд нэхэмжлэгч тус төлбөрийг хүлээн авсан талаар маргаагүй болохыг дурдав.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Ц.*******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1- зааснаар хариуцагч Ц.*******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА