| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01016/И |
| Дугаар | 317/ШЗ2025/02977 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 317/ШЗ2025/02977
2025 07 07 317/ШЗ2025/02977
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1 хаягт байрлах, регистрийн 00 дугаартай, Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Архуст сум, 0 дугаар баг, Нарст ухаа гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Ж.Х
Гэрээний үүрэгт 18.197.395,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.Х нь нэхэмжлэгч Х ХК-тай Зээлийн гэрээ байгуулж 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2023 он 6 дугаар сарын 20-ны өдөр 400.000 болон 500.000 төгрөгийг, 22 сарын хугацаатай, 18,6 хувийн хүүтэй, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 600.000 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 800.000 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.250.000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэй, 2024 оны 1 дүгээр сарын 08- ны өдөр 4.500.000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 1.885.000 төгрөгийг, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 940.000 төгрөгийг, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1.200.000 төгрөгийг, 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 400.000 төгрөгийг, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авч нийт зээлийн хэмжээ 18.691.638,34 төгрөг болсон. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Ж.Х нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5.367.657,20 төгрөг, зээлийн хүү 3.296.288,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.205,29 төгрөг, нийт 8.657.151,37 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 5 дугаар сарын 29- ний өдрийн байдлаар 231 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 16.607.342,80 төгрөг, зээлийн хүү 1.617.419,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41.085,68 төгрөг, нийт 18.265.847,65 төгрөгийг хариуцагч Ж.Х гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х холбогдох гэрээний үүрэгт 18.265.847,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар нэхэмжлэлд дурдагдсан Төв аймгийн Архуст баг, 0 дугаар баг, Нарст ухаа гудамж, 0 тоот хаягт 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Төв аймаг, Архуст сумын Нарст багийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 00 тоот “Тус багийн иргэн Ж.Х /00 / нь Ухаагийн 1-01 тоот хаяганд бүртгэлгүй бөгөөд тухайн хаяганд оршин суун амьдардаггүй болохыг тодорхойлов” гэх албан бичгийг ирүүлжээ.
Мөн хариуцагчийн 00 дугаар руу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр залгахад “Холбогдох боломжгүй” гэх хариу, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр залгахад хариу өгөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгов.
Шүүх ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хэрэг биш бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг тодорхойлж харьяалах шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х холбогдох гэрээний үүрэгт 18.265.847,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 249.279 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас буцаан гаргуулж Х ХК-д олгосугай.
4.Уг захирамжийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА