Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2022/00002

 

В.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суугч Бургасан овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах Завхан аймгийн Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын захирал Р.*******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч В.*******/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******а /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Б.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа:

... би Тосонцэнгэл сумын МСҮТ-д 2010 оноос одоог хүртэл ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн МСҮТ-н төвийн захирлын Б/06 тоот тушаалаар орон тоо хасагдсан, цөөрүүлсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралт, БСШУС-н сайд болон Сангийн сайдын хамтарсан А/024/11 тушаалын хавсралт, захирлын Орон тоо батлах тухай 2020 оны Б/46 дугаар тушаал зэргийг үндэслэн ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна гэжээ. Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлавал:

1. Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн сургуулийн захирлын Б/22 тоот тушаалаар сургуулийн жижүүрээр томилогдсон. Хүний нөөцийн дутмаг байдлаас болж дотуур байрны жижүүрээр ямар нэгэн тушаалгүйгээр ажиллаж байсан. Сургуулийн жижүүрийн тоо одоогийн байдлаар цөөрөөгүй байгаа болно. Хэрвээ орон тоо цөөрсөн гэж үзэж байгаа бол яагаад заавал намайг халж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаагүй. Жижүүрүүдээс хамгийн олон жил ажилласан, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Иймээс орон тоо цөөрсөн гэсэн шалтгаанаар намайг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.

2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралтад дотуур байрны багш 2 гэж ирсэн. Боловсролын туслах ажилтны /жижүүрийн/ тоо заагдаж ирээгүй, би сургуулийн жижүүрийн хувьд тэр /дотуур байрны жижүүр/ ажлыг хийж байсан. Гэтэл намайг албан ёсоор томилогдоогүй Дотуур байрны жижүүр гэсэн албан тушаалаас чөлөөлсөн. Үүнийг хууль бус гэж үзэж байна.

3. МСҮТ нь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж яамнаас гарсан тушаал шийдвэр, бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Гэтэл БСШУС-н сайдын Ерөнхий боловсролын сургуульд мөрдөгддөг стандартыг барьсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл ЕБС-н дотуур байрны 160 хүртэлх хүүхдэд 2 жижүүр байхыг баримталж ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл энэ тушаал болон хавсралт нь МСҮТ-д огт хамааралгүй юм.

4. 2020 онд сургуулийн жижүүрийн орон тоо ч, дотуур байрны жижүүрийн орон тоо ч цөөрөөгүй байсан ба захирлын Орон тоо батлах тухай 2020 оны Б/46 дугаар тушаалыг баримталж намайг 2021 онд халсан нь хууль бус гэж үзэж байна.

5. Надад МСҮТ-н захиргааны зөвлөлийн 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлөх байх гэж бодож байтал чөлөөлөөгүй. Тэгээд би ажлаас чөлөөлөгдөхөө больсон юм байх гэж бодоод ажлаа хийгээд явж байтал гэнэт 05 дугаар сарын 31-ний өдөр дахин мэдэгдэх хуудас өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг хууль бус гэж үзэж байна.

Иймд намайг ажлаас чөлөөлсөн Тосонцэнгэл сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрээр эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджаар тооцож нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч хариу тайлбартаа: 

...ажилтан В.*******г байрны жижүүрээр цаашид ажиллуулах боломжгүй орон тоо хасагдсан болно. Нэгэнт ажилтны ажлын байр, орон тоо хасагдсан ч гэсэн бид ажилтнаа бодоод боломжоо ашиглан 5 сарыг дуустал ажиллуулсанг ажилтан ойлгож мэдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч тал татгалзалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа, 

Нэхэмжлэгч В.******* нь Завхан аймаг дахь Тосонцэнгэл сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй болсон гол шалтгаан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаартай тушаалаар шинэ, жишиг бүтэц гэж мэдэгдэл ирсэн. Сайдын тушаалын 3 дугаар хавсралтын арван ест туслах ажилтнуудын ажлын байрыг тогтооно гэсэн заалт байгаа. 320-480 хүүхдийн бүтэцтэй сургууль ийм ийм бүтэц орон тоотой байна гэж заасан байгаа. Манай сургууль хүүхдүүдийнхээ тооноос хамаарахаар 4 жижүүрийн орон тоотой байхаар байгаа. Байрны жижүүр гэж орон тоо үндсэндээ байхгүй байгаа. Дотуур байранд үндсэндээ багш-2 гэсэн орон тоо ирсэн байгаа. Үүнийг үндэслээд шийдвэр гаргасан байгаа.

Нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөхөөр болсон шүү гэж сэдэгдсэн байгаа. Түүнд цахимаар мэдэгдсэн. Учир нь нэхэмжлэгч тусгаарлалтад байсан. Мөн нэхэмжлэгчийн ар гэрийг нь бодож 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалинжуулж ажиллуулж байсан... гэжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар шийдвэрээр

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бургасан овогт *******ийн *******г Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.*******гийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,305,150 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч В.*******гийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,305,150 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 73,261 /далан гурав хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг шүүхийн зүгээс тодруулж, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн...

Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Тухайлбал Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22 дахь заалтыг үндэслээд Завхан аймаг дахьТосонцэнгэлийн МСҮТ-ийн бүтэц, орон тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батлах эрхтэй гэж хуулийг гуйвуулж тайлбарласан...

Шийдвэр нь бодит нөхцөл байдалтай илт зөрүүтэй дүгнэлтийг өгч хууль тогтоомжийн холбогдох заалтыг явцууруулж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах гомдолд нэмэлт тайлбар хийхдээ. 

Анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хуульд нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Яамны зүгээс бүтэц орон тоог батлахдаа 54 орон тоогоор баталсан бөгөөд ******* нь 2 орон тоон дээр шилжин ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн хувьд дотуур байрны багш гэх ажлын орон тоон дээр ажиллах шаардлагыг хангаагүй байдаг.

Сургуулийн зүгээс хичээлийн жил дуусах буюу бүтэн 1 жилийн хугацаанд *******г ажиллуулсан. Нэхэмжлэгч В.******* нь Тосонцэнгэл сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй болсон гол шалтгаан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаартай тушаалаар шинэ, жишиг бүтэц гэж мэдэгдэл ирсэн.

Сайдын тушаалын 3 дугаар хавсралтын 19-т туслах ажилтнуудын ажлын байрыг тогтооно гэсэн заалт байгаа. 320-480 хүүхдийн бүтэцтэй сургууль ийм ийм бүтэц орон тоотой байна гэж заасан байгаа. Нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөхөөр болсон шүү гэж цахимаар мэдэгдсэн байгаа. Учир нь нэхэмжлэгч тусгаарлалтад байсан. Мөн нэхэмжлэгчийн ар гэрийг нь бодож 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалинжуулж ажиллуулж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.  

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар өгөхдөө.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний Б/06 дугаартай тушаал нь хууль зүйн хүрээнд үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа. 2018 онд В.*******тай хийсэн хөдөлмөрийн гэрээг тухайн байгууллага нь хуурамчаар хийсэн бөгөөд байгууллага дээр нь очиж үзлэг хийхээр тус 2018 оны хөдөлмөрийн гэрээ нь байдаггүй. Тэгсэн хэрнээ хэргийн материалд канондож, нотариатаар батлуулсан хувь нь хэрэгт байж байдаг. Өөрөөр хэлбэл хоёр тушаал гарчихсан. Он, сар, дугаар нь зөрөөд байдаг.

Иймээс ажил олгогч нь өөртэй ашигтай нөхцөл байдлаар тушаалыг гаргасан гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалын заалтууд харахаар 2020 оны А/185 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтыг огт бариагүй. Үүн дээр 3.5.3 дахь заалтыг барьсан байгаа. Тэр нь багштай холбоотой заалт байгаа. Үйлчилгээний ажилтантай холбоотой заалт огт биш. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан хоёр сайдын хамтарсан тушаал байдаг. Үнэхээр энэ тушаалыг барих гэж байсан юм бол 3 жилийн хугацаанд ажлаас чөлөөлөөгүй асуудал яригдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг биелүүлээгүй. Ажил олгогчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлээд орон тоо хасагдсан гэсэн зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга эрхлэгчийг томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Энэ нь бүтцийг хэн батлах вэ гэж заасан байгаа. Тэгэхээр бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд батлахаар байгаа. Үүнийхээ хүрээнд төсвийг мөн баталчихсан байгаа.

Өөрөөр хэлбэл В.*******г ажлаас чөлөөлөх үед нь энэ байгууллагаас орон тоо хасагдсан зүйлгүй байхгүй гэж бодож байна гэв. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт зааснаар боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг хэлнэ гэж заасан байдаг. Үүн дээр орон тооны асуудал яригддаггүй гэв. Төсвийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 14.2.12-т зааснаар эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасан.

Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн байгууллагын орон тоо, бүтцийг батлахаар байжээ. Гэтэл сургууль энэ орон, тоог хассан гэж оруулаад ирж байна. Тушаалын хувьд зөрчилтэй, алдаатай тушаал байна.

Ажил олгогч орон тоо хасагдаагүй байхад орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч байгууллагын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын двтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа тус сургуулийн захирал Р.******* нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тус сургуулийн бүтэц, орон тооноос дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн сургуулийн захиралын Б/22 тоот тушаалаар сургуулийн жижүүрээр томилогдсон. Хүний нөөцийн дутмаг байдлаас болж дотуур байрны жижүүрээр ямар нэгэн тушаалгүйгээр ажиллаж байсан. Сургуулийн жижүүрийн орон тоо цөөрөөгүй байгаа тул намайг сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзалаа тайлбарлахдаа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалд дотуур байрны жижүүрийн орон тоо батлагдаагүй. В.*******гийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал нь дотуур байрны жижүүрээр томилогдсон гэсэн байгаа бөгөөд энэ орон тоо нь хасагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч нь нэхэмжлэгч В.*******г тус сургуулийн дотуур байрны багшийн үүрэгт ажлаас орон тоо хасагдсан цөөрүүлсэн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.5.3 дах нөхцөл, Захиралын орон тоо батлах тухай 2020 оны А/68 дугаар тушаал, Боловсрол соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан А/024/11 дугаар тушаал, Захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, Захиралын орон тоо батлах 2020 оны Б/46 дугаар тушаалыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтаны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тооноос дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогоогүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэгч В.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүр биш, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч В.******* нь тус сургуулийн захиралын 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус сургуулийн жижүүрийн ажилд томилогдсон байх бөгөөд энэ хугацаанд зарим үед нь сургуулийн дотуур байрны жижүүрийн ажлыг хийж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр түүнийг дотуур байрны жижүүрээс чөлөөлж, жижүүрийн ажилд томилсон гэх бичилтээр тогтоогдож байна.

Тэрээр 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс хойш тус сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд дахин томилогдсон талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүр, сургуулийн дотуур байрны жижүүр нь тус тусдаа өөр өөр орон тоо байх бөгөөд В.******* нь сургуулийн дотуур байрны жижүүрийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг албан ёсоор тус жижүүрийн ажилд томилсон тушаал, шийдвэр гараагүй байна.

Хариуцагч тал В.******* нь дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан гэж маргаж, түүнтэй байгуулсан 2019 оны 41 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр В.*******г дотуур байрны жижүүрээр томилсон Б/45 дугаартай тушаалыг хэрэгт баримтаар ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал дээрх хөдөлмөрийн гэрээ, тушаалыг ажил олгогч хуурамчаар үйлдсэн гэж үзэж, эх хувьд үзлэг хийлгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шүүх үзлэг хийхэд

Үзлэгээр В.*******тай байгуулсан 2019 оны 41 дугаартай хөдөлмөрийн гэрээний эх хувь тус суруулийн архивт байхгүй, 2019 оны 41 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь Б.Бямбасүрэнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ байх бөгөөд харин 2019/45 дугаартай В.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан бөгөөд он сар өдрийн хувьд зөрүүтэй байна.

Мөн В.*******г дотуур байрны жижүүрээр томилсон 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/45 дугаартай тушаалыг нэхэмжлэгч В.*******д гардуулж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн намайг албан ёсоор сургуулийн дотуур байрны ажилд томилоогүй, тус сургуулийн жижүүр гэсэн орон тоон дээр ажиллаж байхад дотуур байрны жижүүр-ийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай тохирч байна.

Иймд ажил олгогчийн В.*******г Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажлаас орон тоо хасагдсан үндэслэлээр чөлөөлсөн тушаал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй учраас В.*******г тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.

Хариуцагч тал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг шүүхийн зүгээс тодруулж, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн...

Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22 дахь заалтыг үндэслээд Завхан аймаг дахь Тосонцэнгэл МСҮТ-ийн бүтэц, орон тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батлах эрхтэй гэж хуулийг гуйвуулж тайлбарласан гэх агуулага бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.******* нь тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хүсэлт зоригт нийцээгүй ажилд эгүүлэн тогтоосон, Тус сургуулийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9, Хөдөлмөр нийгэм хамгаалалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг тус сургуулийн бүтэц, орон тоог батлах эрх бүхий этгээд гэж үзэхээр байхад тус сургуулийн бүтэц, орон тоог тогтоох эрх бүхий этгээд биш гэж үзэж дээрх хууль, тушаалын заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, өөрчлөлт оруулж, хариуцагчиййн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож гэснийг тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.626 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Ж.БАТТОГТОХ