Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0129

    2026        02           02                                     128/ШШ2026/0129

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: В.Г*******

Хариуцагч: Стандарт, хэмжил зүйн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч В.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баатарзориг.

Танхимын дугаар: 4

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Миний бие анх 2008 оноос төрийн албанд тасралтгүй 17 жил, Стандарт, хэмжил зүйн газар 17 жил ажилласан, төрийн албаны мерит зарчмын дагуу баталгаажуулалтын хэлтэс, газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Стандарт, Хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын даргаар тус тус томилогдон ажилласан бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр тогтмол Маш сайн буюу А үнэлгээтэй ажиллаж, нэгжийн үйл ажиллагааг удирдан байгууллагын шилдэг нэгжээр 2019, 2023 онуудад шалгарч байсан.
    2. Ийнхүү ажиллах хугацаандаа миний бие аливаа зөрчил дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Стандарт, хэмжил зүйн газрын салбар зөвлөлийн гишүүнээр томилогдон үр бүтээлтэй ажилласан. Гэтэл гэнэт Стандарт, Хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
    3. Учир нь уг тушаалаар намайг “... удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах тухай шийдвэрийн дагуух албан үүргээ биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй, ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан, баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хүсэлт гаргагч аж ахуйн нэгж байгууллагад олгосон, газрын даргын гаргасан тушаалаас зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйг дээд шатны албан тушаалтан болон хяналт-шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоосон...” гэсэн үндэслэлүүдээр ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан огт үндэслэлгүй болно.
    4. Тухайлбал дээрх тушаалд намайг “...удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах шийдвэрийн дагуу албан үүргээ биелүүлээгүй” гэсэн нь миний ойлгож байгаагаар Архангай аймагт бүсчилсэн хөгжлийн хангайн бүсийн хэлэлцүүлэг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, Стандарт, хэмжил зүйн газраас зарим албан хаагчид оролцохоор яригдаж байсан асуудлыг хэлж байна гэж ойлгосон бөгөөд уг асуудал эцэслэн шийдэгдээгүй, намайг оролцох талаар үүрэг чиглэл өгөгдөөгүй байсан ба 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагын спорт арга хэмжээ болж байсан
    5. Тэр өдрийн орой миний бие холбогдох албан тушаалтнаас асуухад Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга болон намайг томилолтоор явахгүй болсон, өмнө нь бүсийн зөвлөгөөнд оролцож байсан албан хаагчид оролцох болсон гэж мэдэгдсэн бөгөөд холбогдох журамд үйл ажиллагаанд хамаарах нэгжийн дарга танилцсан байхаар зохицуулсан байдаг тул надад тушаалын төсөл болон тушаалыг надад танилцуулаагүй болно.
    6. Иймээс томилолтын тушаал томилолтын дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш гарсан гэж ойлгож байгаа бөгөөд уг тушаалд Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын нэр байсан ч мөн томилолтоор яваагүй. Мөн тушаалд “...дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй” гэсэн байх ба үүнийг миний бие огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд хэнээс хэзээ өгсөн, ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаагүй гэж буруутгах болсныг ойлгохгүй байна.
    7. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үйл ажиллагаагаа бүрэн биелүүлж, мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-т заасан нийтлэг үүргээ хангаж ажилласан. Дээрх тушаалд мөн “...баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хүсэлт гаргагч аж ахуйн нэгж байгууллагад олгосон” гэж намайг буруутгасан нь үндэслэлгүй байх ба баталгаажуулалтын гэрчилгээг олгох эсэхийг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэд хараат бусаар шийдвэр гаргах эрх бүхий баталгаажуулалтын зөвлөл бие даан хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд уг зөвлөлийн шийдвэр буюу хурлын тэмдэглэлийг үндэслэн агентлагийн даргад гэрчилгээг танилцуулан, дарга гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу гэрчилгээг холбогдох аж ахуйн нэгжид нь олгодог болно.
    8. Цаашилбал “...нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэж намайг буруутгасан байх ба үүнийг ямар асуудалтай холбон тайлбарлаж байгааг миний бие ойлгохгүй байгаа бөгөөд миний бие нэгжийн үйл ажиллагааг хангалттай сайн удирдан зохион байгуулж, 2016-2024 онуудад гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтмол “Маш сайн” үнэлүүлж ирсэн бөгөөд 2025 оны Стандарт, хэмжил зүйн газрын даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг эхний хагас жилийн байдлаар хангалттай сайн биелүүлж “маш сайн” үнэлэгдсэн. Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж Халал, Органик бүтээгдэхүүний олон улсын итгэмжлэлд хамрагдаж, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, 2019, 2023 онуудад байгууллагын шилдэг нэгжээр тус тус шалгарч байсан.
    9. Мөн намайг “ажлын цаг ашиглалтыг үр дүнтэй ашиглаагүй, ажлын цагийг цалгардуулж тасалсан” гэх үндэслэлийг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба надад ажил тасалсан, ажлын цаг цалгардуулсан зүйл огт байхгүй тул намайг хэзээ, ямар хугацаагаар ажил тасалсан, цалгардуулсан гэж буруутгаж байгаа миний бие мэдэхгүй, ойлгомжгүй байна. Миний бие албан тушаалын чиг үүргээ бүрэн биелүүлж ажилласан тул гүйцэтгэлийн үнэлгээ маш сайн үнэлэгдэж, мөн сар бүр гар дээр олгодог цалин хөлс маань ямар нэгэн тасалсан хоног, хоцорсон цаг хасалгүйгээр бүтэн олгогдож байсан, хэрэв ажил тасалсан, хоцорсон бол тэр хугацаагаар тооцож цалинг хасаж тооцохоор байгууллагын дотоод журамд тодорхой заасан байдаг болно.
    10. Иймээс миний бие дээрх бүх зөрчлийг гаргаагүй байхад надад хууль зөрчиж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа ба хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын даргын зүгээс эдгээр зөрчлүүд нь хяналт-шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдсон гэсэн нь мөн л үндэслэлгүй. Тодруулбал хяналт-шинжилгээ буюу байгууллагын дотоод хяналт шалгалтаар аливаа албан тушаалтны үйл ажиллагаанд шалгалт явуулах, зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн албан тушаалтанд мэдэгдэх, түүнээс тайлбар гаргуулах, баримт сэлт гаргаж өгөх боломжоор нь хангах үүрэгтэй болохыг холбогдох хууль, журамд заасан.
    11. Гэтэл хяналт-шинжилгээ хийх талаар, хийж байгаа талаар, хийсэн талаар, түүнээс ямар дүгнэлт гаргасан талаар надад огт мэдэгдээгүй, тайлбар аваагүй, асууж лавлаагүй болно. Энэ нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-т “Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид “албан хаагч” гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.4-т “Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ”, 2.4.1-т “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах”,
    12. 2.4.2-т “шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах", 2.4.3-т “шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах”, 2.4.4-т “гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох”, 2.4.5-т “цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах”, 2.6-т “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна, “Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана”, 2.7-т “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, Нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус заасныг ноцтойгоор зөрчжээ.
    13. Түүнчлэн тушаалын удиртгал хэсэгт Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16, 2025 оны 05 дугаар сарын 22, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлтүүдийг үндэслэсэн гэсэн боловч тэдгээр дүгнэлттэй миний бие одоо ч танилцаагүй, нүдээр хараагүй байгаа билээ.
    14. Тиймээс хяналт-шинжилгээний дүгнэлт нь хууль, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дурдан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04/1644 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн болно. Иймд Стандарт, Хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Г******* намайг урьд эрхэлж байсан Стандарт, Хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
    15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Стандарт, хэмжил зүйн газраас гаргасан Б/117 дугаар тушаалд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан байдаг. Хариуцагч тал нэхэмжлэгчийг 5 зөрчил гаргасан гэж буруутгасан.
    16. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаал байгаа. Энэхүү тушаалд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баталсан. Гэхдээ нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа мэдэгдээгүй буюу тайлбар аваагүй нь нотлогдож байгаа. Тэгэхээр дээр дурдсан журамд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.
    17. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад хариуцагч тал дээр дурдсан журмыг баримталж ажиллаагүй гэдэг нь нотлогдож байна. Мөн журмын 2.2-т “энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэхийг төрийн албан хаагчийн дээд шатын албан тушаалтан эсвэл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж заасан. Мөн журмын 2.6-д “шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж, мөн журмын 2.7-д “танилцаж тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан байна. Тэгэхээр хариуцагч тал 3 удаагийн хяналт шалгалт хийсэн боловч үүнийгээ нэхэмжлэгчид огт танилцуулаагүй, тайлбар аваагүй.
    18. Өөрөөр хэлбэл хүсэлт, гомдол санал гаргах эрхийг нь олгоогүй байна. Мөн хариуцагч талын өгсөн нотлох баримтуудаас харахад хяналт шалгалт нь яваад дууссаны дараа холбогдох албан тушаалтнаас тайлбар авч байгаа нь нотлогдож байна. Мөн цаг ашиглалтын талаарх баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнийг харахад нийт ажиллах ёстой байсан цагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 105 өдөр байгаа. 105 өдрөөс ажиллавал зохих өдөр нь 73 өдөр байна. Нэхэмжлэгчийн ажилласан 29 өдөр байна. 45 удаа хоцорсон, 20 өдөр тасалсан гэх дүгнэлтүүдийг гаргасан. Тухайн цагуудыг нэмэхээр нийт ажиллах ёстой байсан цагаас хэтэрсэн байна.
    19. Үүнийг зөв тогтоосон эсэх асуудал эргэлзээтэй. Мөн ажиллавал зохих 73 хоногийн 29 өдөр ажилласан гэж дүгнээд байна. Стандарт, хэмжил зүйн газарт цаг ашиглалтын журам гэж байдаг. Энэ журмын холбогдох заалтад “ажил тасалбал цалингаас суутгана” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн цалин, хөлс бүтэн орж байсан. Тэгэхээр цаг ашиглалтын талаарх асуудлыг хүлээж зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн хяналт, шалгалт хийж байхдаа нэхэмжлэгчээс тайлбар, мэдүүлэг авах ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй.
    20. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийг Газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн зохион байгуулалтаар хангаж ажилласан гэж тайлбарлаад байгаа. Энэ зөрчилтэй холбоотой хяналт, шалгалт хийсэн талаар нотлох баримт  хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтоос тодорхой харагдана. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээд явж байсан гэдэг нь нотлогдоно. Иймд баримт, нотолгоо, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ноогдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах тухай шийдвэрийн дагуух албан үүргээ биелүүлээгүй тухайд: Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 53 дугаар тушаал, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 12/10 дугаар удирдамжийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Албан томилолтоор ажиллуулах тухай" А/94 дүгээр тушаалаар Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, алт, үнэт эдлэлийн худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд 2025 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын тогтолцооны газрын дарга В.Г*******ийг гишүүнээр томилсон.

2.2. Албан томилолтоор ажиллуулах тухай газрын даргын тушаал албажиж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүний гишүүнээр ажиллах тухай шийдвэрийг Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Ч.Ө******* 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 55 минутад В. Г*******ийн дугаарт холбогдон мэдээлсэн боловч нэхэмжлэгч В.Г******* нь тус тушаалаар хүлээлгэсэн албан томилолтоор ажиллах үүргээ биелүүлээгүй болно. Албан томилолтоор ажиллах тухай шийдвэрийг холбогдох албан тушаалтан танилцуулсан тухай тайлбар, холбогдох баримтыг хяналт шинжилгээний тайланд хавсаргагдсан болно.

2.3. В.Г*******ийн нэхэмжлэлд шийдвэрийн төслийг танилцуулаагүй гэсэн тухайд В.Г******* нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу "Албан томилолтоор ажиллуулах тухай" захиргааны шийдвэрийн төсөл боловсруулагдсан өдөр ажил тасалсан ба цаг бүртгэлийн системийн тайлан холбогдох баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч В.Г*******ийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т заасан “Харьяа дээд шатны албан тушаалтын зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.7-т заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”,

2.4. 37.1.15-т “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд суурилсан, үндэслэл бүхий журмын 8.3.1-т заасан “Багаар ажиллах, шинийг санаачлах, байгууллагаас зохион үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах”, Хөдөлмөрийн дотоод байгуулж байгаа хурал, зөвлөгөөн, урлаг, спорт, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох, ажлын газрын үнэмлэхээ биедээ байнга авч явах, тогтмол сунгуулж байх”, 8.3.7-т заасан “Эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, гүйцэтгэлийг албан ёсоор мэдээлж байх, хэрэв биечлэн гүйцэтгэх боломжгүй хүндэтгэх шалтгаан бий болсон тохиолдолд харьяа нэгжийн даргад нэн даруй мэдэгдэж, зохих арга хэмжээ авхуулж байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

2.5. Дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй тухайд: Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Б нэхэмжлэгч болох Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байсан В.Г*******т “Бүсчилсэн хөгжил” Хангайн бүсийн зөвлөгөөнд тавих илтгэлд шаардлагатай аймгуудын брэнд бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл гаргаж өгөх, мэдээлэл бэлтгэн авч явах үүрэг чиглэлийг өгсөн боловч мэдээлэл гаргаж өгөөгүй, бэлтгэж хүргүүлээгүй. Энэ үйл баримт нь холбогдох албан хаагчийн тайлбар, мэдээлэл, баримтаар тогтоогддог.

2.6. Нэхэмжлэгч В.Г*******ийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.6-т заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.7-т заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-т “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд суурилсан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах”,

2.7. Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1-т заасан “Албан хаагчдаас хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан болон ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, биелэлтэд хяналт тавих, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх, хууль тогтоомжийн хүрээнд ажилтнаас шаардлагатай мэдээлэл авах”, 8.3.7-т заасан "Эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, гүйцэтгэлийг албан ёсоор мэдээлж байх, хэрэв биечлэн гүйцэтгэх боломжгүй хүндэтгэх шалтгаан бий болсон тохиолдолд харьяа нэгжийн даргад нэн даруй мэдэгдэж, зохих арга хэмжээ авхуулж байх:" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

2.8. Ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан тухайд: нэхэмжлэгч В.Г******* нь тус газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа ажлын цагаас хоцордог, ажлын байрыг удаа дараа орхидог, ажлын цагийг үр дүнтэй ашигладаггүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулдаг, ажил тасалдаг байсан тул агентлагийн даргаас өгсөн чиглэлийн дагуу хийсэн хяналт шинжилгээний дүгнэлтээр ажлын цаг ашиглалт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд ажиллавал зохих 73 өдрөөс ажилласан 29 өдөр, хоцорсон 45 өдөр, ажиллаагүй 44, тасалсан 20 өдөр, нийт цаг ашиглалт 30.25 хувьтай буюу маш хангалтгүй ажилласан нь тогтоогдсон.

2.9. Тухайн сарын цаг ашиглалтын тайланг зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга баталгаажуулж санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлдэг ба нэхэмжлэгч В.Г******* нь 2025 оны 01 дүгээр сард ажиллавал зохих 22 өдрөөс ажилласан 9 өдөр, ажиллаагүй 3 өдөр, хоцорсон 15 өдөр, эрт явсан 9 өдөр, тасалсан 3 өдөр, цаг ашиглалт 39.60 хувь, 2025 оны 02 дугаар сард ажиллавал зохих 20 өдрөөс ажилласан 6 өдөр, ажиллаагүй 9 өдөр, хоцорсон 8 өдөр, эрт явсан 3 өдөр, тасалсан 9 өдөр, цаг ашиглалт 28.10 хувь, 2025 оны 03 дугаар сард ажиллавал зохих 20 өдрөөс ажилласан өдөр 7, ажиллаагүй 8 өдөр, чөлөөтэй 1 өдөр, хоцорсон 8 өдөр, эрт явсан 7 өдөр, тасалсан 7 өдөр, цаг ашиглалт 35.00 хувь, 2025 оны 04 дүгээр сард ажиллавал зохих 22 өдрөөс ажилласан 17 өдөр, гадуур ажилтай 12 цаг, ажиллаагүй 1 өдөр, хоцорсон 16 өдөр, эрт явсан 4 өдөр, тасалсан 1 өдөр, цаг ашиглалт 75.83 хувьтай байна.

2.10. Стандарт, хэмжил зүйн газар нь 2019 оны А/331 дүгээр тушаалаар баталсан “Стандарт, хэмжил зүйн газрын ажлын цаг ашиглалтын журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог ба тус журмын 2.6-т “Ажлын цаг таслалт-ажлын цагтаа ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй болон нэгжийн удирдлагын албан ёсны чөлөө олгогдоогүй байхад ажилдаа ирээгүй цаг”, 3.2-т “Эрх бүхий байгууллагаас тогтоосон цагийн хуваарийн дагуу ажил эхлэх, дуусах цагийг баримтлах ба үдийн цайны завсарлага 1 цаг үргэлжилнэ....”, 4.1-т “албан хаагч бүр ажилдаа ирсэн, ажлаас тарсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ.

2.11. Цаг бүртгэлийн төхөөрөмж алдаа зааж албан хаагчдыг бүртгэхгүй байх, цахилгааны саатал болон бусад шалтгааны улмаас бүртгүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй харьяалах нэгжийн удирдлагад энэ тухай мэдэгдэж тэмдэглүүлнэ”, 4.2-т “албан хаагчид ажлын цагаар гадуур ажиллах үед харьяалагдах нэгжийн Удирдлагад заавал урьдчилан мэдэгдэж, гадуур ажлаар явах тухай /ажлаас гарсан цаг, ирсэн цаг явсан ажлын талаарх товч мэдээллийг/ системд болон гадуур ажилласныг бүртгэх бүртгэлд бүртгүүлнэ”. 5.1-т хоцролт, 5.2-т ажилд тасалсанд тооцох үндэслэлүүдийг тус тус заасан. Мөн тус журмын 7.1-т "албан хаагчдын цагийн бүртгэлийн тайланг цаг бүртгэлийн төхөөрөмжийн бүртгэл, эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн магадлагаа (акт, лист, карт), чөлөөний хуудас, томилолтын хуудсыг үндэслэн сар бүрийн тогтоосон өдрүүдэд харьяалах нэгжийн удирдлага албан хаагч тус бүрээр хоцролт, таслалт, чөлөөтэй болон өвчтэй байсан хугацааг цаг, минутаар нь гарган нэгтгэж (хавсралт 2) баталгаажуулан Цалингийн нягтлан бодогчид өгнө." гэж тус тус заасан.

2.12. Нэхэмжлэгч В.Г******* нь Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын албан хаагчдын цагийн бүртгэлийн балансыг баталгаажуулахдаа өөрийн ажилласан цагийг 2025 оны 01 дүгээр сард ажиллавал зохих 22 өдрөөс ажилласан 22, 2025 оны 02 дугаар сард ажиллавал зохих 20 өдрөөс ажилласан 20, 2025 оны 03 дугаар сард ажиллавал зохих 21 өдрөөс ажилласан 21, 2025 оны 04 дүгээр сард ажиллавал зохих 22 өдрөөс ажилласан 22 өдөр гэж өөрийн ажиллаагүй, тасалсан, хоцорсон, эрт явсан, чөлөөтэй цагийг бүтэн ажилласан мэтээр ажлын цагийн блансыг тус тус баталгаажуулж санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн цалингийн нягтлан бодогчид хүргүүлсэн нь ноцтой зөрчил болно. Цалингийн нягтлан бодогч холбогдох нэгжийн даргын баталгаажуулж өгсөн цагийн блансыг үндэслэж албан хаагчдын цалинг боддог ба нэхэмжлэгч В.Г*******ийн ажил тасалсан, хоцорсон, ажиллаагүй цагийг ажилласан мэтээр цагийн тооцоо гаргаж, бүтэн цалин авсан байгааг нэхэмжлэх болно.

2.13. Нэхэмжлэгч В.Г*******ийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-т заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-т заасан “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.16-т заасан “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т заасан ажилтан, албан хаагчийн хориглох зүйлээс 8.4.7-т заасан “Цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилдаа ирсэн, явсан цагаа заавал бүртгүүлэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцрох, ажлын байрыг орхиж явах, чөлөөний хугацааг хэтрүүлэх зэргээр ажил цалгардуулах”,

2.14. 10.1-т заасан ажлын цагаас 10.1.9-т заасан “Ажилтан ажилдаа ирэх, орой ажлаа тарсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид тогтмол бүртгүүлэн баталгаажуулах үүрэгтэй ба ажилтан ажлын цагаар ажлын шаардлагаар гадуур ажиллах шаардлагатай бол зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, хэлтсийн даргаас зөвшөөрөл авч, гадуур ажиллах хуудас бөглөн, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирсэн, явсан цагаа бүртгүүлнэ. Цагаа бүртгүүлээгүй бол ажилтныг ажил тасалсанд тооцно” гэж тус тус заасныг болон “Стандарт, хэмжил зүйн газрын ажлын цаг ашиглалтын журам”-ыг мөн зөрчсөн.

2.15. В.Г*******ийн дээрх үйлдлүүдэд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын 11-т заасан сахилга хариуцлагын 11.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37. 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад дүрэм, журам, хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журам, дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал. түүнийг анх буюу давтан үйлдсэн, гарах үр дагаврыг нь харгалзан ажилтан, албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”,

2.16. 12.7-т “Ажлын цагийн дундуур Газрын дарга, харьяа нэгжийн даргын зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын байрыг удаа дараа орхих”, 11.3.2-т “Албан ёсны чөлөө, томилолт авалгүй үргэлжилсэн 3 ба түүнээс дээш хоногоор. 1 буюу түүнээс дээш хоногоор 3 удаа, албан ёсны чөлөө, томилолт дууссаны дараа шалтгааныг мэдэгдэлгүй 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан”, Стандарт, хэмжил зүйн газрын ажлын цаг ашиглалтын журмын 8.1-т “холбогдох хууль, тогтоомж, газрын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцно” гэсэн үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулсан болно.

2.17. Баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хүсэлт гаргагч аж ахуйн нэгж байгууллагад олгосон тухайд: Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаал гараагүй байхад “Б*******” ХХК-д гэрчилгээ олгож, Монгол Улсын Шадар сайдын албан бичгийн хүрээнд аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэл өгсөн байхад зарим үйл ажиллагааг явуулж, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаагүй. Агентлагийн даргын холбогдох шийдвэр гаргаагүй байхад “Б*******” ХХК-д гэрчилгээ олгосон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн хориглосон үйл ажиллагаа буюу “39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “39.1.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, ...” явуулсан ноцтой зөрчил.

2.18. Дээрх компанид гэрчилгээ олгогдсоны улмаас холбогдох аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу шалгагдаж байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан манай байгууллагын хэд хэдэн албан хаагчдаас тайлбар мэдээлэл, нотлох баримтыг авсан байдаг. Дээрх асуудлын талаар шүүхийн журмаар мэдээлэл авхуулах болно.

2.19. В. Г*******ийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглон үйл ажиллагаа явуулсан, 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.7-т заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”

2.20. 37.1.8-т “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх: 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.18-т “Хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1-т “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад дүрэм, журам, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журам, дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн, гарах үр дагаврыг нь харгалзан ажилтан, албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж тус тус заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй.

2.21. Газрын даргын баталсан тушаалаас зөрүүлж баталгаажуулалтын гэрчилгээг зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага, зохион, байгуулалтаар хангаж ажиллаагүй тухайд: Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Менежментийн тогтолцооны гэрчилгээ олгох, сунгах тухай” А/141 дүгээр тушаалаар менежментийн тогтолцоог стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг тушаалын хавсралтад заасан байгууллагуудад олгохдоо тушаалаас зөрүүлснийг удирдах албан тушаалтан буюу агентлагийн дарга шалган тогтоосон.

Д/д

Байгууллагын нэр

Баталгаажуулалтын хамрах хүрээ

Гэрчилгээжүүлэх стандарт

Зөрүүлсэн байдал, тайлбар

1.

Д ХХК

Удирдлага зохион байгуулалтаар хангах, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа

-ISO 45001:2018

-ISO 14001:2018

-Хамрах хүрээг "Бизнесийн зөвлөгөө өгөх, хангах, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа" гэж,

-Байгууллагын хаягийг зөрүүтэй бичсэн.

2.

Э ХХК

Хальслаагүй цагаан будаа өнгөлөг цайруулах үйлдвэрлэл

MNS САС

RCP1:2023

Стандартын нэрийг зөрүүлж бичсэн.

(Англи хувьд САC RCP 1.1969 rev. 2022)

3.

М ХХК

Түүхий резиний үйлдвэрлэл

ISO 9001:2015

Байгууллагын хаягийг зөрүүтэй бичсэн.

4.

Э ХХК

-Ноос ноолуурын анхан шатны боловсруулалт;

-Хивс, хивсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;

-Ноосон эсгий, эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;

-Нэхмэл, ээрмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа:

-Барилгын дулаалгын материал үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа.

ISO 9001:2015

Н ХХК Э ХХК гэж 2 байгууллагын нэр бичсэн.

5.

Т ХХК

Барилгын төслийн менежментийн үйл ажиллагаа

ISO 9001:2015

Тушаалын төсөлд 2016 гэж алдаатай гарсан. Дахин оруулж ирэхдээ тушаалын төслийн тамга тэмдэггүй хуудсыг сольсон.

2.22. Дээрх зөрүүтэй гэрчилгээг агентлагийн дарга устгаж, дахин шинээр буюу тушаалын хавсралтад заасан байгууллагуудад хамрах хүрээний дагуу олгож, зөрчлийг арилгасан ба В.Г******* нь Төрийн албаны тухай хуулиар хүлээлгэсэн албан тушаалын тодорхойлолтод заасан, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргээ мөн хүлээгээгүй ноцтой зөрчил гаргасан. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрээс зөрүүлж хүсэлт гаргагч аж ахуйн нэгж байгууллагад гэрчилгээ олгох нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” нийтлэг үүргээ хүлээгээгүй, нэгжийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн.

2.23. Иймд В. Г*******ийн дээрх үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журам, Стандарт, хэмжил зүйн газрын ажлын цаг ашиглалтын журмыг тус тус зөрчсөн байх тул зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан аль тохирох буюу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Сахилгын шийтгэл ногдуулах захиргааны акт гаргахын өмнө нэхэмжлэгч В.Г*******т мэдэгдэх хуудсыг хүргүүлж, сонсох ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14:30 цагт Стандарт, хэмжил зүйн газрын төв байрны "Монгол гэр"-т хийж оролцогчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон болно.

2.24. Иймд В.Г*******т холбогдуулан гаргасан захиргааны шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх тул В.Г*******ийн Стандарт, Хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.25. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаар хариу тайлбар гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхэд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шалгалтын дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий тушаал нь хууль ёсны байсан нь нотлогдоно. 1-т Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 23 дугаар тушаал болон салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 12 дугаар удирдамжийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан комиссоор ажиллуулах тухай 94 тоот тушаалд Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвд 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнөөдрийн нэхэмжлэгч буюу тухайн үед ажиллаж байсан Бүтээгдэхүүн баталгаажуулалтын захиргааны Газрын дарга В.Г******* гэдэг хүнийг гишүүнээр томилсон байдаг.

2.26. Тухайн албан томилолтоор ажиллуулах Газрын даргын тушаал албажиж ажлын хэсгийн бүрэлдэхүүний гишүүнээр ажиллуулах тухай Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга н.Ө******* 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар 17 цаг 55 минутад В.Г*******ийн гэдэг дугаар луу холбогдож мэдээлэл өгсөн. Энэ талаар гэрч н.Ө******* өөрөө хэлсэн. Үүнтэй В.Г******* маргадаггүй. Иймд В.Г******* дээр дурдсан тушаалаар томилолтоор ажиллахаар болсон гэдгээ мэдсээр байж томилолтоор явах үүргээ биелүүлээгүй. Үүнтэй холбоотой холбогдох албан тушаалд танилцуулсан тухай тайлбар, баримт, хянан шалгалтын тайлан дүгнэлтүүдийг хавтаст хэрэгт хавсаргачихсан байгаа. Мөн Б.У******* гэдэг хүнийг 2 удаа шүүх хуралдаанд гэрчээр асуусан. н.Ө******* тушаал гарч байгаатай холбоотой асуудлыг нэхэмжлэгчид хэлсэн.

2.27. Б.У******* гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмнө нь Дархан аймаг руу томилолтоор явж байсан бүрэлдэхүүн Архангай аймаг руу томилолтоор явахаар болсон гэж ойлгоод нэхэмжлэгчид хэлсэн гэж тайлбарладаг. Тэгэхээр нэхэмжлэгч мэдсээр байж Архангай аймаг руу томилолтоор яваагүй. Мөн Б.У*******аас даргалагч тушаал хэзээ гарсан эсэхийг асуухад 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр албажиж гарсан талаар хэлдэг. Түүнчлэн тушаал албажиж гарсны дараагаар хянадаг тохиолдол байдаг гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан буюу н.Б дарга нэхэмжлэгчийг Архангай аймаг руу томилолтоор явахгүй гэж хэлсэн баримт байхгүй. Б.У*******т н.Б дарга нэхэмжлэгчийг Архангай аймаг руу томилолтоор явахгүй гэж хэлээгүй.

2.28. Зөвхөн өмнө нь явж байсан бүрэлдэхүүнээрээ явахаар болсон талаар л хэлсэн байдаг. Мөн тухайн үед н.Ө******* гэдэг хүн нэхэмжлэгч рүү утсаар холбогдоход согтуу байсан гэх үйл баримт байдаг. Болсон бодит үйл баримтыг нэхэмжлэгч мэдэж байгаа. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гарсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон гэрч Б.У*******ын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Архангай аймаг руу нэхэмжлэгч яваагүй гэдэг асуудал дээр нэхэмжлэгч маргахгүй байгаа. Тэгэхээр албан тушаалын үүрэг заасан чиг үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй нь нотлогдож байна. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарсан тушаалыг нэхэмжлэгчид танилцуулах үүрэггүй. Зөвхөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа эсвэл хөндөгдөж болзошгүй тушаалыг нэхэмжлэгчид танилцуулах үүрэгтэй.

2.29. Үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан. Тайлбар, мэдүүлэг авах боломжоор хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.13-д заасны дагуу үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журамд заасан 8.3.1-д заасны дагуу багаар ажиллах, шинийг санаачлах, байгууллагын зохион байгуулалт, хурал, зөвлөгөөн, урлаг, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй. Мөн журмын 8.3.7-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж гүйцэтгэхийг албан ёсоор мэдээлж байх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. 2-т дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулж, асуудал шийдвэрлэх шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаагүй.

2.30. Мөн Стандарт, хэмжил зүйн газрын дарга нэхэмжлэгчид хангайн бүсийн зөвлөгөөнд тавих илтгэл шаардлагатай аймгуудын брэнд бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл гаргах үүрэг чиглэлийг өгсөн боловч энэхүү үүрэг чиглэлийг биелүүлээгүй. Нэхэмжлэгч явуулах ёстой байсан мэдээлэл, ажлаа хийгээгүй талаар сонсох ажиллагааны үед хэлж байсан. Сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн Засгийн газрын бүх салбарынх оролцсон том арга хэмжээний хүрээнд танилцуулах ёстой байсан ажлаа хийж гүйцэтгээгүй. Энэхүү үйл баримт гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдоно. 3-т нэхэмжлэгч Стандарт, хэмжил зүйн газарт 17 жил ажиллаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нэхэмжлэгч олон жил ажилласан гээд үүрэг даалгавраа хийж гүйцэтгэх цагт нь гүйцэтгэхгүй, ажлын цагийг үр ашиггүй өнгөрөөхгүй байж болохгүй.  Ганцхан 2025 онд гарсан маргаан бүхий тушаал ч биш 2024 оны цаг ашиглалтын нөхцөл байдал нь хангалтгүй байгаа.

2.31. Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн харилцааны зөвлөх н.Тайвансүрэн гэдэг хүний тэмдэглэлээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид цаг ашиглалтын байдлыг танилцуулж маш олон удаа боломж олгосон байна.Нэхэмжлэгч Газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажлаасаа хоцордог, ажлын байрыг удаа дараа орхидог, ажлын цагийг үр дүнтэй ашигладаггүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын цагийг цалгардуулдаг, ажил тасалдаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоод байна. Ажиллах ёстой 73 өдрөөс ажилласан нь 29 өдөр, хоцорсон нь 45, тасалсан 20 өдөр гэж байна. Нийт цаг ашиглалт нь 30.25% байна. Цаг бүртгэлийн систем дээр байгаа бүртгэлийг л бид гаргаж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч намайг ажил тасалсан, цаг ашиглалт муу гээд байгаа боловч бүтэн цалин өгсөн гэж цаг ашиглалтыг үгүйсгэж тайлбарлаад байна.

2.32. Цаг ашиглалтыг бодохдоо нэгжийн дарга нь цагийн бүртгэлийг нэгтгээд санхүүд өгдөг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийнхөө бүртгэл хийлгэх үүргээ биелүүлээгүй байж өөрийнхөө цагийг 100% ажилласан гэдэг байдлаар санхүүд өгдөг. Энэхүү асуудал цаашилбал Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг болно. Түүнчлэн нэхэмжлэгч бүтэн ажилласан гэдгээ нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч талын цаг ашиглалттай холбоотой тайлбар өгснийг үндэслэлгүй худал гэж үзэж байна. 2025 оны 01 дүгээр сард ажиллавал зохих 22 өдрөөс ажилласан 9 өдөр байна. 3 өдөр хоцорсон. 15 өдөр ажлын цаг дуусаагүй байхад явсан. 9 өдөр. Нийт цаг ашиглалт нь 39.60% байна. 2025 оны 02 дугаар сард ажиллавал зохих 20 өдрөөс ажилласан 6 өдөр, ажиллаагүй 9 өдөр, хоцорсон 8 өдөр, тасалсан 9 өдөр байна.

2.33. Мөн ажил дээрээ байж байгаад тарах болоогүй байхад 3 өдөр эрт явсан байна. Нийт цаг ашиглалт нь 28.10% байна. 2025 оны 03 дугаар сард ажиллавал зохих 20 өдрөөс ажилласан 7 өдөр, ажиллаагүй 8 өдөр, чөлөөтэй 1 өдөр, хоцорсон 8 өдөр, эрт явсан 7 өдөр гээд нийт  цаг ашиглалт нь 35% байна. Гэтэл Б.У******* нэхэмжлэгчийн цаг ашиглалтыг шалгахдаа 80.4% гэж дүгнэсэн байсан. Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны А/331 дүгээр тушаалаар Стандарт, хэмжил зүйн газрын ажлын явц, цаг ашиглалтын журмыг баталсан. Энэ журмыг Стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг. Тухайн журмын 2.6, 3.2-т заасны дагуу эрх бүхий байгууллагаас тогтоосон цаг хуваарийн дагуу ажил эхлэх, дуусах цагийг баримтлах, үдийн цайны цагийн талаарх зохицуулалт тусгагдсан байдаг. Мөн журмын 4.1-д “албан хаагч бүр ажилдаа ирсэн, ажлаас явсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ” гэж заасан.

2.34. Цаг бүртгэлийн төхөөрөмж алдаа зааж албан хаагчдын цагийн бүртгэлийг бүртгэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй харьяалах нэгжийн удирдлагад буюу дээд шатынхаа удирдлагад мэдэгдэж тэмдэглүүлнэ гэж байгаа. Мөн журмын 4.2-т “албан хаагчид ажлын цагаар гадуур ажиллах үед харьяалагдах нэгжийн удирдлагад заавал урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Мөн журмын 5.2-т ажил тасалсанд тооцох үндэслэлүүдийг тус тус заасан байгаа. Мөн журмын 7.1-д “ажил тасалсан үндэслэлүүдийг нэг бүрчлэн заагаад хэрвээ өвчтэй, чөлөөтэй бол чөлөөний хуудас, томилолтын хуудас зэрэг бичиг баримтуудыг албан ёсоор авна” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбарууд үндэслэлгүй байна. 4-т нэхэмжлэгч Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаал гараагүй байхад баталгаажуулалтын гэрчилгээ аж ахуйн нэгжид олгосон. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1.4-т заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ урвуулж ашиглах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа.

2.35. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байхдаа “Б*******” ХХК-ийн гэрчилгээ надад эх хувиараа байсан боловч Авлигатай тэмцэх газарт өгсөн гэдгээ хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий тушаалын дагуу төрийн албан хаагч дотоод журамд заасны дагуу холбоотой бичиг баримтуудаа ажлаас гарахдаа хүлээлгэж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн баримтад “Б*******” ХХК-ийн гэрчилгээ байхгүй байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл дээр “Б*******” ХХК-тай холбоотой П.С******* гэдэг хүнд баталгаажуулалтын гэрчилгээ хэрхэн өгсөн талаар тусгагдсан байгаа. Мөн баталгаажуулалтын гэрчилгээний дагуу хэчнээн тонн мах Монгол Улсаас экспортолсон талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Тэгэхээр нэхэмжлэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт нь нотлогдож байна.

2.36. Баталгаажуулалтын гэрчилгээ гарсан учраас Нийслэлийн Мал эмнэлгийн газраас “Б*******” ХХК гадаад улс руу мах экспортолсон. Нэхэмжлэгч үндэслэлгүй худал мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. 5-т нэхэмжлэгч Газрын даргын баталсан тушаалаас зөрөөд баталгаажуулалтын гэрчилгээг зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй. Хавтаст хэрэгт авагдсан өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нэхэмжлэгч хянах үүрэгтэй. Жишээ нь ажлын байрны баталгаажуулалт, ололтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, баталгаажуулалтын талаар бодлого боловсруулах, хэрэглэх чиг үүргийг нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй.

2.37. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу ийм үүрэг хүлээгээгүй гэх тайлбарыг өгч байгаа нь ойлгомжгүй байна. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн менежментийн тогтолцооны гэрчилгээ олгох, сунгах А/141 дүгээр тушаалаар менежментийн тогтолцоо, стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг тушаалын хавсралтад заасан. Гэтэл нэхэмжлэгчийг баталгаажуулалтын гэрчилгээ олгохдоо тушаалаас зөрүүлснийг Агентлагийн дарга шалган тогтоосон. 1-т “д*******” ХХК-ийн хаягийг зөрүүтэй бичсэн байсан. 2-т “Э*******” ХХК-ийн баталгаажуулалтын хамрах хуваар нь хальслаагүй цагаан будаа, өмхий цайруулаг үйлдвэрлэх зориулалттай. Гэтэл үүний нэрийг мөн адил нэрийг нь зөрүүлж бичээд стандартыг нь өөрчилсөн байсан. 3-т “В*******” ХХК-ийн байгалийн хаягийг зөрүүтэй бичсэн. 4-т “Эрдэнэт Хивс” ХХК-ийн нэрийг мөн адил зөрүүлээд биччихсэн байсан. 5-т “Тэсо Пропертис” ХХК-ийн тушаалын төслийн алдаатай бичсэн гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргасан.

2.38. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдийг Агентлагийн дарга дахин шинээр тушаал гаргаж арилгасан байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 36/32 дугаар сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журмыг баримтлан нэхэмжлэгчээс тайлбар, мэдүүлэг аваагүй гэх байдлаар тайлбарлаад байх шиг байна. Гэхдээ тухайн журмын 2.4.2-т “шаардлагатай бол гомдол гаргагчаас тайлбар, мэдүүлэг авна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл заавал нэхэмжлэгчээс тайлбар, мэдүүлэг авах шаардлагагүй. Тэгэхээр тухайн журмыг манайх зөрчсөн гэж үзэхгүй. Харин 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/115 тоот тушаалтай холбогдуулан нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байгаа. 2025 оны 07 дугаар сарын сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад Стандарт, хэмжил зүйн газрын монгол гэрт сонсох ажиллагааг хийсэн. Иймд нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.      

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Нэхэмжлэгч В.Г******* нь Стандарт, хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байсан ба Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Г*******ийн цаг ашиглалтын байдалд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 14 хоног нэгжийн дарга нарын ирцийн бүртгэл биеэр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл able cloud цаг ашиглалтын системийн тайланд хяналт шинжилгээ хийж, “...ажлын 14 хоногийн хугацаанд биеэр хяналт хийхэд 4 хоног тасалсан, able cloud цаг ашиглалтын цахим системийн тайланд ажиллавал зохих 73 өдрөөс ажилласан 29 өдөр, хоцорсон 45 өдөр, ажиллаагүй 44, тасалсан 20 өдөр нийт цаг ашиглалт 30.25 хувьтай байна. Энэ ёс зүйн зөрчилд зохих хариуцлага тооцох үндэслэлтэй гэж(Хавтаст хэрэг 1-ийн 52-54 дэх талд).
    2. Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны “Албан томилолтоор ажиллуулах тухай” А/94 дүгээр тушаал(Хавтаст хэрэг 1-ийн 43 дахь талд)-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч В.Г******* нь “...албан томилолтын дагуу үүрэг гүйцэтгээгүй, даргын хууль ёсны тушаал, шийдвэрийг биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй...” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн сахилгын хариуцлага ногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна(Хавтаст хэрэг 1-ийн 39-42 дахь талд).
    3. Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Халал баталгаажуулалтын байдалд хяналт шинжилгээ хийж, “...Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга нь ... албан тушаалын тодорхойлолтын 2.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Стандарт, хэмжил зүйн газрын даргын гэрчилгээ олгох албажуулсан тушаал, шийдвэргүй байхад гэрчилгээний хүчинтэй хугацааг тогтоосон зэрэг зөрчил илэрсэн” гэж дүгнэсэн(Хавтаст хэрэг 1-ийн 48-51 дэх талд).
    4. Эдгээр зөрчлүүдтэй холбогдуулан сонсох ажиллагааны мэдэгдэл(Хавтаст хэрэг 1-ийн 108 дахь талд)-ийг хүргүүлж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сонсох ажиллагааг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Б, Захиргаа, удирдлагын газрын дарга Б.У*******, Захиргаа, удирдлагын газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Б, Захиргаа удирдлагын газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.******* нарыг оролцуулан явуулсан(Хавтаст хэрэг 1-ийн 109- дахь талд).
    5. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3,-37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.15, 37.1.16, 37.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам", Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дүгээр тушаалаар баталсан "Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2, 8.1.1, 8.1.3, 8.3.1, 8.3.7, 8.4.7, 9.2.1, 9.4.3, 10.1.9, 11.1, 11.1.4, 11.2. 11.2.7, 11.3.2 дахь заалт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16, 2025 оны 05 дугаар сарын 22, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлтүүдийг тус тус үндэслэн,
    6. Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Г******* нь удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах тухай шийдвэрийн дагуух албан үүргээ биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй, ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан, баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хүсэлт гаргагч аж, ахуйн нэгж байгууллагад олгосон, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч В.Г*******ийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан(Хавтаст хэрэг 1-ийн 30-31 дэх талд).
    7. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч В.Г*******оос Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 04/1644 тоот албан бичгээр “... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор ... шүүхэд гаргаж болно” гэж заасан тул гомдлыг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг хүргүүлсэн байна(Хавтаст хэрэг 1-ийн 15 дахь талд).
    8. Иймд нэхэмжлэгч В.Г*******оос Стандарт, хэмжил зүйн газрын даргад холбогдуулан “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

  1. Нэхэмжлэгчийг маргаан бүхий тушаалд нийтдээ 8 зөрчил гаргасан гэж буруутгасан ба үүнийгээ хариуцагч нь дотоод аудитын газрын дүгнэлт бусад баримтаар тогтоогдсон гэж тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зарим зөрчлийг гаргасан болохыг зөв шалгаж тогтоогоогүй байна.
  2. Үүнд: Удирдах албан тушаалтны хууль ёсны албан томилолтоор ажиллуулах тухай шийдвэрийн дагуух албан үүргээ биелүүлээгүй, дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаагүй зөрчил гаргасан гэх тухайд: Хариуцагчаас эдгээр зөрчлийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/94 дүгээр “Албан томилолтоор ажиллуулах тухай” тушаалыг биелүүлээгүй, мөн тус томилолтын дагуу Архангай аймагт очиж ажиллах дээд шатны албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зөвлөгөө, мэдээллээр хангаагүй зөрчлийг гаргасан гэж тайлбарлан маргасан.
  3. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд томилолтоор ажиллуулах тухай дээрх тушаал нь томилолтоор явах өдрөөс өмнө батлагдаж гараагүй, нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулагдаагүй, Захиргаа удирдлагын газрын даргаас нь явах шаардлагагүй болсон талаар мэдэгдсэн, тушаалын төсөлд нэхэмжлэгчийн нэрийг оруулсан өөрчлөлт нь хамгийн сүүлд газрын дарга нь хянах үед нэмэгдсэн гэж, Захиргааны удирдлагын газрын даргаас тушаалын төсөлтэй танилцахад 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, Санхүүгийн хэлтэс нь 04 дүгээр сарын 14-ний өдөр  танилцсан байгаа зэргээс үзэхэд уг томилолт бүхий тушаал, нэхэмжлэгчийг тухайн томилолтоор зайлшгүй явах ёстой байсан талаар нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулаагүй, тушаал хугацаандаа гараагүй болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг албан ёсны удирдах албан тушаалтны хууль ёсны тушаалыг санаатайгаар биелүүлээгүй, зөвлөгөө мэдээллээр хангаагүй гэх зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.
  4. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтан нь доод шатны албан тушаалтнаа томилолтоор ажиллуулахаар болсон тохиолдолд өөрийн томилолтоо ажиллуулах тушаалаа томилолтын хугацаа болохоос өмнө албан ёсоор гаргаж, тухайн албан тушаалтанд танилцуулах ёстой ба төсөл нь тушаалын огнооноос сүүлд зурагдсан, нөхөж гаргасан тушаалыг биелүүлээгүй, зөвлөгөө, мэдээллээр хангаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
  5. Харин ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан, баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад аж ахуй нэгжид олгосон, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх зөрчлийн тухайд:
  6. Ажлын цагийг үр дүнтэй ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг цалгардуулж тасалсан зөрчлийн хувьд: Стандарт, хэмжил зүйн  газар Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас нэхэмжлэгчийн цаг ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд нэгжийн дарга нарын цагийг биеэр хяналт хийж бүртгэхэд 4 хоног ажил тасалсан, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хуанлийн 105 хоногийн хугацааны цаг ашиглалтын цахим систем болох “able cloud”-ийн тайлангаас ажиллавал зохих 73 өдрөөс ажилласан 29, хоцорсон 45, ажиллаагүй 44, тасалсан 20 өдөр нийт цаг ашиглалт 30,22 хувьтай болох нь тогтоогдсон байна.
  7. Хэрэгт авагдсан цаг ашиглалтын цахим системийн дэлгэрэнгүй бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь нийт ажиллавал зохих өдрийн бүртгэл бүрэн бус зарим өдөр ажлын цаг эхлэх 8:30-д, тарах цаг болох 5:30-д бүртгүүлсэн байх хэдий ч ихэнхдээ цагийн бүртгэл нь дутуу эсвэл хоцорсон, эрт явсан байдлаар бүртгэл нь хийгдсэн байх ба зарим өдрийн тухайд гадуур ажилтай байсан гэж тайлбарлах боловч дотоод журамдаа заасны дагуу удирдах дээд шатны албан тушаалтнаасаа зөвшөөрөл авч гадуур ажилласан цагаа нөхөн бүртгүүлээгүй, энэ нь бүртгэлийн алдаа эсвэл бодитоор ажлаа тасалсан эсэх нь тодорхойгүй байна.
  8. Учир нь хуанлийн 105 хоногийн ажиллабал зохих 73 ажлын өдрөөс ажиллаагүй 44 өдөр байгаа нь бодит байдал дээр төрийн албаны үйл ажиллагаа шууд тасалдах үр дагаварыг үүсгэх ба ийнхүү 44 өдөр ажилдаа ирээгүй байдлыг хариуцагчаас мэдээгүй, хянах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй ба зөвхөн дотоод аудитын газраас дүгнэлт гарах үед мэдэгдсэн байх нь бодит байдалд нийцэхгүй, үүнийг ажлаа үнэхээр бодитоор тасалсан эсхүл ажилласан боловч цагаа бүртгүүлэх үүргээ зөрчсөн эсэхийг ялгаж тогтоох шаардлагатай.
  9.   “Баталгаажуулалтын гэрчилгээг эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад аж ахуй нэгжид олгосон, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн, нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх зөрчлийн тухайд: Хариуцагчаас “Б*******” ХХК-д олгохоор газрын даргаас тушаал гараагүй байхад стандартын гэрчилгээг олгосон гэж нэхэмжлэгчийг буруутгадаг боловч тухайн аж ахуй нэгж тус гэрчилгээг авсан эсэх нь тодорхойгүй, ямар байдлаар олгосон гэдгийг тогтоогоогүй,  харин нэхэмжлэгчээс гэрчилгээний эх хувь надад байсан ба Авлигатай тэмцэх газарт өгсөн гэх тайлбараас үзэхэд өөрт хадгалах ёсгүй албаны баримтыг авсан гэх зөрчил гаргасан гэж үзээд байгаа эсэх, эсхүл Стандарт, хэмжил зүйн  газар Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд дурдсанаар “нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтын 2.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ, аюулгүйн тэмдэг, тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, үүнийг шинэ акт гаргахдаа шалгаж тогтоох шаардлагатай.
  10. Газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн зөрчлийн хувьд хэрэгт авагдсан 1 дүгээр хавтас хэргийн 80-108 дугаар талд байгаа баримтаас үзэхэд аж ахуй нэгжүүдэд олгогдох ёстой гэрчилгээний нэр, тухайн аж ахуй нэгжийн хаяг, хамрах хүрээний нэр зэргийг зөрүүлэх байдлаар нэхэмжлэгчийн удирдаж байсан хэлтсээс бэлтгэгдэж, газрын даргадаа танилцуулсан, зөрүүтэй байдлаар гэрчилгээ тухайн аж ахуй нэгжүүдэд олгогдоогүй нөхцөл байдал тогтоогдож байна.
  11. Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 62 дугаар зүйлийн 62.2-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.2 сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдал тохирсон байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх, 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус зохицуулсан байна.
  12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн тухайд гаргасан зөрчилд нь холбогдуулж хариуцлага ногдуулах нь зөв боловч хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар сахилгын хамгийн хүнд шийтгэл болох төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
  13. Учир нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаал, түүнийг гаргахад үндэслэсэн тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны А/94 дүгээр тушаалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийсэн гэх дүгнэлтээр тогтоогдсон гэх Архангай аймагт томилолтоор ажиллаагүй, удирдах албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй, зөвлөгөө, мэдээллээр хангаагүй гэх зөрчлийг зөв шалгаж тогтоогоогүй нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 - 9-д дүгнэсэн байдлаар тогтоогдсон, харин бусад зөрчлийн хувьд цаг ашиглалтын байдал, ажил тасалсан эсхүл бодитоор гадуур байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан эсэх, газрын дарга тушаал гараагүй байхад гэрчилгээг Б******* ХХК-д олгосон эсэх эсхүл байгууллагад байх ёстой баримт бичгийг өөртөө хадгалсан эсэх, хариуцагч газрын даргын баталсан тушаалаас зөрүүлж бэлтгэсэн гэрчилгээ, баримт бичгийг хянаагүй нь ноцтой үр дагаварт хүргэсэн эсэх, удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийн тухайд эдгээр нь ноцтой зөрчил мөн эсэхийг харьцуулан, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулах шаардлагатай байна.
  14. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ: гээд 3.3.1-д зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагаврыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрхий бүхий албан тушаалтанд даалгасан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байх учиртай.
  15. Түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хуулийг дээдлэх хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг сонгож, зохих журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
  16. Дээр дурдсан ажлын цаг ашиглалт, газрын даргын баталсан тушаалаас зөрүүлсэн байдал, мөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээ олгосон эсэх гэх зөрчлүүдийн хувьд хариуцагч нь тухайн зөрчил бүрийн бодит нөхцөл байдал, учирсан болон учирч болзошгүй үр дагаврыг ялган тодорхойлоогүй, эдгээр зөрчил нь сахилгын шийтгэлийн ямар түвшинд хамаарах эсэхийг харьцуулан үнэлээгүй байна. Тодруулбал, дээрх зөрчлүүд нь сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах шийтгэл ногдуулахад хүргэхүйц ноцтой үр дагавар учруулсан эсэх, эсхүл хөнгөн буюу дунд зэргийн сахилгын зөрчилд хамаарах эсэхийг бодит баримтад тулгуурлан тогтоогоогүй байхад шууд халах шийтгэл ногдуулсан нь зөрчлийн үр дагаварт нийцсэн шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
  17. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид холбогдуулан тогтоосон ажлын цаг ашиглалтын зөрчил, баримт бичиг бэлтгэх, баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг тус бүрээр нь дахин шалгаж, тухайн зөрчил бүрийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэх, учруулсан үр дагавар, төрийн албанд цаашид ажиллуулах боломжид хэрхэн нөлөөлөх эсэхийг бодитойгоор үнэлсний үндсэн дээр Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд нийцсэн, зөрчлийн үр дагаварт тохирсон шинэ захиргааны акт гаргах шаардлагатай байна.
  18. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагаврыг харьцуулан харгалзаж үзээгүй, ногдуулсан халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
  19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн 3 сарын хугацааг тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч шинэ акт дахин гараагүй бол маргаан бүхий Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаал хүчингүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Г*******оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/117 дугаартай тушаал хүчингүй болохыг дурдсугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ