Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00019

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Одончимэг,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Ж.Б ,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Дашдондовд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1715002200068 дугаартай, 163/2018/0019/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт С. Д   

Холбогдсон хэргийн талаар:

     С.Д нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/  2017 оны 7 дугаар сард Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Хуурай ах” гэх нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль эклогид 242250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай сумын иргэн Д  нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн ба байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

1715002200068 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ж.Б өгсөн: ...Сумын байгаль экологид учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээний дагуу нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,  

Гэрч У.М өгсөн: Манай сумын иргэн Д  гэдэг хүнийг би сайн танихгүй манай сумын иргэдийн ярианаас Д  хууль бусаар мод бэлтгээд хашаа барьсан байна гэдэг мэдээлэл аваад Дашдондовынд очиж үзэхэд Д  нь өвөлжөөний хашаа шинээр барьсан шинжтэй байсан. Тэгээд би гоожин эрхийн бичиг байгаа талаар гэрийнхнээс нь асуухад байхгүй гэж байсан тэгээд хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдээд тухай асуудлыг шалгуулсан. Дашдондовыг хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад гэрийнхээ ойролцоох амнаас бэлтгэсэн гэж байсан. Ямар ч байсан шинээр малын өвөлжөөний хашаа барьсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,  

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18/25 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 8 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 39 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь 2017 оны 7 дугаар сард Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Хуурай эх” гэх нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль эклогид 242250 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18/25 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

Шүүгдэгч С.Д зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч С.Дашдондовын зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж барьсан “Малын хашаа”-г битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ 281.620.76 төгрөгнөөс байгаль экологи эдийн засгийн үнэлгээ 242.250 төгрөгийг хасч үлдэх 33.310.16 төгрөгийг хохирогчоос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ малын хашааг шүүгдэгч С.Дашдондовд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Ц овогт С. Д зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Д нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ 281.620.76 төгрөгнөөс байгаль экологи эдийн засгийн үнэлгээ 242.250 төгрөгийг хасч үлдэх 33.310.16 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН