Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 307

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705011730189 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, /РД:ПЮ95122231/ Э.

  

Холбогдсон хэргийн талаар:

Т.Э 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагийн орчим Баянгол дүүрэг 13 дугаар хороооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын хажуугийн гар утас худалдааны төвийн хуучин цонхны хөөсийг төмрөөр онгойлгож дотогш нууцаар нэвтэрч Х.Темирбекийн эзэмшлийн 34 ширхэг гар утас хулгайлан 8.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт: ”Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй.  Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Т мөрдөн байцаалтанд” Би Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын зүүн талд байх гар утас худалдааны төвийн нэг давхрын үүдний орчим 1 дугаартай лангууг түрээсэлдэг. 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим дэлгүүр дээр очиж орлогоо аваад явсан ба тухайн үед дэлгүүр хаагаад хаалгаа барьсан байсан. Манай дэлгүүр нь дотроо болон гаднаа камерын хяналттай, мөн дохиололтой бөгөөд манаач байдаггүй юм. Өчигдөр орой бол 49 ширхэг гар утас үлдсэн байсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө утсаа асаасан чинь манай дэлгүүрийн лангуу түрээслэгч залгасан байхаар нь эргээд залгахад хулгай орсон байна хүрээд  ир гэсэн. Тэгээд яваад очтол зөвхөн манай лангуунаас 34 ширхэг гар утас алдагдсан байсан. Цагдаа дээр ирж  алдагдсан утсаа эргүүлэн авлаа. Уг утаснуудаас Самсунг маркийн 1 ширхэг гар утас ажиллахгүй байна, бусад 33 ширхэг гар утас ажиллаж байгаа. Манай лангуунаас Samsung Galaxy S6 edge маркийн гар утас 350.000 төгрөг 6 ширхэг нь 2.100.000 төгрөг, Samsung Galaxy s6 маркийн гар утас 280.000 төгрөг 6 ширхэг нь 1.680.000 төгрөг, Samsung Galaxy s7 edge  маркийн гар утас 580.000 төгрөг 2 ширхэг  нь 1.160.000 төгрөг, Samsung Galaxy note 5 маркийн гар утас 1 ширхэг  400.000 төгрөг, Samsung Galaxy note 4 маркийн гар утас 250.000 төгрөг 3 ширхэг нь 750.000 төгрөг, Samsung Galaxy note 2 маркийн гар утас 1 ширхэг 160.000 төгрөг, Samsung Galaxy s5 маркийн гар утас 220.000 төгрөг 4 ширхэг  нь 880.000 төгрөг, Samsung Galaxy s4 маркийн гар утас 140.000 төгрөг 3 ширхэг  нь 420.000 төгрөг, LG G-4 маркийн гар утас 1 ширхэг  200.000 төгрөг, Samsung grand galaxy маркийн гар утас 1 ширхэг 100.000 төгрөг,  Samsung маркийн гар утас 1 ширхэг 100.000 төгрөг /үнэлэхгүй/, I phone 4 маркийн гар утас 1 ширхэг 90000 төгрөг, I phone 5 маркийн гар утас 200.000 төгрөг  4 ширхэг  нь 800.000 төгрөг, нийт 33 ширхэг гар утсыг 8.740.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утаснуудаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан учир  ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Т.Э мөрдөн байцаалтанд: “2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагийн орчим би Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын баруун урд талд нь байдаг гар утас худалдааны төвийн хойд талд бие засаж байхад ар талын ханандаа хуучин цонх байсан ормыг хаагаад хөөс шахсан байсан. Тэгээд нэг төмөр байхаар нь хатгаад үзсэн чинь онгойчихсон. Тэр цонх нь тэр чигтээ онгойсон юм. Тэгэхээр нь дотогш ороод үзэхэд гар утас, сэлбэг зардаг олон тооны лангуу байсан. Түүнээс нь гадна хаалга талын баруун талын шилэн лангуунаас 32 ширхэг гар утас авсан. Асаагуурын гэрэлд харж байгаад утаснуудыг авсан. Хулгайлсан утсаа цаасан хайрцганд хийх гээд буцаад цонхон дээр очтол цагдаа ирчихсэн байсан” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 9-10/,  Цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-ийн 11/, Эд зүйлд үзлэг хийж  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18/,  Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 52/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Т.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/,  шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 56-67, 70, 72-75, 96, 106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагийн орчим Баянгол дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын хажуугийн гар утас худалдааны төвд  нууцаар нэвтэрч Х.Темирбекийн эзэмшлийн 34 ширхэг гар утас хулгайлан 8.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Х.Темирбекийн “...манай лангуунаас 34 ширхэг гар утас алдагдсан байсан...” /хх-ийн 24/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/,  цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-ийн 11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 52/, эд зүйлд үзлэг хийж  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар Т.Э өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Оорцог овогт Төртүвшингийн Эг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Эгийн хулгайлсан эд зүйлс буюу 8.080.000 төгрөгийн үнэлгээ бүхий 34 ширхэг гар утас нь биет байдлаар хохирогч Х.Темирбек-д буцаан олгогдсон тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн” Т.Эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт бүхий санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно. Учир нь:

 

Шүүгдэгч Т.Э бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  биет байдлаар буцаан өгч бусдад төлөх төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж болох боловч түүний  шүүхээр 6 удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнээд  Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хоёр жил хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Т.Эд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Т.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Эг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  2 /хоёр/  жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 548 дугаартай  шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/  жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын нийт хугацааг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Т.Эд  оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Эгийн цагдан хоригдсон 172 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  Т.Э бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ