| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0005/Э |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Баяраа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00018
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Г.Баяраа,
шүүгдэгч Ч.Т , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т д холбогдох 1715001750046 дугаартай, 163/2018/0005/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ч.Т
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Т нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орчимд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэмт” гэх газраас хохирогч Д.Э өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн гурванбулаг сумын Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэр Зүүн урт гэх нэртэй газраас 3 тооны адуу уулын энгэрт бэлчээд байж байхаар нь зээрд зүсмийн Баасандашийн морьтой туугаад Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн Зүрх гэх газарт эзэнгүй айлын хаваржааны хашаан дотор хашсан. Тэгээд маргааш өглөө нь сумын төв рүү өөрийн 8873-1901 дугаарын утаснаас төрсөн дүү Баасандаш руу залгаад Улаанбаатар явах машин, гарал үүслийн бичиг олоод ир гэсэн. Тэгээд Баасандаш сумын төвөөс миний төрсөн хүү Сумъяабазартай мотоцикльтой 18 цаг өнгөрч байхад ирсэн. Би Баасандаш, Сумъябазар нарыг ирэхэд 1 тооны адууг нь махалсан ба тэр хоёртой нийлж байгаад үлдсэн 2 адуугаа махлаж байхад сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 ирээд баригдсан гэх мэдүүлэг,
1715001750046 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Э өгсөн: Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт гэх газарт намаржиж байгаа бөгөөд манайх 300-гаад тооны адуутай ба 9 тооны азрагатай. Үүнээс ямар нэг им тамгагүй, бүдүүн /12 настай/ гүү, хар соёолон байдас, ширээтэй дөл тамгатай зээрд даага тусдаа явдаг байсан юм. Гэтэл Гурванбулаг сумаас хулгайлсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Г.Б өгсөн:.. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мах ачуулна гэж ярьсан Бааска гэх айлд очиход цагдаа бид нар дээр ирж машинаас буу гэсэн. 4 хүн саатуулагдсан. Мөн тэнд 3 тооны адуу янзалсан байдалтай байсан. Бааска буюу Баасандаш тэр өдөр 12 цагийн үед над дээр ирж уулзаад 2 адуу ачуулна гэсэн хулгайн адуу гэж надад юу ч хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Н.Э өгсөн:...Жолооч Батболд айлаас орж мал мах авна гэж ярьсан бөгөөд тухайн айлд очсон чинь цагдаа байж байсан. Бид нарыг тэнд очиход 1 адууны махыг эвдээд дэлгэчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч С.Э өгсөн:...Хоёр адууг тал янзалсан, 1 адууны махыг бүтэн эвдчихсэн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Э.А өгсөн:...Би Д.Э ынхтай ойрхон мал маллаж амьдардаг. 2017 оны 5 дугаар сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 20-ны хооронд адууг нь маллаж байсан..., гурван тооны адууны арьс, толгой нь Э ын адууных мөн байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч М.Н өгсөн: Би Булган аймгийн Гурванбулаг суманд мал мах авдаг ажил хийгээд 7 жил болж байна. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ч.Т гэдэг хүн Батжаргалын хамтаар ирж надтай уулзаад адууны мах авах уу гэхээр нь үзэж харж байгаад болно гээд үзсэн чинь хоёр сээртэй хамт нь нохой зулгаачихсан хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан бөгөөд бусдыг нь авсан, үлдсэн мах нь 330 кг болсон бөгөөд 1 кг нь 2600 төгрөг бодоход 860000 төгрөг болсон. Ингээд би түүнд 60000 төгрөг бэлэн өгөөд үлдсэнг нь дараа өгөхөөр болсон. Энэ хүмүүс нийт 3 тооны адууны дан мах өгсөн. Өөр юм өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-10 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орчимд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэмт” гэх газраас хохирогч Д.Э өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж, 860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Э , гэрч Г.Б, Н.Э, С.ЭЧ.Н, Э.А мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө төлсөн баримт, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Т нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 860.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.200.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй хутга, ягаан иштэй хутга, мяндсан ногт зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, төмөр сүх, алх тус бүр нэг ширхэг, суран ногт 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Ч.Т г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй хутга, ягаан иштэй хутга, мяндсан ногт зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, төмөр сүх, алх тус бүр нэг ширхэг, суран ногт 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН