Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/897

 

 

 

  2024           08             13                                         2024/ДШМ/897          

 

А.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч А.Н-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Н-д холбогдох эрүүгийн 2309000001887 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ................-ийн Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .... оршин суух бүртгэлтэй боловч .... тоотод оршин суух, /РД: ..................../;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар
сарын 18-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар
сарын 13-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар
сарын 11-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар
сарын 13-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар
сарын 19-ний өдрийн 1833 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх
ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч А.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш” гэх нэртэй пабын орчим хохирогч Америкийн Нэгдсэн Улсын иргэн K L F-ийн цүнхнээс 37 ширхэг 5 долларын дэвсгэрт, 5 ширхэг 1 долларын дэвсгэрт, хар өнгийн нүдний шилний хайрцаг, шар өнгийн хүрээтэй харааны нүдний шил, 6 ширхэг виза карт, гадаадын иргэний үнэмлэх 1 ширхэг, 11 ширхэг нэрийн хуудас, бэлэн мөнгөний чек, ягаан өнгийн арьсан түрүүвч, цэнхэр өнгийн үнэмлэхийн гэр зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 653.647 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудлын орчимд хохирогч
С.М-ы эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.321.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Си Юу” дэлгүүрийн орчимд хохирогч Б.У-ын эзэмшлийн
“Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар
авч 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын ойролцоо иргэн Л.Б-гийн
эзэмшлийн “Самсунг эс 24” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль
бусаар авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын ойролцоох автобусны буудлын орчим
насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.600.000 төгрөгийн хохирол учруулж,
бусдад нийт 15.024.647 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Н-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1833 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлж, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нийт 35 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч бүрэн барагдуулсан.

Миний гэм буруутай үйлдлээс болж хохирогч нарт сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол учруулсандаа гүнээ ойлгож гэмшиж байна.

А.Н миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Зүүн хотхоны 52 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Миний хүү одоо 11 сартай, эхнэр маань 8 сартай жирэмсэн. Энэ байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Н-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс гэм буруугийн талаар дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг шаарддаг гэмт хэрэг юм. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч А.Н нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 15.024.647 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгч болон А.Н-гийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралаанд оролцсон. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт хохирогч нарт учруулсан 15.024.647 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. А.Н нь урьд өмнө 5 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс ял шийтгүүлсэн. Энэ хугацаанд өөрийн гэсэн гэр бүлтэй болж, одоогийн байдлаар эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд эхнэр нь одоо 8 сартай жирэмсэн төрөх дөхөж байгаа. Гэмт хэрэгт холбогдож цагдаад шалгагдаж эхэлсэнээс хойш дахин гэмт хэрэг үйлдэлгүй өөрийн үнэнч шудрага хөдөлмөрөөр өрхийн орлого амьдралаа залгуулж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэж дахин гэмт хэрэгт холбогдолгүй үнэнч шудрагаар амьдарч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буйгаа шүүхэд илэрхийлж шүүх хурал дээр хэлж байсан.

А.Н-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал учруулсан хохирол хор уршигийг арилгаж хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар А.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш” гэх нэртэй пабын орчим хохирогч Америкийн Нэгдсэн Улсын иргэн K L F-ийн цүнхнээс 37 ширхэг 5 долларын дэвсгэрт, 5 ширхэг 1 долларын дэвсгэрт, хар өнгийн нүдний шилний хайрцаг, шар өнгийн хүрээтэй харааны нүдний шил, 6 ширхэг виза карт, гадаадын иргэний үнэмлэх 1 ширхэг, 11 ширхэг нэрийн хуудас, бэлэн мөнгөний чек, ягаан өнгийн арьсан түрүүвч, цэнхэр өнгийн үнэмлэхийн гэр зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 653.647 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Америкийн Нэгдсэн Улсын иргэн K L F-гийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Irish гэх паб орчим явж байх үед нэг хүн түлхэх шиг болсон. Тэгээд миний цүнх онгойсныг мэдсэн, тухайн үед ягаан өнгийн түрүүвч болон нүдний шил зэрэг эд зүйлээ хулгайд алдсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 12-13/,

эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 15-16/,

- 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн автобусны буудлын орчимд хохирогч
С.М-ы эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.321.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.М-ы “...Би 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 00 минут болж байхад засгийн газрын ордны баруун хаалгаар гараад чигээрээ талбайн баруун талаар чиглээд урагш явган хүний гарцаар гарсан ба төв номын сангийн автобусны буудлын ард талаар гараад “Моннис” тауэрийн нэг давхарт орж ирээд нэвтрэх карт уншуулах гээд гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан болно. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 39-40/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн СБ1- 23-1482 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 42-43/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 47-48/,

- 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Си Юу” дэлгүүрийн орчимд хохирогч Б.У-ын эзэмшлийн
“Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар
авч 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.У-ын “...Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бьлю скай” зочид буудлын автомашины зогсоол дээр өөрийн Приус 41 загварын 59-61 УНТ улсын дугаартай саарал өнгийн автомашинаас буугаад өөрийн гар утсыг пальтоны халаасандаа хийгээд эрүүл мэндийн яамны явган хүний гарцаар гарах гээд явж байгаад замын хажууд ирээд гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд тэр хавиар явж байсан 2 охиноос гар утсаараа яриулаач гэж хэлэхэд, таны араас нэг хар өнгийн юүдэнтэй цамцтай хүн дагаад байсан гэж хэлсэн. Тэгээд гар утас руу залгахад миний гар утас дуудаад авахгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 70/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08- -ны өдрийн СБ1- 23-1077 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 73-74/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 76-77/,

- 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын ойролцоо иргэн Л.Б-гийн
эзэмшлийн “Самсунг эс 24” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль
бусаар авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Б-гийн “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 25 минутын орчимд Улаанбаатар их дэлгүүрээс гараад гэр рүүгээ алхсан. Алхаж байхдаа чихэвчээ зүүгээд, гар утсаа өмсөж явсан хувцасныхаа гадуур карманд хувцсанд хийгээд явж байсан ба Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр төрөхийн орчимд явж байх үед гэнэт чихэвч тасарсан, гайхаад гараа кармандаа хийхэд утас байхгүй болсон байсан. Тэгээд эргэн тойрноо харахад хүмүүс явж байсан ба хэн нь авсан нь мэдэгдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 172/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 176-177/,

хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1 хх 182-185/,

- 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын ойролцоох автобусны буудлын орчим
насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.600.000 төгрөгийн хохирол учруулж,
бусдад нийт 15.024.647 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд аав Батсүлд болон дүү Бишрэл нарын хамтаар Баянгол зочид буудлын автобусны хуудлын ойролцоох “Си юу” дэлгүүрт орж үйлчлүүлээд гарсан юм. Аав Батсүлд нь өөрийн тээврийн хэрэгслээ “Скайтэл” ХХК-ийн гаднах тээврийн хэрэгслийн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулсан байсан юм. Бид алхаж явсаар машиныхаа ойролцоо ирсэн ба тухайн үед гар утсаа шалгахад халаасанд байсан гар утас байхгүй байсан. Тухайн үед 99252895 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан юм ... аав болох Батсүлд “Си Юу” дэлгүүрийн ажилтанд хандаж хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд цагаан өнгийн майк өмссөн, 1 мөртэй цүнх үүрсэн, гартаа цамц барьсан эрэгтэй “Си юу” дэлгүүрийн орох гарах хэсгийн хаалганы гадна зөрж өнгөрсөн ба дэлгүүр рүү оролгүй бидний араас явж байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 207-208/,

хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “зах зээлийн үнэ цэнийг 3.600.000 төгрөг гэж тооцлоо” гэсэн эд зүйлийн үнэлгээ /1 хх 216-219/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 221/,

эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 232-233/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Н-г үргэлжилсэн үйлдээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Н-г хохирогч Америкийн Нэгдсэн Улсын иргэн K L F-ийн цүнхнээс 37 ширхэг 5 долларын дэвсгэрт, 5 ширхэг 1 долларын дэвсгэрт, хар өнгийн нүдний шилний хайрцаг, шар өнгийн хүрээтэй харааны нүдний шил, 6 ширхэг виза карт, гадаадын иргэний үнэмлэх 1 ширхэг, 11 ширхэг нэрийн хуудас, бэлэн мөнгөний чек, ягаан өнгийн арьсан түрүүвч, цэнхэр өнгийн үнэмлэхийн гэрийг, хохирогч С.М-ы эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг, хохирогч Б.У-ын эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хохирогч Л.Б-гийн эзэмшлийн “Самсунг эс 24” загварын гар утсыг, хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 15.024.647 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Н-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1833 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатнаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, өөрийн үнэнч шудрага хөдөлмөрөөр өрхийн орлого амьдралаа залгуулж жирэмсэн эхнэр, бага насны хүүхдээ тэжээн тэтгэж дахин гэмт хэрэгт холбогдолгүй үнэнч шудрагаар амьдарч байна. Иймд хохирол хор уршигийг арилгаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй болсон хэдий ч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1833 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Н-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Н-гийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-гийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР