Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/00941

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025        06        30                                           317/ШШ2025/00941 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод байрлах, регистрийн 00 дугаартай, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 0 дүгээр баг, 0 дүгээр байр, Соёмбо хотхон 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Б овогт Д.Э,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Миний гэр хотхон, 0 байр, 0 тоотод орших суух, регистрийн дугаар 0, Б овогт Б.С нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 128.767.226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С , Б.Х, Ц.Н, хариуцагч Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Э  , Б.С   нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 128.767.226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Иргэн Б.С   болон Д.Э   нар манай Б ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 00   тоот зээлийн гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Б ХХК-иас зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 35.000.000 төгрөгийг Б.С шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 00   тоот Барьцааны гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын 0 дүгээр баг, 0 дугаар байр, 0 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 00   тоот Батлан даалтын гэрээг Д.Э  тай байгуулж, уг гэрээний 2.1-т зааснаар зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадаагүй

тохиолдолд түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 395 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 00   тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн төлбөрт 34.972.611 төгрөг, хүү 16.098.433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 52.768.859 төгрөг, нийт 103.839.903 төгрөгийг хариуцагч Б.С, Д.Э   нараас гаргуулж, уг мөнгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү. ... Тус шүүхэд Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С, Д.Э   нарт холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.2-т “Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээлийн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон. Д.Э  , Б.С   нар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдрийн байдлаар 937 хоног хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хуримтлагдсан хүү 41.025.758 төгрөг, алданги 147.544.631 төгрөг, нийт 223.543.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хуримтлагдсан хүү 24.927.326 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 41.025.758 төгрөг, алданги 52.768.857 төгрөг, 128.767.226 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно” гэжээ.

2. Хариуцагч Д.Э  ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Д.Э  ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд түүнийгээ дэмжиж оролцоно. Д.Э  ын хувьд Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Мөн тус байгууллагатай “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Энэ дээр маргахгүй. Тухайн үед зээлдэгч нар ямар учир шалтгаантай зээл авснаа хариу тайлбартаа маш тодорхой биччихсэн. Д.С    нь барилгын бизнес эрхэлдэг бөгөөд хүүгийнх нь бизнес зогссон тул эх Д.Э   нь хүүгийнхээ хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, зээл авсан. Зээлсэн мөнгөө Д.С    өөрийн бизнестээ зарцуулсан ба Д.Э   тухайн зээлээс нэг төгрөг ч аваагүй. Гэхдээ энэ бол тусдаа асуудал, зээлийн гэрээний үүрэг үүссэнээс хойш Д.С    нь Б ХХК-д тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Анх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.372.675 төгрөг, нийт 39.372.602 төгрөгийг Д.Э  , Д.С    нар төлөх үүрэг хүлээсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Харин 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан гэрээний хугацааг сунгасан. Мөн 2022 оны 4 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээний нэмэлт асуудлуудыг хариуцагч Д.Э   хариуцахгүй. Яагаад гэхээр тухайн зээлийн харилцаанд Д.Э   ямар нэгэн байдлаар оролцоогүй, гарын үсэг зураагүй. Зээлийн харилцаа ингэж сунгагдсан гэж мэдээгүй. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас л мэдсэн. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн төлбөр гаргуулахаар ихэсгэсэн. Тэгэхээр зээлийн хүү хэзээнээс бодогдож эхлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүгээ тооцохдоо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл буюу 395 хоногоор тооцож, үүндээ хүү бодсон байна. Хүү гэдэг чинь тухайн гэрээнд заасан хугацаанд л төлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны хоорондох хугацааны хүүг Д.С    хариуцах ёстой. Энийг юугаар тодорхойлж байгаа вэ гэхээр эхний нэмэлт гэрээгээр /2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан/ 3 сарын хугацаатай буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ нэмэлт өөрчлөлт 3-д “...зээлдүүлэгч, зээлдэгч нар харилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зээлийн гэрээг 6 сараар сунгав...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 сараар зээлийн гэрээг сунгасан асуудал яригдаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх хүү нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй ба гэрээнд заагаагүй хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 24.927.326 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Сая нэхэмжлэгч талаас хийсэн тооцооллыг би сайн ойлгосонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх, үндэслэлээ тайлбарлах ёстой. Гэтэл өнөөдөр хүүгийн төлбөр хэд, алданги нь хэд, хэрхэн, яаж тооцсон эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тийм учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбар гаргах боломж хязгаарлагдмал байна. Дөнгөж сая л шүүгч асууж байж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж, өмнөх тайлбарт хэлсэн 39.372.602 төгрөгийг Д.Сүхболдын хамт төлөхөд татгалзахгүй. Алданги 52.770.596.7 төгрөг яригдаад байх шиг байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар алдангийг тодорхой тайлбарласан. Анзыг торгууль болон алданги гэж тооцно. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн зохицуулалттай. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн  222.6-д хүүгээс анз тооцохгүй гэх зохицуулалттай. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд хүүгээс алданги тооцоогүй, зээлээ төлөөгүй хэтэрсэн хугацаанаас алданги тооцсон гэж тайлбарлаж байх шиг байна. Миний тооцоолсноор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд л зээлийн хүү тооцогдоно. Үүнээс цааш 0,5 хувиараа алдангиа тооцоод явах ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол дээр ярьж байна. Үүнийхээ төлсөн дүн гэдэг дээр Д.С  19.795.000 төгрөг төлсөн гэж хүснэгтэд бичсэн. Гэтэл сая тооцоолохдоо 1.173.974 төгрөг, мөн 15.126.163 төгрөг, нийт 16.300.110  төгрөгийн төлбөр төлсөн гэж байгаа юм. Тэгэхээр 3 сая төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийгээ тодруулах шаардлагатай ба нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаж тооцогдох ёстой. Тэгэхээр нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хоёрдугаарт, хуульд зааснаар хүү, алдангиа зөв тооцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж харж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 103.839.903 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон. Үүнтэйгээ уялдуулаад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 677.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагад хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь маш ойлгомжтой. Энэ утгаараа улсын тэмдэгтийн хураамжид 677.149 төгрөг төлөх ёстой. Мөн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагадаа 70.200 төгрөг төлөх ёстой. Гэтэл тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 өдрийн дараа 150 төгрөгийг нэмж тушаагаад, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байна. Үүнтэй холбогдуулан шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа өөрчлөлт оруулсан. Шүүх хэн нэгэнд давуу байдал олгохгүй, хөндлөнгийн байр суурьтай байх ёстой гэж харж байна. Хэрэв гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Дээр нь сүүлд төлсөн 70.200 төгрөгийг юу гэж ойлгох вэ? Энэ талаар иргэний хэрэг үүсгэсэн болон өөрчлөлт оруулсан захирамждаа дурдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Тэгэхээр энэ бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг би мэдэхгүй, хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзвэл үндсэн зээл буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Д.Э   39.372.602 төгрөгийг Д.С хамт хариуцахад татгалзахгүй. Үлдэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль болон гэрээнд заасан шаардлага хангаагүй тул энэ хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алданги бол үндсэн төлбөр буюу 34.972.611 төгрөгөөс бодогдоно. Гэтэл нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэгт үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр хамаарна гэж байна. Хуулиараа хүүгээс алданги тооцохгүй гэсэн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч тал хүүгийн төлбөрийг оруулаагүй зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс алданги тооцсон гэж байна. Тэгэхээр хуульд зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг зохицуулалтаараа 34.972.611 төгрөгийн алданги 17.486.305 төгрөгийн алданги бодох ёстой. Манайх алдангид 18.926.726 төгрөг төлсөн бөгөөд илүү 1.440.421 төгрөг байгаа тул энэ мөнгийг үндсэн зээлээс нь хасаж тооцуулах саналтай байна” гэжээ.

3. Хариуцагч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Б гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хүү, алдангиа хэрхэн тооцсон талаар ерөөсөө ойлгохгүй байна. Зээлдэгч нарын хувьд их, бага хэмжээгээр хүү төлөөд л явж байсан. Хүүгээс хүү тооцоод байгаа юм уу? Алданги нь яагаад 52 сая төгрөг болоод байгааг ойлгохгүй байна. Гэтэл алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Алдангид 18 сая төгрөг төлсөн гээд биччихсэн байна. Бидний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  хэлж байгаачлан 39.372.602 төгрөгийг төлөхөд маргаад байх зүйлгүй. Гэхдээ зээлийн гэрээнд нэг учир байна. Б ХХК нь барьцаалан зээлдүүлэх эрхтэй байгууллага юм байна лээ. Тэгсэн хэр нь зээлийн гэрээгээ байгуулахдаа иргэд хоорондын зээл буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулсан нь өөрөө буруу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, банк болон банк бус барьцаалдан зээлдүүлэх газар тул Иргэний хуулийн 451 дугаар зүйлд зааснаар гэрээгээ байгуулах ёстой, тухайн гэрээ нь анхнаасаа зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх ашгийг нь хохироосон гэрээ болсон. Дээр нь нэмээд хэлэхэд Д.Э  , Д.С    нар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байхад яагаад 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаа аваад, зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээд байсан нь ойлгожгүй байна. Нийт 34.972.611 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хүүгийн тухайд 542 хоногоор тооцож, уг хоногийг нэг өдрийн хүү буюу 45.991 төгрөгөөр үржүүлэхэд 24.927.122 төгрөг болж байна. Үүнээс Д.С    нарын төлсөн 19.795.000 төгрөгийг хасахаар хүүгийн төлбөр 5.926.327 төгрөг болдог. Үүнийг нь хүлээн зөвшөөрнө. Алдангийн тухайд 34.972.611 төгрөгөөсөө тооцох байх, хүүгээс алданги тооцохгүй. Тэгэхээр 17.486.305 төгрөгийн алданги нийт 58.385.243 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үүнээс төлөгдсөн төлбөр хасагдах ёстой” гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 677.000 төгрөг, 150 төгрөг тус тус төлсөн тухай баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн мөн дугаартай батлан даалтын гэрээ, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 00 тоот нэмэлт зээлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00 тоот нэмэлт зээлийн гэрээ, Б ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар мэдэгдэл, зээлдэгч Б.С гаргасан өргөдөл /хх-16-24/, зээлийн үлдэгдлийн тооцоолол, нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь дансны хуулга, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-иас Г.С ид олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт /хх-49/, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 317/ШШ2025/0 дүгээр шийдвэр, Б ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25/103 тоот Г.С , Б.Х, Ц.Н нарт олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 282.586 төгрөг төлсөн баримт, зээлийн тооцооллын баримт зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагч талаас Д.Э  аас С.Б олгосон итгэмжлэл,  Д.Э  ын өмгөөлөгч Б.Б байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Э  ын өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Б.С Л.Э олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

6. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн мөн дугаартай батлан даалтын гэрээний хуулбарууд, Б ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 75 дугаар албан бичгийн хуулбар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол, лавлагааны хуулбарууд, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаар албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн мөн дугаартай батлан даалтын гэрээний хуулбарууд, Б ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр албан бичгийн хуулбар зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.С, Д.Э   нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128.767.226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

Нэхэмжлэгч Б ХХК болон иргэн Б.С, Д.Э   нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар тус байгууллагаас 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, мөн өдрийн мөн дугаар бүхий барьцааны гэрээгээр Д.Э  ын өмчлөлийн, Төв аймгийн Зуунмод сумын 0 дүгээр баг, Номт, Соёмбо хотхон, Бодоогийн гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар “Батлан даалтын гэрээ”-г Б ХХК болон Д.Э   нар байгуулж, уг гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар батлан даагч нь Б.С   болон зээлдүүлэгчийн хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 тоот зээлийн гэрээний нөхцөлийн дагуу 35.000.000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөх, гэрээний бүх үүрэг хугацаандаа төлөгдөх, гэрээний бүх үүрэг хугацаандаа бүрэн биелэгдэхийг зээлдүүлэгчийн өмнө баталж, биелэгдэхгүй бол батлан даагч нь өөрөө бүрэн хариуцахаар тохиролцжээ.

Үүний дараа хариуцагч Б.С   нь нэхэмжлэгчтэй 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 00 тоот “Нэмэлт зээлийн гэрээ” байгуулж, гэрээний 4 дүгээр зүйлд “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 3 сараар сунгав” гэж, мөн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, гэрээний 4 дүгээр зүйлд дурдсанаар “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав” гэж тус тус тохиролцсон байна.

4. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний удиртгал хэсэгт “Иргэний хуулийн 281-284 дүгээр зүйл” гэж дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн “Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан” гэж тайлбарласан ба хариуцагч нар үүнд маргаагүй. 

Нөгөө талаар, нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Б.С, Д.Э   нартай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан байх ба 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн “Б оноосон нэрийг Б барьцаалан зээлдүүлэх газар болж, мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үйл ажиллагааг хасаж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн оноосон нэрний өөрчлөлтийн дагуу шүүхийн шийдвэрийн энэхүү хэсгээс хойш “Б барьцаалан зээлдүүлэх газар ХХК” гэж томъёолох нь зүйтэй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 16.098.433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 52.768.859 төгрөг, нийт 103.839.903 төгрөгийг хариуцагч Б.С, Д.Э   нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” хэмээн тодорхойлсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 41.025.758 төгрөг, алданги 52.768.857 төгрөг, 128.767.226 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэж дурдсан.

Тэгэхээр шүүх Үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 41.025.758 төгрөг, алданги 52.768.857 төгрөг, 128.767.226 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хавсарган ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн тооцооллын баримтаас үзэхэд хариуцагч нар үндсэн зээл 35.000.000 төгрөгөөс 27.389,66 төгрөгийг төлсөн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг байна.

Харин зээлийн хүүгийн тооцооллыг нийт 60.026.553 төгрөгийн хүү бодогдсоноос 19.000.795 төгрөг төлсөн гээд үлдэгдэл 41.025.758 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч үүнийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь дээр дурдсанчлан хамгийн сүүлд байгуулагдсан нэмэлт зээлийн гэрээний 4 дэх хэсэгт “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав” гэж дурдсан байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар тайлбарлавал анхны зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар талууд тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсоны дагуу гэрээнд заасан 6 сарын хугацааны хүү авах эрхтэй ба үүнээс хойших хүүг нэхэмжлэх эрхгүй бөгөөд талуудын байгуулсан нэмэлт гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нийт 6 сарын хүүнд 8.515.068 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

Мөн зээлийн гэрээний 2.1.5-д “Алданги: Зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг зээлдэгч төлнө” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Бид үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөгөөс алданги тооцосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 395 хоногийн хугацаанд өдрийн 0,5 хувиар бодогдсон. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөгөө өдрийн 0,5 хувьдаа үржүүлээд өдрийн алданги 174.863 төгрөг бодогдож байгаа. Үүнийгээ 395 хоногт үржүүлэхээр 69.070.885 төгрөг болж байна. Үүнээс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 1.173.947 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 15.126.363 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1.738 төгрөгийг тус тус хасаж, ингээд 52.768.858 төгрөгийн алданги гарч байгаа” хэмээн тайлбарласан.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.610 төгрөгөөс тооцож, үүний 50 хувиас хэтрэхгүй гэвэл 17.486.305,5 төгрөгийн алдангийг гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй ажээ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт нийт 37.954.910 төгрөг төлсөн талаарх тооцооллыг ирүүлсэн бөгөөд хариуцагч нар үүнийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөг, хүү 8.515.068 төгрөг, алданги 17.486.305,5 төгрөг, нийт 60.973.984,5 төгрөгийн үүрэг үүссэнээс гэрээний үүрэгт төлөгдсөн 37.954.910 төгрөгийг хасвал 23.019.074,5 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжлэх эрх үүссэн гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105.748.151,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

5. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд зааснаар хариуцагч Д.Э  ын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 0 дүгээр баг, Номт, Соёмбо хотхон, Бодоогийн гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 317/ШШ2025/0 дүгээр шийдвэрээр иргэн Д.Д болон Д.Э   нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, тухайн орон сууцыг Д.Э  ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Д.Г даалгасан байна.

Үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд “Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг энэхүү шийдвэрт дурдах нь зүйтэй.

6. Хариуцагч Д.Э  ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б “Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 103.839.903 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон. Үүнтэйгээ уялдуулаад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 677.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагад хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь маш ойлгомжтой. Энэ утгаараа улсын тэмдэгтийн хураамжид 677.149 төгрөг төлөх ёстой. Мөн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагадаа 70.200 төгрөг төлөх ёстой. Гэтэл тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 өдрийн дараа 150 төгрөгийг нэмж тушаагаад, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байна. Үүнтэй холбогдуулан шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа өөрчлөлт оруулсан. Дээр нь сүүлд дахин 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байдаг. Энэ талаар иргэний хэрэг үүсгэсэн болон өөрчлөлт оруулсан захирамждаа дурдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэж байна” гэж тайлбар гаргав.

Гэвч иргэний хэрэг үүсгэснээс хойш даруй 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байх ба хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ үзсэн болно.

7. Мөн хариуцагч Д.Э  ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сүүлд байгуулагдсан нэмэлт зээлийн гэрээг Д.Э   гарын үсэг зураагүй тул анхны зээлийн гэрээнээс хойших хүү, алдангийг хариуцах үндэслэлгүй” хэмээн маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэмэлт зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага гаргаагүй, мөн нэмэлт зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой хэмжээний мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, төлж байсан, түүнчлэн тэрээр батлан даалтын гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцсон зэрэг үйл баримтаас дүгнээд хариуцагч Д.Э  ыг нэмэлт зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х 267.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э  , Д.С    нараас зээлийн гэрээний үүрэгт 23.019.074,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105.748.151,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Б барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Д.Э  , Д.С    холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.029.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э  , Д.С    нараас 273.045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА