Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/898

 

 

 

 

 

 

     2024          08           13                                        2024/ДШМ/898

 

 

Д.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

яллагдагч Д.Ч, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1721 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Ч-т холбогдох 2403002070278 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн .....-ын Ч, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, ... настай, э..эгтэй, ... боловсролтой, ............. мэргэжилтэй, “..................” ХХК-д ажилтай, ам бүл .., ...... нарын хамт ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............/;

Яллагдагч Д.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цаг 20 минутын орчимд Сүхбаатар
дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн уулзварт
өөрийн эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын
тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй
(жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын голд зохицуулагч хийж байсан цагдаа зохицуулагч Э.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийг шүүх хүлээн авч хянахад, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнээс гаргасан дээрх хүсэлтийг хэсэгчлэн хүлээн авч, яллагдагч Д.Ч-ыг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Тээврийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр хүсэлт шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудсын хуулбарыг гаргаж өгсөн бөгөөд уг хариу мэдэгдэх хуудсыг өмгөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 50 минутад гардуулан өгчээ.

Гэвч өмгөөлөгч Б.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хяналтын прокуророос хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй буюу оролцогчийн хуульд заасан дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хангасан эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ч-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шинжээч эмч Б.Даваасүрэн нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4629 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 471 дүгээр нэмэлт шинжээчийн дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4629 дүгээр дүгнэлтээр хохирогч Э.Ч биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэрэгт хамаарч байсан бол 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 471 дүгээр хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Ч-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн баруун өвдөгний үений МRI шинжилгээг үндэслэн түүний биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, тойгны дотор даруулган холбоосны суналт, тойгны дотор урд хэсэгт болон шаантны гадна булууны ясны эдийн хаван гэх гэмтэл шинээр тогтоогдож, улмаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна гэж зөрүүтэй дүгнэлтийг гаргасан байна.

Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн 105, 106, 107 дугаар хүснэгтэд өвдөгний үений гэмтлүүдийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тодорхойлжээ.

Дээрх хүснэгтэд дурдсанаар өвдөгний үений гэмтлүүдийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10-50% хүртэл алдагдуулахаар заасан байхад шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Э.Ч-ийн биед учирсан зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах талаар дурдсан байгаа нь шинжээчийн гаргасан 2 удаагийн дүгнэлтийг бүрэн бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс дээрх шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4629 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 471 дүгээр нэмэлт шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар арилгах шаардлагатай байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/299 дүгээр тодорхойлолтоор яллагдагч Д.Ч нь “унаж татах өвчтэй” талаар дурдсан байх тул түүний хувийн байдлыг сайтар шалгаж тогтоох шаардлагатай байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Ч-ын зүгээс хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан талаарх интернет банкны хуулгыг хэрэгт хавсаргаж өгсөн байхад яллах дүгнэлтийн хавсралтад хохирол 608.357 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” болон хохирол нөхөн төлсөн байдлыг зөв тодорхойлоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хэсэгчилж хангах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" гэсэн үндэслэлээр эрүүгийн 2403002070278 тоотхэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаан шийдвэрлэв. Хэргийг Тээврийн прокурорын газарт очтол яллагдагч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс
зөвшөөрч байна.

Эрүүгийн 2403002070278 дугаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж
тогтоосон. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан байдаг бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4629 дүгээр дүгнэлтээр хохирогч Э.Ч-ийн биед зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, 3 дугаар шүдний сулрал, эрүү, баруун өвдөг шилбэнд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан бөгөөд хохирогч Э.Ч-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн баруун өвдөгний үений MRI шинжилгээний эмчийн дүгнэлтийг үндэслэн нэмэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Уг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтээр ... Э.Ч-ийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, тойгны дотор даруулган холбоосны суналт, тойгны дотор урд хэсэгт болон шаантны гадна булууны ясны эдийн хаван, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, 3-шүдний сулрал, эрүү, баруун өвдөг шилбэнд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна ... гэх дүгнэлтүүд тус тус гарсан. Харин эдгээр дүгнэлтүүд нь үндэслэлгүй эргэлзээтэй гэж үзвэл прокурор, шүүгч, мөрдөгч дахин шинжээч томилохоор хуульчилсан байна.

Прокурорын зүгээс дээрх дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, эхний дүгнэлтээр баруун өвдөгт учирсан гэмтлийн талаар тодорхой тусгасан. Мөн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр уг баруун өвдөгний гэмтэл нь баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал байна гэдгийг тусгасан дүгнэлт гарсан байхад шүүхээс гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн 105, 106, 107 дугаар хүснэгтэд өвдөгний үений гэмтлүүдийн улмаас ерөнхий чадварын хувь хэмжээг тодорхойлсон бөгөөд уг хүснэгтээр хөдөлмөрийн чадварыг тогтонги 10-50 хувь хүртэл алдагдуулахаар заасан байхад шинжээч хувь хэмжээг бичээгүй байна гэж үзэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн 105, 106, 107 дугаар хүснэгтэд өвдөгний үений гэмтлүүд нь өвдөгний үеэр тайрах, бүр мөсөн хөдөлгөөнгүй болох гэх мэт гэмтлийн хүнд зэрэгт ордог гэмтлүүд багтдаг бөгөөд мөн хавтас хэрэгт болон шинжээчийн дүгнэлтэд ямар ч өвдөгний үеэр тайрсан болон хөл бүр мөсөн хөдөлгөөнгүй болсон талаар дурьдагдаагүй байхад шинжээчийг дүгнэлтэн дээрээ хувь хэмжээг бичээгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Мөн тухайн хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнээс гаргасан хүсэлтийн дагуу прокурорын хариу мэдэгдэх хуудас гарсан ба уг хариу мэдэгдэх хуудсыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 50 минутанд яллагдагчийн өмгөөлөгчид гардуулан өгсөн бөгөөд гардаж авсан талаараа ч урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан дээр яллагдагчийн өмгөөлөгч мэдүүлдэг, хариу мэдэгдэх хуудсыг авсан даруйдаа прокурортой уулзсан бөгөөд уулзсан талаараа ч мөн хэлэлцүүлгийн үеэр ярьдаг, яллах дүгнэлтийг гардуулсан дагуйдаа яллагдагчид дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэдгийг хэлж тайлбарлаж өгсөн.

Прокурорын зүгээс хэрэгт гаргасан хүсэлтийн хариуг гэм буруугийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байсан ба энэ талаар мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр дурьдсан. Түүнчлэн хэргийн яллагдагчийн хувийн байдлыг тодруулан яллагдагчаас мэдүүлэг авч ажилласан бөгөөд ял шийтгэлтэй эсэх лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа зэрэг бусад байдлаар хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийсэн, яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс унаж татдаг өвчтэй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй байдаг.

Харин гэм буруу болон хохирлын асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар
захирамжид заагаагүй буцаасан нь ойлгомжгүй байна.

Иймд шүүгчийн 2023/ШЗ/569 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Ч-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Тус хэрэг 4 дүгээр сард болсон, 5 дугаар сард мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгч өмгөөлөгч авч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, өмгөөлөгчийн зүгээс хүсэлт, гомдлоо прокурорт гаргасан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаа нөхцөл байдлын талаар дурдсан. 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 50 минутад надад прокуророос хүсэлт шийдвэрлэсэн талаарх хариуг өгсөн. Мөн өдрөө яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлт үйлдсэн учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гомдлоо гарга гэдэг байдлаар, өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээ эдлэх боломжгүй болсон. Түүнчлэн миний гомдол, хүсэлтийг өнөөдрийг хүртэлх хэрхэн, яаж, ямар хугацаанд шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Үүнийг уншиж танилцах ямар нэгэн боломж бололцоо байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй, анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгөөд явдаг. Гэхдээ гэм буруу дээр маргахгүй байлаа гээд оролцогчоо мартаж болохгүй. Оролцогчийн хүсэлт, гомдол гаргах эрхийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд бүлэглэн журамласан зохицуулалт бий. Тэгэхээр оролцогчоо мартаж цаашид гаргах хүсэлт, гомдлыг нь хааж боогдуулж болохгүй гэж үзэж анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан. Гэмтлүүдийн тухайд миний үйлчлүүлэгчийн зүгээс анх хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдлыг мэдэж байсан. Дараа хэргийн материалаар хийгдсэн шинжилгээгээр хүндэвтэр гэмтэл болсон. Тэгэхээр хэргийн материалаар хийсэн шинжилгээний эх сурвалж нь 05 дугаар сарын 27-ны өдөр буюу өмгөөлөгч намайг гомдлынхоо хариуг авахын өмнө хохирогчоос гаргаж өгсөн. Хэргийн материалаар хийгдсэн гэх нөхцөл байдал дээр эргэлзээ төрсөн. Хоёрдугаарт, эх сурвалж дээр дурдсан эмчийн дүгнэлт хариу гарсан цаг хугацаа нь 04 дүгээр сарын 12-ны өдөр, шинжээчийн дүгнэлт 04 дүгээр сарын 11-ний өдөр, тэгээд эмчийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй. Нотолгооны эх сурвалж нь бүрэн тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалтай. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ дээр зөвхөн шүдний гэмтлийн талаар дүгнэх боломжтой байгаад байдаг. Үүнд 5 хувь гээд өвдөгний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хэдэн хувь хэмжээтэй гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогчийн зүгээс “миний өвдөг зүгээр, би шүдэндээ гомдолтой байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдсан 10-50 хувь хүртэл хөдөлмөрийн чадвар алдагдуулахаар гэмтэл нь өвдөг тайрах юм уу, үе мөч нь хөдөлгөөнгүй зогсонги болох нөхцөлд хувь хэмжээнд хамаарахаар байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогчийн зүгээс өвдөг хэвийн ажиллаж байгаа, шүдний асуудлыг шийдвэрлээд өгөөч гэдэг илэрхийллээс нь үзэхэд шинжээчийн дүгнэлт асар зөрүүтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах эрхээ эдэлье гэсэн асуудал байгаа юм. Гэм буруугийн хувьд тусдаа асуудал байх. Д.Ч-ын унаж татдаг өвчтэй талаарх хувийн байдлыг бүрэн тодруулж чадаагүй. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч болон прокурорт миний үйлчлүүлэгч унтаж байхдаа хүртэл унаж татаж, олон удаагийн эмнэлгийн дуудлага өгдөг хүн байгаа юм, энэ нь хувийн байдалд нь нөлөөлөх юм биш үү гэж хэлсэн. Мөн хохирол, хор уршгийн шинж чанарын тухайд хохирол төлөгдсөн нөхцөл байдлыг яллах дүгнэлтэд төлөгдөөгүй мэтээр дурдаад байгаа нь оролцогчийн эрхийг хязгаарласан. Энэ хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн тогтоож чадаагүй. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. ...” гэв.

Яллагдагч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Ч-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тээврийн прокурорын газраас Д.Ч-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 07 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн уулзварт өөрийн эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын голд зохицуулагч хийж байсан цагдаа зохицуулагч Э.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1721 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Д.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР